Нийслэл Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд тэр дундаа Улиастайн эцэст “Ид шидийн ордон” сүндэрлэж байна. Үлгэрт гардагчлан гүнж, ханхүү нарын амьдардаг шилтгээн лугаа адил хоёр давхар томоос том ордон нүдэнд тусах нь тэр.
“Ид шидийн ордон” гэх хаяг тодоос тод үзэгдэв. Тус ордны гадна талын хашаан дээр өнгө өнгийн хээ хуар зурсан байх нь эргэн тойронд нь үзэгдэх хашааны хаалгуудааас эрс ялгарч, энд яах аргагүй гэрэл гэгээтэй ертөнцийг бий болгож байгааг илтгэв.
Нар сая нэг хүйтний эрчийг жаахан уяраах аядаж байгаа энэ үед тус ордны хаалгаар ормогц хүйтнийг үл ажран ажиллах залуусыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. “Ид шидийн ордон” гэх хаягны доор шилэн цонх урлаж байгаа залуус гадаа гагнуур хийж байна. Харин цаана нь сагсны талбайн торон хаалтыг дөрвөн залуу босгож харагдана. Тэд намайг анзаарах сөхөө ч алга. Барилгын үүдээр ормогц шавар шохой зуурсан, ханын плита наасан, тайз шат хийсэн хүмүүс нааш цааш холхилдоод хөдөлмөр бүтээл өрнүүн байна.
Хоёр давхрын коридорийн ханыг усан цэнхэр өнгөөр хичээнгүйлэн будаж байгаа эмэгтэйтэй хэсэгхэн ярилцсан юм. Түүнийг Б.Оюунчимэг гэдэг. Тэрээр өнгөрсөн наймдугаар сараас эхэлж энэ ордныг бүтээх ажилд гар бие оролцож яваа тухайгаа хэлсэн. “Сүүлийн хэдэн өдрийн турш эндээ байрлаж ажиллаж байна. Гэсэн ч ядарлаа гэж гомдоллох эрх байхгүй шүү дээ. Олон хүүхдийн сайн сайханд зориулагдах болоод ч тэр үү ядардаггүй” юм хэмээн сэтгэл хангалуун ярив. “Хэдийгээр бид тохирсон цалин хөлсөө аваад хийж байгаа боловч, энэ барилгынхаа тоосго нэг бүрийг, татсан будагныхаа ширхэг бүрийг өнгөтэй өөдтэй хийхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг” гэсэн.
“Та ийшээ суугаач. Бид Ид шидийн ордныхоо сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хэсэгт түр ширээ сандал оруулж ирээд бяцхан оффис болгочхоод байгаа минь энэ” хэмээн угтсан энэ эмэгтэй бол “Ид шидийн орон” төслийн ерөнхий менежер О.Ундраа юм. Тэрээр хэлэхдээ “Ид шидийн орон-2 төсөл маань Улиастайн эцэс Баатарваны 1545 гэх газар 10 айлын газрыг 2019 оны дөрөвдүгээр сарын 01-нд сүүлийн дөрвөн айлынхаа газрын худалдан авалтыг хийснээр эхэлсэн түүхтэй. Ингээд зургадугаар сарын 03-нд барилгынхаа суурийг тавьсан. Дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл бид энэ урд харагдаж байгаа “Шидэт төгөл”-ийг хоёр айлын газар дээр оюутан залуус, сайн дурын ажилтнуудынхаа хүчээр байгуулсан. Энд 5000 орчим мод, бут сөөг тариалсан. Ингээд үндсэн барилгын ажлаа зургадугаар сараас эхлүүлээд өнөөдрийн түвшинд хүргээд байна. Барилгын ажлыг гадна зам талбай, тохижилтыг оруулаад 100 хувь гэж үзвэл, одоогоор 85 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Халуун хүйтэн ус, бохирын шугам сүлжээ гээд ямар ч дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх боломжгүй алслагдсан гэр хороолол дунд ид шидийн орноо барьж байгаа учраас