Өчигдөр НИТХ ээлжит хуралдаанаа хийлээ. Нийслэлийн 1.4 сая оршин суугчдыг төлөөлсөн МАН АН-ын төлөөлөгчид төсвөөс эхлээд шийдэх, маргах зүйл цөөнгүй. Сонирхолтой нь тус хуралд НИТХ-ын дарга асан Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар тус хуралд харагдсангүй. Тэд уг нь цөөнх болсон нийслэлийн АН-ын бүлгийн гишүүд гэнэ. НИТХ хурал эрх баригч МАН, сөрөг хүчин болох АН-аас бүрдэнэ. Тус намуудын гол зөрөлдөөн нийслэлийн гэр хорооллын хөгжил, агаар, хөрсний бохирдол, нийтийн тээврийн асуудал аж. Энэ талаар НИТХ-д хоёр удаа сонгогдсон АН-ын бүлгийн гишүүн Ц.Одонтунгалагтай ярилцлаа.
Гэр хорооллын асуудлыг улам хүндрүүлсэн
-НИТХ дахь АН, МАН-ын бүлгүүд байнга зөрчилдөж байдаг. Өнөөдөр ч багагүй зөрчилдөөн гарч байна. Хамгийн гол зөрчилддөг асуудал юу вэ?
-НИТХ дахь МАН АН-ын бүлгүүдийн хамгийн том зөрчилдөөн бол нийслэлийн гэр хорооллын хөгжил, утаа, хөрсний бохирдол, нийтийн тээвэр дээр үүсдэг. НИТХ хурал болгонд бид энэ асуудлаар эрх баригчидтай зөрөлддөг.
-Зөрөлдөх шалтгаан нь юу байна?
-Дээрх гурван асуудлыг шийдэх арга зам дээр. Төсвийн хэлэлцүүлэг бүрийн өмнө нийслэлчүүдээс санал авдаг. Иргэдийн ихэнх нь дээрх гурван асуудлыг л эхний ээлжинд шийдэж өгөхийг хүсдэг. Гэтэл МАН-ын бүлэг энэ асуудлыг байнга тав, зургаа дахь асуудал болгож, тэр бүү хэл чимээгүй хаях тохиолдол байнга гардаг. Эндээс бүлгүүдийн гол дайн эхэлж байгаа юм.
-Зөрөлдөөнтэй асуудлаа тус бүрээр нь жишээтэй ярьж болох уу?
-Бололгүй яах вэ. Төрийн бодлогын залгамж чанар гэж аль ч орны, аль ч шатанд уламжлагддаг ёс байдаг. Тэр тусмаа нийтийн эрх ашгийг хамарсан томоохон асуудалд энэ ёс баталгаатай уламжлагддаг. Гэтэл нийслэлд өмнө нь хэрэгжүүлж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлогыг үндсэндээ зогсоосон. Зогсоогоод барахгүй асар их мөнгө зарсан бүтэшгүй санаа гаргаж ирсэн. 2016 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргын ажлаа өгөхдөө “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил сайн хэрэгжиж байгаа шүү. Энэ ажлыг 100 тэрбум төгрөг бэлэн байгаа шүү” гэж байсан. Гэтэл МАН-ынхан энэ мөнгийг гэр хорооллыг хөгжүүлэхэд зарцуулахын оронд хасч танаад 10-20 тэрбумаар нь төсөвт суулгаж байгаа юм. Ингэхээр энэ мөнгө нь дахин барилгажилтын төсөлд оролцож байгаа компаниудын дэд бүтцийн асуудлыг шийдэхэд хүрэлцэхгүй болсон. Орсон компаниуд асар их хохирол амсана биз дээ. Иргэд бас хохирсон. Намын үзэл сурталжсан үйл ажиллагаанаас болж нийтээрээ хохирч байгаа байхгүй юу. Ийм үйлдэлтэй эвлэрээд сууж болохгүй биз дээ.
-МАН бүлэг та нарын бодлогыг нураасны хариуд ямар нэгэн юм хариу барьсан байлгүй дээ.
-Тэдний барьж байгаа бэлэг нь орлогод нийцсэн орон гэдэг үлгэр.
