Америкийн STEM боловсролын хөтөлбөрийг Монголд оруулж ирж нутагшуулж буй Г.Ач-Эрдэнэтэй ярилцлаа. Түүнийг үзэсгэлэнгийн үеэр ухаалаг роботтой ярилцаж байхад нь олон хүн сонирхож байв. Тэр нь нэгээс тавдугаар ангийн хичээлд ашигладаг ухаалаг робот юм байна. Хүний яриаг таньдаг. Царайг нь хараад эрэгтэй, эмэгтэй хүн гэж ялгаж, хэдэн настайг нь хэлж чаддаг ид шидтэй гэнэ. Робот бас бүжиглэнэ, дуулна. Англи хэл болон газарзүйн хичээл, амьтны ертөнцийн тухай ярьж чаддаг, тоглоомтой, интернэттэй учраас хүүхдэд тун ч ашигтай робот юм байна. Хүүхэдтэй харьцаад ярих чадвартай ч одоохондоо зөвхөн англи хэлээр ярьдаг байна.
-STEM боловсрол гэж юу болох талаар манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?
-STEM боловсролын хөтөлбөр дэлхийд трэнд болж байгаа. Хамгийн сонирхолтой байдлаар хүүхдэд маш өндөр үр дүнтэйгээр хичээл орох арга юм. Дөрвөн янзын хөтөлбөрөөр хичээл ордог. Ерөнхий боловсролын сургуульд дагаж мөрддөг цөм хөтөлбөртэй уялдаатайгаар оруулж ирээд гурав дахь жилдээ ажиллаж байгаа хөтөлбөр.
-Технологи, шинжлэх ухаан, математикийн боловсролтой байхаас гадна урлагийн мэдрэмжтэй болгох цогц хөтөлбөр гэж ойлгож болох уу?
-Шинжлэх ухаан, технологи, инженер, математик хэмээх дөрвөн суурь шинжлэх ухааныг хүүхдэд хөгжилтэй, энгийн байдлаар ойлгуулах, хүүхдүүд өөрсдөө хийж бүтээж суралцдаг давуу талтай хөтөлбөр л дөө. Дээр нь урлаг орж ирдэг. Урлаг хүүхдийн бүтээлч чадварыг хөгжүүлдэг.
-Энэ боловсролын системээр хэр олон сургууль хичээллэдэг вэ?
-Bricks For Kids гээд дэлхийн 60 орчим улсад нэг стандартаар хэрэгждэг олон улсын хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрөөр нийт 20 орчим сургуультай хамтарч ажиллаж байна. Цаашдаа ч олон сургууль хамтарч ажиллахаар яригдаж байгаа.
-Хэдэн настай хүүхдүүд хамрагдах боломжтой вэ?
-Бид цэцэрлэгээс авхуулаад арванхоёрдугаар ангийн хөтөлбөр санал болгодог. Цэцэрлэгт энгийн легод суурилсан бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх хөтөлбөр ордог.
Нэгээс тавдугаар ангид хөдөлгөөнт лего хөтөлбөр ордог. 6-9 дүгээр ангид Америкийн Кодчилолд суралцах хөтөлбөрийг Монголд оруулж ирээд бас нэг жил орчим маш үр дүнтэй ажиллаж байна. Хүүхдэд багаас нь программчлалын хэлийг ойлгомжтой, хөгжилтэйгээр заах аргачлал юм. Аж үйлдвэрийн IV хувьсгал гээд яриад байна. Технологи чухал болсон энэ үед хүүхдүүдийг кодчилолд сургах шаардлагатай болсон.
-Код гэж юу вэ, программ бичихэд сургах юм уу?
-Код гэдэг бүх техник технологийн ажиллах үндсэн хэл гэсэн үг шүү дээ. Программчлалын хэлээр машин хоорондоо, хүн машин хоёр ч ойлголцдог болоод байна л даа. Хүүхдүүд багаасаа кодчилолд суралцсанаар том болоод техник хэрэгсэлтэй ажиллах, программаа өөрөө бичээд, ажлаа хөнгөвчлөх боломжийг олгож байна гэсэн үг. Хүүхэд болгонд энэ хичээлийг орох нь олон давуу тал бий болгоно. Хүүхдийн логик сэтгэлгээг маш сайн задалдаг.
-Кодчилолын хичээлээ бас олон сургуульд орж байгаа юу?
-Аль болох олон хүүхдэд кодчилолыг хүргэх үүднээс энэ хөтөлбөрийг үнэгүй оруулж ирж байгаа. Одоогоор найман сургуульд кодчилолд суралцах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манай STEM боловсролын хөтөлбөрийг авсан сургуулиудад бид багшийг нь сургаж, хөтөлбөрийг нь орчуулж өгсөн. Улирал болгон сургалт явуулаад, тухайн сургуулийн багш нар нь хичээлээ ордог юм.
-Та өөрөө хаана сурсан бэ?
-Электроникийн инженерийн чиглэлээр Москвагийн техникийн их сургуулийг төгссөн. 12 жил мэдээлэл, технологийн салбарт ажилласан. Монголд сайн инженерүүд олох хэцүү байгаа учраас инженерүүдийг багаас нь бэлтгэх ёстой юм байна гэсэн хэрэгцээ шаардлагад үндэслээд, энэ хөтөлбөрийг Монголд оруулж ирсэн юм.
-Монголын боловсролын стандартаар ийм сургалтуудыг хүлээн зөвшөөрдөг үү?
-Олон улсын стандартын сургалтын хөтөлбөрийг Монголд оруулж ирж байгаа. Дэлхийн жар орчим улсад энэ стандартыг хүлээн зөвшөөрдөг. Монголд сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй.
