Аялагч, сэтгүүлч Б.Алтанцэцэгтэй аяллын тухай ярилцлаа.
-Таныг олон орнуудаар аялсан гэж бодож байна. Аялаагүй, очоогүй газар нутаг бий юу?
- Би Ази, Америк, Европын гээд олон орнуудаар аялсан. Африк, Антарктид тивээс бусад газар нутагт хөл тавьсан байна. Дэлхийн алдартай бүхий л хотуудаар явж үзлээ. Гэхдээ хүн хүний хүсэл сонирхол, боломж бололцоо өөр учир заавал хол явж аялах ёстой биш. Ойрхон хотын зах руугаа гарсан ч тэр аялал болно шүү дээ. Манай Монголд хотын зах руугаа гарахад л уул нурууд дүнхийж байдаг юм чинь. Хүн аливааг алсаас харж, байгаль ертөнцийн хуулийг бодож, бясалгал хийх хэрэгтэй. Ууланд гарч алсыг харах, уулын оргил руу мацах, байгальд ганцаараа алхах үнэхээр сайхан. Хорвоо ямар уужим, хүмүүс ямар гэгээлэг гэдгийг илүү их мэдэрдэг юм.
- Аялах дургүй хүн гэж байдаггүй байх. Гэхдээ ямар хүмүүс аялалд гарах зоригтой байдаг юм бэ?
- Хамгийн гэгээн зөв хүмүүс аялах дуртай байдаг. Өөрөөр хэлбэл аялагч нар хамгийн гэгээлэг, ёс журамтай хүмүүс байдаг шүү. Ийм хүмүүс аялах илүү хүсэлтэй байдаг юм шиг надад санагддаг. Хүний амьдралын утга учрыг өргөн хүрээнд хардаг хүмүүс аялалд тэмүүлдэг. Түүнийхээ хэрээр ч аялж чаддаг. Аялалаас хүн дээд зэргийн аз жаргалыг мэдэрдэг. Хорвоо дэлхий ямар уужим юм бэ, хүмүүс гэдэг ямар сайхан юм бэ гэдгийг хүн аяллаас л мэдэрнэ.
-Мөнгөгүй бол аялах боломжгүй гэдэг бодол байдаг шүү дээ. Энэ тухай?
-Аялалд гарахад мөнгө хамгийн чухал нь биш. Хүмүүс мөнгөндөө хүлэгдээд аялж чаддаггүй. Харин мөнгөгүй болохоор аялах боломжгүй гэдэг бодолдоо илүү хүлэгддэг байх. Хүн өөрөө зөв бодол санаатай, аялах хүсэл мөрөөдөлтэй байвал цаанаасаа л дэлхийгээр аялах боломж үргэлж олдоно. Жишээ нь миний хувьд энэ олон газраар аялсан ч дааж давшгүй өндөр зардал гаргаагүй гэсэн үг. Намайг аяллын нэвтрүүлгээ хийж байхад хүмүүс хөрөнгө оруулж дэмжсэн. Иймэрхүү дэмжлэг олон. Би англи хэлтэй, сэтгүүлч гэдгээрээ дэмжлэг аваад аялах боломжууд ч гарч ирдэг. Жишээ нь Швейцарьт Альпийн нурууны саятнууд очдог халуун рашаантай цанын баазад очиход тэнд үнэндээ 20 хувь нь л саятнууд байсан. Бусад хүмүүс нь бас л над шиг аз завшаанаар аялж яваа хүмүүс байсан. Тэгэхээр би аяллыг мөнгөтэй биш аз завшаан, хүсэл зоригтой илүү холбоно. Дэлхийн алдартай газрууд болох Таж Махал, Эфелийн цамхаг зэрэг дэлхийн гайхамшигт газруудад очиход эрчим, энергийг олж авна. Ажлаа хийнгээ аялах боломжууд бидэнд байдаг.
