Нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд учирч болох аюул эрсдэлийн талаар сүүлийн үед эрдэмтэн судлаачид ихээхэн санаа зовних болсон. Харин уншигч та нянгийн тэсвэржилтийн талаар хэр сайн мэдэх вэ. Магадгүй зарим тохиолдолд танд, таны хүүхдэд ямар нэгэн өвчин зовиур илрэхэд байнга ууж хэрэглэдэг эмийн үйчлэл нь саарч миний биед дасал болчихлоо хэмээн бодож байсан удаа бий юү. Тэгвэл та энэ сэдвийг анхааралдаа авах цаг болжээ. Нянгийн эсрэг шинэ эмийн нээлт удаашралтай байгаа, олон эмэнд тэсвэртэй нянгаар үүссэн халдварын тархалтаас шалтгаалан нян эмэнд тэсвэржих нь хүн төрөлхтний өмнө тохиолдож байгаа хамгийн том аюул болоод байгаа эрдэмтэд хэлж байна. Халдвар үүсгэгч нян эмэнд тэсвэртэй болсноор нянгийн эсрэг эмийн эмчилгээний үр дүн амжилтгүй болдог байна. Манай улс антибиотикийн нийт хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа нь бидний анхаарах гол асуудал болоод байна. Манай улс нийт эмийнхээ 70 орчим хувийг импортоор авдаг бөгөөд эмчилгээнд хэрэглэж буй эмийн 30 орчим хувийг нянгийн эсрэг үйлдэлтэй эм антибиотик эзэлдэг байна.
Иймээс бид энэ асуудалд анхаарал хандуулж, антибиотикийн талаарх хүн ардынхаа мэдлэгийг дээшлүүлэх, зохистой хэрэглээг дэмжих, тэсвэржсэн нянгийн тархалтыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Нянгийн тэсвэржилт” нь эмийн зохисгүй хэрэглээнээс ихээхэн шалтгаалж байна. Тухайлбал, мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөг авалгүйгээр дур мэдэж, тааж эм хэрэглэх, тун нь тохирсон эмийг тохирсон хоног хугацаагаар хэрэглэхгүй зэргээс үүдэн эмэнд нянгууд тэсвэртэй болж байна. Нян гэдэг нүдэнд үл үзэгдэх дайсан юм. Тэднийг дутуу шархдуулж орхисноос болж, өөрийн дүр төрхийг хувиргаж улам хүчирхэгжиж өнөөгийн шинжлэх ухааны ололт амжилтаар гаргаж авсан эмүүдэд тэсвэртэй болж байгаа нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна. Энэ нь зөвхөн хүний эрүүл мэндийн салбартай холбоотой бус мал эмнэлгийн салбартай ч мөн холбоотой. Тиймээс хүн хоол хүнснийхээ гол хэрэглээ болсон малынхаа маханд антибиотикийг зөв зохистой хэрэглэхээс эхэлнэ. Тухайлбал малд хэрэглэсэн антибиотикийн дутуу үйлчилсэн үлдэгдэл өвчин үүсгэгчийг тэсвэртэй болгох үндсэн шалтгаан болдог. Тиймээс мал эмнэлгийн салбартай хүн эмнэлгийн салбар хамтарч антибиотикийн тэсвэржилттэй тэмцэх ёстой. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагууд эмийн зохистой хэрэглээнд тавих хяналт шалгалтаа сайжруулж хамтарч ажиллах ёстой. Мөн нян бактерийг ариутгадаг ариутгалын систем стандартын дагуу явах ёстой. Хэрэв нянг ариутгах үедээ стандартыг мөрдөж ажиллаагүйн улмаас нян тэсвэртэй болох эрсдэлтэй. Тухайлбал, сүрьеэ өвчнийг үүсгэгч нян сүүлийн үед гарсан шинжлэх ухааны эм бэлдмэлүүдэд тэсвэртэй болж байна. Энэ нь тухайлбал, эм бэлдмэлийг дутуу хэрэглэсэн, алинд нь мэдрэг амархан устаж байгааг судалж, шинжлэх ажлыг цогцоор хийгээгүй эмчилсэнтэй