НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан энэ сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэлээ. Энэхүү өдөрт дэлхийн 130 гаруй орон нэгджээ. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох үйл ажиллагаа, санаачилга өрнүүлдэг. Дэлхий даяар хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсож, тэдэнд хандсан үйл ажиллагаа, санаачилга гарч байгаа юм. Тухайлбал, Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд 150 гаруй хүүхэд оролцсон өндөр хэмжээний арга хэмжээ болж, дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцон эмзэг, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн дуу хоолой болох аж.
НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм энэхүү өдрөөр Нью Йорк дахь НҮБ-ын төв индрээс улс орны удирдагчид, төр, хувийн хэвшлийн төлөөллүүдэд хүүхдийн эрхийн төлөө хүчээ нэгтгэхийг уриалж, үг хэлсэн юм.
Тэрээр “Хүүхэд насаа эргэн харахад би маш аз жаргалтай өнгөрүүлсэн байна. Намайг бүхий л талаар дэмждэг гэр бүл, найз нөхөд, багш болон дасгалжуулагчид надад байсанд би маш их талархаж байна. 2005 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр ажиллахдаа би олон орны хүүхдүүдтэй уулзсан. Харамсалтай нь тэдэнд надад байсан шиг өсч, хөгжих тэгш боломж байсангүй, одоо ч дэлхийн өнцөг булан бүрт мянга мянган хүүхдүүд олон асуудал, бэрхшээлтэй байсаар байна. Хүүхэд бүр хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо бүрэн илэрхийлэх эрхтэй. Томчууд бид харин тэднийг сонсч чадаж байна уу?” гэв. Харин манайд юу хийсэн бэ?
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 30 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнуудын төр засаг хүүхдүүдийн төлөө амлалт өгч буй санаачилгад УИХ-ын дарга Г.Занданшатар “ Хүүхдийн ордон, зуслангүй аймаг, дүүрэгт шинээр зуслан, ордон барьж байгуулах ажлыг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлж, гэр бүлийн хөгжлийг дэмжих орчныг бүрдүүлэн, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс сэргийлэх, хүүхэд бүрийг техник технологийн эерэг үр дүнг хүртэх боломжоор хангахаар ажиллана” хэмээн Монголын хүүхэд, багачуудад амлалт өгсөн.
Хүүхэд томчуудыг биш, томчууд хүүхдийг ойлгох ёстой
Манай улсад гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Гэтэл тэдний дуу хоолойг сонсох, хүүхэдтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргахдаа эцэг эхчүүд, шийдвэр гаргагчид, хэрэгжүүлэгчид хангалттай өөрчлөлт гаргаж чадахгүй байна. Энэ нь хүүхдийн дуу хоолойг сонсох талаарх эрх зүйн зохицуулалт байхгүй, мөн хүүхэд томчуудыг сонсох, тэдний үгийг үг дуугүй дагах, биелүүлэх ёстой гэдэг уламжлалт сэтгэлгээ байсаар л.
Томчууд хүүхдүүдтэй эелдэг, зөөлөн, тэднийг ойлгож харьцах нь чухал. Хүүхэд өсч, том болох үедээ аливааг танин мэдэх сонирхол нь өндөр байх бөгөөд маш олон зүйлсийг асуудаг. Энэ хэрээрээ олон зүйлсийг мартдаг. Түүнчлэн нас насны онцлогт нь тааруулж, аль болох эвээр тайлбарлаж өгөх нь тэднийг ирээдүйд тэвчээртэй, эерэг бодолтой, хүмүүст туслах сэтгэлтэй сайн иргэн болж төлөвшихөд нь нөлөөлж буй хэрэг.
Хүүхдийг хамгаалах анхдагч орчин нь гэр бүл, хамгаалах нэн тэргүүний үүрэгтэй хүмүүс бол тэдний эцэг, эх нь. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ санал хүсэлтийг сонсох замаар тэдний өмнөөс шийдвэр гаргах ёстой. Хүүхэд, тэр тусмаа бага насны хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй байдаг учраас эцэг эхчүүд хүүхдээ аливаа хүчирхийлэл, дарамтад өртөхөөс байнга хамгаалж байх үүрэгтэй.
Хүүхэдтэй хүүхэдтэй зүй бус харьцах гэдэг нь санаатайгаар хүүхдэд бие махбод, оюуны болон сэтгэл санааны хохирол учруулсан үйлдэл, эсвэл эдгээр аюулд өртсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нь хамгаалаагүй, хүүхдийг аливаа хэлбэрээр хүчирхийлсэн, түрэмгийлсэн, тарчлаан зовоосон, гутаан доромжилсон аливаа үйлдлүүд юм.
Хүүхэд хамгааллын чиглэлээр төрөөс явуулж буй гол бодлого нь эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ асран хамгаалахад дэмжихэд оршиж байна. Ингэхдээ эцэг эхчүүдэд энэ талын мэдээлэл өгөх, хүүхдээ хамгаалахад дэмжиж туслах, хэрэв энэ үүргээ биелүүлж чадахгүй бол төр өөрийн хамгаалалтад хүүхдийг авах, хүүхдийн төлөө авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнд хяналт тавина гэж хуульд заажээ.
