Тэтгэвэрт гарсан гадаадын хөгшид дэлхийгээр аялж, Монголд хүртэл ирцгээдэг. Гэтэл хөөрхий манай хөгшид Хөвсгөл рүү ч аялж хүчрэхгүй, ач гучаа хараад гэрийн ажилтай зууралдана. Олонх нь тэтгэврийн тодотголтой зээлтэй. Бурхны оронд явчихвал хүүхдүүд нь өр “өвлөгдөнө”. Насаараа төлсөн шимтгэл нь улсад үлддэг. Үүнийг хүмүүс шударга бус гэцгээж буй. Тэр ч бүү хэл залуус маань ч ирээдүйн тэтгэвэртээ санаа зовоход хүрлээ. Учир нь ирээдүйн тэтгэвэр авагчид одоогийн эмээ, өвөө нараас ч бага тэтгэвэртэй болох тооцоог мэрэгжилтнүүд хийдэг. Тэтгэвэрт гармагцаа эмзэг бүлэгт багтахыг хэн хүсэх билээ. Ядахдаа МАН-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банкинд тэтгэвэр төлөгчдийн мөнгийг хадгалуулаад алдчихсан нь ч иргэдийг бухимдууллаа. Хөгшин залуугүй санаа зовцгоох болсон тэтгэврийн тогтолцооны асуудлаар өрнөсөн бас нэг хэлэлцүүлгийг уншигчдадаа хүргэе.
Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй компани 56 хувиар нэмэгдсэн
"Ард Санхүүгийн нэгдэл”-ээс хийсэн "Хөрөнгө оруулагч үндэстэн-2020" чуулганаар нийгмийн халуун сэдэв болоод буй тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хөндлөө. “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл-Бид оройтсон уу?”. Энэ сэдвээр хэлэлцүүлгийн чиглүүлэгч “Ард капитал групп” ҮЦК-ийн Б.Өлзийбаяр ийнхүү оршил хийв. “Ирэх онд ажил олгогч, ажилтан хоёроосоо авах нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж, 26 хувь болно. Өөрөөр хэлбэл бидний гар дээр ирэх орлого буурна гэсэн үг. Нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа байрны зээлээ, лизингээ төлөх болдог, өдөр тутмын амьдралаа залгуулдаг. Энэ орлого маань багасна гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдэд дарамт ирнэ. Хамгийн сүүлд гарсан статистик тоо байна. 2016 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй компаниудын тоо 56,9 хувиар нэмэгдсэн байна. Өрийн хэмжээ 44,9 хувиар өссөн. Гэтэл бид ирээдүйд тэтгэвэр авна гэж найдаад шимтгэл төлөөд байдаг. Тэтгэврийн сан маань өнгөрсөн онд гэхэд 500 тэрбумын алдагдалтай. Энэ жил ч бас тэр хавьцаа явж байгаа. Өөрөөр хэлбэл төсвөөс алдагдлыг нь нөхдөг. Бид нийгмийн даатгалын шимтгэл төлөөд, дээрээс нь татвар төлөгчийнхөө хувьд төсвөөс санхүүжүүлж байгаа. Давхар давхар төлөөд байгаа юм биш үү?
Яагаад тэтгэврийн сан алдагдалтай ажиллах болов?
Яагаад тэтгэврийн сан маань алдагдалтай ажиллах болов гэсэн асуултыг Б.Өлзийбаяр хэлэлцүүлэгт оролцогчдод хаяглав. Энэ асуултад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ийнхүү хариуллаа.
-Нийт таван сан байгаа. Хүмүүс Нийгмийн даатгалын сан алдагдалтай гээд бүхэлд нь хамааруулж ярьдаг. Энэ таван сан дундаа ганцхан Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай. Бусад дөрвөн сан ашигтай байгаа. Бусад дөрвөн сангуудын банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулсан мөнгөн дүн 1,5 их наяд төгрөг. Харин яагаад Тэтгэврийн даатгалын сан дээр алдагдал үүсэв цаашид энэ алдагдлаас яаж гарах вэ. Хүн болгон ирээдүйд тэтгэвэр авагч болно. Хүн болгон нийгмийн даатгалын шимтгэл төлөгч учраас энэ асуудалд хүн бүрийн оролцоо чухал гэж манай яамны зүгээс үзэж байгаа. Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай ажиллахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Дэлхийн бусад улс оронд ч тэтгэврийн даатгалын сангууд, нийгмийн даатгал асуудал болж байгаа. Дэлхийн банк, олон улсын нийгмийн хамгааллын байгууллагууд судалгаа хийгээд дэлхий дахинд нийгмийн хамгааллын санд ямар асуудал үүсч байна вэ. Юу нөлөөлж байна вэ гэхээр нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдал, хоёрдугаарт, сонгуулийн амлалтууд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлууд, насжилт, хамрагдалт бага, олон нийтийн хүлээлт их, хуваарилалтын хувьд шударга бус байна. Авч байгаа тэтгэвэр ахмадуудын амьдралд хүрэлцэхгүй байна гэдэг нь дэлхий нийтийг хамарсан асуудал болж байна гэдэг судалгааны дүн бий.
