Эзэн богд Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөр Монголчууд нийтээрээ амардаг болоод гурван жилийн нүүр үзээд байсан үе. Энэ бол Монгол Улсын түүх, бахархал. Харин жирийн нэгэн гэр бүлд энэ өдөр гайхалтай нэгэн түүхийг бэлэглэжээ. Гайхалтай түүхийн тухай та бүгдэд хүүрнэх гэж буй минь энэ. Та бүхэн урд нь “хөгшин бэр”-ийн түүхийг сонсч байсан уу. Тэгвэл та бүхэнд нэгэн сайхан үлгэр ярьж өгье. Үргэлж сайн, сайхан зүйл мөрөөддөг, боддог, өрөвч сайхан сэтгэлтэй нэгэн бүсгүйн тухай үлгэр юм. Эртээ урьд цагт эмгэн өвгөн хоёр айл гэр болон амьдардаг байжээ. Жаргал, зовлон ээлжилсээр нэг мэдэхэд 23 жил буюу 8280 хоног тэд хамтдаа туулжээ. Энэ хугацаанд тэд хөөрхөн хүүхдүүдтэй болж, үрс нь зөв хүн болж өсчээ. Инээх, баярлах, гомдох уйлахын заагт тэд амьдарч энэ өдөртэй золгожээ. Нэгэн өдөр гэргий нь ажил дээрээ сууж байтал нөхөр нь залган баярт мэдээг дуулгав. Миний хань маргааш өдөр хүүхдүүдээ аваад гал голомт буюу төрсөн гэртээ харьж хонох хэрэг гарлаа. Иймд маргааш явна биз аавынх руугаа. Би явж болохгүй юм байна гэсэн бүдэг бадаг мэдээ дуулгаад утсаа таслав. Эхнэр нь учрыг сая л олов. Түүний нүдэнд баяр, бахархлын нулимс дүүрээд ирэв. Тэр хэсэг чимээгүй болон цонхоор тэнгэрийн хаяа ширтэв. Муу ээжийгээ харж буй нь тэр. Өөртөө үл итгэж яадан зогсов. Утсаа дахин, дахин харснаа зүүд биш байна гэж, бодох зуураа өөрийгөө чимхээд авав. Гайхалтай намайг 23 жилийн дараа манай хадмууд албан ёсоор гуйж авах нь байна шүү дээ. Би ямар азтай юм бэ. Муу ээж минь байсан бол өдийд надаас илүү баярлаж байгаа даа гэж бодов. Ингээд шууд аав руугаа утсаар ярьж энэ сайхан мэдээгээ хуваалцлаа. Аав нь үнэн үү, миний охин яасан сонин, сайхан мэдээ дуулгаж байна одоохон ах, эгч нар луу нь хэлээдэхье гэсээр утас тасрав. Болдог бол орчлонгоор дүүрэн энэ ертөнцийн долоон тэрбум хүнд хашхирч, орилж дуулгамаар мэдээ байлаа. Ингээд хүүхдүүдээ аваад аавынх руугаа зорилоо. Бүх зүйл гэнэтийн байсан. Аянга цахилгаан гэнэт цахилж буй мэт хамаг бие халуу дүүгээд, нэг тийм сонин мэдрэмжид хүлэгдэж, маргааштай золгов. Тэр шөнө бараг унтаагүй нойр хулжив. Аав минь ч бараг унтсангүй. Үүр цайж шинэ нарыг угтлаа. Өнөөдөр би айлын хүн болно гэсэн бодол бага зэрэг түүнийг айлгүй, бас хүүхэд зантай болгов. Тэр ичисхийн цонхоор байн байн харж хадмуудаа хүлээнгээ, ээжийнхээ энэ саарал дээлээр би хэчнээн ч олон цагаан сарыг үдэв дээ. Ээжээ охин нь айлын бэр ингээд боллоо гоё уу гэсээр дээлээ илэн, байн байн толинд харна. Ингээд үлгэрийн юм шиг цаг ирж, хонх дуугарах мөчид бараг зүрх нь зогсов. Хурдан гэгч нь нуугдаж авав. Бүх зүйл ном журмын дагуу явагдаж намайг нуугдсан хөшигний цаанаас оллоо, хадмууд. Ингээд л бүсгүй хүний гайхалтай нэг мэдрэмжийг биеэрээ амсч “айлын бэр” болоод авав. Авав ч гэж дээ угаасаа айлын бэр болоод 23 жилийг ардаа үдсэн байсан үе. Энэ ид шидийн гэмээр өдөр нь хүндэтгэлтэй өдөр таарсанд хөгшин бэр нь хадам ааваасаа ийнхүү асуув. Ааваа та яагаад намайг 23 жилийн дараа гуйж байгаа юм бэ, бас яагаад энэ өдөр гуйв гэжээ. Аав нь ийн хариу хэлэв. Чи бол миний охин. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Охиноо албан ёсоор нь авалгүй 23 жилийг үджээ. Миний охин бол чи, миний хүүгийн жинхэнэ хань учир энэ өлзий дэмбэрэлтэй өдөр аав нь охиноо ёсчлон авч байгаа юм гээд духан дээр нь үнэрлэв. Энэ торгон мөч “хөгшин бэр”-ийг улам ихээр догдлуулж баяр, бахархлын,хүндэтгэлийн нулимс хоёр нүдийг нь дүүрээд ирэв. Энэ бол “хөгшин бэр”-ийн хувьд гайхалтай түүх, бас хүндэтгэл, талархал байсан юм. Энэ өдөр нь түүнийг хэзээ ч мартахгүй гайхалтай дурсамжуудын дэргэд тодоос тод гэрэлтэх алтан гадас од нь байсан ажээ.