Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ЦАГААН МОРИН ЖИЛИЙН ХУВЬСГАЛ

“Ардчилсан нам Ардчиллын төлөө тэмцэлд” Түүхэн товчооныг өгүүлсэн 5 боть ном тун удахгүй уншигчдын гар дээр очих гэж байна. Түүхэн товчооныг өгүүлсэн I боть эхнээсээ хэвлэлтээс гарсан байгаа бөгөөд тус I ботьд 1989-2000 оны үйл явдлыг өгүүлсэн ба тус номны ерөнхий редактороор түүхийн ухааны доктор (Ph.d), профессор, Монгол Улсын гавьяат багш Тогоочийн Лхагваа ажиллажээ.
“Ардчилсан замнал (Алдаа-Оноо, Сургамж-Сорилт)” түүхэн товчоон I боть номын Хоёрдугаар бүлэг “Цагаан морин жилийн хувьсгал 1” хэсгээс дор сийрүүлье

  1. Социалист системийн мөхөл

  1980-аад оны дунд үе гэхэд коммунист ертөнц дотоодын гүн хямралд орж, эрх баригчид нь социализмыг засан сайжруулах аянд мордов. Зөвлөлтөд “Өөрчлөн байгуулалт” эхлэв. Ю.В.Андропов ЗХУКН-ын дарга болж, ялзарч буй намаа сэхээх гэж оролдсон юм. Тэрбээр марксизмыг шинээр ойлгох замаар улстөрийн хүрээнд эрс шинэчлэл хийж эхлэв. 1982-1984 оны хооронд л гэхэд 18 сайд, бүгд найрамдах улс мужийн 37 нарийн бичгийн даргыг өөрчлөв. Зөвлөлт нийгэм хөдөлгөөнд орж, энэ нь М.С.Горбачёвын “өөрчлөн байгуулалт”-аар түрлэг нэмэв. “Өөрчлөн байгуулалт бол хувьсгал мөн” гэж М.С.Горбачёв тодорхойллоо. Өөрчлөлтийн давлагааг “Ил тод байдал”, (гласность) их шуурга болгон өдөөв. ЗХУКН-ын дарга өөрчлөлтөө улстөрийн тогтолцоог шинэчлэх замаар эдийн засгийн удирдлагыг бүрэн өөрчлөхийг эрмэлзэв. Тэрбээр “Өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ” гэх бүтээлдээ бүхнийг орвонгоор нь өөрчлөх боломжийг илэрхийлсэн байдаг ч үр дүн нь юунд хүрэхийг тооцож чадаагүй байлаа. “Өөрчлөн байгуулалт”-ын үр дүнд Зөвлөлт нийгэмд ардчиллын давлагаа бүхнийг хуйлруулан хамж, зөвлөлт засаглалыг халж, улстөрийн тогтолцоо задрах үйл явц идэвхжив. Социалист бүх орон өөрчлөлтөд хамрагдав. Европын социалист орны дотроос гүн хямралд идэгдсэнийхээ хэрээр Польшид шинэтгэх хөдөлгөөн илүү хурдацтай байлаа. Польш улс энэ үед 40 тэрбум америк долларын өрөнд унасан байв. “Эв санааны нэгдэл” гэх ардчилсан хөдөлгөөн 1989 онд явагдсан сонгуульд ялалт байгуулав. Гэвч ПАНН ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан нь байдлыг хурцатгаж задран унахад хүргэсэн бөгөөд шинээр байгуулагдсан Социал демократ нам удирдлагыг гартаа авсан юм.          

  Унгарт мөн л 1990 оны ардчилсан хувьсгалаар УАСН засаглах эрхээ алдаж, ардчилсан хүчин сонгуульд ялав. УАСН хэд хэдэн нам бүлэглэл болон задарч, Варшавын гэрээ, ЭЗХТЗ-өөс гараад ч байдал дээрдээгүй юм. 1990 оны сонгуулийн дараа Унгарт коммунистуудын оролцоогүй засгийн газар бүрдэв.