холбоотой. Мөн сүрьеэ өвчнөөр өвдсөн иргэдийн хувьд удаан хугацаагаар тогтмол эм бэлдмэлээ хэрэглэхээс төвөгшөөж эмээ дутуу ууж хэрэглэснээс үүдэж тухайн өвчнийг үүсгэгч нян нь эмэнд тэсвэртэй болоод байгаа юм. ХӨСҮТ нянгийн тэсвэржилтийн судалгааг голчлон хийж байгаа ч МХЕГ-ынхан мөн энэ талаар судалж байна. Тиймээс бид нян бактерийн тэсвэржилттэй тэмцэхийн тулд салбар дундын харилцаа холбоог сайжруулж, нэгдсэн төлөвлөгөө гаргаж ажилласнаар илүү үр дүнд хүрнэ. Цаашид эх орондоо хийж байгаа лабораториудын хүчин чадлыг сайжруулж гаднаас оруулж ирэх эмийн хэрэглээг бууруулж, дотооддоо үйлдвэрлэж байгаа эмийн чанарыг сайжруулж түүнийг хянадаг лабораторийн чанарыг сайжруулах нь үр дүнтэй. Цаашид үйлчилгээ сул эмийг импортоор оруулж ирэх нь хүн ардын эрүүл мэндэд хохирол учруулж байгаа том үзүүлэлт болж байна” гэв.
Харин Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрхлэгч С.Сүнчин хэлэхдээ Нянгийн тэсвэржилт хоёр янз байдаг. Нэг нь байгалиасаа тухайн антибиотик, тухайн нянд тэсвэртэй байдаг. Харин нөгөө нь иргэд антибиотикийг буруу хэрэглэснээс болж нянгийн тэсвэржилтийг бий болгодог. Тухайлбал, өнөөдөр хүүхэд 250мл, том хүн 500 мл гэсэн ойлголттойгоор шууд эмийн сангаас аваад хэрэглэдэг. Гэтэл энэ нь маш буруу ойлголт юм. Учир нь эхлээд тухайн нян бактерит үйлчлэх антибиотикийн тунг тогтоох ёстой байдаг. Иргэдийн ойлгоод байгаа хүүхэд бол 250 мл гэсэн ойлголт нь тухайлбал 50,100, гэх мэт хэд ч байх боломжтой. Энэ тунг нь зөв тааруулж хэрэглээгүйгээс болоод тухайн бактериуд нь антибиотикт тэсвэртэй болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн бактериуд өөрийгөө хамгаалах механизмтэй болж антибиотикт тэсвэртэй болж байгаа юм. Бактерийг антибиотик тэсвэртэй байхыг нь хариуцаж байгаа генетикийн элемент нь бактериас бактерит хурдацтай дамждаг. Тухайлбал иргэдийн сайн мэддэгээр эмэнд дасалтай болоод байна гэдэг нь нэг төрлийн эмийг хэт ихээр, тогтмол хэрэглэснээс үүдэж үйлчлэл нь багасдаг. Тухайлбал толгойн өвдөлтөд анх антибиотик хэрэглэх үед богино хугацаанд үйлчилж байсан бол дахин дахин хэрэглэснээр сүүлдээ үйлчлэхээ больдог. Ингээд нэг эм ууж байсан бол хоёр эм уух гэх мэтчилэн тунг нь өөрсдийн дураар нэмж хэрэглэх байдал нь нянгийн тэсвэржилт үүсгэдэг гэсэн үг л дээ. Антибиотикийн хэрэглээ дэлхий дахинд бий болохоос өмнө тахал өвчнөөр үй олон нас барж байсан бол 2050 он гэхэд тахлаар нас барсан хүмүүсээс олон тооны хүн нас барах магадлалтай. Учир нь тэр үед бүх нян, бактери супер хамгаалалттай болно. Тиймээс бид нянгийн тэсвэржилтээс өөрсдийгөө хамгаалах, антибиотикийн хэрэглээнд тэсвэртэй нянгийн тоог бууруулах хэрэгтэй байна. Үүний тулд манай улсад ямар ямар антибиотикт тэсвэртэй генүүд тархсан байна, юунаас үүдэж байна. Хүн амын дунд их байна уу, мал амьтны дунд байна уу эсвэл антибиотикт тэсвэртэй нян гаднын улс орноос орж ирээд байна уу гэдгийг нарийн судлах шаардлага байна.
