2020 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж 26 хувьд хүргэж буйг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумоос эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй төрийн бус байгууллага нэгдэж форум байгуулжээ.
2019 оны тоон мэдээгээр манай улсад 103 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн зөвхөн 19 хувь нь хөдөлмөр эрхэлж үлдсэн 81 хувь нь халамжийн тэтгэврээс өөр орлогогүй хүнд нөхцөлд амьдарч байна. Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд төрөөс бэлэн мөнгө авахыг хүсэхгүй байна. Харин ажилд орж ажиллах хүсэлтэй байхад ажил олгогчдод дарамт болж, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах бус эрүүл хүнийг ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд саад болсон шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.
Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулж байгаа ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлж байдаг. Гэтэл манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахын оронд ажил олгогч нар нэмж ажиллах хүч авах боломжийг хязгаарлаж байна. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулснаар орчны хүртээмж сайжирч, иргэдийн хандлага өөрчлөгдөх болсон.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагуудад хүртэл ажил олгогч байдаг. НДШ нэмэгдсэнээр ажил олгогчид хүртэл дарамт болж байна хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын төлөөлөл дурдлаа.
Тэд эсэргүүцлээ илэрхийлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт албан хүсэлт гаргаж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юм. Уг хүсэлтийг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Л.Бат-Отгон танилцуулсан юм. Хүсэлтэд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум нь нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оноос дахин нэмэгдүүлж буй шийдвэрийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна гэжээ. Үүнд, уг зохицуулалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд сөрөг нөлөө бүхий зохицуулалт гэж үзэж байна.
Бид одоо ч төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэж чадахгүй байгаа. Гэтэл ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь харьцангуй бага цалин орлого бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дарамт болох болно. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэрээ хүчингүй болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогоо эргэн харна уу” гэжээ. Мөн тус хурлын үеэр “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал хэлэхдээ “Бид зөвхөн халамжлуулагч байхыг хүсэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хөдөлмөр эрхлэх эрхтэй. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн оронд түүний эсрэг чиглэсэн бодлого, шийдвэрүүдийг гаргаж байгаа нь хөдөлмөр эрхлэлтийг бууруулах эрсдэлд оруулж буйд гомдолтой байна. Нөгөө талаас, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд ч мөн ажил олгогч нар юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэж буй нь ажил олгогчдод ч дарамт болж байна” гэв.
Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Г.Гэрэл хэлэхдээ
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь энгийн иргэдээс харьцангуй бага цалин хөлсөөр ажилладаг. Гэхдээ ижил хэмжээний татвар, шимтгэл төлдөг. Харамсалтай нь өндөр насны тэтгэвэрт гарах үед төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэж чадахгүй маш бага хэмжээний тэтгэвэр тогтоогддог. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэлээ. Үүнээс гадна тэд нэгэнт нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа бол дагаад хөдөлмөрийн нөхцөл сайжруулах асуудал яригдах хэрэгтэй. Гэтэл энэ талаар огт дурсахгүй байгааг шүүмжилсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас энэ асуудлаар дан ганц бичгийн хүсэлт гаргаад зогсохгүй цаашид үр дүнд хүргэж, ажил хэрэг болгохоор арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.