Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоожтой ярилцлаа.
-Нэг үеэ бодвол иргэд чадавхжиж байна. НҮБ-аар дамжуулан Засгийн газарт шахалт үзүүлж чадаж байгаа нь сайн хэрэг. Энэ чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын хийж байгаа ажлын тухай яриач?
-Хүний эрхийн олон улсын гэрээ конвенцууд бий. Монгол Улс хүний эрхийн олон гэрээ конвенцэд нэгдсэн байдаг. Тэр нь мэдээж хэрэг сайн. Улс төрийн хувьд хүсэл эрмэлзэлтэй, Монгол Улсын иргэн бүрийн эрхийг хэрэгжүүлье, хамгаалъя, хүндэтгэе, хангая гэсэн үүргийг төр хүлээдэг. Энэ үүргээ хэр зэрэг биелүүлж байгаа талаараа тайлангаа тогтмол явуулдаг гэрээний механизмтай. Төр тайлан илгээхээс гадна хажуугаар нь төрийн бус байгууллагууд бас мэдээлэл явуулдаг. Түүнээс гадна бас нэг шинэ механизм гарч ирсэн нь хувь хүмүүс гэрээний хороодод хандаж, өргөдөл гомдол гаргах бололцоотой болсон.
НҮБ-ын хүний эрхийн хороо байна. Иргэний улс төрийн эрхийн олон улсын факт гэж бий. Тэнд хувь хүн гомдол гаргах бололцоотой. Сүүлд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн олон улсын факт нэмэлт протокол хоёр гэж байгаа. Түүгээр хувь хүн бас Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороонд гомдол гаргадаг механизмтай болсон. Иргэд юу мэдэх ёстой вэ гэхээр дотоодын бололцоотой бүх механизмыг дуусгасны дараа асуудлаа шийдүүлж чадаагүй бол Олон улсын хүний эрхийн хороонд, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн хороонд хандах боломжтой.
Маш олон оролцооны хуулиуд бий болсон. Олон мэдээлэл нээлттэй болж байна. Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хууль гэх мэт. Иргэн олон чиглэлээр шүүхэд гомдол гаргах бололцоотой болсон. Иргэний, эрүүгийн, захиргааны шүүхэд гомдол гаргах бололцоотой. Эдгээрт хандаад байхад асуудлыг нь шийдэж өгч чадахгүй бол иргэн олон улсын байгууллагад явуулах бололцоотой.
Энэ замаар тухайн хувь хүний хохирлыг төдийлөн барагдуулж чадахгүй байж магадгүй. Мэдээж их хугацаа шаардсан, цаг хүч зарсан асуудал байж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь төрийн хуулийг боловсронгуй, чадавхтай ажилладаг болгох чиглэлээр шийдвэр зөвлөмж тэндээс гарч ирдэг. Хорооны гишүүд тухайн чиглэлээрээ өндөр мэдлэгтэй, туршлагатай яаж үүнийг шийдэж болох вэ гэсэн гарц шийдлийг сайн мэддэг улсууд байдаг учраас Монгол шиг шинэ тутам хүний эрхийг хамгаалах гэж байгаа улсад үнэтэй зөвлөмжүүд хороодоос өгдөг. Иргэний нийгмийн байгууллагуудын хувьд ч гэсэн ийм боломж байдаг юм. Энэ чиглэлээр хуулиа өөрчлөөч, ингэж механизмаа чадавхжуулаач гээд шаардаад явж байхад бидэнд ч амар байдаг. Энэ үүднээс иргэний нийгмийн байгууллагууд олон улсын хүний эрхийн гэрээ конвенцын дагуу хэрэгжүүлж байгаа механизмуудыг сайн ашигладаг болох нь чухал. Энэ тал дээр Монголын иргэний нийгмийн байгууллагууд суралцаж байна.