Манай Тэтгэврийн даатгалын сан алдагдалд ороход нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох хуулийг бид хэрэгжүүлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 600 мянга гаруй иргэд хамрагдсан. Ингэж хамрагдахдаа тэтгэврээ шинэчлэн тогтоох болон шимтгэлээ өөрчилсөн. Энэ хүрээнд Тэтгэврийн даатгалын сан 707 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд явж байгаа. Үүнээс зөвхөн 233 мянган хүн тэтгэврээ өөрчилнө. Цаана нь дахиад 370 гаруй мянган хүн тэтгэвэрт гарахад алдагдалд нөлөөлнө. Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлын хууль гэж батлагдсан. Энэ хуулийн хүрээнд 16 мянган хүн “Урьд нь би цалингаа буруу мэдүүлж байсан. Одоо шинэчилж мэдүүлье” гэдэг хэлбэрээр тэтгэврийн хэмжээгээ шинэчилж тогтоолгосон. Энэ бас тодорхой хэмжээний алдагдалд хүргэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл. Гуравдугаарт, шимтгэлийн хувь хэмжээг бас буулгасан. 1995 онд Тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэл хийхэд тэтгэврийн шимтгэл яг одоогийн хэмжээгээр 19 хувь байсан. 2007 онд хууль батлагдахад 14 хувь болгож буулгасан. Үүнээс үүдэлтэй алдагдлууд бий. Дээр нь нэмээд насжилтын асуудал байгаа. Дэлхийн бусад улсуудтай адил насжилт явагдаж байна. Монгол хүний дундаж наслалт жилд гурван сараар нэмэгдэж байгаа. Тэр хэмжээгээр тэтгэвэр авах хугацаа нэмэгдэж байгааг ойлгох учиртай. Цаашдаа бид Тэтгэврийн даатгалын сангаас хөрөнгө оруулалт хийхийг зогсоох ёстой гэсэн чиглэл барьсан. Нийгмийн даатгалын сан алдагдалд хүрэхэд нөлөөлсөн бас нэг зүйл тогтолцоо. Тогтолцооны шинэчлэл зоригтой хийвэл цаашдаа хэрэг болох болов уу гэж бодож байна.
Тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөх цаг болсон уу?
Дэлхийн банкны нийгмийн хамгааллын мэргэжилтэн Ч.Тунгалаг:
-Одоогийн байгаа тогтолцоон дээр тэтгэврийн сангийн засаглал, чөлөөт сангийн үлдэгдлийн менежмент хийж байгаад, арилжааны банкинд байршуулж, тэндээс алдагдаж байгаа асуудлыг нийтээрээ ярьж байгаа. Үүнийг засах хэрэгтэй. Хууль эрх зүйгээ, зохицуулалтыг сайжруулаад, сангийн удирдлага ямар байдлаар ажиллавал зохистойг хэлэлцэж сайжруулж болно шүү дээ. Түүнээс биш сангаас хулгай хийж байна, алдагдал гарч байна гэнгүүтээ өөр тогтолцоо руу шилжинэ гэж дүгнэж болохгүй байх. Тэтгэврийн шинэчлэл хэрэгтэй, бүх залуусын ирээдүйтэй холбоотой асуудал. Гэхдээ шинэчлэл нэрийн дор юу хийх гэж байгаа нь өөр шүү дээ. Ямар зорилгоор шинэчлэх гэж байгаа вэ. Тэтгэврийн бодлого, тэтгэврийн даатгалын систем гэдэг төр засгаас ахмад настныхаа нийгмийн баталгааг хангах нийгмийн бодлогын хэрэгсэл. Тэр зорилгоо хангахын тулд одоо байгаа санхүүжилтийн тогтолцоо нь болж байгаа юм уу, яаж сайжруулах вэ, өөр ямар элемент нэмж болох вэ, эсвэл өөр тогтолцоонд шилжих юм уу гэдгийг маш өргөн хүрээтэй, гүнзгий судалж, нарийн тооцож хэрэгжүүлэх учиртай. Дэлхий дээр тэтгэврийн тогтолцооны асуудал зөвхөн Монголд биш бусад улсад ч тулгамдсан. Гол шалтгаан нь хүн амын насжилт. Угаасаа бүх оронд хүмүүс урт наслах боломж илүү болж байгаа учраас тэтгэврийн тогтолцооных нь өртөг зардал бүх улсад нэмэгдээд, 1990-ээд оны сүүлээс авхуулаад, өнөөдрийг хүртэл тэтгэврийн тогтолцоогоо шинэчлээд, засах оролдлогууд хийж байна. Манай тохиолдолд хүн амын насжилттай холбоотой хүчин зүйлээс гадна хууль эрх зүйн зохицуулалт, хяналт шалгалтын механизм сул учраас зохисгүй үйлдлүүд гарч, алдагдлыг ихэсгэж байгаа нь үнэн.
