Ажил дээрээ байх юм уу, гадуур ажилтай явж байхдаа гэр рүүгээ утасдаж “за та нар юу хийж байна даа” гэхээр “өө бид, цайгаа уугаад, хүүхэд гэдэг хүүхэд энд горьдлого компани болоод л байж байна” гэх нь бий.
Энэ бол манайд тэртээ 16 жилийн өмнө ирсэн, “төрсөн” бяцхан спаннель гөлөгний тухай хэлж байгаа нь тэр. 2003 оны аравдугаар сарын нэг зэврүүн өдөр гэр бүлээрээ 3,4 дүгээр хорооллоор явж байгаад хүний алганд багтахаар тэр өчүүхэн амьтан чичирчихсэн байсныг аваад, хүрэмнийхээ энгэрт хийгээд ирж байсан сан.
Хүү маань тэгэхэд жаахан байсан, их л шохоорхож, гуйгаад байхаар нь авсан нь тэр. Тэгээд тэр үед өөрийнхөө үзэх хамгийн дуртай “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны жижиг гүег Наллагийн нэрийг өгсөн нь тэр. Түүнээс хойш манай гэр бүлийн нэг гишүүн энэ олон нэртэй болсон доо… ”Хүүхэд гэдэг хүүхэд”, “горьдлого компани”, “сүүлт хүүхэд” гээд л...
Орой хоол нь хөрч амжаагүй байхад бидний хооллож байгаа ширээний дэргэд суугаад өлийн харж байх. “За өнөөхийн чинь шилэн хүзүү ар дээрээ гарлаа” гээд хэн нэгэн нь хоолноосоо өгнө. Зажилж иднэ гэж гоё... Тэгэхээр нь бид “Ангар ангар гэж идвэл амттай шүү” гэцгээнэ. Чихэрт дуртай болохоор нь бид заримдаа ирис өгнө. Өнөөх нь араанд нь наалдчихаад хажуу тийшээ гилжигнээд л зажилж суух.
Хоолныхоо дараа боов иднэ. Ганцхан Өгөөжийн “Ороомог” боов иднэ. Тэгээд хөргөгчний наадах шүүгээний наана очиж сууна. Чихрээ нэхэж байгаа нь тэр. Мөн л ганц оросын “Гусиные лапки” гэдэг чихэр иднэ.
Ингээд л үүд рүү таахаг таахаг алхана даа. Салхинд гарах боллоо гэж байгаа нь тэр. Бид хоёр салхинд гарахаар, тэр өөрийн гэсэн явдаг замтай....би хааяа яараад юм уу, залхуураад товчлох гэхэд өөрөө л замаараа явах гэж зүтгэнэ. Дулаахан, нарлаг өдөр бол хашаа хамартай газар дураар нь жаахан явуулна. Тэгээд сэлтүүрч явах зуур нь би модны ард, байшингийн буланд сэмхэн нуугдаад зогсохоор эрээд сандарч ийш тийшээ гүйнэ...Ил гараад дуудахаар санд мэнд гүйж ирээд эрхэлнэ. ”Яах гэсэн юм...битгий тэгж бай. Айчихна” гэж гэргий минь хэлснээс хойш би ингэж тоглохоо больсон доо...
Орж ирэхээр нь гэргий усанд оруулна. Тэр хоёрын усанд орж байгаа нь сүртэй. “Хөөе, байз л дээ. За сэгсэр, үгүй наад хоншоорыг чинь угаая, чихийг чинь арчаагүй байхад яах нь вэ” гээд л дуу шуу болох жишээтэй. Уснаас гарч ирээд чичрэхээр нь өөрийн нь дулаан хучлагаар ороогоод тэврээд суухаар их л таатай зүүрмэглэж хэвтэх....
Өдөр биднийг эзгүйд нэг л газраа хэвтээд унтаж байна даа, өвөл бол нар дагаад хэвтэж байх. Орж ирмэгц л “өдөржин яагаад алга болов” гээд “загнаж” гарна. Илүүлж энхрийлүүлж аваад сая нэг тайвшрах. Гаднын хэн нэгнийг орж ирвэл сүр үзүүлэн хаанахын хэн болохыг нь лавлаж байцаана. Тэгэсгээд гэрт ороод тухалсан хойно бол “аа, манайхны л хүн бололтой” гэсэн шиг эрхлээд л урдуур хойгуур нь таахалзан алхална даа.
Нэг их ажилтай хүн шиг өрөө өрөөгөөр орон явж байх... Паркетан шалан дээгүүр яваа нь “шажиг шажиг” гээд янзтай... Телевиз үзээд юм уу, ном энэ тэр хараад буйдан дээр суухад дэргэд бөөрөнд наалдаад хэвтэнэ.
Зарим айлын нохой шиг нэг их сургууль, эрдэмтэй биш ч ухаантай...Хэлж байгаа үг, зэмлэл, сайшаалыг хуу мэднэ. Гэм хийвэл тэрүүхэн ариун цэврийн өрөөний үүдний буланд сууна. Үсийг нь засах болоод үсний машин энэ тэрийг гаргаад бэлтгэж эхэлбэл мөн тэнд очоод чимээгүйхэн сууна, дуудахаар ирэхгүй. Гэхдээ үсээ засуулахад их л залхаж байгаа бололтой байхаас биш хэдэрлэж уурлана гэж байхгүй л дээ...
Хөөрхий заримдаа хоол нь хурцаддаг юм уу, гулгина...Тэгсэн бол мөн л тэндээ л сууж байх...
Хүмүүс “хэдэн настай юм” гээд “хөөх хүнээр бол бараг 100 хүрэх гэж байгаа юм байна” энэ тэр л гэх. Гэтэл ер ажрахгүй хоёр давхрын шатаар шогшиж гараад л буйдан дээр харайж гарсан хэвээрээ...Харин ор маань арай өндөрдөөд, нэг хоёр удаа харайж гарах гээд шургачиж унаснаас нь хойш бид хөлийг нь аваад намсгаж өгсөн л дөө....
Ийм нэг “хүүхэд” байх...Хэн нэгэн утсаар яриад элдвийг асуухад бид “Өө бид гурав хоолоо идчихээд, гадаа гарч усанд орчхоод л байж байна” гэж хариулдаг юм. Ийм нэг хүүхэд гэдэг хүүхэдтэй бид ам бүл гурвуулаа...
Нохой эзэндээ ямагт сайн сайхныг санаж, элдэв муу муухай бүхнээс хамгаалж хаацайлж байдаг юм гэсэн. Юм бүхэн сайн сайхнаар яваа минь энэ л бяцхан “хүүхдийн” минь ач, ашдын билэг, ерөөлөөр болж байгаа ч юм бил үү... Хүүхэд гэдэг хүүхэд НАЛЛА минь.