Ялангуяа Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум бол энэ чиглэлээр гишүүн байгууллагуудынхаа чадавхыг сайжруулах, иргэдийг оролцуулах сар бүрийн өглөөний ярилцлага хийж байгаа нь үр дүнтэй.
Гэрээний механизмуудаас гадна НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тогтмол түгээмэл хэлэлцүүлэг болдог. Түүнд Монгол Улс ирэх жил гурав дахь удаагаа орох гэж байна. Эхний нэг, хоёр удаад Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын гишүүн байгууллагууд арав орчим сэдэвчилсэн, нэгдсэн илтгэл мэдээллүүдийг хүргүүлж байсан. Түүний дагуу маш олон зөвлөмжүүдийг авч байв. Зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газар үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулдаг. Төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг бас дүгнэж цэгнэдэг.
Мэдээж хэрэг төр энэ зөвлөмжийг 100 хувь биелүүлж чаддаггүй. Гэхдээ 50-60 хувь хэрэгжихэд тодорхой хэмжээгээр дэвшил гардаг. Энэ жил гурав дахь удаагийн хэлэлцүүлэгт зориулаад аравдугаар сарын 3-нд арав орчим сэдвээр илтгэл мэдээлэл явуулсан.
-Эдгээр илтгэлдээ ямар асуудлыг хөндөв. НҮБ-ын анхаарлыг татсан ямар асуудлууд байна вэ?
-Монголын иргэний нийгмийн байгууллагууд заавал шуугиан тариад байгаа асуудал гэхгүйгээр аль болох ил гаргаж чадахгүй байгаа асуудалд анхаардаг. Угаасаа эрх нь зөрчигдсөн хүмүүс асуудлаа ил гаргаж, хүмүүсийн анхааралд аваачиж чадахгүй, бодлого төлөвлөж хэрэгжүүлж байгаа хүмүүсийн анхааралд аваачих чадваргүй байдаг. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын нэг чухал зорилт бол эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийг авчирч дуу хоолойг сонсгох нь чухал. Хүний эрхийн тухай ярилцъя өглөөний уулзалт бас л тэр ажлын нэг хэсэг. Бид заавал олон улс, НҮБ-ын анхаарал гэхээсээ бидэнд ямар асуудал байгаа юм түүнийг заавал шийдвэрлэх ёстой юм. Нэг ч гэсэн хүний эрх зөрчигдөх ёсгүй. Ялангуяа системийн шинжтэйгээр бодлоготойгоор, хуулийн цоорхойгоор, эсвэл бодлого нь алдаатай, хэрэгжүүлж байгаа арга зам нь буруу байгаагаас иргэн хохирох ёсгүй гэсэн үүднээс дандаа болохгүй байгаа юмнуудыг гаргаж ирдэг. Тийм учраас бид байгаль орчин, уул уурхай, эрүүл мэнд, ядуурал, ажилгүйдэл, хүнс, архидалт, хэвлэх мэдээлэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан гэх мэт бүх л асуудлаар ханддаг.
-Та сэтгэл ханамжтай үлдсэн үр дүнгээсээ хуваалцаач?
-Зөндөө олон асуудлыг дурдаж болно. Эмэгтэйчүүдийн асуудал, жендер, байгаль орчны асуудлуудаар хуулиуд боловсронгуй болоод л байгаа.
-Та нэг түүх яриач?
