Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-наас СХД, БГД, ХУД, БЗД, ЧД, СБД-ийн ерөнхий боловсролын 29 сургуулийн хоёроос тавдугаар ангийн сурагчдыг 33 чиглэлд 40 автобусаар тээвэрлэж эхэлсэн юм. Хэрэгжиж эхлээд хоёр долоо хоног болж байгаа тус ажлын талаар НЗДТГ-ын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Бага ангийн хүүхдүүдийг тээвэрлэх сургуулийн автобусыг туршилтаар явуулж эхэлснээс хойш хагас сар орчим болж байна. Энэ ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, өдөрт 500 гаруй мянган машин замын хөтөлгөөнд оролцдог гэсэн судалгаа бий. Нөгөөтэйгүүр авто замын түгжрэлд сурагчдыг зөөх нь авто машинуудад нэлээдгүй ачаалал өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж байна. Эхний ээлжинд Ерөнхий боловсролын 29 сургуулийн хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар 40 автобусаар тээвэрлэх ажил амжилттай хэрэгжиж байна. Эхний өдөр 1900 орчим сурагч үйлчлүүлсэн бол одоо таван мянга гаруй хүүхэд үйлчлүүлж байна. Цаашид ч эрэлт нэмэгдэх хандлагатай байна.
-Ямар судалгааны үндсэн дээр уг ажлыг хийх санаачилга гаргасан юм бол?
-Уг ажлыг хоёр жилийн турш явуулсан судалгаанд үндэслэж хэрэгжүүлж байгаа ажил. Өнгөрсөн хичээлийн жил Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС-ийн 241 сургуульд 264 мянган сурагч суралцаж байсан. Сурагчдын улирлын амралт болох үеэр авто замын ачаалал эрс буурдаг. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай нийслэл хотын замын ачаалал шууд холбоотой байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс дээр дурдсан 264 мянган сурагчдын зорчилтын судалгааг хоёр жил дараалан хийсэн. Жилээс жилд нийслэл хотын тээврийн хэрэгслийн тоо өссөн. Энэ чинээгээр хүүхдээ хувийн тээврийн хэрэгслээр зөөдөг иргэдийн тоо өсч байгаа нь авто замын ачааллыг нэмэгдүүлдэг. Тиймээс ийнхүү төвийн зургаан дүүргийн ЕБС-ийн 2-5 дугаар ангийн сурагчдыг сургуулийн нэгдсэн автобусаар тээвэрлэж байна. Энэ ажил нь дан ганц түгжрэлийг бууруулаад зогсохгүй эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх, сурагчид унаа тэрэг олдохгүй даарч хөрөх, сургуулиасаа хоцрох гэх мэтчлэн олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
-Хотын төвөөс алслагдсан гэр хорооллын зарим хүүхдүүдийн хувьд сургууль руугаа 2-3 километр газар алхаж очдог. Эдгээр хүүхдүүдэд сургуулийн автобус хүрч үйлчилж чадаж байна уу?
-Хотын төвөөс алслагдсан, ерөнхий боловсролын 12 сургуульд 14 автобус явуулж байгаа бол, нийслэл хотын авто замын хөдөлгөөнд нөлөөлөл бүхий 17 сургуульд 26 автобусыг явуулж байна.Тиймээс гэр болон сургуулийнхаа хооронд олон километр алхаж ирдэг сурагчдын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Хэдийгээр энэ ажил хэрэгжээд хоёр долоо хоног орчим болж байгаа боловч эрэлт хэрэгцээ их байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал 45 хүүхэд тээвэрлэх зориулалтын автобусанд 60-аас дээш тооны хүүхэд зорчих байдал харагдаж байна. Шинээр хэрэгжүүлж байгаа учраас цаашид засч, сайжруулах асуудал олон гарч байна.Тухайлбал, автобуснуудаа хүүхдийн автобусны зориулалтаар тоноглох, суудлын тоог нэмэх, зарим нэг автобус нь нийтийн тээвэрт явж байсан автобуснуудыг шууд татан төвлөрүүлсэн учраас хүйтэн, камер бүрэн бус гэх мэт асуудал тулгарч байна.Тиймээс энэ тал дээр анхаарах, буудлуудаа чанга яригчаар зарлах гэх мэт үйчилгээгээ сайжруулах шаардлага бий.
