Америкт зорчсон тэмдэглэл - II
Түрүүч нь № 217 (219)-д
Америкт зорчсон тэмдэглэл хоёр дахь хэсэгтээ зөвхөн Вашингтон мужийн талаар бичлээ. Тус хот нь Америк улсын нийслэл. Энд хүмүүс хэрхэн амьдардаг хийгээд, үзэж сонирхох газруудын тухай болон, гол зорьж очсон хичээлийн талаар үзэг цаас нийлүүллээ. Дараагийн дугаарт та бүхэндээ Вашингтон мужид амьдардаг монголчуудын талаар хүргэх болно.
Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ гэдэг ардын үг бий. Өнөөдөр монголчууд хоёр хөршөөсөө даваад бүүр гурав дахь хөрш рүүгээ нисээд сонин, сайхан зүйл, аливаа нэг сургалтад хэдийнээ суугаад ирдэг болжээ. Энэ бол сайхан зүйл юм. Глобалчлагдаж байгаа энэ цагт хүн өөрөө мэдээ, мэдээлэл олж, шинэ ертөнцтэй танилцаж түүнийгээ хуваалцана гэдэг сайхан.
Магадгүй зарим хүн өдөрт дунджаар 10 гаруй улс руу аялаад, танилцаад ч ирж байж мэдэх юм. Учир юу гэвэл өнөөдөр интернэт, сошиал ертөнц аль ч улсын иргэн бүрийг дэлхийгээр аялуулж сайхан зүйл үзүүлдэг болж. Нэг ёсондоо үнэгүй аялал. Гэхдээ аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг.
Хүн нүдээрээ харж биеэрээ үзнэ гэдэг бас нэг өөр таашаал. Америк улсын талаар бид өдгөө маш олон мэдээлэлтэй болсон. Хүний эрх чөлөөг дээд зэргээр эрхэмлэсэн, өндөр хөгжилтэй орнуудын нэг. АНУ-ын нийслэл Вашингтонд 638,5 мянган хүн оршин суудаг гэж үздэг. Хэдийгээр өнөөдөр тус орныг зорих хүн их болсон ч уг хотод төдийлөн хүмүүс олноор ирдэггүй юм байна. Учир нь бусад 50 мужаасаа татвар хамгийн бага боловч, зөвхөн албаны ажил болон, сургалтад хааяа нэг хамрагдахаар хүмүүс ирдэг гэж тэнд амьдардаг нэгэн иргэн хэлж байсан. Түүнээс яг жуулчид ирдэг хот нь бол биш гэнэ.
Харьцангуй тайван, амгалан хот юм билээ. Барилга байгууламж сүндэрлэн баригдахаасаа илүүтэй хуучны хэв маяг илүү давамгайлсан, хот төлөвлөлт сийрэг талдаа. Энд өндөр барилга тун бага, олж харна байхгүйтэй адил. Ногоон байгууламжийг утгаар нь шийдэж өгсөн нь бас магтууштай. Иргэд нь хүчил төрөгчөөр илүү их амьсгалдаг гэсэн үг. Хүн зон нь инээмсэглэн угтаж, үддэг. Хөл хөдөлгөөн багатай газар юм.
Энд зорьж ирсэн хүмүүст үзээд байх газар тийм олон байдаггүй. Америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон улсынхаа тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулсан болохоор “Харандаан” хөшөөг босгожээ. Уг хөшөөг босгоход олон төрийн нүүр үзэж зарим үед хөшөөнд зориулж төсөв гаргаж, заримдаа төсөв гаргаж өгөхгүй хандив нь дуусч байсан гэдэг. Энэ олон бэрхшээлийг даван туулж өнөөгийн хүмүүсийн очиж үзэхийг хүсдэг газруудын нэг болон сүндэрлэж байна. Уг хөшөөн дээр бичсэн үгийг сийрүүлбэл “Дайны үед эрх чөлөө тусгаар тогнолоо хамгаалж ирсэн Америкийн армийн ерөнхий командлагч Жорж Вашингтоны гэгээн дурсгалд зориулав” гэсэн байдаг.
Вашингтон хотод “Хүйтэн дайн”-аас улбаатай хөшөө дурсгалууд нэлээн бий. АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольнд зориулж босгосон дурсгалын газар байдаг. Энэ цагаан гантиг хөшөө, сүрлэг цагаан байшингаар эрх чөлөөг бэлгэдсэн, АНУ-ын иргэний дайнаар (1861-1865 он) боолчлолыг халсан түүхэн гавьяаг нь мөнхжүүлсэн байна. Дашрамд сонирхуулахад АНУ-ын нийслэлд очиход бүх музей үнэ төлбөргүй байдаг. Тэнд зорьж очсон жуулчид ихээр таарах юм. Мөн өөрсдөө ч эдгээр түүхэн дурсгалт хөшөө болон музейгээ сайн үздэг юм билээ. Урт дараалал байнга таарч байсан.