-Би өөрийнхөө байгууллагын ажилласан асуудлыг хэлье. Бусад байгууллагууд ч олон асуудал дээр ажиллаж байдаг. Хүний эрх хөгжил төв 2006 оноос эхлээд уул уурхайтай холбоотой байгаль орчны асуудлаар стратегийн өмгөөлөл хийсэн. Бид 22 хэрэг дээр ажилласан. Энэ хэргүүд дээр ажиллаж байхдаа бид юуг ажигласан гэхээр нэгдүгээрт орон нутгийн иргэдтэй яаж хэлэлцүүлэг явуулахыг манайд мэддэггүй юм байна. Тэгэхээр хэлэлцүүлэг яаж зохион байгуулах вэ гэсэн журам гаргуулсан. Лиценз гаргахад нэгдүгээрт, иргэдтэй зөвлөх ёстой. Хоёрдугаарт, компаниудын зүгээс байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд үнэлгээ хийж байгаа компани орон нутгийн иргэдтэй зөвлөлдөх ёстой байдаг. Түүнийг яаж зохион байгуулах вэ гэдгийг манайхан мэддэггүй байсан л даа. Тодорхой стандарчилсан журам байхгүй. Тийм журам гаргуулж байсан. Хоёрдугаарт компани уул уурхайн үйл ажиллагаа явуулчхаад нөхөн сэргээлт хийхгүй орхичихдог. Гэтэл тэр нөхөн сэргээлтийг дахиад нэхэмжилж, компаниар хийлгэх хэрэгтэй болно. Хэрэв тэр компани нөхөн сэргээлт хийх бололцоотой бол өөр асуудал. Гэтэл өөрөө гараад явчихсан байдаг. Тэгэхээр тэр компани нөхөн сэргээнэ гэж байхгүй. Хохирлыг барагдуулах ын тулд нөхөн сэргээх өртөг, хохирлыг тооцоолох шаардлагатай болдог. Хөрс, ус, ургамал нь яасан юм бэ. Тэр тооцоог гаргах журам бас байхгүй байсан. Бид энэ журмыг гаргуулах тал дээр бас ажилласан. Эдгээр асуудлыг өмгөөлөл хийх явцдаа л нээж олж байгаа юм. Байгаль орчин аялал жуулчлалын яаманд шаардлага тавьж, журам гаргасан. Нэг жилийн дараа энэ журмыг шүүхэд хэрэглэж үү гэсэн чинь ерөөсөө байхгүй. Тэгвэл энэ журмыг яаж хэрэгжүүлэхийг үзүүлье гээд жишиг хэрэг авч ажилласан. Иргэний нийгмийн байгууллагууд олон нөлөөллийн ажил хийж, эрх зүйн орчныг бололцоотой болгоод, чадавх, мэдлэг мэдээлэл байхгүй бол түүнийг нь бий болгох сургалт хийгээд, олон улсын ямар сайн туршлага байна түүнийг олж орчуулж тараах гэх мэтээр ажилладаг.
Юунд сэтгэл ханамжтай байдаг гэхээр ямар ч байсан арав, хорин жил ажиллаж байхад иргэний оролцооны олон хуулиуд бий боллоо. Мэдээлэл ил тод нээлттэй боллоо. Орон нутгийн хөгжлийн асуудлаар иргэд шаарддаг боллоо. Нийтийн сонсголын хуулиар орон нутгийн иргэд нутгаа яаж хөгжүүлэх, ямар замаар явуулах вэ, өнөөдөр тулгамдсан асуудал юу вэ, орон нутгийнхаа төсвийг юунд зарцуулах ёстой вэ гэдэг асуудлаар хүсэлт тавиад хэлэлцүүлэх эрх нь нээгдээд байгаа юм.
Энэ олон сайн хуулиудыг иргэд мэддэг байх учиртай. Иргэд хэрэгжүүлж чаддаг болох ёстой. Иргэд нь хэрэгжүүлж чадаж байвал энэ хууль зохицуулалт хамгаалагдана. Хэн ч мэдэхгүй, хэрэгжүүлэхгүй бол нэгд, мартагдана, хоёрдугаарт, өөрчлөгдөх эрсдэлтэй.
Хамгийн чухал нь бидний хувьд сайжруулах хууль зөндөө байгаа. Сайжруулах ажлаа үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ бий болж байгаа бололцоог иргэд мэддэг, ашиглаж чаддаг байх ёстой. Мэдээж орон нутагт ганц хүн мэддэг байсан ч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Хэрэгжүүлэхийн тулд орон нутагт иргэдийг зохион байгуулалтад оруулах, бүлэг, сүлжээ, байгууллага болгож байж олуулаа болбол хүлээж авах нь ч илүү. Дэвшүүлж байгаа асуудлууд нь шийдэгдэх боломж хангагддаг гэж үздэг.