  Чехословакид хожим ч гэсэн ардчилсан хөдөлгөөн өрнөж, 1989 онд “Харти 77” хөдөлгөөнийг тойрон байгуулагдсан ардчилсан хүчний удирдагчдаас В.Хавел ерөнхийлөгч, А.Дубчек парламентын тэргүүн болов. ЧКН-ын дарангуйлал дуусав.
Болгарт 1989 оны эцсээр байгуулагдсан Болгарын ардчилсан холбоо тус оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнийг манлайлав. БКН социалист нам хэмээн нэрлэгдэн шинэчлэгдлээ хэмээн зарласан ч олон түмэн сөрөг хүчний удирдагч Ж.Желевийг дэмжиж засаглах эрх олгов. БКН дарга Т.Живковыг огцруулан, улмаар намаасаа хөөгөөд ч байдал дээрдээгүй юм. Гэхдээ хувьсал бусдыг бодвол харьцангуй тайван замаар өрнөсөн билээ.

  Болгарын ардчилагчид 1990 оны хавар олон намын системийн тухай хууль боловсруулан намын чиг үүргийг төрд шилжүүлэх зорилт дэвшүүлж, энэ нь хожим шинэ үндсэн хуулиар батламжлагджээ. 

  Румынд 1990 онд ардчилал ялав. 1989 оны эцсээр зэвсэгт хүчнүүдийн мөргөлдөөн газар авч, энэ хүрээнд РКН-ын удирдагч Н.Чаушеску эхнэрийн хамт хороогдож, РКН хориглогдов. 1990 оны хаврын сонгуулиар Улс үндсээ аврах фронт ялж, Социал-демократ нам болон төлөвшив. 

  Зүүн Герман буюу БНАГУ-д нөхцөл байдал бусдаас өөр өнгө аястай өрнөв. БНАГУ-ын удирдагч Э.Хонеккер “өөрчлөн байгуулалтыг” үл тоон коммунистуудын дарангуйлах эрхийг улам лавшруулахыг эрмэлзэв. Энэ хооронд байгуулагдсан “Шинэ форум” гэх зэрэг ардчилсан байгууллагууд эрх чөлөөг эрмэлзэж баруун германтай нэгдэх гэсэн ард түмний хүсэл зоригийг голлон илэрхийлэх болжээ. 

  БНАГУ-ын 40 жилийн ойг тэмдэглэж байхад гудамжинд жагсагчдыг цэрэг цагдаагийн хүчээр тараахдаа хүч хэрэглэн амь насанд нь халдав. Эрх баригчдын энэ тэнэг үйлдэл ГНСН-ын мөхлийг хурдасгаж, хоёр Герман нийлэх үйл явцыг түргэтгэв. Нийтийг хамарсан жагсаал цуглааныг зогсоох гэсэн эрх баригчдын хүч мөхөстөж, намын удирдлага бүрэн огцорч ГНСН тарав. Коммунист намын суурин дээр Ардчилсан социализмын нам байгуулагдав. 1990 оны хавар болсон парламентын сонгуулиар ард түмэн коммунистуудад ганц ч суудал өгөөгүйн адил шинээр байгуулагдсан засгийн газарт нэг ч коммунистыг багтаасангүй. Берлиний ханыг иргэд сайн дураараа нурааж, хоёр Герман нэгдэв. Э.Хонеккер нарын хуучин коммунист удирдагчид, генералуудыг шүүхэд татан ял оноов. 40 жил ноёрхсон Албаны удирдагч Э.Хожагийн залгамжлагч Алия гэгч Хөдөлмөрийн намаа Социал-демократ чиглэлтэй болгон, сөрөг хүчнээ ил ажиллахыг зөвшөөрсөн ч ардчилсан хүчнийхээ түрэлтийг хориглож чадаагүй юм. 1989 онд Румыны босогчдын тэмцлийн үр дүнд коммунист эрх баригчдын засаглах эрх мэдлийг ардчилсан хүчин авч Балканы хойгийн социалист орон Югославыг ардчиллын шуурга тойроогүй юм. Коммунист удирдагч өөд болсны (1980 он) дараа ЮКН дарангуйллаас зайлсхийх оролдлого хийв. Ерөнхийлөгчийн албан тушаалыг устган, холбооны БНУ, үндэсний тойрог, хязгаарын төлөөлөл ээлж дараалан нам төрийн эрх барих тогтолцоо бүрдүүлэв. 1989 онд олон намын систем тогтов. Югославын коммунистуудын холбоо задарч, улстөрийн олон нам байгуулагдав. 1989 онд Хорбат, Серб тусгаарласнаа зарлаж, Словен, Македон, улс болсноо тунхаглав. Югослав улс устаж, биеэ даасан улсууд үүссэн нь мөн л ардчилсан хөдөлгөөний үр дагавар байлаа.