-Аялах гэдэг газар үзэх юм уу өөртөө шинэ ертөнцийг нээх юм уу эсвэл өөр зорилготой юу?
-Аялал бол гайхамшигтай агшнуудаас бүтсэн эерэг эрчим, энерги л байдаг. Яагаад гэвэл уйтгар гунигтай, зовж шаналсан царайтай хүмүүстэй тааралдахгүй. Аялж яваа хүмүүс үргэлж инээж хөөрсөн, баярласан хүмүүс байдаг. Тэд бал сараа тэмдэглэж явна, хуримаа хийж байгаа хосууд ч байна, хайртай дотны хүмүүсээрээ аялж буй хүмүүстэй л таарна. Миний хувьд ийм мэдрэмжинд татагдаж аялах дуртай. Амьдрал тэр чигээрээ ийм жаргалтай хүмүүсээр дүүрэн байх ёстой гэдгийг надад мэдрүүлдэг гэж хэлж болно. Эргэн тойрон инээсэн, зургаа авахуулсан, хайрласан дурласан хүмүүсээр дүүрэн байхад түүнийг хараад л аз жаргалтай болчихдог.
-Аяллаас өөртөө ямар мэдрэмжийг илүү авдаг вэ?
-Аялал хүнийг даруу төлөв болгож, өөрийг нь өчүүхэн жижиг нэгэн гэдгийг мэдрүүлдэг. Учир нь би энэ гараг ертөнцийн өчүүхэн нэг эд эс. Аялах тусам уул ус, гараг ертөнц, хүнийг яаж ингэж бүтээгээ вэ гэж эргэцүүлж бодохоор үнэхээр бахдалтай. Номхон далай дээгүүр 14 цаг нисч явахдаа энэ онгоц доошоо унаад живбэл хэзээ ч олдохгүй гээд бодоход л хүн гэдэг ямар жижигхэн, хорвоо ертөнц ямар уужим гэдгийг өөрийн эрхгүй ойлгоно. Энэ хорвоо дэлхий, гараг ертөнцийн үүсэл бүтцийн тухай, хүн байхын утга учирын тухай бодон аялж явахад энэ цаг хугацааг, энэ хорвоог, хүмүүсийг хайрлахгүй байхын аргагүй шүү дээ. Ертөнцийн хууль гэж агуу гайхамшигтай зүйл байна.
-Хүнээс хэдэн орноор аялсан бэ гэж асуудаггүй. Харин аяллаас юу олж авсан бэ гэж асуудаг шүү дээ. Энэ асуултыг асууя?
- Тийм шүү. Би Ази, Европ, Америкийн алдартай бараг бүх хотуудаар аялсан. Африк, Антарктид очиж үзээгүй байна. Аяллаас ирэх болгондоо энэ сайхан Монгол оронд төрсөндөө баярлаж, эх орон руугаа буцах гэж яардаг. Миний эх оронд минийх гэх бүхэн минь бий. Гадны баян тансаг улс оронд хэчнээн сайхан аялж явлаа ч энэ бол түр зуурынх. Харин өсч төрсөн нутаг минь мөнхийнх. Бусад улс орон хэдий хөгжил өндөр ч минийх биш болохоор уйдчихдаг. (инээв) Тэгэхээр аяллаас өөрийгөө, эх нутгаа илүү тодоор мэдэрч олсон гэх юм уу.
- Африк явж үзье гэж бодож байна уу?
-Одоохондоо тэгж бодогдохгүй байна.
-Яагаад, Африкт бусад тивд байхгүй олон гайхамшгууд бий шүү дээ?
-Хүн ер нь толгойдоо буулгасан газар руугаа л явдаг юм билээ. Очно доо гээд бодчихсон гэсэн үг л дээ. Монголчууд үүнийг сэтгэлд багтах гэж хэлдэг. Бас сайхан бодол минь заавал биелдэг.
