Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулгатай Ардчиллын 30 жилийн ойн сэдвээр уулзаж ярилцлаа.
-Монголчууд ардчилсан нийгэмтэй золгоод 30 жилийг үджээ. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх их ажлыг АН удирдан зохион байгуулж байна. Эдүгээс 30 жилийн өмнөх тэр өдрийг эргэн дурсвал ямар вэ?
-Яг одоогоос 30 жилийн өмнө буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хуучнаар Залуучуудын соёлын ордны өмнө анхны цуглаанаа хийж Монголын ардчилсан холбоо үүсэн байгуулагдсаныг зарлаж Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөснийг тунхаглаж байсан түүхтэй. Энэ бол бас олон улсын хүний эрхийн өдөр л дөө. Энэ хувьсгалд оролцож түүчээлж явсан хүмүүс тэр үедээ цэл залуухан байсан. Тэр үеийнхэн маань өнөөдөр ч эхлүүлсэн үйл хэргээ үргэлжлүүлээд л явж байна. Тэр утгаараа монголчууд бид ардчилсан улс болсныхоо ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёстой.
Ардчилсан Монгол Улс болж тэр замаар замнасан нь хэдхэн хүний гавьяа эсвэл аль нэг нам, хөдөлгөөний тэмдэглэлт ой ерөөсөө биш. Энэ бол бүхэл бүтэн Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүх. Тийм учраас 30 жилийнхээ түүхийг алдаа оноотой нь, сургамжтай, сорилттой нь хүлээж авах учиртай.
-Өмнөх түүхээ өнөөдөртэйгөө харьцуулж байж л бид үнэ цэнийг нь илүү мэдэх юм болов уу?
-Бидний сүүлийн 30 жилийн амьдралд маш их, бүр тоочоод барахгүй их зүйлс өөрчлөгдсөн. Аливаа өөрчлөлт хөгжлийг хэмжихийн тулд нэгийг нөгөөтэй нь харьцуулж байж л мэдэх боломжтой. Тэгвэл бид хаанаас хаа хүрсэн бэ гэдгээ 30 жилийн цаадахтайгаа харьцуулаад харахад бэлэн түүх нь дурайж байна шүү дээ. Ардчилал байна уу, байхгүй юу, бид урагшилсан уу, ухарсан уу гээд эргэлзэж тээнэгэлзээд байгаа хүмүүс 1990 оноос өмнө ямар байв, одоо ямар байгаа билээ гэдгээ л харчхад болно.
Үүнийг гэхдээ бид болоод биднээс дээш үеийнхэн л харьцуулж чадна. Ерээд оноос өмнө бид юутай байсан билээ. Бүгд ядуу л байсан. Хоёр кг мах, литр сүү, талх, цувдайныхаа төлөө очерлодог, тэр нь тийм ч хүрэлцээтэй байгаагүй нь үнэн түүх. Хүмүүст өнөөгийнх шиг үг хэлэх, дарга нарыг шүүмжлэх, жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх эрх чөлөө байгаагүй. Тэр байтугай өөрийгөө хөгжүүлэх, өөрөөрөө байх, хүссэн ажлаа хийх, дуртай мэргэжлээ эзэмших, дуртай газраа чөлөөтэй аялж зугаалах эрх чөлөө байгаагүй. Энэ бол түүхийг буруутгаж байгаа хэрэг огт биш. Бид хаанаас хаана ирчхээд байна вэ гэдгээ эргэж нэг хараасай л гэсэн үг. Тиймээс ардчиллын түүхэн замд алдаанаасаа илүү оносон нь их гэж би хэлнэ.
-Гэтэл ардчилал ер нь алга, ардчилал биш боллоо гэх мэтээр дарангуйллын дэглэмийг санагалзсан юм шиг хандлага зарим нэг хүнээс цухалздаг. Энэ ямар учиртай юм бол?
-Гэхдээ өнөөдөр ний нуугүй хэлэхэд ардчилал сорилтод орчхоод байна. Өнөөдөр ардчиллыг гутаах гэсэн, мушгин гуйвуулж ойлгуулах гэсэн санаатай хүмүүс бий боллоо. Ардчилалгүй бол энэ улс их сайхан болчих юм шиг ярьдаг хүмүүс байна. Энэ хүмүүс ардчилал гэдгээ юу гэж ойлгоод байгаа юм бүү мэд. Тэгсэн хэрнээ тэдгээр хүмүүс ардчиллаар ирсэн эрх чөлөөгөөр тэгж ярьж, бичиж байгаагаа ч мэдэж байгаа юм алга.