дэд бүтцийн асуудлаа бие даасан байдлаар шийдсэн. Тиймээс энэ ажилд багагүй хөрөнгө хүч, цаг хугацаа зарцууллаа. Өнөөдрийг хүртэл төслөө амжилттай хэрэгжүүлж өдий зэрэгт хүрэхийн тулд олон сорилт бидний өмнө тулгарч байсан. Дэд бүтэц болон усны асуудал томоохон сорилт байлаа” гэв. Хэдхэн сарын өмнө хуучин хашааны тууринаас эхэлсэн энэ ажил өнөөдөр ордон болтлоо сүндэрлээд, ид есийн хүйтэн ороход өөдөөс халуун дулаан угтаж, дотор нь ажиллаж байгаа хүмүүст тав тухтай ажиллах орчинг бүрдүүлчихсэн байгаа нь гайхамшиг. “Дулаан явбал мянган лан” гэдэг дээ. Энэ хүйтэнд ядарч явахад дулаахан гэр орон шиг сайхан зүйл хаана байх вэ. Ямартай ч өнөөдөр барилга нь халаалтаа авчихсан бохир болон цахилгааны асуудлаа шийдчихсэн байна. Одоогоор дотор тохижилт, засал, засварын ажлуудаа хийж байна. Ирэх амралтын өдөр болох нээлтийн арга хэмжээ бол “Ид шидийн орон” төслийн албан ёсны нээлт биш юм. Хамгийн гол нь энэ өдрийг хүртэл тэд юу хийсэн юм бэ гэдгээ хандив өгсөн, бидний үйл ажиллагааг дэмжиж ажилласан мянга, мянган иргэд, аж ахуйн нэгжүүддээ тайлагнах юм. Харин барилгын ажлаа бүрэн дуусгаж, цэцэрлэгтээ хүүхдүүдийг хүлээн авч, сургалтын танхимууддаа арга хэмжээгээ явуулж, бүх үйл ажиллагаа жигдрэх хугацааг 2020 оны дөрөвдүгээр сард байхаар төлөвлөсөн гэдгийг О.Ундраа хэлсэн. “Байшин барих бол технологийн дагуу үргэлжлүүлээд дуусчихна. Энэ ажлаас илүү жинхэнэ зорилгодоо хүрэхийн тулд энэ 1400 м2 байшингаа ойр орчмынхоо хүүхдүүдэд хүртээмжтэй ажиллуулахын тулд хөтөлбөр, хүний нөөцийн асуудлууд өмнө минь байна” гэв.
Ид шидийн орныхон өнөөдрийг хүртэл хийсэн ажлын мөнгөн дүн болох 2.1 тэрбум орчим төгрөгийг хандиваар цуглуулсан байна. Энэ их мөнгийг маш олон монголчуудын сайхан сэтгэлийн үрээр бий болгожээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдээс илгээсэн 100 сая, 10 саяар тоологдох хандиваас илүү хөлс, хүч хөдөлмөрөө зарцуулан байж олсон мөнгөнөөсөө өөрийн боломж бололцооныхоо хэрээр сайхан сэтгэлийн үрээр ирээдүй хойчийнхоо төлөө хэмээн илгээсэн 5, 10, 20 мянган төгрөгийн хүчээр энэ барилгын 70 орчим хувийг босгосон аж. Өнөөдрийг 2.1 тэрбум төгрөг гаруй мөнгийг цуглуулаад байна. Энэ мөнгө хэд хэдэн эх үүсвэрээс цугласан байна. “Ид шидийн орон-2” төслийн албан ёсны хандивын данс руу илгээсэн болон өөрийн биеэр авчирч өгсөн бэлэн мөнгөний дүн 1.6 тэрбум орчим төгрөг болсон байна. Үүн дээр нэмээд 520 орчим сая төгрөгийн бэлэн бус хандивыг тус төслийн хамт олон хүлээж авчээ. Тухайлбал, Доече Вэллэ ХХК компани 100 гаруй сая төгрөгийн бараа материал, Дашваанжил компани 60 орчим сая төгрөгийн халаалтын асуудлыг иж бүрнээр нь шийдэж өгчээ. Монцемент ХХК 20 тонн цемент, Тэгш плант компаниас барилгын ажилд хэрэгтэй бүх хайрга, дайргыг хандивлалаа гэх мэт маш олон компани уртаас урт жагсаалт гарах аж. Тэр бүх компанийг энд дурдаж чадахгүй учраас олон хүнийг гомдоочих гээд байна