-Яагаад үлгэр гэж?
-Өнөөдөр хүн амын орон сууц худалдан авах чадвар үндсэндээ дууссан. Худалдан авах чадвартай хүн байсан бол худалдан авах орон сууц нь бэлэн байж л байгаа. Харин орон сууц худалдан авах чадваргүй хэсэгт нь орон сууц барьж өгөх тухай яриад байна. Түүнийгээ орлогод нийцсэн орон сууц гээд байгаа юм. Орлогогүй иргэдэд үнэгүй орон сууц л өгөхгүй юугаараа авах юм.
Одоогийн шахмал түлш бол сонголтгүй тулгалт
-Танай бүлэгт илүү санаа байгаа юм уу?
-Бид иргэдэд сохор улаан мөнгө гаргахгүйгээр хашааны газраараа орон сууцтай болох хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Ингэснээр компаниуд үнэгүй газар дээр орон сууц барьж, дэд бүтцийг нь татаж өгөөд л асуудал шийдэгдэх байсан. Энэ бүхнийг МАН-ын бүлэг таслан зогсоосон. Одоо иргэдийг орон сууцжуулна гэж байна. Орлого багатай иргэдээр орон сууцны үнэ төлүүлэх үлгэр байхгүй юу. Өөр газар иргэдийг нүүлгэнэ. Гэтэл нөгөө гэр хороолол байсан газар яндантайгаа л үлдэнэ.
-Хоёр дахь тулаан агаар, хөрсний бохирдол гэсэн.
-Сайжруулсан түлш гэх агаарын бохирдолтой тэмцэх анхны алхам гэдэгтэй маргахгүй байна. Гэхдээ үнэхээр тооцоо, судалгаа муутай гэнэт, шургуу хэрэгжүүлснээр эрдэнэт хүмүүсийн амь нас эрсэдсэн. Олон хүмүүс угаартлаа.. Бэлтгэл маш муу хангагдсан. Энэ бүхэн харамсалтай. Гэхдээ түлшнээс үүдэлтэй хохирол баталгаатай зогссон уу гэдэг бас эргэлзээтэй. Цөөнгүй иргэд айдастай байна. Үнэхээр бүх иргэд энэ түлшийг хэрэглэж байна уу гэдэг ч эргэлзээтэй. Яагаад заавал түүхий нүүрс оруулж ирэх гээд байна. Оргил хүйтний цагийг шахмал түлш аюулгүй давж гарах уу гээд иргэдийн дунд олон асуудал бий. Түлшний химийн найрлага баталгаажаагүй байхад хангамжийн асуудал үүслээ. Энэ бүхнээс төр урьдчилан сэргийлж иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж чадах уу гэдэг баталгаа шаардлагатай. Ганцхан төрийн компанийн гарт л нийслэлийн гэр хорооллын нийт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал орчихсон. Маш их хэмжээний мөнгийг энэ компани л дур мэдэн зарцуулж байгаа.
-Нийслэлийн удирдлагууд төр хувийн хэвшил гэсэн уриа их дэвшүүлдэг энэ салбарт хувийн хэвшлийг оруулж болохгүй юу?
-Бид судалгаа явуулж үзэхэд өнөөгийн Тавантолгой түлш компаниас нийлүүлж байгаа түлшийг үйлдвэрлэж чадахгүй цөөнгүй хувийн компани байгаа нь харагдсан. Гэтэл тэдэнтэй хамтрах сонирхол нийслэлд байхгүй бололтой юм.
-Нарийн технологи, стандарттай, их хэмжээний үйлдвэрлэлийг хувийн хэвшил явуулж чадах уу?
-Одоогийн төрийн үйлдвэр үйлдвэрлэж байгаа шахмал түлшний үнийн болон химийн бүтэц бараг нууц байна. Харин хувийн хэвшил үнийг бодитоор тогтоохоос гадна илүү чанартай, аюулгүй түлш үйлдвэрлэхийг оролдоно. Үнэгүй хог хаягдлаар хийсэн шахмал түлшний үнэ бодит гэдгийг хэн ч батлаагүй. Тийм учраас шахмал түлшний олон нууц тайлагдаж байж иргэд итгэлтэй хэрэглэнэ биз дээ.