Хүний нийгэм түүхэн цаг хугацааг бүтээж урагшаагаа замнаж байгаа. Бид сонгож авсан замаасаа арагш ухрах уу. Энэ замаа засч сайжруулах, хайрлаж хамгаалах ажил хийнэ үү гэхээс “Өө энэ ер нь дэмий юм байна. Ер нь өнгөрсөн рүүгээ буцаж амьдаръя” гэж болох уу. Өнгөрсөн түүхээсээ сургамж авна уу гэхээс буцаад тэндээ оччихдог юм гэж байхгүй шүү дээ.
-Ардчилал гэдгийг зарим хүмүүс юу гэж ойлгоод байгааг мэдэхгүй байна гэлээ. Тэгвэл шинэ залуу үеийнхэн ардчиллыг юу гэж ойлгох ёстой юм бэ?
-Ардчилал гэдэг бол нүдэнд үл үзэгдэх эрхэм дээд үнэт зүйл. Хүний эрх, эрх чөлөө шүү дээ. Хамгийн гол амин сүнс л хүний эрх, эрх чөлөө. Сонгох, сонгогдох эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө гэх мэт маш үнэтэй зүйлс бидэнд байна. Дэлхийн нийтийн чиг хандлага, хүн төрөлхтний нийтлэг үзэл санааг ойлгоход хэцүү байгаа бол өнөөдөр өөрийгөө хар л даа. Өөрийнхөө өмссөн зүүсэн, идэж ууж байгаа сонголтууд, үг хэлэх, хэвлэн нийтлэхээс эхлээд чамд ямар боломжууд олгогдчихсон байна. Тэр чинь л чамд байгаа ардчиллын үнэт зүйлс. Өнөөдөр бид хүссэн ажлаа хийхээс эхлээд юу ч хийхгүй байх хүртэл эрх чөлөөтэй байна. Сонгохоос эхлээд сонгохгүй байх хүртэл эрх чөлөө өнөөдөр бидэнд байгаа үнэ цэнтэй зүйлс маань юм.
Ийм л эрх чөлөө бидэнд ирсэн. Түүнийгээ Үндсэн Хуулиараа баталгаажуулаад хуульчилсан.
-Яагаад зарим хүмүүс өөрт байгаа үнэ цэнтэй зүйлээ үнэлж цэгнэж мэдэхгүй өөрийг хүсдэг юм бол?
-Би сая эрх чөлөө бидэнд байна гэсэн. Харин үүнийгээ хүн бүхэн харилцан адилгүй ашиглаж байгаад л хамаг учир байгаа юм. Жишээ нь зарим нэг нь эдийн засгийн эрх чөлөөгөө боломжоороо ашиглаад хувиараа бизнес эрхэлж байхад зарим нь цалин тэтгэврээрээ амьдрах гэх мэт арай ялгаатай байдал нийгэмд үүснэ дээ. Амьдрал юм чинь алагтай цоогтой байх нь гарцаагүй. Гэхдээ боломжууд бол байгаа. Ахуй амьдралын ялгаатай байдлын зөрүүг ардчиллын буруу мэтээр ойлгодог хүмүүс байдаг байх. Гэхдээ дээр өгүүлсэн эрх чөлөөний боломжууд бүх хүнд бий. Үүнийг л ардчилал гэнэ. Энэ ялгаа зөрүүтэй байдал бол төр засгийн бодлогын буруу болохоос биш бидэнд нар шиг, агаар шиг ижилхэн олгогдсон ардчиллын буруу биш.
-Ардчилал яагаад сорилтод ордог юм бэ?
-Бид бүхэл бүтэн нийгмээ солиод 30 жил өнгөрч байна. Хувь хүний амьдралд урт юм шиг боловч улс орны түүхийн хувьд идэр насанд хүрч буй богино хугацаа. Өмнө өгүүлснээр хүмүүст олгогдсон боломжуудын зөрүү ялгаа гараад эхэлсэн байна, энэ 30 жилд. Одоо хүмүүс бие биетэйгээ, бусадтайгаа харьцуулаад эхэлж байна. Тэгсэн зарим нь магадгүй дор байхаар бухимдаж байгаа. Энэ байдлынхаа бурууг ямар нэг юм руу чихэх хэрэгтэй болно. Тэр чихээд байгаа юм нь ер нь бодоод байсан чинь ардчилал ч юм шиг санагддаг байх. Ямар ч нийгэм өөрийнхөө жамаар л урагшилж хөгждөг. Тэр жамаараа л бид явж байгаа.