хэмээн ерөнхий менежер учирласан. Тус төслийн данс хэд хэдэн удаа улайж, үйл ажиллагаагаа цааш нь хэрхэн үргэлжлүүлэх талаар асуудал гарч байсан гэдгийг учирлав. Өнөөдөр улсын хэмжээнд олон олон хандивын аян өрнөж хаа нэг газар, хэн нэгэн хүний амьдралд бага боловч гэрэл гэгээ асаадаг болсон. Гэсэн ч энэ Ид шидийн орон төсөл шиг ийм өндөр дүнтэй, томоохон төсөл хаана ч байхгүй. Тийм болохоор өдий зэрэгт төслөө авч ирэхийн тулд тэдэнд олон асуудал тулгарсан нь дамжиггүй. Эдгээр өдрүүдийн нэг нь өнгөрсөн аравдугаар сарын сүүлд тохиосон аж. Төслийн ажлын данс тэр үед улайчихсан ажлаа энэ жилдээ цааш үргэлжлүүлэх үгүйдээ тулчихсан байсан үед халуун сэтгэлт монголчууддаа хандаж “Хүйтрэхээс өмнө гадна зам талбайгаа дуусгах гэсэн юм” гээд үнэн учраа хэлээд арваннэгдүгээр сарын 01-нд болдог “Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд хандивын аянаа өрнүүлж. Энэ өдөр Ид шидийн оронд “ид шид” тохиож 24 цагийн дотор 350 сая төгрөг цугларсан аж. Энэ 350 сая төгрөгийг 70-80 хувь нь 1000, 10.000, 20.000 төгрөг бүр 247 төгрөг хүртэл шилжүүлсэн иргэдийн хандиваас бүрдсэн байна. Ард түмний энэ их сэтгэл тэдэнд “Улам их хичээх ёстой шүү” гэдгийг сануулсан том даалгавар болсон гэдгийг төслийн багийнхан хэлсэн. Ид шидийн ордны ширхэг хадаас бүр нь сайхан сэтгэлийн өглөгөөр бий болсон. Тийм ч учраас ширхэг нэг бүрийг үр дүнтэй, арви гамтай хэрэглэх нь тэдний бас нэгэн зорилт. О.Ундраатай ярилцах зуур түүнээс хийх ажлаа асууж орж ирэх хүмүүсийн цуваа тасрахгүй. Утасны дуудлага бүр нь хойшлуулж боломгүй чухал. Энэ хооронд хүүхдийн өрөөнүүдийн плитаг өрөх ажил ярив. Өнгө өнгийн хэлбэр дүрстэй плита байх нь зүйтэй, бас хүүхдүүд хальтирч гэмтэхээс сэргийлсэн байх шаардлагатай гээд л энд хүүхдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчин гэх зүйл хамгийн нэгдүгээрт яригдаж байна. Тэдний ажил минутаар бус секунтээр хэмжигдэж байгаа нь илт. Тус ордны дотор тохижилтын хувьд Хаанбанкны хамт олон номын сан кофе шопын тохижилтыг бүрэн хариуцаж байгаа бол, зарим байгууллагаас анги танхимуудыг өөрсдийн санаачилгаар тохижуулж байна.
Энэ төслийн дараагийн хөдөлгөгч том хүч бол гадаадад байгаа монголчууд юм. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа сайхан сэтгэлт монгол түмэн маань байгаа газраасаа хандивын аян өрнүүлж чадлынхаа хэрээр тэдний эхлүүлсэн ажлыг дэмжсэн байна. Харийн газар хүний нутагт эх орноо, элгэн садан, ижий ааваа мөрөөдөн суугаа тэд эх орноо цэцэглэн хөгжинө гэж итгэж суугаа биз. Тиймдээ ч хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртөлж ирээд эх орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэж л байгаа байх. Харин яг одоо тэд алслагдсан гэр хорооллын харанхуй гудамжинд гэрэл гэгээ татуулан сүндэрлэж байгаа энэ ордонд сайхан сэтгэлийн хандив өгсөн нь ирээдүй хойчийнхоо төлөө оруулж байгаа бас нэгэн томоохон хөрөнгө оруулалт юм.