-Иргэдийг чадавхжуулах ажил давхар хийгээд явжээ?
-Тийм. Шинэ гарч байгаа хууль болгоныг иргэдэд таниулах ёстой. Иргэдээс гадна хариуцаж байгаа төрийн албан хаагчдад бас хамт таниулах ёстой. Яагаад гэхээр хөдөө орон нутагт тэр болгон хуулийг мэдээд, үүнийг ингэж хэрэгжүүлдэг юм шүү гэдэг мэдлэг дандаа дутаж байдаг. Тийм болохоор хамтарсан хэлэлцүүлэг хийх, хийхдээ дан ганц хууль яриад байхгүй. Тодорхой асуудал дээр нь ярих юм бол илүү амьдралтай болдог.
-Тогтвортой хөгжлийн зорилтын асуудлаар бас та ажилладаг юм байна шүү дээ?
-Тогтвортой хөгжлийн зорилго ба иргэний нийгмийн байгууллага гэсэн сүлжээ бий. Фэйсбүүкт энэ сүлжээнд нэгдсэн олон байгууллага иргэд байдаг. Бид өнгөрсөн жилээс зохион байгуулалтад ороод,нэгдсэн илтгэл гаргасан. Жил болгон илтгэл гаргах бодолтой байгаа.
-Ямар асуудалд илүү төвлөрч байгаа вэ?
-Тогтвортой хөгжлийн 17 зорилго бий. 169 зорилтууд байгаа. Гэхдээ үүнээс хамгийн тулгамдсан, тухайн орон нутгийн иргэдийн сонирхол татсан асуудлаар хүчээ нэгтгэж ажиллаж байгаа. Бид өнгөрсөн жил гурван газар жижиг төсөл хэрэгжүүлсэн. Нэг нь ядууралтай холбоотой асуудалд чиглэсэн. Ядуурлыг бууруулах зорилт орон нутагт хэрхэн хэрэгжиж байна. Ямар арга хэмжээ авч байна. Ямар хөрөнгө хүч зарцуулж байна. Орон нутагт хэр мэдээлэлтэй байна гэх мэт асуудлаас эхэлсэн. Орон нутагт ажлын байр бий болгоход бас анхаардаг. Орон нутгийн бизнесийг хөгжүүлж байж л ажлын байр бий болно шүү дээ. Хүн болгон өрхийн бизнес хийгээд амжилтад хүрч ядуурлаас гарна гэж байдаггүй. Ногоо тарьж хоол хүнстэй болж болно. Гэтэл тогтмол орлоготой болохын тулд ажлын байртай байх учиртай. Үүнд хэр зэрэг төсөв зарцуулагдаж байна, ямар хөтөлбөр хэрэгжиж байна вэ, орон нутагт бий болж байгаа ажлын байр таатай ажлын байр мөн үү гэдэг чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэнгүүт хөдөлмөрийн гэрээний асуудал гарч ирдэг. Гэх мэтчилэнгээр орон нутгийн иргэд өөрсдөө асуудлаа тодорхойлоод, төр засгийн энэ чиглэлийн бодлого үндэсний хэмжээнд яаж бууж байна, аймаг, сум, орон нутгийн түвшинд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг жил бүр баталдаг. Тэр нь яаж хэрэгжиж байна гээд хүмүүс өөрийнхөө амьдрал, орон нутагт хэрэгжиж байгаа арга хэмжээнүүд, төр засгийн бодлоготой уялдуулаад ойлгоод эхэлж байгаа юм. Энэ бол хамгийн гайхамшигтай ажил санагддаг шүү дээ.