-Улсын ерөнхий боловсролын сургуулиудад энэ хөтөлбөрөөр хичээл заадаг уу эсвэл зөвхөн хувийн сургуулиудад боломжтой юу?
-2016 оноос эхлээд төр засгаас дэмжээд, Монголын улсын сургуулиудад STEM хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хувийн сургуулиудад энэ хөтөлбөр хараахан эхлээгүй, судалгааны шатандаа явж байхад бид энэ хөтөлбөрөө танилцуулаад хувийн сургуулиудтай хамтарч ажиллаж байгаа. Улсын сургуулиудад STEM боловсролын цаг, хөтөлбөр нь бий.
-Ийм хичээл ордоггүй сургуулийн хүүхдүүд хүсвэл хамруулах боломжтой дугуйлан байдаг уу?
-Болно. Манайх цэцэрлэгт хүрээлэнгийн замын эсрэг талд хүүхдийн сургалтын төвтэй. Энэ сургалтын төвд маань 4-14 настай хүүхдүүд ирж, суралцах боломжтой. Энд яригдсан бүх сургалтууд тэнд явагддаг. Амралтын өдрүүдэд цагаар сурч болно. Ажлын өдрүүдэд сар, улирлын сургалт аваад суралцах боломжтой.
-Хүүхдүүд энэ хичээлийг их сонирхдог байх даа?
-Бид энэ улирлаас “Хөгжилтэй шинжлэх ухаан STEM1” гэсэн сурах бичигтэй болсон. Эхний хоёр улирал хичээллэхэд хүүхдүүд маань номоо ажиллаад дуусгачихсан, сурах бичгээ уншчихсан. Ийм өндөр хэрэглээтэй сурах бичиг урьд нь харж байгаагүй. Хүүхдүүдийн сонирхлыг өдөөж байгаа хөтөлбөр гэдэг нь эндээс харагдаж байгаа. Өвөл цагт хүүхдүүд ханиад томуу хүрэх нь их байдаг. Манай хичээл ордог өдөр өвдсөн байсан ч зарим хүүхэд “STEM-дээ ирнэ” гээд ирдэг.
-Эцэг, эхчүүдэд юу зөвлөх вэ?
-Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ажиллах нь улам л багасаад байгаа. Өдөр өнжүүлэхэд өгчихдөг болсон. Аль болох хүүхэддээ цаг гаргаж, сонирхлыг нь дагуулж хөгжүүлээрэй. Технологийн суурь мэдлэгтэй болгохгүй бол шинэ зуунд хүн технологитой зайлшгүй холбогдох нь ээ.
-Танай сургалтад лего тоглоом ашигладаг юм байна, эрэгтэй хүүхдүүд лего тоглоомонд дуртай байдаг шүү дээ?
-Лего тоглоом хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой бүтээгдсэн. Үүнийг илүү сайжруулаад, сургалтын хөтөлбөртэй болгоод, шинжлэх ухаан талаас нь ашиглаж, лего тоглоомын суурьтайгаар ажиллуулбал хүүхэд илүү илүү үр бүтээлтэй инженерийн талаас ойлгох, хамтарч ажиллахад суралцана. Хийсэн ажлаа тайлбарлахдаа өөрийгөө илэрхийлж сурдаг. Зөвхөн хөвгүүд легонд дуртай биш. Манай хичээлд охид, хөвгүүд бүгд оролцдог. Илүү гярхай, хурдтай охид ч байдаг. Ер нь охид техникээс хол хөндий гэсэн хандлагаар охидыг техникээс холдуулчихдаг. Үнэндээ нэгээс тавдугаар ангидаа бол охид бараг хөвгүүдээс илүү байдаг. Хүүхдүүдийг юунд дуртайгаа олоход нь тусалж байгаа. Сүүлийн үед хүүхдүүд хэтэрхий их гар утаснаас хамаарч байгаа үед бүтээлч байдал руу шилжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Хүүхдийг дандаа “Ном унш” гээд байж болохгүй. Сонирхолтой байдлаар бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхэд энэ хөтөлбөр чухал. Манайд аав, ээж нар нь хүүхдүүдээ эхлээд хоёр цагийн хичээлд авчирдаг юм. Дараа нь цагийг нь сунгадаг.
-Хүүхдүүд энэ хичээлээр юу бүтээдэг вэ?
-Онолын хичээлээ үзээд, дараа нь бүтээл хийдэг. Эхний удаа заавар харж хийдэг. Дараагийн 20 минутад өөрсдөө баяжуулдаг.
-Сургалтад хамрагдсан хүүхдүүд эхний амжилтаа гаргасан уу?
-Манай төвд тогтмол явдаг хүүхдүүд байдаг л даа. Тэр хүүхдүүдийн сэтгэхүй маш сайн хөгжиж байгаа нь анзаарагддаг. Илүү бүтээлч болдог. Хоёр жил манай төвд явсан гуравдугаар ангийн хүүхэд тавдугаар ангийн хүүхдүүдтэй “Би инженер” уралдаанд орж, түрүүлсэн. Америкт хийсэн судалгаагаар уг хөтөлбөрийг авч байгаа сургуулиудын шинжлэх ухаан, математикийн хичээлүүд дээрх үр дүн сайжирдаг. Тэнд 12 дахь жилдээ үргэлжилж байгаа хөтөлбөр шүү дээ.
-Энэ хичээлийг зааж байгаа багш нараа хэр сайн бэлтгэсэн бэ?
-Америкийн франчайз хөтөлбөр учраас тухайн стандартыг барих ёстой. Америкт бэлтгэгдсэн багш нар маань Монголдоо багш нараа бэлтгэдэг. Багш нар маань 14 хоногт нэг удаа тогтмол сургалт авдаг. Сургуулиудаар явж хичээлээ заадаг 15 багштай, 20 орчим сургуультай хамтарч ажиллаж байна даа.