Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Баасандаш: Хэрвээ Ю.Цэдэнбал Улаанбаатарт ирдэг сэн бол хаана ирээд байгаагаа туслахаасаа дахин дахин асуух болно
1990 оны ардчилсан хувьсгалын анхдагчдын  нэг,  АН-ын ахмад гишүүн Жамцайн Баасандаштай ярилцлаа.  
-Та өөрийгөө уншигчдад танилцуулаач?
-Миний удам судар хүн төрөл олсон унаган нутаг, Сутай хайрхнаа сүслэн дээдэлдэг баруун Алтайн Олхонуд овогтон. Монголчууд дэлхийн талыг байлдан дагуулж байсан болохоор утга санаа нь ихэд гүнзгийрэн баяжсан эх хэлээ хагас дутуу гадарладаг, “санхүү-эдийн засагч мэргэжилтэй” гэж бичсэн тамгатай цаастай, шатар наадах сонирхолтой. Цагаан морин жилийн их хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа энэ үед журмын нөхөдтэйгөө санал, сэтгэгдлээ хуваалцах бололцоо олгосонд баярлалаа. 
-Та 1990 оны тэмцэл, хөдөлгөөнд яагаад оролцох болов?
-Аль 80-аад оны дундуур энд тэнд залуучууд зохион байгуулалтад орж эхэлсэн юм. Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байсан бидний хэсэг залуучууд 1985 оны намар “Залуу эдийн засагчдын клуб” байгуулан ажиллуулж 1921 оны ардын хувьсгал, МАХН-ын үйл ажиллагаа, их хэлмэгдүүлэлт, нэгдэлжүүлэлт, их өр, ЗХУ-д өрнөж буй өөрчлөн байгуулалт, марксист үзэл суртал зэрэг өргөн сэдвүүдээр ярилцдаг байв. Ийнхүү цагаан морин жилтэй золгосон. Товчхон хэлэхэд бид зохих хэмжээний мэдээлэлтэй болсон байлаа.
1989 оны арванхоёрдугаар сард нөхдийн хамт үндэсний дэвшил, хөгжлийн үзэл санааг хураангуйлан илэрхийлсэн “Тэмцэхийн учир”  хэмээх улс төрийн баримт бичгийг боловсруулж, хувийг нь МАХН-ын Төв хороо, СнЗ, НАХЯ-нд тус тус хүргүүлж байлаа. Зорилгоо ийнхүү томьёолсны дараа зорилгодоо хүрэх арга замаа олох чухал байлаа. Хамтдаа ярилцсаны үндсэн дээр улс төрчид, шинэ, залуу нам хүчнүүд эв эеэ нэгтгэх шаардлагыг үндэслэн 1990 онд МҮДН-ыг, 1992 онд МҮАН-ыг, 2000 онд  АН-ыг байгуулахад  оролцож, эдгээр намуудын удирдах бүрэлдэхүүнд байнга ажиллаж ирсэн. Ийнхүү улс төрийн тэмцэлд татагдан орсон доо.
-Хийсэн  ажлынхаа гол үр дүнг нэг үгээр илэрхийл гэвэл та юу хэлэх вэ?
 -Хариултыг нэг үгэнд багтаах боломжгүй. Товчоор хэлэхэд 1990 онд ардчилсан хүчин хэмээн нэрлэгдэж, ачааны хүндийг нуруундаа үүрч, хүнд ширүүн тэмцлийн аралд орж, түүчээлэн зүтгэсэн Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын оюутны холбооны гишүүд, дэмжигчид  ардчилсан Монгол Улсыг бүтээн байгуулсан юм шүү. Энэ бол нийгмийн байгууллыг сууриар нь эргүүлсан их хувьсгал байлаа. Эдгээр улс төрийн  уран дархчууд өнөөдөр цөмөөрөө Ардчилсан нам, хүчнийг бүрдүүлсээр байгаа. Тиймийн учир миний итгэл үнэмшлээрээ нэгдэн орсон  Ардчилсан намын түүх 2000 оноор хязгаарлагдахгүй.