-Энэ оны төсөвт сургуулийн автобусны зардлыг тусгаагүй байсан учраас санхүүгийн асуудал хүндрэлтэй байгаа байх. Энэ ажилд хэчнээн төгрөг төсөвлөсөн байгаа вэ?
-Эхний ээлжийн туршилтын хүрээнд гарах бүх зардлыг нийслэлийн санхүүжилтээр хийж байна. Цаашид энэ ажил үр дүнгээ өгөөд тогтмол хийгдэх тохиолдолд жил бүр нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгаад явах төлөвлөгөөтэй байгаа. Нийслэлээс чамлахааргүй санхүүжилт гарч байгаа. Нийт 40 автобусны шатахууны зардал, жолоочийн цалин, НДШ, зохицуулагчийн цалин гэх мэт.
-Туршилтаар хэрэгжиж байгаа ч гэсэн иргэд энэ ажлыг дэмжиж байна. Гэвч яагаад зөвхөн бага ангийн сурагчдыг зөөхөөр болов, дунд ангийн сурагчдыг хамруулах боломж бий юү?
-Эхний ээлжинд бид туршилтаар бага ангийхныг явуулж эхэлж байна. Энэ ажил нь нийслэлийн төсөвт суусан ажил биш учраас санхүүжилтыг зохицуулж, аль болох хүүхдүүдэд хүртээмжтэй ажиллах талаар анхаарч байна. Хэдийгээр 2-5 дугаар ангийн хүүхдүүд гэсэн боловч зарим тохиолдолд ах, эгч нь дүүгээ хүргэж өгдөг болохоор дунд ангийн хүүхдүүд сургуулийн автобусаар зорчих тохиолдол гарч байна.
-Хүүхэд бүрийг сургуулийн автобусаар зорчих карт, ухаалаг чиптэй болгож байгаа гэсэн. Энэ ажлын үр дүнг юу гэж харж байгаа вэ?
-Нийслэлийн мэдээлэл технологийн газарт энэ ажлыг хариуцаж ажиллахыг үүрэг болгосон. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хийж байгаа ажил. Хүүхэд сургуулийн автобусанд суугаад картаа уншуулах үед эцэг эхийн гар утсанд мэдээлэл нь очих юм. Үүний үр дүнд эцэг эхчүүд хүүхдээ хэдэн минутын дараа автобусны буудлаас тосч авах цагаа тооцоолох боломжтой болно. Хүүхэд зохицуулагч гараас гарт зарчмын дагуу тухайн хүүхдийг суух, буух үед нь эцэг эх, асран хамгаалагчаас нь хүлээн авч, хүлээлгэн өгөх юм.
-Эцэг эхчүүд хүүхдээ цагтаа өгч, аваагүйгээс үүдэж хүндрэл гарч байна уу?
-Сургуулийн автобусаар хүүхдээ явуулах хүсэлтэй эцэг эхтэй сургуулийн захиргаа гэрээ байгуулж байгаа. Мөн сургуулийн захиргаа хүүхэд зохицуулагчтэй гэрээ хийж ажиллаж байгаа. Тиймээс гэрээнд заасны дагуу эцэг эхчүүд хүүхдээ өдөр нь автобусны буудал дээр хүргэж ирэх, орой нь хүлээж авах үүрэг хүлээж байгаа. Гэсэн хэдий ч ялангуяа хичээл тарсны дараа хүүхдээ ирж авахдаа хоцрох тохиолдол гарч байгаа нь олон хүний ажилд хүндрэл учруулдаг. Тиймээс удаа дараа ийм тохиолдол гаргасан эцэг эхчүүдийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авч болзошгүй.