Бид эхний өдрөө гол зорьж ирсэн POTOMAC их сургуулийнхаа анги танхим, багш оюутнуудтай танилцаад номын дуу сонсч эхлэв. Бидний гол сонсох ёстой чиглэл бол улс төрийн болон сонгуулийн пи-ар чиглэлийн лекцийг сонсох байлаа. Энэ талаараа ч тус сургуулийн олон мундаг эрдэмтэн, багш нараас сонирхолтой, хэрэгжүүлж санаа авч болохуйц мэдээллийг хэдэн өдрийн турш сонсч авсан. Тэдний профессоруудын заах арга нь их өвөрмөц. Юу гэвэл энгийн хэрнээ хүнд ойлгуулах арга барил нь содон. Нойр, залхуу, эвшээлгэх гэх зүйлс огт төрөхгүй, цаг нь маш хурдан дуусна. Тэгээд дараагийн багш, дараагийн багш гайхалтай... Энэ бүгд юунд байсныг одоо хүртэл би тайлаагүй л байна.
Мөн тухайн орны улс төрийн нөхцөл байдал ямар түвшинд яваа, цаашид юунд анхаарах, улс төрийн гол тоглогч нарын тухай, тэдний ерөнхийлөгч Д.Трампын тухай ч олон баримт мэдээ, мэдээллийг олж авсан. Д.Трампын ялсан шалтгаан, үндэслэл, тэр юу амлаж, ямар шийдвэрүүдийг зоригтой өөрчилнө гэж гарсан гээд олон зүйл сонссон өдрүүд байлаа. Хичээл бүтэн өдөр үргэлжилж байгаа хэдий ч бид сонирхож байсан болоод тэр үү бараг завсарлагагүй номын дуу сонсч тархиа цэнэглэж байсан юм.
Өдөржин номын дуу сонссон хүмүүс орой нь буудалдаа орж хоолоо идчихээд нам унтан Вашингтоны өглөөтэй эрч хүчээр дүүрэн угтдаг байв. Энэ бол миний амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн сонирхолтой, сайхан агшин байсан юм. Манай ангийн хэсэг нөхөд одоо болж байна уу гэтэл, докторуудыг дэвтрээ эргэж хартал асуултаар булсан гайхалтай суралцагчид.
Хүн ер нь сурч боловсорч дуусдаггүй юм шиг байгаа юм. Магадгүй насан туршдаа суралцсаар, сурсаар орчлонгоос буцдаг байх. Гэхдээ энэ олсон мэдлэг туршлага харсан зүйлээ бусадтай хуваалцахгүй бол үхмэл мэдлэг болно.
Вашингтон мужийн хүн амын 78.9 хувь нь цагаан арьстан, 3.2 хувь нь хар арьстан иргэд амьдардаг байна. Гол төлөв Христосын шашинтай, 22 хувь нь католик шашинтай. Гудамжаар өнгөрөх хүмүүс нь тайван амгалан, ямар ч хүнтэй хүндэтгэлтэй харьцах ба инээмсэглэн зөрнө. Манайх шиг түгжрэл энэ тэрд хамаг цаг заваа зарцуулж уурлаж бухимдах зүйл гэж үгүй. Тэнд байх хугацаандаа түгжрэл олж хараагүй гэж хэлж болно. Зочид буудлууд нь зэрэглэлээсээ хамаараад янз бүрийн үнэтэй.Хамгийн багадаа хоёр ортой өрөө нь 40 доллар. Хамгийн үнэтэй зочид буудал нь Ерөнхийлөгч Д.Трампын хувийн эзэмшлийн “Trump international hotel” нь нүд сэтгэлийг баясгам жинхэнэ урлагийн бүтээлүүдтэй зочид буудал байна лээ. Онцгой шийдэл бүхий дотоод засал чимэглэл, дийлэхээргүй хоол, өрөө, тансаг байдал нь нүд, сэтгэл баясгам байсан. Орж хоноглож чадахгүй ч гэлээ гаднаас нь ядаж дотор нь ороод жорлонгийн өрөөнд нь ороод гарах, орчин тойрныг нь ажаад, өрөө авах гэж байгаа дүр эсгэн цэс харж, асууж үнийг нь мэдэх боломж бас гарна. Америкийн улс төрийн нөхцөл байдал, эдийн засаг шүүх тогтолцоо үүсэл хөгжлийн талаар товч албан мэдээлэл өгөх нь зөв байх.
