Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Угаартчих вий гэх айдсын хажуугаар давхар осгохгүйн төлөө тэмцэлдэж байна

 Хүйтний эрч нэмэгдэж, жавар тачигнасан өвлийн цаг эхэлсэн энэ өдрүүдэд галаа түлээд, цайгаа ууж дулаацан суух хэчнээн сайхан. Гэтэл гэр, хашаа байшин, амины орон сууцандаа гал түлж аж төрөх иргэд энэ өвлийг даарахгүй давж гарах боломжгүй болсон мэт. Учир юунд гэвэл “дээрээс” тушаасан зааврын дагуу айл өрх бүр долоо хоногт хамгийн ихдээ зургаан шуудай шахмал түлш картаар авч хэрэглэх хязгаарлалттай аж. Улмаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний эрэлт хэрэгцээ цаг агаарын нөхцөлөө дагаад огцом нэмэгджээ. Харин эрэлтийг хангахуйц нийлүүлэлт байхгүй, байсан ч карт нь хязгаарлалттай учир иргэд нэмж авч чадахгүй байгаа хэрэг. Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллынхон нүүрсээ портер машинаар өвөл хэрэглэх түлшээ нэгмөр худалдан авчихдаг байсан бол энэ жилээс зөвхөн шуудайгаар авах болсон. Шахмал түлшний иргэдийн амьдралд хүрэлцэж байгаа эсэх талаар сурвалжлахад түлшний нийлүүлэлт хүрэлцэхгүй байгаа нь бодит амьдрал дээр илт байлаа.
 Ийнхүү Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж буй шахмал түлшний борлуулалтын цэгүүдийг очиж сурвалжиллаа. Түүнчлэн тааралдсан иргэдээс түлшний хэрэглээний тухай асуухад бүгд л гэрээ хангалттай дулаан байлгаж чадахгүй, түлш нь хурдан дуусдаг болохоор өвлийн жаврыг давж чадахгүй бололтой хэмээн учирлаж байв.

 Гэтэл 23, 25-р хороонд байрлах хоорондоо хэдхэн метрийн зайтай 3-4 шахмал түлш борлуулах цэгүүд харагдаж байлаа. Хамгийн түрүүнд тааралдсан цэг дээр очиход хаалганыхаа үүдэнд томоос том гэгч нь “ДУУССАН” гээд биччихсэн харагдана. Үнэхээр л өдрийн хоёр цаг гэхэд ингээд дуусчихсан байдаг юм бол яаж амьдрах болж байна гэж гайхахад хүргэв. Гэсэн ч онгорхой байж магадгүй хэмээн хаалгыг нь тогшиж үзлээ. Өвлийн зузаан хувцастай ч бээрчихсэн өвөө хаалга нээж өгсөн юм. Түүнийг н.Бат-Эрдэнэ гэдэг. Тэрбээр энэ борлуулах цэгийг ажиллуулаад удаагүй, хоёр сар орчим болох гэж байгаа аж. Түүнээс үүдээр ормогц л харагдаж байсан хэдэн шуудай нүүрс байхад яагаад дууссан гэж бичсэн тухай асуухад “Тээвэрлэгчид шахмал түлшээ тогтмол цагтаа авчирдаггүй, зарим өдөр бүр ирдэггүй. Нэг ирэхдээ найман тонн түлш авчирна. Авчирсан түлш нь тухайн өдөртөө дорхноо шууд зарагдана. Хурдан дуусчихдаг болохоор хүн болгонд дууссан гэж хэлэх хэцүү байдаг. Ийм байхад хүмүүс байнга гомдоллож, уурлана. Гэтэл надад сар болгон өгөх ёстой цалинг минь одоог хүртэл огт өгөөгүй. Энэ борлуулах цэгийн эрхийг авах гэж хоёр сая төгрөг өгсөн. Тэгээд цалингаа борлуулалтын арван хувь гээд уг нь гурван сая орчим авах ёстой” гэж нулимс дуслуулах шахам хэлэв. Биднийг ийн ярилцаж байх зуур гурван хүн ирж арван шуудай түлш худалдаж авсан.
Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын сүлжээ цэгийн эрхийг авахдаа “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлш нөөцлөх, агуулах, байршил, санхүүгийн чадамж зэргийг харгалзан үзэж гэрээ байгуулна. Мөн нэг тонн тутамд олгох урамшууллыг Засаг даргын Тамгын газар хариуцан ажиллаж буй.