-1990-ээд онд  хувьсгал болоогүй, юу ч мэдэхгүй хэдэн баньд нийгмийг элгээр нь хэвтүүллээ гэж л их сонсогддог байсан, одоо эргэж харахад танд юу бодогдож байна даа?
-1990 онд өрнөсөн онцгой үйл явдлыг хүнд ширүүн тэмцлийн үр дүнд бүтээгдсэн “нийгмийн хувьсгал” байсан гэж сая хэлсэн. Энэ үгийн утга санааны талаар  олон түмэнтэйгээ ярилцаж,  бодитой ойлголтод хүрэх шаардлагатай юм байна даа гэж боддог. 
Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольд “хувьсгал” гэдэг нь “хувьсах явдал”, харин “хувьсах явдал” гэдэг нь “хувьсах үйлийн нэр” хэмээн тайлбарлажээ. Эндээс нийгмийн хувьсгал бол нийгэм хувьсах, өөрчлөгдөх үйл явц гэдгийг харж болно. 1990 оны үйл явдал нийгмийн хувьсгал байсан уу,  юу өөрчлөгдсөн бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигддаг. Эргээд санацгаая.
Бид зөвхөн эрх баригч нам л бүхнийг шийддэг, бие биеэ алж талж хөгжих “ангийн тэмцлийн онол”-д захирагддаг,  хувийн өмчтэй, хөрөнгөтэй бүх хүнийг дайснаа хэмээн хөнөөдөг Марксист-Ленинист номлолыг таягдан хаясан. Өнөөдөр хэрвээ Ю.Цэдэнбал Монголд, Улаанбаатарт эргээд ирдэг сэн бол хаана ирээд байгаагаа туслахаасаа дахин, дахин асуух болно. Нийгэм хувьсан өөрчлөгджээ. Одоо мал сүргээ нийгэмчилье, хувийн орон сууц, машин техникийг төр хурааж авъя, хувийн үйлдвэрлэл аж ахуй эрхлэхийг бүрэн хориглоё, иргэдээ гадаад дотоодод явуулахыг зогсооё гэвэл ийм үг хэлсэн хүнийг галзуу солиотой амьтан гэх байх. Сонголт хийгджээ.
-Эрх баригч МАН-ын зарим  төлөөлөгч  “Ардчилсан хувьсгалыг манай нам санаачилсан, эхлүүлсэн, ялалтад хүргэсэн” гэсэн утгатай зүйлийг  ярих болсон. 1990-ээд онд төр, засгийн эрхийг дангаараа атгаж байсан МАН санаачилга гаргаагүй бол энэ том ажил бүтэх байсан уу?
 -Таны асуултын хариу энгийн бөгөөд тодорхой. 1990-ээд он хүртэл эрх баригч МАХН  Монгол орноо хөгжил дэвшилд хүргэсэн, тусгаар тогтнуулсан, иргэдээ жаргааж байгаа хэмээдэг байсан. “Уудам Монгол орноо улаан нар шиг гийгүүлсэн, удирдах их намаа уянгат дуундаа магтъя” хэмээн хоолой нийлүүлж байсан.  Хэрвээ ХУ нам ийм гайхамшиг бүтээсэн юм бол яагаад 1990 онд заавал орвонгоор нь эргүүлж, хувьсгал хийх шаардлагатай болсон юм бэ?