Нийтийн тээврийн орлого 250-90 сая төгрөг болж буурсан
-Хэдхэн жилийн смарт картын ачаар нийтийн тээвэр хөл дээр боссон шахуу юм ярьж байсан. Өнөөдөр сэхээнд орсон шахуу юм ярьж байна.
-Смарт карт бол орлого тодорхойлох систем. Энэ систем бусад орнуудын нийтийн тээвэрт хэрэгжээд олон жил болж байгаа юм. Энэ системийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн орлого огцом нэмэгдсэн. Энэ нь иргэд мөнгөө төлдөг гэдгийг баталж байгаа юм. Тухайн үедээ нийтийн тээврээс өдөрт 250 сая төгрөг орж байсан. Картнаас өмнө өдөрт 180-190 сая төгрөг ордог байсан шүү дээ.
-Огцом өсөлт нь иргэд мөнгөө төлдөг гэсэн баталгаа болох уу?
-Тэгнэ.
-Яагаад?
-Үйлчлүүлэх иргэд, үйлчилдэг автобусны тоо хэвээр байхад орлого өснө гэдэг нь орлого дарагдаж байсан гэсэн үг байхгүй юу. Түүнээс биш, үнэгүй явдаг иргэд гэнэт мөнгөө төлөөд эхэлсэн юм уу, өндөр үнээр яваад эхэлсэн гэсэн үг биш л дээ.
-Та өөрөө том автобус компанийн захирал байсан хүн. Энэ талаар илүү мэдээлэлтэй болов уу?
-Хулгайлах нөхцөл бүрдэх, хэрэгжүүлэх арга гэж байгаа байх даа.
-Намайг ажиллаж байх үед смарт карт хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн 30 хувийг улсын, 70 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Харин нийт орлогын 50 хувийг улсын компани бүрдүүлдэг. Нийгмийн хариуцлага хэрэгжүүлдэг салбар гэдэг утгаараа нийтийн тээврийн салбарт төрөөс дотаци өгдөг.
-Гэтэл энэ дотацийг орлого үйлчилгээ харгалзахгүй автобусны тоогоор хуваарилдаг. Ингэхээр нийтийн тээврийн нийт орлогын 50 гаруй хувийг бүрдүүлдэг улсын компанид дотацийн 30 хувь ногдоно. 50 хувийг бүрдүүлдэг хувийн компаниуд 70 хувийг хүртэнэ. Энэ шударга бус хуваарь хувийн компаниудын хулгай хийх сэдлийг өдөөж, нөхцөлийг бүрдүүлнэ.
-Яаж?
-Хувийн компаниуд орлогоосоо, түлшнээс хууль бусаар орлого олно.
-Компанийн орлого буурна биз дээ?
-Захирлууд үйлчилгээний орлогоос биш нийслэлээс авдаг асар их мөнгөөр тансаглана. Тэдэнд үйлчилгээний орлого сонин биш.
-Таны үед өдөрт нийтийн тээвэрт орж байсан 250 сая төгрөг өнөөдөр хэд болж буурсан бэ?
-90 сая болж буурсан.
-Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлдэг газрын удирдлагаас та бүхэн энэ тухай лавласан уу?
-Лавласан. ”Үнэхээр хяналт тавьж чадахгүй байна” гэдэг.
Смарт картад эзэнгүй хоёр тэрбум төгрөг бий
-Хяналт тавьдаг компани байгаа гэсэн шүү дээ.
-Тэр компани нь хуучин кондукторуудаас бүрдсэн. Хамтраад хулгай хийнэ. Смарт картаас л хүн хянавал бодит хяналт болохоос хаа хамаагүй хүн яаж хяналт тавих вэ дээ. Хяналт тавьсан нь “сахил аваад шал дордов” гэдэгтэй адил болсон.
-Сайхан санаа яагаад өнөөдөр үүргээ гүйцэтгэж чадахаа болив?