Ид шидийн орныхон төсөлдөө зориулж хэд хэдэн тусгай арга хэмжээ хөтөлбөрүүд хийж, зарим зүйлүүдийг хийх хөрөнгийн эх үүсвэрийг тэндээс шийдсэн. Тухайлбал, ид шидтэй худалдаануудыг зохиож, ид шидийн орноо цонхтой болгоё, тоглоомын талбайтай болгоё, ид шидтэй ах эгч гэх мэт маш олон ажлыг дурдаж болно. Дараагийн ээлжинд маш том оюуны хандивуудын хүчээр энэ төслийн суурийг тавьсан. Тухайлбал, барилгын 3D, интерьер зураг, иж бүрэн зургийг чадварлаг залуус 99 хувийн хөнгөлттэй үнээр хийж өгчээ. Энэ мэтчилэн маш олон төрлийн бүлэг хандивуудаар “Ид шидийн ордон” босчээ. Хамгийн сүүлийн томоохон хандив бол сайн дурынхны нөр их хөдөлмөр юм. Тэд ажлын болон амралтын өдрийн алинд нь ч хоёулаа, хориулаа, 200 хүн ч ирж ажиллаж байна. Хоёр долоо хоногийн өмнө гэхэд л 280 орчим хүмүүс гадаа талбайд ажиллаж өглөө. Энэ хүмүүсийн хөдөлмөрийг мөнгөөр үнэлэх юм бол өндөр тоо гарна. Энэ хүмүүс Ид шидийн орон төслийг нэг ч болов өдрийн өмнө дуусгахад гар бие оролцож цас, хайрга дайргыг нь зөөж өгч, зам талбайг цэвэрлэсэн гээд тэдний тусыг дурдаад дуусахгүй. Энэ төслийг эхлүүлсэн цагаас өнөөдрийг хүртэлх бүхий л цаг хугацаанд ямар ч цалин хөлсгүйгээр сэтгэл зүрхээрээ нэгдсэн сайн дурынхны гавьяаг магтууштай. Лантуу тохио ТББ-ын сайн дурын ажилтнууд болон өглөө нь ирээд гар бариад шууд ажилдаа орсон тэр хүмүүсийн бодит оролцоо энэ барилгын маш том хөдөлгөгч хүч байж чадсан юм.
Дараагийн нэг бодит оролцоо, үгээр илэрхийлэхийн аргагүй хамгийн сайхан сэтгэл хаана байсныг хэлэх үү. Саяхан хөдөөнөөс “Та нар заавал барилгаа дуусгаарай. Гар бие оролцон тусалж чадах зүйл маань үүнээс өөр алгаа хүүхдүүд минь, үрсийн минь ирээдүй гэрэлтэй байг” гэсэн бичигтэй таван шуудай боорцог тус барилгын талбай дээр буужээ. Учрыг тодруулбал нэгэн настай эгч “Гэр хороололд хүүхдүүдийн төлөө барилга барьж байгаа хүмүүст хүргээд өгөөрэй гээд автобусны жолоочоос гуйсан гэнэ. Жолооч ах ч Лантуун дохио фэйсбүк хуудсаар холбогдон хаягийг авч, өөрийн биеэр ирж өгсөн нь барилгын талбай дээр ажиллаж байгаа залууст олон хоног банштай цайтайгаа хамт идэх эрч хүчний бэлэг болжээ. Хоёр хонины мах, уут дүүрэн хөлдөөсөн гэдсэн бууз, халуунаар нь бариад ирсэн хоол цай... Энэ мэтчилэн юугаар ч үнэлж болшгүй хүний сайхан сэтгэлийн илрэл, хүн хүнээрээ байхын утга, байгаагаасаа илүүчлэхийн ухааныг юутай ч зүйрлэх билээ.
Бидний ийнхүү ярилцах зуур Х.Эрдэнэбат, Н.Дамдиндорж гэх хувиараа хөдөлмөр эрхэлдэг залуус сайн дураараа хоёр өдөр ажиллаж плита нааж өгөхөөр ирсэн юм. Тэд хэлэхдээ “Өнөөдөр бидэнд тулгамдсан олон асуудал бий. Гэхдээ ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө хийж байгаа бүтээн байгуулалтад гар бие оролцохоор ирсэн. Бид цахим ертөнцийн цаанаас шуугиад өнгөрдөг бус бодит оролцоог чухалчлах учиртай. Тиймээс цаг завтай байгаа үедээ энэ сайхан төсөлд гар бие оролцохоор ирсэн” гэв. Эрж хайгаад, ажлын хувцсаа торонд хийгээд бариад ирсэн энэ хоёр залуу шиг мянган мянган залуус ирээдүйг гэрэлтүүлж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