Индиануудын өвөг одоогоос 15.000 жилийн өмнө Америкт ирсэн гэж үздэг. Европын колоничлол МЭ 16-р зуунаас эхэлсэн гэдэг. Атлантын эргээр Британийн 13 колони гэж байсан. Колонийн ард түмэн далайн чанадын Их Британид захирагдахгүйн төлөө тэмцэн хувьсгал ялснаас 1776 онд АНУ байгуулагдаж, 1783 онд дайн дуусч, Европын колониос салсан анхны орон болсон юм. 1787 онд үндсэн хуулиа баталж одоо ч өөрчлөөгүй гэх ба 1791 онд хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмыг тунхагласан улс юм.
АНУ-ын компаниуд нь компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Эдийн засгийн хувьд хүчирхэг орон юм. АНУ-ын Засгийн газар хувийн эдийн засгийг тодорхой хэмжээгээр удирдан зохицуулж, хүн амын нийгмийн асуудалд анхаарах ёстой гэж үздэг байна.
Бүгд Найрамдах нам, Ардчилсан нам хэмээх хоёр намын систем тогтож, засгийн эрхийг ээлжлэн барьсаар ирсэн. Дээд шүүхийн есөн гишүүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч томилж, Сенат баталдаг. Конгресс нь хоёр танхимаас бүрддэг. Дээд танхим 100 гишүүнтэй, муж улс бүрээс хоёр гишүүн сонгогдон ажилладаг. Доод танхим нь одоогийн байдлаар 435 суудалтай. Муж улсын хүн амын тооноос хамаарч сонгогддог байна.
Хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр хангасан улс гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч энэ улсад дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зорьж амьдрах таатай нөхцөл боломжийг хайдаг байхыг үгүйсгэхгүй. Мэдээж хүний эрх хаана илүү үнэ цэнтэй байна тэнд хүн амьдрахыг хүсдэг болсон цаг. Хаана хүний эрх илүү их зөрчигдөж байна тэнд хүн амьдрахыг хүсдэггүйтэй агаар нэг юм.
Энэ улсад эрүүл мэндийн тогтолцоо маш сайн хөгжсөн гэж хэлж болно. Эрүүл мэндийн үйлчилгээ үнэтэй, өвдөх эрхгүй байдаг гэнэ. Энэ нь өвдсөн хойноо биш, өвдөөгүй байхдаа хүн урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдаж, өөрийгөө эрүүл байлгах сэдлийг төрүүлдэг байж болох. Харин манайд эсрэгээрээ байдаг. Тэднээс бас нэг анзаарагдсан зүйлс гэвэл хүүхдээсээ гадна гэрийн тэжээвэр амьтдыг сайн асарч бөөцийлөх юм билээ. Мөн хувцаслалт нь маш энгийн. Тэнд дэгжин, загварын ертөнцийг олж харна гэдэг од харвахыг харахтай адил. Хаус, орон сууц бүр нь цэвэрхэн тохилог. Жинхэнэ амьдралын тав тухыг хангадаг юм билээ.
Тэнд шопинг харин нэг урамтай хийж болохоор. Энд үнэ хадсан зүйлс тэнд ялангуяа ид хямдралын үеэр бол 70-90 хувь зад хямдарна. Хулхи бараа гэж бараг үгүй. Чанартай, чанаргүй нь л гэхээс. Дэлгүүрүүд нь хотын төв цэгээсээ зайдуу хол. Энд тэнд. Шулуун замаар явж байгаа юм шиг зам дагасан дэлгүүр ер нь бол байхгүй. Заавал зорьж очно, Outlet дэлгүүр нь хамгийн багадаа 2-3 цаг давхиж очно. Монголчууд энд нэлээн ихээр амьдардаг юм байна. Тэд илүү тохитой, стрессгүй сайхан амьдардаг гэнэ. Баяр ёслолоо ч хамтдаа нийлж хийдэг бололтой. Ер нь тэндхийн монголчууд илүү сайхан амьдарч байгааг тэндээс амархан харчих юм билээ. Ингээд Америкт зорчсон тэмдэглэл гурваар тэнд амьдарч байгаа монголчуудын талаар эргэн уулзъя.
Үргэлжлэл бий...