  ЗХУ-д өрнөсөн ардчилсан өөрчлөлт түүний бүрэлдэхүүнд оршсон БНУ-уудыг хамарч эцэст нь ЗСБНХУ задарч, биеэ даасан улс болох замд хөтлөв. Вьетнам, Лаос, Куба, зэрэг буурайвтар хөгжил бүхий социалист орнуудад өөр өөрийн замаар социалист замаасаа ардчилал зах зээлийн харилцаанд шилжих үйл явц өрнөв. Хятадын коммунист нам 1980-аад оны дунд үеэс алдаа оноогоо цэгнэж нийгмийг удирдах шинэ зам сонгохдоо удирдан залуурдах эрхээ хянамгай лавшруулав. Тэдний удирдагчид 1989 онд Тянь-Миний талбай дээр үйлдсэн цуст яргаллаа ч улс үндэстнээ “нэгдмэл” байлгах шаардлагаар зөвтгөж байв. Зөвлөлтөд өрнөсөн социализмыг шинэтгэх уур амьсгалыг хамгийн урьд мэдэрч, онол суртахуунаа өөрчилсөн нь тэд юм. 

  ХКН эдийн засгийн “Нээлттэй бодлого” гэх стратеги, чиг шугамыг зарлахдаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн аргаасаа хөндийрч улс нийгэм, эдийн засагт үр ашигтай л бол бүгд социалист онолтой нийцнэ гэсэн прагматик үзлийг баримтлав. Коммунист удирдагч Дэн Сяо Пин 1985 оны аравдугаар сарын 23-нд Америкийн “Тайм” концерны ерөнхий редактор Г.А.Грюнволдын асуултад хариулахдаа: “Социализм, зах зээлийн эдийн засгийн хооронд зөрчил байхгүй. Учир нь ямар арга нийгмийн үйлдвэрлэх хүчнийг илүү үр ашигтай хөгжүүлж байна вэ? гэдэгт байгаа юм. Өнгөрсөн үед бид зөвхөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчмуудыг удирдлага болгож байсан. Гэвч олон жилийн практик дан ганц төлөвлөгөөт эдийн засгийг мөрдлөгө болгох нь тодорхой хэмжээгээр үйлдвэрлэх хүчний хөгжлийг хязгаарладаг болохыг нотолсон” гэжээ. “Нээлттэй бодлого” болон онол, аргын шинэчлэл гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийг сэргээв. Дэн Сяо Пиний “Нэг орны дотор хоёр өөр байгуулал байж болох тухай номлол” Гонконг, Аомыний асуудлыг шийдэх гарцыг нээв.