Тухайлбал, хүнсээр дамжаад манай улсад орж ирэх бүрэн боломжтой. Нэг төрлийн биотероризм ч байж болох асуудал. Тиймээс бид нянгийн тэсвэржилтийн тандалтын тогтолцоог сайжруулах шаардлагатай. Наад зах нь антибиотикийн тунг зөв тодорхойлох шаардлагатай болоод байна. Маш бага тунгаар хэрэглэх ёстой антибиотикийг их хэмжээгээр хэрэглэх, эсвэл өндөр тунгаар хэрэглэх ёстой антибиотикийг бага тунгаар хэрэглэх нь нянгийн тэсвэржилтийг үүсгэж байгаа гэдгийг дахин дахин хэлмээр байна. Эцэст нь үүнд иргэдийн эмийн зөв зохистой хэрэглээний талаарх ойлголт, өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах боловсрол мэдлэг, хариуцлагаас ихээхэн шалтгаалж байна. Гэхдээ зарим тохиолдолд эмнэлгийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн оролцоо ч бас үүнд хамаардаг. Тухайн хүнд антибиотик бичихээс өмнө нянгийн тэсвэржилтийг нь мэддэг байх нь чухал. Ингээд тун хэмжээнд нь тохирсон жор бичиж өгөх нь чухал. Гэтэл өнөөдөр магадгүй 10 мл тунгаар өгөх ёстой жорыг 250 мл-аас эхлүүлэн өгч байна. Энэ мэтчилэн өндөр тунгаар антибиотик хэрэглэснээс үүдэж богино хугацаанд дасал болно. Тиймээс бид хаа хаанаа анхаарч ажиллах нь чухал болоод байна. Салбар дундаа бид нянгийн тэсвэржилтийн тогтолцоогоо сайжруулж, мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг сайжруулах шаардлага байна” гэв.
Манай улс ойролцоогоор 60 сая толгой малтай. Эдгээр маландаа хэзээ ч антибиотик хэрэглэдэггүй. Тиймээс магадгүй 2050 он гэхэд дэлхий даяар хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж байх мөчид манай улсын мал жинхэнэ экологийн цэвэр бүтээгдэхүүн болох магадлал өндөр. Өөрөөр хэлбэл ямар ч нянгийн тэсвэржилт манай улсын мал аж ахуйн бүтээгдэхүүнд байхгүй гэсэн үг. Тиймээс эртнээс энэ ажлын судалгааг хийх хэрэгтэй.
Одоогоор антибиотикт тэсвэржилтийн шинжилгээг экспортын болон импортын бараа бүтээгдэхүүнүүдэд хийдэггүй. Гэхдээ цаашид хийдэг болно. Учир нь аль ч улс орон хүн амаа хамгаалахын тулд өөрсдийн хилээр нянгийн тэсвэржилттэй бүтээгдэхүүн оруулахгүй байхад л болно.
Нянгийн тэсвэржилтэд улирал нөлөөлнө гэсэн ойлголт байдаггүй. Нянгийн тэсвэржилтийн хамгийн том аюул нь эцсийн бүлэгт тухайн өвчнийг эмчилж анагаах эмгүй болно оо л гэсэн үг.