Гаалийн Ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт онол практикийн бага хурлыг Новотел зочид буудлын хурлын танхимд өчигдөр зохион байгуулсан.
Энэ үеэр ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатараас дараах зүйлсийг тодрууллаа.
-Хар тамхины хор хөнөөлийг хууль хүчний байгууллага бүх шатанд мэдэж, арга хэмжээ авсаар байгаа ч асуудал улам даамжирсаар манай улс хар тамхи дамжин өнгөрүүлэгч улс орноос хэрэглэгч орон гэдэг ангилалд шилжээд байна. Тэгэхээр гаалийн байгууллагад хар тамхитай тэмцэхэд тулгамдаж буй асуудал юу байна?
- Монгол улс хар тамхи хэрэглэгч улс орон болно гэдэг бол аюулын харанга дэлдсэн үйл явдал мөнөөс мөн. Тиймээс гаалийн байгууллага энэ төрлийн хэргийг илрүүлэх, таслан зогсооход гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Хар тамхитай тэмцэх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажлын үр дүн жилээс жилд нэмэгдэж байгаа. Тоо баримт дурдвал, бид 2018 онд хар тамхины 13 удаагийн зөрчил, 2019 онд хар тамхины 11 удаагийн зөрчлийг илрүүлсэн. Өнөөгийн байдлаар техник тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн бусад улс орны гаалийн байгууллагатай ижил түвшинд байна. Үүнээс гадна энэ ондоо багтаад мансууруулах бодис илрүүлэх зориулалтын орчин үеийн гурваас дөрвөн төрлийн өндөр мэдрэмжтэй тоног төхөөрөмжүүдээр хилийн бүх боомтуудаа хангахаар захиалга өгсөн байгаа. Бидэнд тулгамдаж байгаа нэг гол асуудал бол гаалийн байгууллагад хар тамхитай тэмцэх хууль эрхзүйн зохицуулалт үгүйлэгдэж байна. Тодруулбал, ОХУ-ын холбооны гаалийн албанд конторванттай тэмцэх ерөнхий газар гэж бий. БНХАУ-ын гаалийн байгууллагад Гаалийн цагдаагийн газар гэж байдаг. Энэ албад тодорхой хэмжээнд хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажил явуулах эрх хэмжээтэй байдаг. Хар тамхины гэмт хэрэг жил ирэх тусам улам нарийсч, далд хэлбэрт шилжиж байна. Энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид тодорхой хэмжээний эрх хэмжээтэй байж үр дүнд хүрдэг практик бий. Өнөөгийн байдлаар гаалийн байгууллага өөрсдийнхөө илрүүлсэн хэрэгт зөвхөн хойшлуулшгүй ажиллагаа хийдэг. Энэ бол гэрчээс мэдүүлэг авах, хэргийн газрын үзлэг хийх, эд мөрийн баримтыг бэхжүүлэх гэх мэт таван төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Ингээд харьяаллын дагуу цагдаа, тагнуулын байгууллагад шилжүүлдэг. Тэгэхээр бидэнд тодорхой хэмжээгээр эрх хэмжээ, арга хэрэгсэл дутагдалтай байна.
-Энэ удаагийн хурлаас та бүхэн ямар үр дүн хүлээж байна?
-Энэ төрлийн хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн насны ангиллыг харахад залуучууд давамгайлж байгаа нь бас нэг эмзэглэх асуудал. Тиймээс бид энэхүү арга хэмжээг оюутан залуус болон карго илгээмжийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад зориулан зохион байгуулж байна. Энэ удаагийн бага хурал маань хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Эхний үе шатанд хуулийн байгууллагууд, СЭМҮТ, шүүхийн байгууллагуудын энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх зорилгоор хийж буй ажлын туршлагаа хуваалцаж, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх юм.
Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллагын чиг үүрэгтэй их, дээд сургуулийн оюутнуудын дунд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг нь таниулах зорилготой видео бичлэгийн уралдаан зарласан. Тэр уралдааны дүнг нэгтгэж, шилдгийг нь шалгаруулна. Мөн залуу үеийнхэнд хар тамхины хор хөнөөлийг таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ганц удаа сонирхож хэрэглэх зүйл биш гэдгийг ойлгуулах зорилготой.
-Энэ онд гэхэд шуудан илгээмжээр хар тамхи, мансууруулах бодис илгээсэн хэд хэдэн тохиолдол илэрсэн. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг танай байгууллага авч хэрэгжүүлж байна вэ?
-2010-2015 оны хооронд олон улсын иргэний агаарын тээврээр зорчсон зорчигчид биедээ болон дагалдах хувийн ачаа тээшиндээ 20-100 гр хэмжээтэй хар тамхины төрлийн бодисыг нууж оруулдаг байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ үйлдлийн арга улам нарийсч улс хоорондын шуудан, илгээмжээр гараас гарт хүргэх үйлчилгээг ашиглаж хууль бусаар хар тамхи нэвтрүүлэхийг завдсан тохиолдол их гарч байна. Үүн дээр гаалийн байгууллага, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтарсан арга хэмжээ, хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаж байна. Зөвхөн хил дээр гаалийн байгууллага илрүүлээд, таслан зогсоогоод арга хэмжээ авахдаа гол нь биш тухайн хар тамхи мансууруулах бодисыг анх захиалсан, уг гэмт хэргийг зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлэх, хяналтан доор хүргэх арга хэмжээнүүд, хамтарсан ажлыг зохион байгуулж байна. Манай байгууллага рентген аппарат, тусгай зориулалтаар бэлтгэгдсэн албаны нохой, хүний бие шалгах аппарат болон мансууруулах бодис илрүүлэх багаж тоног төхөөрөмжүүдээр хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлж байгаа. Түүнээс гадна эрсдэл тооцогч системийг ашиглаж зорчигч болон шуудан илгээмжийн мэдээллийг урьдчилан авах, дүн шинжилгээ хийх аргачлалаар эрсдэлтэй бүс нутгаас ирсэн илгээмж, ачаа, зорчигчдыг хяналт шалгалтад хамруулж байна. 2019 он гарсаар 11 удаагийн тохиолдлоор 4,5кг гаруй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлж холбогдох ажиллагааг явуулсан. Олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа хамгийн түгээмэл арга бол биеэс тусдаа улс хоорондын шуудан илгээмж болсон. Тэгвэл үүн дээр зөвхөн гаалийн байгууллага гэлтгүй цагдаагийн байгууллага маш өндөр хяналт тавьж ажиллаж энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлж байна. Б.НАРАН