“Цахилгаан тээвэр” компанид ажиллаж байсан инженерүүд “Мон-30” цахилгаан автобусны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Монгол машин байгууламж” компанийн үйлдвэрийн дарга С.Болдсайхан “Бид цахилгаан тээврийн анхны троллейбусыг 2006 онд үйлдвэрлэж байсан. Энэ хугацаанд 80 гаруй цахилгаан тэрэг үйлдвэрлэсэн. ОХУ, Казакстан руу экспортолж байсан түүхтэй. Энэ нь Монгол инженерүүд бүтээн байгуулалт хийж чаддагийн баталгаа гэж би харж байна.
2016 онд нийтийн тээврийн компаниудыг нэгтгэсэн. “Цахилгаан тээвэр” буюу үйлдвэрлэлийн бааз, суурь үүсчихсэн байсан компанийг нийтийн тээврийн чиглэлийнх болгож өөрчилсөн. Зураг техник, судалгаа, үйлдвэр, засварын том баг, хамт олныг тарааж хувийн хэвшил рүү явахаас өөр аргагүй болгосон.
Бидэнд улс орныхоо нийтийн тээврийн хэрэгцээг бүрэн хангах боломж бий. Манай хамт олон агаарын бохирдол бууруулах ажлын хүрээнд хоёр цахилгаан автобус үйлдвэрлэсэн. Бид үүнд анхаарлаа хандуулан хичээж ажилласан.
Монголчууд бид өөрсдийн татвараараа цуглуулсан мөнгөө гаднынханд өгөөд байхаар улс орон яаж хөгжих вэ. Монголын сэхээтнүүдтэйгээ хамтран ажиллахыг төр засгаасаа хүсмээр байна. Монголчууд маань нэгнээ дэмжих сэтгэлгээтэй болмоор байна. Хүн хэдий их шүүмжилнэ төдий чинээ тэр хүний ажлын бүтээмж буурдаг гэх судалгааны үр дүн ч байдаг” гэсэн юм.
“Монгол машин байгууламж” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Монголдоо үйлдвэрлэсэн хоёр цахилгаан автобусны талаар олон яриа гарсан. Мон-30 автобусыг анх утааг багасгах, нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотойгоор гэрээ байгуулж угсарсан. Өвөл, зун, хавар туршилт судалгаа хийж шалган баталгаажуулж байсан. Үүнтэй холбогдох бичиг баримтууд нь бий.
Мөн тус автобуснуудыг D ангилалтай жолооч барьж байна. Цахилгаан автобус ашиглалтын зөвлөгөө, сургалтад хамрагдсан жолооч л барих хэрэгтэй. Бид тодорхой зориулалтын дагуу тус автобусуудыг үйлчилгээнд явуулах зөвлөмжийг ашиглагч тал болох “Автобус-3” компанид өгч байсан.
Найман градусаас ихгүй өгсүүр замд ашиглах. Үүнд хотын төвийн Ч:1 гэх чиглэл орно. Цахилгаан автобус учир 5-10 градусын дулаан газар хадгалах шаардлагатай. Ашиглагч тал болох компани зөвлөмжийн дагуу ажиллахгүй байгаа учраас ашиглалтын горим алдагдсан.
Монгол инженерүүд хийж бүтээж чадна. Гаднын улс орон руу явж, гэр бүлээсээ хол хүний нутагт ажилламааргүй байна. Гарц шийдлээ хайх хэрэгтэй байна. Бид ухрахгүй урагшаа л явна” гэлээ.
“Цахилгаан тээвэр” компанийн үйлдвэр угсралтын даргаар ажиллаж байсан Болд хэлэхдээ “Олон хүнийг улс төрийн шалтгаанаар ажлаас халсан. Миний бие үүний нэг хэсэг болсон. Бидний үйлдвэрлэсэн автобус, тарлебус одоо ч явж байна.Гаднын улсын эдийн засгийг дэмжихгүй, эх орныхоо ирээдүйн төлөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжих шаардлагатай байна. Гэж хэллээ.
“Цахилгаан тээвэр” компанид зураг тооцооллын инженерээр ажиллаж байсан Нямдэмбэрэл “Монгол Улсад автомашины үйлдвэрлэл үүсээд 13 жил болж байна. 2012 онд автомашин үйлдвэрлэгч хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж эрхээ авч байсан. Бид хэн нэгний ашиг сонирхлын төлөө бус өөрсдийн хүсэл сонирхол, ирээдүйн төлөө хөдөлмөрлөж байна.
Монгол Улс жилдээ 20 тэрбум төгрөгөөр металл хийц худалдаж авдаг. Цахилгаан тээвэр бол шатахуунаа 100 хувь импортоор авдаг улсын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой.
Нийгэмд түгээд буй сөрөг мэдээлэл бол үндэсний үйлдвэрлэлээ харлуулах гэсэн зарим нэг хүмүүсийн явуулга. Монгол автобусыг дулаан газар цэнэглэх ёстой. Тэгэхэд гадаа цэнэглэж байна.
Монгол залуучууд эх орондоо ажилтай, орлоготой амьдармаар байна. Монгол инженерүүд хэзээ ч ухрахгүй” гэсэн ард түмэн минь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй гэж уриалсан юм.