  Хятад, Зөвлөлтийн харилцаа М.С.Горбачёвын 1989 оны тавдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалаар хэвийн болов. Социалист ертөнцөд 1980-аад оны дунд үеэс өрнөсөн ардчилсан, төвөөс дайжих хөдөлгөөн эцсийн дүндээ марксист-ленинизмийн онол, коммунист үзэл суртал, коммунист нам, төвлөрсөн удирдлагын систем, социалист лагерийн мөхлөөр дууссан байна. Коммунист хөдөлгөөн, социалист орнуудын хувьд онол, арга зүй нь нэгдсэн суурьтай болох тул зөрчил, тэмцэл, хөгжлийн бэрхшээл, хямрал нь ч нэгдмэл шинжтэй, адил төстэй байв. Чухам ийм дээрээс ардчилсан хөдөлгөөний өрнөсөн хугацаа, тэмцлийн зорилго, арга хэлбэр нь ч адилтгах зүйл олонтой байжээ. Нэгэнт коммунист бодлого, социалист өөрчлөлтүүд мухардалд орсон нь шинэ гарц хайхад хүргэсэн бодит нөхцөл, ардчилсан хөдөлгөөний генератор болсон байна.

2. Ардчилсан хувьсгалын эхлэл

  1980-аад эцэс гэхэд Монголд хэлбэр талаасаа бүх зүйл болж, бүтэж байгаа мэт харагдаж байлаа. Үнэхээр ч 1911, 1921 оны хувьсгалын үетэй харьцуулахад өсч өндийн, нийгмийн шинэ дэвшилд хүрсэн юм. 1918 онд Монголоор аялсан Зөвлөлтийн анхны судлаач академич И.Майский дуртгал, судалгааны “Орчин үеийн Монгол”, “Хувьсгалын босгон дээрх Монгол” гэх хоёр бүтээлдээ тэр үеийн Монголын (Ар Монгол) хоцрогдсон байдлыг халаглан бичсэн байдаг. Тэр бээр 700 жилийн тэртээ Онон мөрний хөвөөнд түүдэг гал тойрон ертөнцийн хувь заяаг шийдэж байсан баатарлаг эрчүүд, гал цог нь бадарсан ард түмэн хааччихав. Их Чингисийн төрүүлсэн ард түмэн өдгөө нүдний гал нь унтарч, мухар сүсэгт автсан, өвчин зовлондоо баригдсан, амиа зогоох төдий оршиж байна гэж уулга алджээ. Гэвч Монголчууд өндийн босно гэж тэр зөгнөсөн байдаг. Энэ хооронд Монголчууд НҮБ-ын гишүүн болж, хэдэн арван улс орноор хүлээн зөвшөөрүүлжээ. 

  Монголд “Социализм” байгуулж, ЭЗХТЗ гэх коммунист орнуудын эдийн засгийн хамтын эвсэлд нэгдсэн, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон улсын байгууллагад идэвхтэй оролцдог болсон байв. Гэтэл улс орны хөгжил, дотоод амьдралд шийдэж чадахгүй асуудал хуримтлагдаж, үнэндээ мухардалд орсон байлаа. Энэхүү хямралт байдлыг давахын тулд эрх баригч МАХН-аас улстөрийн санаачилга гаргасан бөгөөд үүнийг “Өөрчлөн байгуулалт” (перестройка) хэмээн нэрлэх болов. Уг өөрчлөлт үнэндээ Зөвлөлтийн удирдагч С.М.Горбачёвын өрнүүлсэн өөрчлөн байгуулалтын ядмагхан хувилбар төдий байсан юм. Хэт төвлөрүүлсэн тогтолцоог халах, эдийн засгийн үр ашиг дотоод чадамжаа дээшлүүлэхийг оролдов. Ингээд асуудлыг шийдэхгүй нь тодорхой болж эхлэв. Марксизм-ленинизм гэх улстөрийн албадлагын хүлээс болсон онол номлолыг халж, системийн дорвитой өөрчлөлт хийх нь нийгмийн шаардлага болж тавигдав. МАХН-ын Төв хороо 1988,1989 онд (V,VI бүгд хурал) бүгд хурлаараа өөрчлөн байгуулалтыг зарлан, хэрэгжүүлэх гэж оролдсон ч нийгмийн зөрчил хурцадсаар байв. 1988 оны бүгд хурал дээр МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх: “Эдийн засаг, улс төрийн систем, нийгэм оюун санааны хүрээг бүхэлд нь хамарсан өөрчлөлт хийх нь нам, ард түмний хойшлуулшгүй зорилт болж байна” гэж мэдэгдэв. Тус бүгд хурлаар дэвшүүлсэн нэгэн чухал санаачилга нь ил тод байдлын үзэл санаа юм. Энэ нь марксизм-ленинизмээ “бүтээлчээр” авч хэрэглэх санаагаар хязгаарлагдаж байсан болохоос халах ойлголтыг агуулаагүй юм. Харин ил тод байдал нийгэмд болох бүтэхгүй зүйлийг боломжийн өргөн дэлгэр хэлэлцэх, арай чөлөөтэй үгээ хэлэх, хэвлэж нийтлэх боломжийг нээж өгсөн юм. 