“Ид шидийн орон-1” төслийн хувьд 1.2 тэрбум төгрөгийн олон нийтийн хандиваар боссон хоёр байр бий. Хамгаалах байр болон хөгжлийн төвөөс бүрддэг. Хамгаалах байрны хувьд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг долоо хоногоос долоон сарын хугацаанд байрлуулж үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Хөгжлийн төвийн хувьд тухайн ойр орчмынхоо цэцэрлэгт хамрагдах боломжгүй, аав ээж нь архины хамааралтай, амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг хамарсан үйл ажиллагааг үнэ төлбөргүй явуулдаг. 2018 оны арваннэгдүгээр сарын 14 буюу одоогоос жилийн өмнө "Ид шидийн орон-2" төслийн барилгын ажлын 50 хувь болох 740 сая төгрөгийг “Энержи Ресурс” компани санхүүжүүлэхээр болсон нь түүхэнд бичигдэх гайхалтай үйл явдал болсон юм. “Ид шидийн орон-2” төслийг хийх санаа Ч.Ганжавхланд байсан ч санхүүжилтээ хэрхэхээ шийдээгүй учир зориглож хөдлөөгүй байсан цаг. Харин “Энержи Ресурс” компани ийм боломжийг олгосноор "Лантуун дохио" ТББ-ын залуус ийнхүү зориг шулуудан ханцуй шамлан орсон. “Ид шидийн орон-1” төслийг хэрэгжүүлэх хугацаанд хүүхдийг дангаар нь өөрчлөөд үр дүн бага байгааг анзаарчээ. Өөрөөр хэлбэл гэр бүлтэй нь хамт байлгаж, аав, ээжийг нь хамтад нь хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж үзсэн гэнэ. Хүүхдүүд өдрийн цагаар цэцэрлэг дээрээ хэчнээн тав тухтай орчинд байгаад, их зүйл сурсан ч орой нь гэртээ хариад нөгөө л архи, дарс, хүчирхийлэл угтахаар үр дүн санасан хэмжээнд хүрэхгүй байгаа гэдгийг тэд хэлж байна. Тиймээс ч хоёр дахь төсөлдөө нийтийн амьдрах байр нь хоёр давхартаа, ажлын байр нь доороо буюу оёдлын цехтэй байх дэд бүтцийг төлөвлөж байгаа гэсэн бас нэгэн сайхан мэдээ сонслоо. Өдөр нь сургууль, цэцэрлэг дээрээ гэдэс цатгалан, сэтгэл тэнүүн байгаад орой болоход аав ээж минь архи уугаагүй л байгаасай, агсам согтуу битгий болоосой гэх айдаст бодолд автдаг бяцхан зүрхнүүдэд энэ бол жинхэнэ ид шид. Тэд аав, ээжийгээ ажилтай орлоготой болж ам бүлээрээ амар тайван амьдруулахыг л бурхнаас сэмхэн гуйдаг биз ээ. Хэрэв та энэ төсөлд бага ч болов хувь нэмрээ оруулсан бол та тэр хүүхдүүдийн хувьд ид шидтэн болжээ. “Ид шидийн орон-2” төслийн хувьд 80 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн насны гурван анги ажиллах юм. Мөн номын сан, кофе шоп, сургалтын танхимууд, уулзалтын өрөөнүүд, ганцаарчилсан болон бүлгийн сэтгэлзүйн зөвлөгөөгөөр үйлчилнэ гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн хүүхдүүдийг хамгаалах байртай холбон зуучлах, мэдээллээр хангах хүүхэд хамгааллын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх юм.Хэдийгээр жижигхэн боловч балет, йогоор хичээллэх өрөө, сайн дурынхны хөгжлийн танхим гэх мэт хотын төвийн хүүхдүүдийн авч болдог бүхий л боломжуудыг алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд өгөхийг “Ид шидийн орон-2” төслийнхөн зорьж байна. Энд хүүхдүүд дэлхийн сонгодог зохиол, хамгийн сүүлийн үеийн бэст сэллер номыг уншиж, хүссэн номоороо үйлчлүүлж, тав тухтай орчинд гэрийн даалгавраа хийж, өөрсдийгөө хөгжүүлэх сургалтуудад хамрагдах боломжтой. Гараад гүйхэд сагсны талбай, тоглоомын төв нь бэлэн. Шидэт төгөлд ургаж байгаа моддыг ажингаа эмээ, өвөө, аав ээж нь хүүхдүүдээ салхилуулж байна гээд төсөөл дөө. Тиймээ энэ төсөөлөл тун удахгүй бодит болж биелэх нь. Мянга мянган хүүхдүүдийн инээд цалгисан шидэт өргөө тун удахгүй үүдээ нээнэ. Монголчууд бид хамтдаа сайхан сэтгэлийн үрээрээ ид шидийн орныг бүтээлцэж чадлаа.