- Толгойд буусан газар руугаа хүн явдаг юм бол таны хувьд сэтгэлд үлддэг газар гэж байх уу?
- Би аяллаас ирэх тоолондоо Монголын газар шороон дээр монгол хүн, монгол эмэгтэй болж төрснөөрөө л маш их бахархдаг. Тэгэхээр миний сэтгэлд Монголоос өөр нутаг багтдаггүй байх.
- Монголчууд тэгвэл бусдаас юугаараа илүү юм бэ?
- Би Монгол хүн болохоор тэр үү Монгол хүн л надад бусдаас илүү. Одоо хэдий нийгмийн ороо бусгай үе байгаа ч гэсэн надад бол энэ цаг үе хамгийн сайхан нь. Манай Монгол ёс заншил уламжлалаар бол эмэгтэйчүүдээ дээдлэн эрхэмлэн хүндэлдэг, жендерийн хувьд маш мэдрэмжтэй ард түмэн.Яахав Манжийн дарлалын үед мунхруулсан мухар сүсгийн хуурамч зүйр үг маягийн тэнэг хэлцүүд гарсан нь байдаг. Сири, Иран, Ирак зэрэг улс орнуудад хэцүү шүү дээ. Бид энэ тухай мэдэж байгаа. Нийгмийнхээ сайн сайхан зүйлсийг бид ярьж байж л урагшаа ахиж, хөгжинө. 10-20 жилийн дараа нийгэм илүү сайхан болноМөнгө, эрх мэдэл, албан тушаалд донтсон хүмүүсийн эсрэг тэсрэлттэй, шүүмжлэлтэй илүү дэвшилтэт нийгмийн оюун санаа бий болж байгаа учраас муу муухай зүйлс ил гарч харагдаж байгаа гэж боддог. Өмнө нь энэ хүмүүсийн муу муухайг мэдэхгүй, хонины арьс нөмөрсөн чононуудыг ялгаж мэддэггүй байсан. Одоо бол Монгол хүний нүд нээгдсэн.Би их өөдрөг хүн. Эх орон маань цэцэглэж хөгжиж байгааг харж байна. Монгол хүн хүний дээд хэвээрээ байгаа гэдэгт хэзээд би итгэнэ.
-Аялж явахдаа хүн “Би”-гээ таньж мэдэн өөрчлөгддөг. Аялал чамайг өөрчилсөн үү?
-Анх аялалд гарахдаа би дөнгөж 20 гаруй настай байлаа. Тэр үед аль болох брендийн гоё ганган гэсэн болгоныг л авахыг хичээдэг байсан. Аргагүй шүү дээ хүний нүд нээгдэнэ гэж нэг юм бий. Өөрт байхгүй гоё юмсыг хүн эхлээд цуглуулахыг хүсдэг юм билээ. Харин олон удаа энд тэнд яваад ирэхээр би чинь Монгол гэдгээрээ гоёсон жинхэнэ монгол эмэгтэй гэдгээрээ ялгарч байгаагаа мэдэрсэн. Ингэж л би өөрийгөө аяллаас олж авсан. Бусад улс орнуудын хүмүүс намайг хэн бэ гэдгийг надад мэдрүүлж өгсөн. Миний үндэс бол Монгол гэдгийг ойлгож, намайг илтгэх онцлог гэдгийг мэдсэн. Нэгэн том арга хэмжээн дээр олон газрын хүмүүс дунд би өмнөхөөрөө л дээлээ өмсөөд, үсээ сүлждэгээрээ сүлжээд л очсон. Гэтэл хамаг анхаарал над дээр төвлөрсөн. Тэгээд тэндээс брэнд яахав, Монголоороо байхад л болох юм байна гэдгийг ойлгосон.
-Та ямар төрлийн аялагч вэ?
