Электрон тамхи нь 2023 оны сүүлээр тамхинаас ч илүү сайн зарагдах бүтээгдэхүүн болоод байгаа юм. Тийнхүү залуучууд электрон тамхийг хэрэглэж үзэх нь сүүлийн үед эрс нэмэгдсээр байна. Гэвч энэ нь ердийн тамхинаас хор хөнөөл багатай эсэх нь эргэлзээтэй.
Эдгээр нь энгийн уламжлалт тамхинаас өөр. Ихэнх тохиолдолд электрон тамхи нь халж уур үүсгэх зориулалттай, никотин бага хэмжээнд агуулсан бөгөөд ихэвчлэн батерейгаар ажилладаг. Зарим нь тамхи шиг харагддаг бол зарим нь гар чийдэнтэй төстэй харагддаг. Электрон болон усан тамхи нь олон төрлийн жимс, кофе, ундааны амттай бөгөөд их хэмжээний олон өнгийн утаа гаргадаг учраас залуучуудыг болон тамхи татдаг хүмүүсийг ихэд татаж байна.
Хамгийн анхны электрон тамхийг тамхины үйлдвэр гаргаагүй ч тэд аль хэдийн энэ бизнест хөл тавиад эхэлжээ. Электрон тамхи болон ижил төрлийн бүтээгдэхүүнүүд нь Америкт төрөлжсөн бараа бүтээгдэхүүний болон бусад дэлгүүрүүдээр насанд хүрээгүйчүүдэд худалдаалахыг хориглосон горимтойгоор худалдаалагддаг. Гэтэл манай улсад энэтхэг, араб гээд аль гайгүй ресторануудад нь хүртэл хэрэглэхэд ямар нэгэн хязгаарлалт, үүнд тавигдах хяналт байхгүй.
ердийн тамхи хэрэглэгчдээс 17 хувиар өсчээ
Шинэ төрлийн энэ тамхийг татдаг хүмүүс дуртай хэрэглэнэ. Харин тамхи татдаггүй залуучууд нь “ганц хэрэглэчхэд яах вэ дээ, жимс шиг шүү дээ” гээд хэрэглэж эхэлнэ.
Монгол Улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд багтдаг. Манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг буюу 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Хүйсийн хувьд авч үзвэл, эрчүүдийн 50 орчим, эмэгтэйчүүдийн тав гаруй хувь нь тамхи татаж байна. Сүүлийн үед тамхины хэрэглээ улам бүр залуужиж, 13-15 насны хүүхдүүдийн 15 орчим хувь энэ хорыг хэрэглэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн тамхи татдаг сурагчдын дийлэнх буюу 50 гаруй хувь нь тамхины ямар нэгэн хамааралтайг судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, тамхи татах хүмүүсийн тоо нэмэгдэж байхад электрон тамхийг сонирхох хүмүүс бүр ч илүү өсөн нэмэгдэх нь.
2014 оны үндэсний хэмжээнд ахлах сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаанаас харахад электрон тамхи хэрэглэдэг хүмүүсийн тоо ердийн тамхи хэрэглэгчдээс 17 хувиар өсчээ. Түүнчлэн залуучуудын дунд тогтмол биш, өдөр тутам хэрэглэдэггүй тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ өсөх хандлага ажиглагдаж байна. Электрон тамхи олон нийтэд түгээмэл болохын хэрээр залуучууд сонирхож хэрэглэх нь улам ихэсч бүтээгдэхүүн өөрчлөгдөх бүрт шинэ төрлүүдийг нь хэрэглэж үзсээр л байх болно. Нэг төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж үзсэн бол бусад төрлийг ч мөн туршиж үзэх хүсэлтэй байдаг.
Электрон тамхинууд ердийн тамхинд донтох гарцыг нээх вий хэмээн олон улсад сэрэмжилж байна. Хэрвээ электрон тамхи тамхинд орох гүүр болж байна гэж үзвэл тамхины хэрэглээ болон электрон тамхины хэрэглээ зэрэг өсч нэмэгдэх магадлалтай. Электрон тамхины шингэн нь никотин, ус, уусгагч, амт оруулагчаас бүтдэг ба үүнээс гарах уурыг сорсноор тамхинаас гарах хүсэл төрүүлдэг байна. Гэвч электрон тамхины хүний биед үзүүлэх нөлөө нь тодорхойгүй юм. Зарим хүмүүс электрон тамхийг хориглосноор тамхинаас гарсан хүмүүсийн муу зуршлыг сэргээх сөрөг үр дагавартай гэж үздэг байна.
Электрон тамхины никотиныг химийн аргаар гаргаж авдаг учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Олон улсын судлаачдын үзэж байгаагаар хорт хавдар, амьсгалын болон зүрх судасны өвчлөл үүсгэх нөлөөтэй. Үүнээс гадна нүдний хараа муудах, хоолой, ам сэрвэгнэх, хорсох, янз бүрийн уушгины бөглөрөлт өвчин үүсгэх аюултай.
2014 онд Америкт хийгдсэн судалгаанаас тус улс дахь тамхинаас үүдэлтэй өвчлөлүүд янжуур тамхи болон бусад төрлийн шатдаг тамхинаас болж гарч байгаа ба эдгээрийн хэрэглээг эрчимтэй бууруулснаар өвчлөл мөн буурна хэмээн дүгнэжээ. Мөн сүүлийн үед хийгдсэн судалгаанууд электрон тамхинууд их хэмжээний карцироген формальдегид ялгаруулдгаас болоод хэрэглэж буй хүмүүст зориулж өндөр хүчдэл бүхий төхөөрөмжтэй хэрхэн харьцах талаар сэрэмжлүүлэг гаргасан нь дээр гэж үзэж байгаа юм.