Тэтгэвэрт гарахаар шууд эмзэг бүлэгт орох гээд байдаг. 300 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Цалингаа багасгах эсвэл банкинд хугацаатай хадгалсан нь илүү юм байна гэсэн хандлага гарч байгаа гэв.
Ард лайф ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Жилийн 13 хувийн хүүгээр яаж өсөх вэ гэдэг нийлмэл хүүгийн тооцоо хийсэн. Нэг сая 100 мянган төгрөгийн цалинтай иргэн сард 187 мянган төгрөгийг тэтгэврийн даатгалын санд компани, хувь хүн нийлээд өгч байгаа. Энэ мөнгийг гучин жилийн хугацаатай хадгалахад 820 сая төгрөгийн хуримтлал үүсэхээр байгаа юм. Үргэлжлүүлээд хүүг нь зарлагаддаг хадгаламжийн бүтээгдэхүүн рүү оруулахад сар болгон есөн сая төгрөгийн хүү тухайн үлдэгдэл дээр бодогдох тооцоо гарсан. Хувийн тэтгэврийн санг хууль эрх зүйн хувьд яаралтай эхлэх шаардлагатай. Сүүлийн нэг сар энэ чиглэлээр санаачилга гаргаад ажиллаж байгаа хүмүүстэй уулзлаа. Монголд Нийгмийн даатгалын газар нь банкинд мөнгө хадгалуулж болдог. Хувь хүмүүсээс хамгийн баталгаатай мөнгөө хадгалуулдаг газар юу вэ гэхэд арилжааны банк гэж дийлэнх нь хариулах байх. Арилжааны банк гэдэг хувийн хэвшил. Энэ бол институц буюу засаглал байгаа юм. Энэ засаглал нь зөв байж, тухайн институц тогтвортой ажиллана. Удаан хугацаанд оршиж, энэ өгөөжийг 10, 20, 30 жилийн дараа гаргаж өгөх учиртай. Тэтгэвэр гэдэг даатгалын бүтээгдэхүүн биш. Сан хэлбэрээр явах ёстой. Тэтгэврийн даатгалын сан гээд нэрлэчихээр даатгал гэдэг үг хуулинд ямар хамгаалалт болоод очиж байна гэхээр таны мөнгө өвлөгдөхгүй, яагаад гэхээр даатгалын үйлчилгээ байсан, хураамж байхгүй юу гэхээр яаж ч шүүхдээд тэр мөнгийг авч чадахгүй. Хоёрдугаарт, даатгал гэдэг үг орсноороо тухайн мөнгөн дээр хүү, өгөөж тооцогдох үүрэг хүлээхгүй болж байгаа юм. Гучин жилийн хугацаанд бидний нийгмийн даатгалд хуримтлуулж байгаа мөнгө тогтмол хүүгээр багаар өсдөг. Гэтэл эдийн засаг, инфляц нь ерээд оны үед үсрэлттэй явсан. Тэгэхээр бидний төлсөн мөнгөний өсөлт асар богино хугацаанд идэгдэж байгаа юм. Хувийн тэтгэврийн сан зөвхөн арилжааны банкинд бус Хөрөнгийн биржид очдог. Эргээд даатгалын салбар луу ордог ийм бүтээгдэхүүн байх ёстой гэлээ.