-Бид өдөр тутам цэвэр усаа хайрлаж гамнадаггүй крантаар өөрөө урсаад ирдэг юм шиг мартчихдаг. Харин гэнэт ус тасарчихаар л ямар үнэ цэнтэйг нь гэнэт “ухаардагтай” адил уу?
-Яг тийм. Үнэ цэнтэй үнэт зүйлсээ бид хааяа сэргээж, санаж байх хэрэгтэй. Бас хамгийн чухал нь хайрлаж, хамгаалах. Ардчилал бол дэлхий нийтийн жишиг. Бид өнөөдөр цоо шинэ, хаана ч байхгүй чиг баримжаа, үзэл санааг бүтээж чадах уу. Үгүй. Харин нийтийн жишиг зарчмаас хазайхгүй түүнийгээ засч сайжруулаад, сургамж аваад явахад л болно, тийм биз дээ. Бид ардчилалдаа хэт дасчихаж. Ямар үнэтэй зүйлийг өдөр тутамдаа эдэлж хэрэглэж байгаагаа ч мартчихаж. Олон улсад нэртэй улс төрч, хүний эрхийн төлөөх тэмцэгч нэг хүн Монголд ирээд “Би Монголын залуучуудад, монголчуудад үнэхээр атаархаж байна. “Гэрээсээ гараад Сонгуулийн хороо руу айдасгүй алхаж очоод дэмжсэн хүнийхээ төлөө саналаа өгөх зөвхөн тэр эрхийн төлөө” би бүх насаараа тэмцсэн гэж хэлсэн юм. Харин манай залуучуудад энэ эрх зүгээр л байж байгаа. Харин тэр эрхээ манай залуус эдэлдэг бил үү? Би ч гэсэн залуу хойч үеэрээ бахархдаг. Гэхдээ та нарт байгаа тэр боломжуудаа бас эрхээ эдэл гэж хэлмээр байна. Эрхээ зөв эдлэхгүй хэдхэн төгрөгийн төлөө саналаа өгчихөөд дараа нь ардчилал руу буруугаа чихэх хэрэггүй гэж бүх насныханд бас хэлмээр санагддаг.
-Ардчиллын 30 жилийн ойн хүрээнд АН маш олон ажил, арга хэмжээг санаачлан зохион байгуулж байна. Хамгийн сүүлийн болоод онцлох ажлаасаа та хуваалцана уу?
-Ардчилсан намын зүгээс намынхаа гишүүд дэмжигчид болоод олон нийтийг хамарсан маш олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Ардчилсан хөдөлгөөнийг анх АН үүсгэж бий болгосон гэдэг утгаараа хошуучлан тэмдэглэж байгаа боловч энэ бол нийт монголчуудын ардчилалтай ард түмэн болсны ойн баяр юм. Энэ аян бүтэн жилийн хугацаанд явагдлаа. Дахиад жилийн хугацаанд үргэлжилнэ. Хамгийн сүүлийн сайхан мэдээ гэвэл өнөө өглөө бид “Ардчиллын замнал, алдаа оноо, сургамж, сорилт” гэдэг таван боть номоо хэвлэлтээс авлаа. Энэ ботиудыг Монголын тэргүүлэх түүхчид, судлаачид, шинжээчид хамтдаа сууж, судалж оролцож бүтээлээ.
Бидний амьдарч туулж ирсэн бүтэн 30 жилийн түүхийг цуглуулж, нэгтгэж судлагдахуун болгож бүтээнэ гэдэг бол асар их хөдөлмөр. Өмнө нь ийм судалгааны бүтээл гээд харчихаар түүхэн боть байгаагүй. Үүнтэй холбоотой гэрэл зургийн болон түүхэн үзэсгэлэнгүүд гарна. Мөн хамтран зүтгэгч С.Зориг андын маань тухай баримтат кино бүтээгдэж байна. Ардчилсан хувьсгалын тухай гурван цуврал кино хийгдэж байна гэх мэтээр нэлээд ажлуудыг хийж байна. Ардчиллын ойг тэмдэглэнэ гэдэг бол хэдэн нөхөд ширээ тойрч суугаад хундага тулгах биш юм. Гучин жилийн түүхийн алдаа оноогоо дүгнэж цэгнэх, ирээдүйгээ төлөвлөж зураглах мөн ард нийтэд үзэгдэж харагдахуйц үлдэх түүх бүтээхийг л хэлнэ. Түүний ч төлөө манай нам ажиллаж байна.