Бяцхан хүүхдүүдийн эрх энэ улсад нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан зөрчигдсөөр байгаа. Тухайлбал, гэмт хэргийн улмаас хүүхэд гэмтэж, амиа алдсан бол зам тээврийн осолд өртөж, хурдан морины уралдааны үеэр мориноосоо унаж байгааг томчууд бүгд мэддэг. Түүнчлэн шүүхээс хүүхдүүд ял, шийтгэл сонсч, аюултай, хүнд хэлбэрийн хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна.
Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2015 онд баталсан. Тус хууль нь хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл нь хамгаалахад үйлчилнэ. Мөн Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна.
Түүнчлэн хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, бэлгийн дарамт үзүүлэхийг хуулиар хориглосон. Хүүхдийг хамгаална гэдэг энгийн мөртлөө нийгэмд хамгийн их зөрчигдөж байгаа юм.
Хүүхдийг хамгаална гэдэг энгийн мөртлөө нийгэмд хамгийн их зөрчигдөж байна
Нийслэл хотод олон шинэ барилга, байшин баригдаж их хотын дүр төрхтэй болж байгаа ч дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлтгүй барилгажсан, автомашины зогсоолгүй, тоглоомын талбай, ногоон байгууламж хангалтгүй, гудамжаар чөлөөтэй алхах ч зайгүй, хүүхдээ тэрэгтэй нь түрж явах аюулгүй зам үгүй болсон. Өөрөөр хэлбэл, хүүхдэд ээлтэй орчин нийгмийн аль ч давхаргад зөрчигдөж байна.
Улаанбаатарт Монгол Улсын 0-15 насны нийт хүүхдийн 50 орчим хувь амьдардаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нийгмийг цочроосон, бага насны хүүхдийн амийг эцэг, эх нь хэрцгийгээр хөнөөсөн хэргүүд гарч байна. Гэвч дорвитой арга хэмжээ авахгүй, үр дүнтэй тогтолцоо, үйлчилгээ, хамтын ажиллагаа үгүйлэгдсэн хэвээр байна.
Мөн технологи хөгжихийн хэрээр яригдах нэг асуудал нь цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал. Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсад 3.5 сая хүн гар утасны хэрэглэгч болж интернэтээр нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн 19.6 хувийг 13-17 насны хүүхэд, 40 хувийг 18-24 насны залуучууд эзэлж байна. Интернэтийн ашиг тус их ч зарим эрсдэлийг дагуулж хүүхэд зохисгүй мэдээ, мэдээлэлтэй таарах, хувийн нууцлал нь алдагдах, хүүхдийн эрх цахим ертөнцөд зөрчигдөх, цаашлаад компьютерыг удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэснээс хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болсон.
Хуулиар хамгаалсан хүүхдийн эрхүүд
1. Хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахыг хориглоно. Хүүхдэд боловсрол олгож буй сургалтын байгууллагын багш, ажилтнууд хүүхдэд бие махбодын шийтгэл хүлээлгэхгүй байх үүрэгтэй бөгөөд тэд бие биенээ харилцан хүндэтгэсэн, шударга ёсонд нийцсэн аргаар сургах үүрэг хүлээжээ. Тиймээс цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх явдлыг үл тэвчиж, хүүхдээр албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй юм.
2. Хүүхдийн бие, сэтгэцийн эрүүл мэнд бүрэн хамгаалагдсан. Тиймээс хүүхэд эрүүл мэндийн тусламж, эмчилгээ үйлчилгээ, мэдээллээр хангагдах бүрэн эрхтэй гэсэн үг. Төр хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ ялгаварлалгүй хандах бөгөөд үйлчилгээ үзүүлэхээс санаатайгаар татгалзах, хүүхдийн биед шинжлэх ухааны туршилт хийх эрхгүй.
3. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хуулийн дагуу 14 ба түүнээс дээш насны хүүхэд хөдөлмөр эрхэлж болно. Ингэхдээ хүүхэд өөрийн эрхэлж буй хөдөлмөрт дүйцэх цалин, хөлс авах эрхтэй. Гэхдээ хүүхдийн аюултай, тэвчишгүй хөдөлмөрийг энд дурдаагүй.
4. Хүүхэд тамхи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бусад хортой бодис хэрэглэхээс хамгаалагдаж байна. Тиймээс энэ төрлийн хууль бус үйл ажиллагаанд хүүхдийг татан оролцуулахгүй байх, эдгээр төрлийн бодис бүхий орчинд хүүхдийг байлгахыг хориглосон.
5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч бусад хүүхдийн адил бүхий л орчин, нөхцөлд хамгаалагдана. Тэд өөрсдөд нь зориулсан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг ижил тэгш, ялгаварлалгүй авдаг байхыг хуульд тусгажээ.
Хүүхэд хамгааллын хүрээнд мөрдөгдөж буй эдгээр заалтуудыг олон нийт зайлшгүй мэдэж байх ёстой. Хэрэв зөрчигдөж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллага, багийн Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
Ийнхүү хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх захиргааны хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, ял шийтгэлийг Гэмт хэргийн тухай хуулиар тодорхойлж, Хүүхэд хамгааллын тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх юм.
Хүүхдийг сонсч дэмжих ээлтэй нийгмийг цогцлооход эцэг эх, асран хамгаалагч, түүнчлэн иргэн бүрийн хариуцлагаас хамаарна. Харин та өөрийнхөө үйлдлийг нэг анзаараад үзээрэй. Томчууд хүүхдийг сонсч байна уу?
Б.Мөнхбайгаль