Х.Алтай:Тэтгэврийн сангийн хуримтлал эдийн засгийг хөгжүүлэх боломж бий болгоно
Хуримтлал бий болгодог тэтгэврийн сангийн ач холбогдлыг Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай ийнхүү онцоллоо.
-Монгол Улсад тэтгэврийн тогтолцооны шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл гэж нэрлэж байгаа боловч начир дээрээ энэ нь татвар болчихсон. 26 хувь дээр нэмж бид орлогын албан татвар төлж байгаа. Түүн дээрээ бид бараа үйлчилгээ худалдан авах болгондоо 10 хувийн НӨАТ төлдөг. Ингээд бид 40-50 хувийн татвар төлдөг. Нэлээд өндөр татвартай улс орон болчхоод байна. Үүнийг бид татвар гэхээсээ шимтгэл болгох шаардлагатай. Хөрөнгө оруулалтын сан болж, эдийн засгийг тэтгэгч хөрөнгийн зах зээл рүү орох учиртай. Хэд хэдэн улсын практикийг судалж үзсэн. Бидэнтэй ижил түвшнээс эхэлсэн Зүүн Европын зарим орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд, барууны орнуудын туршлагыг судалсан. Эндээс харахад улсын болон хувийн тэтгэврийн сан гэж байдаг боловч эцсийн дүндээ Хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Хувийн тэтгэврийн тогтолцоо зайлшгүй нэвтрүүлж, энэ нь Хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр явах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын сан бий болсноор Монголд дутагдаад байгаа урт хугацааны капитал бий болох боломжтой. Монголд байгаа хөрөнгийн боломж гэхээр банкинд явж байдаг хадгаламж байдаг. Энэ нь 3-12 сарын хугацаатай. Энэ ч утгаараа Монголд зээлийн хүү өндөр байдаг. Монгол харьцангуй залуу улс. Залуус ирээдүйн хуримтлалыг тэтгэврийн сангуудад бий болгосноор 20-30 жилийн хугацаатай хөрөнгө зах зээлд бий болно. Бизнесүүдэд шаардлагатай зээлийн хүүг бууруулснаар Монголын бизнесүүд хөгжих бололцоотой болно. Ирээдүйд хийж байгаа хуримтлалаараа дамжуулаад, тухайн хүн томоохон бизнесийн хувь эзэмшигч болж байгаа юм. Дотоодынхоо нөөц бололцоог ашиглаад, эдийн засгаа хөгжүүлэх үүд хаалга нээгдэнэ” гэв.
Г.Өнөрбаяр: Шилжилтийг үе шаттай хийнэ
ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Одоо бид хуваарилалтын тогтолцоотой. Хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу үе шаттайгаар оръё. ХНХЯ-нд ажлын хэсэг гараад, Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай хуулийн төсөл хийгээд, ерөнхийдөө бэлэн болж байгаа. Үүнийгээ санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээд, дараа нь иргэд олон нийтээр хэлэлцүүлнэ. Шууд өөр тогтолцоонд шилжихэд манай яам болгоомжтой хандаж байгаа. Яагаад гэхээр шууд шилжилт хийсэн зарим орнуудын Хувийн тэтгэврийн даатгалын сангууд нь хүндрээд, буцаад улсын тэтгэврийн сан руу орж байгаа. Хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо руу орохоор бодолтууд нь өөр болоод эхэлнэ. Одоо энгийнээр бодоход сая төгрөгийн тэтгэвэртэй хүн байлаа гэхэд цалингийн 45 хувь, ажилласан жилээсээ 1,5-аар нэмэгддэг бол хуваарилалтын тогтолцоо нь та улсад хэдэн төгрөгийн шимтгэл төлсөн, түүнийгээ дунджаар хэдэн жил наслах вэ, тэр хугацаандаа хуваарилаад, хүүгийн орлого нэмэгдэхээр одоогийн бодож байгаагаас бага тэтгэвэр ногдоно. Ийм магадлалтайг онцолж хэлье. Харин бид хувийн тэтгэврийн сангуудыг үе шаттай бий болгоод, энэ мөнгө хүмүүст өвлөгддөг байх ёстой гэж үзэж байна. Иргэдийн зүгээс ярьдаг нэг зүйл “Миний ээж, аавын насаараа төлсөн нийгмийн даатгалын шимтгэл хаана байна вэ? Аав маань тэтгэвэрт гараад нэг жил болоод нас барчихлаа. Насаараа шимтгэл төлсөн” гэдэг. Тэтгэвэр нь өвлөгддөг тогтолцоо руу орох нь шударга ёсны үүднээс зөв. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ мөнгийг ямар компанид хөрөнгө оруулж болохыг хуулиар заах ёстой гэсэн. Ийм ийм зэрэглэлийн компаниудад хөрөнгө оруулж болно гэдгийг хуулиар зохицуулбал иргэдэд хэрэгтэй“ гэж тайлбарласан.