  1930-аад оны улстөрийн хэлмэгдлийн үнэнийг дээрх бүгд хурлаар хүлээн зөвшөөрсөн нь түүхийн үнэнийг сэргээх, хориотой сэдвүүдийг хөндөн тавих боломж олгов. Хүн амын дунд МАХН-ын үүрэг хариуцлагын талаар ноцтой яригдах болж, сэхээтэн залуучуудын дунд ширүүн мэтгэлцээн өрнөв. Монголын хүн ам сүүлийн хэдэн арван жилд илт залуужиж 15-39 насныхан хүн амын 18-39 хувийг эзэлж байв. Хэлэлцүүлэг түүхийн сэдвээс нэгэнт хальж, МАХН-ын “Удирдан чиглүүлэх роль” гэдгийг устгах, намыг, өөрийг нь шинэчлэх шаардлагыг дэвшүүлэв. Урлаг, соёл, шинжлэх ухааны салбарын сэхээтнүүд хуучин системийг даруухан шүүмжлэхдээ ихэнхдээ хуучныг засч сайжруулах өнгө оруулдаг байв. Сэхээрэл МАХН-ын доторх шинэчлэх хүчинд тод ажиглагдаж, харин намын төв удирдлага хөшүүн хойрго, магадгүй үйл явцын өрнөлийг үл ойлгосон байдалтай байв. Энэ үед Зөвлөлтийн хяналт үгүй болсон тул нам бие даан анх удаа улстөрийн ноцтой шийдэл гаргах заагт тулж ирэв. Монголд үзүүлдэг Зөвлөлтийн тусламж нэгэнт байхгүй болж, энэ хэрээр улс орны эдийн засаг ч туйлдав. Эдийн засаг нийгмийг удирдах социалист онол чадамжаа шавхах энэ агшинд МАХН-ын удирдан чиглүүлэх тамир тэнхээ тасарч байлаа. Гэтэл МАХНыг халж улс орныг аваад явах улстөрийн хүч илт үгүйлэгдэж эхлэв.

Ардчилсан өрнөлийн даруухан эхлэл

  “Ил тод байдал” хот хөдөөд нийгэм, улстөрийн асуудлыг өргөн дэлгэр шүүн хэлэлцэхэд түлхэц үзүүлэв. Ингэхдээ урлаг, соёл, боловсрол шинжлэх ухааны салбарынхан, онцолбол сэтгүүлчдийн дунд халуун сэдвээр санал солилцох нь илт элбэгшив. Төв орон нутгийн сонин сэтгүүлүүд тухайлбал, “Үнэн”, “Хөдөлмөр”, “Улаан од” сонин, “Намын амьдрал” сэтгүүл ил тод байдлын индэр болж байв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com