- Би оюун санааны аялагч. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Зовлон бэрхшээлгүй хүн гэж нэг ч үгүй. Хүнд хэцүү зүйл тохиолдох үед би аялалд явдаг. Яагаад гэвэл тэр хүнд зүйлийг давж гарахад аялал надад аз жаргал бэлэглэдэг. Өмнө нь би хэлсэн шүү дээ. Алдартай газруудад үргэлж аз жаргалтай хүмүүс явж байдаг юм. Энэ бол жинхэнэ таашаал. Аялахгүй л бол харагдаж баригдахгүй ямар нэг юманд хавчигдаад байгаа юм шиг санагддаг. Харин аялаад явахад оюун санаанд бас нэгэн шинэ орон зай бий болж, тэлж байгаа мэт санагддаг.
- Хүмүүс гадаад хэлгүй эсвэл мөнгөгүй, ганцаараа явахаас, төөрчих вий гэх мэт аяллын айдсуудтай байдаг. Аяллын айдсыг яаж даван туулах вэ?
- Аялахад наад захын ярианы гадаад хэл чухал. Би англи, орос хэлтэй. Олон улсаар аялахад хэлний бэрхшээл тулгардаггүй. Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ. Мэдээж аялалд мөнгө их үрэгддэг. Гэхдээ мөнгөнд асуудлыг нялзаах хэрэггүй. Хэрвээ зөв бодолтой зөв байвал мөнгө өөрөө ирнэ. Бас хүмүүс ганцаараа аялахаас айгаад байдаг. Ер нь аялалд ганцаараа явах нь илүү амар. Ганцаараа аялах бол бясалгалын нэг хэлбэр. Олуулаа явах тусам санаа оноо зөрж, асуудал гардаг. Наад захын ярианы хэлний чадварыг бол залуус ер нь сурах нь чухал. Мөнгөнөөс айгаад байгаа бол зөв, сайн төлөвлө. Боломжийг эрж хайж өөртөө бий болго.
- Аялж байхдаа хийсэн эрсдэлтэй алхмаасаа хуваалцаач?
- Аялал гэдэг ерөөсөө зоригтой хүний алхам. Өөр улс орноор аялахад ямар ч нөхцөл байдалд өөрийгөө аваад гарна гэж өөртөө итгэдэг хүний л ажил. Аялахад айх хэрэггүй. Учир нь аялж буй хүмүүс дандаа гэгээлэг, эерэг бодолтой байдаг гэж өмнө нь хэлсэн шүү дээ. Оюун ухаан, сэтгэлзүйн хүчтэй хүмүүс л аялалд явдаг. Би жижигхэн биетэй, туниа муутай ч өөрийгөө аваад гарч чадна гэдэгтээ итгэлтэй явдаг.
-Аялалд тантай дандаа хамт явдаг юм юу вэ?
- Би аялалд явахдаа хайртай үнэртэй устайгаа үргэлж хамт явдаг. Аялалд зориулсан жижиг савтай уснууд байдаг шүү дээ.
-Тэгвэл аяллаас юу авчирдаг вэ?
- Аяллаас жижигхэн хонхнууд авчирч цуглуулдаг. Эхлээд төрөл бүрийн дурсгалын зүйлс авдаг байснаа сүүлдээ хонх цуглуулах нь зөв гэж шийдсэн.
- Олон улс орноор аялахад “Үлэмжийн чанар” нэвтрүүлэг тань үлэмж хувь нэмэр оруулсан байх. Хэдэн дугаар хийсэн бэ?
- “Үлэмжийн чанар” нэвтрүүлэг маань нийт 100 гаруй дугаар гарсан . Анх 2007 оноос SBN-т телевизэд нэвтрүүлгээ хийж эхэлсэн. Дараа нь 25-р суваг телевизэд үргэлжлүүлсэн. Тэгээд нэвтрүүлгээ хувиараа хийдэг болж, “Боловсрол суваг” телевизэд гэрээтэйгээр цацах болсон доо. Одоо хувиараа ажилладаг сэтгүүлч гэж ойлгож болно.