Аюулгүй байдлаа л бодоод байсан хангамжийн асуудлыг харах хэрэгтэй болжээ

 Шуудайгаар нь авах хэрэглэгч болон шахмал түлш борлуулагч цэгийн эзэд аль алинд нь ажиллагаа ихтэй байдаг. Тухайлбал, сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлснээс хойш иргэдэд жижиглэн ширхгээр авснаас болоод дагалдах зардал нэмэгдсэн. Хувьдаа машинтай хүмүүс, айл өрхүүд долоо хоногийн нормын зургаан шуудай түлшээ авчихдаг бол машингүй иргэд нь усны тэргэндээ гурваар давхарлан тавьж явна. Гэтэл аюулгүй байдал гээд бодоод байсан хангамжийн асуудлыг бас харах хэрэгтэй болжээ. Иргэн Б.Нараагаас тодруулахад, “Түлшнээс гарах үнс их гардаг ч одоо дүүрч, аюулгүй байдлын асуудалд санаа зовж байна. Ядаж байхад энэ түлш нь олдохгүй. Долоо хоногийг зургаахан шуудай шахмал түлшээр давах квот тогтоосон шүү дээ. Гэрээ арай ядан бүлээцүүлж, угаартчихвий гэх айдсын хажуугаар давхар осгохгүйн төлөө тэмцэлдэж байна. Иргэд амь насаа алдаж байна, угаартаж эмнэлэгт хүргэгдэж байна. Өвлийн ид хүйтнээр биднийг юу түл гэж байгааг ойлгохгүй юм” гэв.
 Өөр нэг борлуулалтын цэгт очив. Тэнд саяхан түлш ирсэн бололтой гурван хүн түлшийг уут руу нь хийж, жинг нь үзнэ. Тэд хамар, амаа ороолтоор ороон, ойр хавын бүхий л зүйлс шахмал түлшний хар тоосонцорт дарагдсан ч үл ажран ажилласаар. Цаана хоёр хүн маргалдаж байсан нь борлуулагч, картны хязгаарлалт нь дууссан дунд орчим насны эгч байв. Эгчтэй ярилцахад шахмал түлшний хоёр карттай ч дөрвөн хүүхэдтэйгээ хашаа байшинд амьдарч байгаа тэдний гэрийг дулаацуулахад зургаа шуудай түлш хаанаа ч хүрэхгүй байгааг хэлсэн. Тиймээс тэрбээр борлуулагчаас түлш нэмж өгөхийг гуйн, эцэс сүүлдээ маргалдаж байсан нь энэ.
 Борлуулагч С.Төмөр “Бидний зарсан шуудай бүрийн орлого нь бэлэн мөнгөтэйгөө яг таарч байх учраас картны хэмжээ нь дууссан бол илүү өгөх боломжгүй. Ялангуяа манайх түлш борлуулах үндсэн цэг. Бусад нь харин гэрээт борлуулагчид учраас гуйхад нь ганц шуудайг нэмж байж магадгүй. Бидэнд ч бас хүндрэлтэй асуудлууд бий. Жишээ нь, Тавантолгой ХХК-аас тээвэрлэгдэж ирэхдээ яг энэ шуудайтайгаа ирдэггүй. Өөр цагаан шуудайд томоор нь боож ирнэ. Тэгэхээр бид уутанд нь жинлэж байгаад амыг нь үдэн бэлтгэж тавьдаг. Ингэхлээр хүмүүс “Та нар яг нэг шуудайнд байх хэмжээгээр нь хийж байгаа юм уу, бага хийсэн юм биш биз дээ” гээд итгэдэггүй. Бид яг л хэмжээгээр нь хийж байгаа. Өвлийн энэ хүйтэнд өөрсдөө хөлдчих шахам савлах юм даа” гэлээ.
 Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нийслэлд 359 байна. Айл өрхүүдэд долоо хоногт зургаан шуудай түлш ногдож байгаа нь “Тавантолгой түлш” ХХК-ийнхан хангалттай гэж үзсэнийх аж.
 Түүнчлэн модны хэрэглээ нэмэгджээ. Сайжруулсан шахмал түлшийг асаахын тулд өмнөхөөсөө хэд дахин мод түлж байгаа юм. Мод түлэх нь нэмэгдвэл эдийн засаг, байгаль экологид мөн хохирол учруулах нь ойлгомжтой.
 Монголчууд эрт дээр үеэс дулаан цагт түлээ модоо бэлтгэж нөөцөлдөг. Гэхдээ одоо тийм боломж бололцоо үгүй. Тиймээс модны үнэ мөн адил өссөн юм.