Болж бүтэж байгаагаа  задалж, нураах зайлшгүй шаардлага ХУ намын хувьд юу байв гэсэн асуулт аяндаа гарна. Энэ бол ХУ нам ардчилсан хувьсгалыг санаачлаагүйг илэрхийлэх логик дүгнэлт юм. Энэ дүгнэлтийг баримтаар баталгаажуулах нь зүйтэй. Тухайлбал:
 -Сүхбаатарын талбайд улс төрийн тэмцэл, хөдөлгөөн өрнөж байх үед БНХАУ-ын Элчин сайдын яамны урд талд, дээрээ дөрвөлжин антен бүхий ногоон өнгөтэй машин байнга зогсдог (хожим сонсвол энэ машинд байрлуулсан, 30 км-ийн радиуст хяналт тогтоох чадалтай техник, хэрэгслийг ашиглан тагнадаг, чагнадаг байсан гэдэг) байлаа;
 -Тэр үед, нэгэн өглөө төрийн ордны нэгдүгээр давхарт 500 орчим элдэв хувцастай залуучууд байж байгаад гэнэт алга болсон (төрийн ордон, дотоод яам хоёрыг хооронд нь газар доогуур холбосон нууц хонгил байдаг гэнэ лээ) тухай ордонд ажиллаж байсан хүмүүс ярьдаг;
 -Улс төрийн өлсгөлөнгийн үеэр Сүхбаатарын талбайг “цэвэрлэх”, үүний тулд тус талбайг дөрвөн талаас нь бүслэн дайрах үүрэг авсан Хилийн цэргийн ангиуд Төв стадион, Ногооннуурын орчим, Ялалтын талбайн өмнө, нэгдүгээр хорооллын замд тус тус байрлаж байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд  оржээ;
 -Нийслэлд онц байдал тогтоох тухай АИХ-ын зарлиг бэлтгэгдэж зөвхөн Ж.Батмөнх дарга гарын үсэг зурах дутуу, тус зарлигийг яаралтай гаргах нь зүйтэй гэж Б.Дэжид, Б.Алтангэрэл, П.Дамдин, Л.Лантуу нар үзэж байжээ (Лантуу гуайн айлдсан шиг “огцоръё” хэмээн УТТ-ны бүх гишүүд ярс хийтэл гар өргөөгүй); 
 -Дүүргүүдийн эрүүлжүүлэх байр, ганц худгийн шоронгийн зарим камерыг суллаж бэлтгэсэн байжээ;
 -Жагсаал цуглаанд оролцсон дэмжсэн хүмүүсийг ажлаас халах, гадуурхах явдал хавтгайрсан байлаа;
 -Эвсэл холбоодын удирдагчдыг нэг бүрчлэн бүртгэж тэднийг гэмт хэрэгтнүүд, хулигаанууд, төр засгийн эрх мэдлийг булаан авахыг санаархагчид хэмээн МАХН-ын намын үүр, хороодод “анхааруулга”, “сэрэмжлүүлэг” тараасан байв;
 -Эвсэл холбоодын дотор тагнуул, туршуул шургалуулан тэднийг дотроос нь хагалан бутаргах, үйл ажиллагааг нь хянах сүлжээ тогтоон ажиллуулжээ.
 -Эвсэл холбоодын төлөөлөгчдийг хөдөлмөрчидтэй уулзах, орон нутагт ажиллах үед гэрэл цахилгааныг зарим аймаг, сумдад зориуд тасалж, зочид буудал, нийтийн хоолны газруудыг хааж, хариуцаж ажиллуулдаг хүмүүст нь түлхүүрээ аваад нуугдах үүрэг, даалгавар өгч байв. Иргэдтэй уулзах өрөө, тасалгаа олдохгүйн улмаас уулын судаг, жалганд хүртэл уулзалт цуглаан хийж байжээ. Жишээлбэл Говь-Алтай аймгийн Бугат суманд ийм явдал болж байсан. Ийм ажил хийж байгаа нам 1990 оны ардчилсан хувьсгалыг санаачилсан, эхлүүлсэн байж болох уу гээд бодоод үзэцгээ.
-Ардчилсан хувьсгалын явц удаан, сөрөг үр дагавар их байна гэж иргэд шүүмжилдэг. Энэ талаар та ямар бодолтой байна даа?
