ЭМЯ-наас зарласан “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 21 аймаг, есөн дүүрэгт мэргэжлийн эмч нар орон даяар ажиллаж, эрт илрүүлгийн үзлэг, оношлогоо шинжилгээг хийж байна. Тухайлбал, Төв аймгийн хэмжээнд бүх сумдын эрүүл мэндийн төвүүдэд иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, цогц шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийсэн байна. Төв аймаг нийт 27 сумтай. Тэмбүүгийн өвчлөлийг илрүүлж, эмчлэхээс гадна сүрьеэгүй аймаг болох зорилт тавьсан байна. Аймгийн зарим сумдад хүн ам ихээр суурьшсан, мөн гар аргаар алт олборлогчид их байдаг учраас уушгины эмгэг, сүрьеэгээр өвдөх магадлал их байдаг. Борнуур сумын хувьд 5046 хүн амтай, үүнээс бичил уурхай эрхлэгч 500 орчим иргэн байдаг. Сумын эмнэлэг нь жилд 6000 орчим иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бол 100-120 эх жирэмсний хяналтад ордог. Аймгийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөл, хавьтлыг нь илрүүлэхэд явуулын рентгэн аппарат сумдад чухал шаардлагатай байгаа юм. Тиймээс Борнуур сумын Эрүүл мэндийн төвд “Глобал” сангийн санхүүжилтээр явуулын рентген аппаратыг гардуулсан байна. Энэ нь иргэд цаг алдалгүйгээр сумандаа сүрьеэгийн шинжилгээг өгөх боломжтой болж байна гэсэн үг.
Тус суманд аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж, сүрьеэ, БЗДХ, тэмбүүгийн шинжилгээг авахаас гадна зүрх судас, артерийн даралт, хоол боловсруулах, бруцеллёзын шинжилгээ үзлэг оношилгоог хийж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүйгээр эмчилгээг нь эхлүүлж байгаа аж. Энэ нь иргэд хол явах шаардлагагүйгээр сумын эмнэлэгтээ тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өвчин хүндрэхээс өмнө арга хэмжээ авахад маш том дэм болж байгаа гэдгийг иргэд хэлж байсан. Төв аймгийн хэмжээнд аравдугаар сарын байдлаар 3852 иргэнийг тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулснаас 52 тохиолдол илэрч, бүрэн эмчлэгджээ. Цогц үзлэг, шинжилгээг бусад сумдад зохион байгуулж байгаа аж. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Зооноз халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн төвийн дарга Ж.Алтанцэцэг ярихдаа “Төв аймгийн хувьд 2019 оноос эхлэн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх зорилгын дор нүүдлийн амбулатори, сүрьеэгийн эрт илрүүлэг, халдварт өвчний эрт илрүүлэг шинжилгээг нарийн мэргэжлийн эмч нар цогц байдлаар үзүүлж байна. Нүүдлийн амбулаторид дотор, эх барих эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, шүд, нүд, мэдрэл нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Сүрьеэгийн илрүүлэг шинжилгээг зөөврийн рентгэн аппараттай явуулж байна. Мөн цусаар дамжих халдварууд элэгний В,С вирусийн шинжилгээ, бруцеллёзын илрүүлэг шинжилгээ, зорилтот буюу 15-54 насны иргэдийн дунд БЗДХ ын илрүүлэг шинжилгээнүүд хийгдэж байна. Энэ удаагийн үзлэг, шинжилгээний ач холбогдол нь хүн амд тусламж, үйлчилгээг газар дээр нь цогцоор нь үзүүлэх, хэрвээ өвчтэй тохиолдол илэрвэл ямар нэгэн чирэгдэлгүйгээр хоёр дахь шатлал руу шилжүүлэхгүйгээр эмчилгээг хийж байгаа юм. Явц байдлаас харахад хүн амын дунд ялангуяа БЗДХ-ын илрүүлэг, шинжилгээнд хамрагдах сонирхол бага байна. Энэ нь тархалтыг бууруулахад сөргөөр нөлөөлж байгаа юм. Төв аймгийн бүх сумдад халдварт болон халдварт бус өвчний үзлэг, шинжилгээг цогц байдлаар үзүүлэх явц үргэлжилж байна. БЗДХ-т өвчнөөр голчлон нөхөн үржихүйн буюу 20-40 хүртэлх насныхан өвчилсөн нь дүн байдлаас харагдаж байна. Залуучуудад хандаж хэлэхэд БЗДХ болон цусаар дамжих халдварын илрүүлэг, шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс илэрсэн өвчлөл, нэн ялангуяа шинэ өвчлөлийн талаарх хувь хүний мэдээллийг зохих хуулийн дагуу нууцалж, хадгална. Ямар нэгэн байдлаар өөрт өвчин илэрсэн гэдгийг өөр хэн нэгэн мэдчих болов уу гэж эмээх хэрэггүй. Өвчилсөн бол эрт үед нь илрүүлж, үнэ төлбөргүй төгс эмчлүүлээрэй. БЗДХ-ын үед иргэд өөрсдөө эмчилгээг дур мэдэн хийх нь эрсдэл дагуулдаг. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгээрэй гэж зөвлөе” гэв.
Ийнхүү “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд бүх аймгуудад тэмбүү өвчнийг илрүүлэх үзлэг шинжилгээний ажил эрчимтэйгээр явагдаж байна. Шинжилгээг харьяа сум, аймгийн эмнэлэгт үнэ төлбөргүйгээр авч, хариуг нь түргэвчилсэн хугацаанд гаргаж, хувь хүний мэдээллийг чандлан нууцалж байгаа учраас сайн дураараа идэвхтэй хамрагдахыг эмч нар уриалж байна.
Манай улс бэлгийн замын халдварт өвчин тэр дотроо тэмбүү өвчний илрүүлгийг сайн явуулж буй хүрээнд өвчлөл эрс буурч эхэллээ. Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр ийнхүү амжилттай хэрэгжиж байна. “Тэмбүүг устгая” аяны хүрээнд тэмбүүгийн өвчлөлийг бууруулах зорилгоор нийт хүн амд чиглэсэн бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх, залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэг шинжилгээнд хамруулан, эрүүлжүүлэх, жирэмсний хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь Эрүүл мэндийн яам, ЭМЯ-ны дэргэдэх БЗДХ, ДОХ-ын Мэргэжлийн салбар зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан баг 15 аймагт уг үйл ажиллагааны явцад дэмжлэгт хяналт хийж, 10 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнийг тэмбүү өвчний оношилгоо эмчилгээ, хавьтлын илрүүлэг, эмчилгээний хяналтын талаар сургалт явуулж байна.
Б.САНАА