Бүгдэд нэг жишгээр худалдаалах нь учир дутагдалтай

 Нийслэлд арван хоногийн өмнө огцом хүйтрэхэд долоо хоногт 2-3 шуудай хэрэглэдэг байсан айл ганц өдрийн дотор л 4-5 шуудайг хэрэглэсэн гэнэ. Нөгөөтэйгүүр зарим айл таван ханатай гэрт амьдарч байгаа бол зарим айл хоёр давхар байшинд амьдардаг тул бүгдэд нэг жишгээр худалдаалах нь учир дутагдалтай. Нялх хүүхэдтэй айл бол “лимит” хэтэрсэн тул хүүхдүүдээ дааруулж, осгохоос наагуур дараагийн долоо хоногтой золгохоос өөр сонголтгүй аж.
 Өдөртөө ажилтай тул орой гэртээ буцах замдаа нүүрсээ бага багаар худалдан авдаг өрхүүд 2,3 км нүүрсний цэг хайж явдаг болсоор удаж байна. Бага багаар гэлтгүй, сайжруулсан түлшийг нүүрс шиг тонн тонноор нь худалдан авч нөөцөлж болохгүй тул айл бүр долоо хоногт нэг удаа түлш авах л болно. Энэ бүрт 2-3 км хайж явна гэдэг байж боломгүй. Машинтай иргэд ингэж яваад ч болов түлшээ аваад дулаахан хоночихно, харин машингүй иргэд ойрын цэгтээ найдаад ирэхэд түлш дууссан бол таксины мөнгөнөөс эхлээд эдийн засагт даанч хор хохиролтой.
 Сайжруулсан түлш борлуулах цэгийн ажилтнуудын хэлж буйгаар үнэхээр л 17-18 цаг гэхэд өдрийн хангамж нь зарагдаад дуусчихсан байдаг гэдгийг хэлж байна. Ихэнх газрууд 24 цаг ажилладаг хэдий ч оройдоо зөвхөн түлээ модоо зардаг. Харин хашаандаа түлш зардаг хүмүүс бол түлш нь дуусангуут л хаадаг гэлээ.
 Цааш нь дахин нэг борлуулалтын цэг байсан ч хаалттай байв. Тэндхийн түлш нь аль хэдийнэ дуусчихсан учир тэр хавын иргэд илүү хол замыг туулан түлшээ авах шаардлагатай болжээ. Тэргээ түрсээр яваа залуу хоосон хаалга мөргөн дараагийн цэг рүү явж байгаа нь энэ.
 Борлуулах цэгүүд ийнхүү өдрийн цагаар хаалттай байх нь цөөнгүй. Гэвч борлуулалтын цэгээс хол байршилтай, тэр дундаа уулын орой хэсэгт байрладаг айлууд олон тоогоор авах хүсэлтэй байдаг. Энэ бол тэдний зүгээр нэг хүсэл нь ч биш, дулаан гэрт амьдрах нэн тэргүүний шаардлага нь. Тиймээс бүгдэд нэг жишгээр худалдаалах нь учир дутагдалтай. “Мөсөн” гэрт хүүхдээ унтуулах юм гэж үү. Эрүүл тав тухтай амьдрах эрхээ “дээрээс” ирсэн тушаал хязгаарлаж болно гэж үү.                                                                                                                                                                                                                                 Б.МӨНХБАЙГАЛЬ 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com