Электрон тамхийг олон улсад хориглож эхэллээ
Электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Америкийн “WarnerMedia”, “Viacom” медиа холдинг болон “CBS” телевиз электрон тамхины сурталчилгаанаас татгалзах шийдвэр гаргажээ.
Мөн Сан Францискод электрон тамхийг хориглосон. Хотын хяналтын зөвлөл электрон тамхи зарж борлуулах эсэхэд санал хураалт явуулж улмаар тус шийдвэрийг гаргасан. Тус хотын захиргаа, удирдлага цахилгаан тамхины борлуулалтыг хориглох тухай хуулийн төслийг баталсан юм. Үүнээс хойш никотин ууршуулагч үйлчилгээтэй электрон тамхины борлуулалт, худалдаа хууль бус болсон. Энэхүү хууль нь гол төлөв интернэт худалдан авалтын дамжлагатай шуудангаар хүргэж өгдөг үйлчилгээнд хориг тавьж байгаа аж.
Цахилгаан тамхи нь хүний бие эрүүл мэндэд тодорхой хэмжээний сөрөг үр нөлөө үзүүлдгийг судалгаа туршилтаар баталсан, дээрээс нь бага болон өсвөр насныхан тус электрон тамхинд хэт автах төлөв ажиглагдсан нь ийнхүү хориглох алхам хийхэд хүргэсэн гэжээ.
Түүнчлэн электрон тамхи хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг эсэх талаарх маргаан АНУ-д сүүлийн үед хурцдаж байна.
ДЭМБ-ын мэдээлснээр сүүлийн жилүүдэд дэлхий даяар тамхи татдаг хүмүүсийн тоо нэг тэрбум хүртэл буурчээ. Харин электрон тамхи хэрэглэгчид 2011-2018 онд тав дахин буюу 41 сая хүртэл өссөн байна. Зах зээлийн судалгааны Евромонитор группын тооцооллоор 2021 он гэхэд электрон тамхи хэрэглэдэг насанд хүрэгчдийн тоо 55 саяд хүрэх гэнэ.
Одоогоор Америкийн хоёр муж амт оруулагчтай электрон тамхины хэрэглээг хориглоод байгаа юм. Учир нь амт оруулагч хүүхдүүдийг электрон тамхи татахад нөлөөлж, улмаар никотинд донтуулдаг байна. Тиймээс Нью Йорк мужийн захиргаа төрөл бүрийн амт оруулсан электрон тамхины худалдааг хориглох шийдвэр гаргасан. Тус мужид залуучуудын голдуу дурладаг төрөл бүрийн жимсний амттай электрон тамхийг хориглож байгаа ажээ. Харин гаатай болон энгийн тамхины амттай бүтээгдэхүүнүүдийг хориглоогүй. Эдгээрийг насанд хүрэгчид голдуу хэрэглэдэг гэж үндэслэлдээ тайлбарлажээ.
Харин Энэтхэгийн засгийн газар электрон тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаанд хориг тавьсан. Учир нь электрон тамхи нь залуусын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэж мэдээлжээ. Хоригийг зөрчсөн хүмүүст гурав хүртэлх жилийн хорих ял оноох юм.
Энэтхэгт тамхи татдаг 100 сая гаруй насанд хүрэгч байдаг ба жилд 900 мянган хүн тамхитай холбоотой өвчнөөр нас бардаг аж.
Электрон тамхинаас болж уушгины өвчнөөр 1299 хүн өвдөж, үүний улмаас 22 иргэн нас баржээ
Америкт электрон тамхи хэрэглэгчдийн дунд уушги амьсгалын замын өвчлөл гарсан тохиолдол олноор бүртгэгдэж, наймдугаар сард гэхэд л 215 хүн эмнэлэгт хандсан байна. Мөн таван хүн нас барсан. Харин өнгөрсөн сарын байдлаар тус улсын 21 мужид электрон тамхи хэрэглэсний улмаас уушгины өвчнөөр 1299 хүн өвдөж, үүний улмаас 22 иргэн нас баржээ. Эрдэмтэд ийм бүтээгдэхүүн ямар замаар хүний уушгинд өвчин үүсгэж байгааг судалж байна.
Анх зах зээлд гарсан цагаас нь хойш электрон тамхи хортой, хоргүй гэсэн маргаан судлаачдын дунд үргэлжилж байгаа. Уг бүтээгдэхүүнийг дэмжигчид нь энгийн тамхинаас хор багатай, тамхинаас гарахад тусалдаг гэж тайлбарладаг. Ийм ойлголт Европт илүү хүчтэй тарсан. АНУ-ын мужуудаас Мичиган электрон тамхины худалдааг хориглосон анхны муж болсон. Одоогоор Калифорни, Массачусетс мужууд хориглох тухай судалж байгаа юм.
Олон улсад тамхины хяналтын тухай хууль гэж батлагдсан нь зөвхөн утаат тамхинд буюу янжуур, дүнсэн тамхины зохицуулалтууд орсон. Энэ хуулинд усан болон электрон тамхины асуудлыг нарийвчлан тусгаагүй. Үүнд холбогдох мэргэжлийн яамнуудтай хамтран ажиллаж хуулийн төслөө УИХ-д оруулсан байгаа. Гэтэл одоог хүртэл энэ хууль батлагдаагүй.
Тус асуудал манай нийгэмд ямар нэгэн сөрөг нөлөө, хохирол учруулахаас нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
Б.Мөнхбайгаль