Ч.Тунгалаг: Олон улс хуримтлалын тогтолцоонд шилжээд буцсан
Дэлхийн банкны нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Ч.Тунгалаг:
-Тэтгэврийн шинэчлэл хийсэн улсуудын туршлагыг харахад их олон үйл явдал болсон. Тогтолцооны мөн чанар талаас нь авч үзвэл хоёр өөр юм ярьж байгаа. Нэг нь эв санааны нэгдлийн зарчим буюу хуваарилалтын тогтолцоо гэж Монголд байгаа тогтолцоо. Нөгөө дэх нь хуримтлалын тогтолцоо буюу зах зээлийн зарчим руу ороод, хүмүүсийн төлсөн шимтгэл зах зээлд эргэлдэж өсөөд, тэтгэвэр болж очих зарчмын хоёр өөр тогтолцоо бий. Монгол эхнээсээ хуваарилалтын тогтолцоотой явж ирсэн. Өнөөдөр төлсөн шимтгэл төлөгчдийн мөнгө одоогийн тэтгэвэр авч байгаа хүмүүст очно. Дутууг нь төрөөс нөхдөг. Түүнээс биш манай нэрийн дансны тогтолцоо хийсвэр шүү дээ. Та ийм цалингаас ийм шимтгэл төлж байгаа, тэтгэвэрт гарахаар чинь ингэж тооцно гэсэн хийсвэр тогтолцоо болохоос биш бодитойгоор Тунгалаг гэдэг хүний мөнгө Тунгалаг гэдэг дансан дээр байхгүй. Ийм тэтгэврийн тогтолцоотой 120-130-аад улс байдаг. Эдгээрийн 70-75 хувь нь ийм л зарчимтай тогтолцоотой. Эндээс хуримтлалын тогтолцоо руу 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед шилжсэн 30-аад улсаас 18 улс нь буцсан. Болиогүй энэ тогтолцоогоор явж байгаа 12 улс бий. Хуримтлалын тогтолцоо руу шилжээд буцсан улсуудын олонх нь хуучин социалист системийн улсууд. Энд ард түмний хүлээж байсан үр дүн гараагүй. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь тогтолцооныхоо мөн чанартай холбоотой. Бүх хүний төлсөн шимтгэл нийлж сан болоод хөрөнгийн зах зээлд гарах нь байна. Хөрөнгө оруулалтын өгөөжөөс хамаарч сангийн мөнгө өсөх эсэх нь шийдэгддэг. Буцсан улсуудын жишгийг харахад хөрөнгийн зах зээлд олсон өгөөж нь дандаа хасах, Унгар, Польш гэх мэт гурван улсад л нэмэх байсан. Тэр нь дунджаар 2-3 хувийн өгөөжтэй байжээ. Өгөөж байхгүй бол мөнгө өсөхгүй, сангийн менежмент хийхэд маш их өртөг зардалтай. Хамгийн их тулгардаг асуудал нь одоогийн шимтгэл төлж байгаа хүмүүсийн шимтгэлийг сан болгоод, хөрөнгийн зах зээлд гаргалаа гэхэд нөгөө талд байгаа өнөөгийн тэтгэвэр авагч хүмүүсийн мөнгийг хаанаас төлөх вэ гэдэг асуудал гардаг. Улсын төсөвт маш их зардал гардаг. Тэр нь нэг, хоёр жилийн асуудал биш 40-50 жилийн асуудал байгаа юм. Энэ зардлыг даахгүй буцаж байгаа юм. Хамгийн өндөр нь Польшид ДНБ-ны 16 хувь хүртэл шилжилтийн зардал гарсан гэлээ.