-Зургаахан сарын дараа УИХ-ын сонгууль боллоо. Одоо улс төр буцалдаг үе эхэлчхээд байна. Та ардчиллын партизанаас эхлээд өнөө хүртэл улс төрд явж, одоо нийслэлийн АН-ыг толгойлж байна. Та бүхэн ирэх сонгуульд бэлэн үү?
-2020 он бол улс орны хувьд томоохон үйл явдал болох УИХ-ын ээлжит сонгууль болно. Мөн намар нь орон нутгийн сонгууль болно. Мэдээж 2020 оны сонгуульд хэрхэн ялах вэ гэдэгт л анхаарлаа хандуулж ажиллалаа, ажиллаж ч байна. Сонгуулийн маргаашнаас сонгуульд бэлтгэдэг нь улс төрийн өөрийнх нь үйл явц шүү дээ. Энэ хугацаанд намаа шинэчлэх томоохон ажлыг хийлээ. Мөн манай нам, нам дотроо залуусын үүргийг өргөжүүлэх, өндөржүүлэх гээд ер нь орон даяар үр өгөөжтэй олон ажлуудыг хийсэн. Хамгийн гол нь одоо Сонгуулийн хууль яаж гаргах нь вэ гэдгийг харж ажиглаж байна.
-Сонгуулийн хуулийг сонгууль бүхний өмнө эрх барьж буй нам өөртөө ашигтайгаар гэж хэлж болохоор өөрчилдгийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Сүүлийн гучаад жилийн түүхэнд УИХ-ын сонгууль долоон удаа явагдсан. Гэтэл тэр тоолонд яг сонгууль болохын өмнө Сонгуулийн хуулиа өөрчилчихдөг. Манай намын байр суурь юу вэ гэвэл энэ тоолонд ингэж хуулиа өөрчлөхөө больё гэдэг дээрээ л байгаа. Сонгогчдод маш их хохиролтой. Хууль ямраар ч батлагдсан бид намынхаа зарчим бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө сонгуульдаа оролцоно. Өмнө нь иргэд хүнийг нь харж их сонголт хийдэг байсан. Харин сүүлийн үед намын мөрийн хөтөлбөрийг нь харах нь зөв гэдэг болсон байна. Энэ ч өөрөө зөв юм. Нийслэлийн Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө боловсруулан хэлэлцүүлж байна. Бид 30 жил ардчилсан сонголт хийгээд хөгжлөө гээд яриад байдаг. Гэтэл энэ хугацаанд нийслэлд гэхэд л АН дөрөвхөн жил л эрх барьсан байдаг юм. Э.Бат-Үүл тэргүүтэй манай намынхан энэ дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотыг маш сайхан болгож хөгжүүлсэн гэдэгтэй өнөөдөр хэн ч маргаж, хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэр бүхнийг энд нурших нь илүүц байх. Хүн бүхэн мэдэж, харж үр шимийг нь хүртээд өнөөдөр энэ хотод амьдарч байна. Энэ хөгжлийг үргэлжлүүлэх бодлого, хөтөлбөр, конвенц бидэнд байна.
-Танд нийт монголчуудадаа болон намынхаа гишүүд дэмжигчдэдээ зориулж дайх үг байгаа гэдэгт итгэж байна...?
-Гучин жилийн өмнө цоо шинэ ардчилал хэмээх замыг сонгон авахад гар бие оролцсон ардчиллын партизанууд болон тайван замаар талархан хүлээн авч эрх чөлөөгөө хүртсэн нийт монголчууд, төдийгөөс өдий хүртэл Ардчилсан намыг дэмжин хүрээлж, өргөжүүлэн хөгжүүлж буй нийт гишүүд, дэмжигч та бүхэндээ Ардчиллын 30 жилийн ойн баяр хүргэе. Ардчилал эрх чөлөө бол та бидний хайрлан хамгаалах ёстой үнэт эрдэнэ юм шүү гэж хэлье.