-Смарт карт үйлчилгээгээ хөгжүүлэх талаар санаачилга гаргаагүй. Энэ компани карт борлуулалт, цэнэглэлтийнхээ цэгүүдийг нэмэх хэрэгтэй байсан. Технологийн хувьд ч хялбаршуулах, хүртээмжтэй болгох ажил хийсэнгүй. Бас ноцтой юм нь смарт картад хоёр тэрбум шахам эзэнгүй мөнгө байна.
-Эзэнгүй хоёр тэрбум төгрөг...?
-Тийм хэмжээний мөнгө байгаа. Тэр нь юунаас үүдэлтэй гэхээр хэн нэг нь смарт картандаа хэдэн төгрөг хийдэг. Улмаар гээгдүүлдэг. Картаа гээсэн иргэн шинээр карт авахаас өөр замгүй. Шинээр цэнэглүүлэх шаардлагатай. Харин гээгдсэн карт, түүнд байгаа мөнгө. Смарт картын орлого болно.
-Танай намын бүлэгт энэ салбарт гарц харагдаж байна уу?
-Бид өмнө нь нэг автобус ажлын найман цагт таван рейс хийх шийдвэр гаргаж байсан. Энэ рейсээ хийж байж л нийслэлээс мөнгөө авна. Гэтэл өнөөгийн нийслэлийн нийтийн тээврийн хөгжлийн газар нэг автобус ажлын найман цагт хэдэн ч рейс хийх эрхтэй болгосон. Ингээд жолооч нар түгжрэлийг далимдуулаад ганц 2-3 рейс хийгээд буучихна, түлшээ зарна. Өмнө нь компаниуд 100 хувь ажлаа хийж байж 100 хөлсөө авдаг байсан. Өнөөдөр 40 хувийн ажлаа хийчхээд төрөөс 100 хувь хөлсөө авчихаж байгаа байхгүй юу. Биднийг байхад баталсан нийтийн тээврийн стандартууд байдаг. Түүнээс өнөөдөр долоо нь огт хэрэгжихгүй байгаа. Хэрэв энэ долоон стандарт хэрэгжвэл нийтийн тээврийн үйлчилгээ хангалттай сайжирна.
-Яагаад хэрэгжүүлэхгүй байна?
-Бүү мэд. Хувийн компаниудтайгаа хэлэлцээнд орж чадахаа больчихсон юм уу гэж бодоод байгаа юм. Гэхдээ смарт карт гарснаас хойш хувийн компаниуд маш их ашиг олсон. Ажлаа хийсэн хийгээгүй мөнгө авдаг болсон. Дээр авдаг мөнгө нь нэмэгдсэн. 50 150 шахам тэрбум төгрөг болж нэмэгдлээ шүү дээ. Хоёрын хооронд ингэж байснаас иргэдээ үнэгүй явуулчих хэрэгтэй.
-Боломжтой юу?
-Тэртээ тэргүй төрөөс их мөнгө гарч байна шүү дээ. Энэ чинь иргэдийн халааснаас л гарч байгаа мөнгө шүү дээ. Шууд халааснаас нь авна. Төрөөр далайлгаж бас нэг авна. Ийм дээрэм байж болохгүй биз дээ. Нийслэлийн 1.4 сая иргэдээс 500 мянга нь хүүхэд дээр өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүчнийхэн гээд тооцно.
-Өдөрт 700 мянган иргэн үйлчүүлдэг гэж ярьдаг.
-Дөрвөн төрлийн хөнгөлөлт эдэлдэг иргэдийн хэд нь автобусаар үйлчлүүлж байгаа баримт байхгүй.
-Ойлгосонгүй дээрх карт уншуулсны тоогоор бус статистик тоогоор нийслэлээс мөнгө авдаг гэсэн үг үү?
-Тийм. Тэгээд энэ мөнгөний ихэнх нь ажлаа бүрэн хийдэггүй, хариуцлага хүлээдэггүй хувийн компаниудад очиж байгаа байхгүй юу.
-Ийм их мөнгө сураггүй тодорхойгүй зарцуулагдаж байхад та бүхэн АТГ-т хандсан уу?
-Асуудал яригдаж байгаа.