-Би ийм үзэл бодолтой хүмүүстэй санал нэгдэхгүй байгаа. Нийгэм бие  хүмүүсээс бүрддэг. Хүний амьдралын түүх бол нийгмийн түүх. Би нэг харьцуулалт хийж эргэцүүлэн бодох их дуртай. Дөнгөж төрсөн нялх хүүхэд эцэг, эхийн асрамжгүйгээр хүн болж яагаад ч чадахгүй. Хал үзэж, хашир суугаагүй бага балчир насандаа хүн гэнэн итгэмтгий, алдаатай оноотой байдаг шүү дээ. Та ч, би ч ялгаагүй тийм л байцгаасан. Нялхсын эндэгдэл аль нийгэмд ч байж таарна. Харин нийгэмд нэгэнт байр сууриа эзэлж хамгаалалтад орсон “хашир хайдгайнууд” бол алдах эрхгүй. Гэтэл “хашир хайдгайнууд” ардчилсан хувьсгалын хамгийн халгаатай, хамгийн хор хөнөөлтэй, дээрдэх дэвшихийг тагласан бул хар чулуу болчхоод байна. Үүнийг ЖДҮ-ийн хэрэг, олноор нь дампууруулсан хадгаламж зээлийн хоршооны болон арилжааны банкуудын хэрэг, үндэсний баялгаа цөлмөж оффшор бүсэд нуумагласан луйварчдын хэрэг, албан тушаалтнуудын эх захгүй шалиглал завхайрал, улс орноо саарал жагсаалтад оруулсан шившиг гэх мэтээр цааш хөврөх гэмт хэргүүд нотолно.
-Цаашдаа яах вэ, улс орон маань мухардалд орчихоод байгаа биш үү?
-Өнөөдөр удирдан зохион байруулах эрх мэдлийн төвлөрөл, захиран тушаах коммунист арга барил эвдрээгүй төдийгүй ардчиллын баг өмсөн улам бэхжиж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрээр төвлөрлийг улам бэхжүүлэв. 1990 онд МАХН-ын УТТ-г огцруулсан нь хүнд суртлын мөсөн уулын далд хэсгийг улам томруулжээ. Нийгмийн амьд бие организмд өвчин тусч улам бүр хүндэрч байна. Өвчний шинж тэмдгүүдийг сая өнгөц дурдлаа. Би Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд  хийсэн олон жилийн судалгаандаа үндэслэн үүнийг хэлж байна. Одоо өвчтөнд эмчилгээ хэрэгтэй. Тэгэхгүй бол организм үхэж мөхнө. Эмчилгээ удаан, шаналгаатай байж магад. Эмчилгээний арга нь өвчлөлийн явцаас шалтгаалана.
-Одоо Монгол ардын нам, Ардчилсан нам хоёр ялгарах зүйлгүй, итгэл даах чадваргүй болсон гэж ярих хүн олон боллоо. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Иймэрхүү үгийг ардчилалд хайртай хүн хэлэхгүй болов уу. Нөгөө талаар Ардчилсан нам эрх баригч нам биш гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Төр биеэ үнэлэх 60 тэрбумын схем мэтийг зохиож хэрэгжүүлэхэд Ардчилсан нам оролцох боломжгүй. Манай нам нийт гишүүдийнхээ олонхын дэмжлэг авсан хүнээр намаа удирдуулах,  асуудлаа бие даан шийдвэрлэх эрх мэдлийг намын анхан, дунд шатны байгууллагууддаа олгох, нийгмийн хөгжил дэвшлийн чиг хандлага хэрэгцээ, улс төрийн сэтгэлгээний ололт, амжилттай уялдуулан үзэл баримтлал, үйл ажиллагаагаа  шинэчлэх зэрэг зоримог ажиллагаа явуулсаар байгаа. Адармаатай олон асуудлыг манай нам шийдвэрлэдэг, ард нь сүүдэрлэж үлдсэн ХУ нам нааштай үр шимийг нь хүртэж суудаг шүү дээ. Ардчилсан намтай хамт нийгмийг шинэчлэгчид, дэвшилтэт үзэлтнүүд, улс төрийн элитүүд, ардчилсан хүчин зогсч байгаа, ардчилсан хүчний бие бүрэлдэхүүн ачаа даах биеийн болоод сэтгэлийн тэнхээтэй, бэрхшээлийг сөгдөж биш сөрж гардаг, хэрэгцээтэй үед эвлэрч чаддаг хүмүүс. Хэдийгээр манай нам 10 гаруй нам хүчний нэгдэл боловч өнөөдөр улс төрийн тавцанд хамгийн хүчирхэг байгаагийн нууц нь үүнд оршино.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com