Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ХҮҮХДҮҮД ХУУЧИН НОМООР ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭДИЙНЭЭ ХАНГАСАН УЧИР НАЙМАН ТЭРБУМЫН НОМУУД ХОГ ДЭЭР ГАРАХ НЬ ТОДОРХОЙ

Б.МӨНХБАЙГАЛЬ 

 Жил бүрийн хичээлийн шинэ жилийн дараа үүсдэг сурах бичгийн хүрэлцээ, хангамж, чанарын асуудал энэ жил бүр долоо дордов. Учир нь Засгийн газраас энэ оны хичээлийн жил эхлэхээс өмнө  “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол” гаргаж сурах бичгийн хомсдол, хангамж, хүрэлцээний асуудлууд шийдэгдэнэ гэж БСШУСЯ-наас мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр бодит байдалд сурах бичгээ гар дээрээ тавиагүй бүтэн улирлыг үдэж буй сурагчид, сургуулиуд байсаар байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 640 мянган хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Гэсэн ч өнөөдөр нийслэлийн хэмжээнд бүх сургуулиуд сурах бичгээр хангагдсан эсэх талаарх тооцоо судалгаа алга. Учир нь одоог хүртэл сурах бичгийн хэвлэлт нь дуусаагүй, зарим сургууль дээр  ирээгүй, хүлээгдэж байгаа сурах бичгүүд байсаар л байгаа юм.
 Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд  төрийн өмчийн Ерөнхий боловсролын 506 сургуулийн дунд, ахлах ангийн сурагч нийт 2.6 сая сурах бичгийг түрээсээр хэрэглэх юм. Нэгээс арван хоёрдугаар ангид нийт 128 төрлийн сурах бичиг ашигладаг бол нэг хүүхэд суралцаж буй ангиасаа хамаараад 12-21 хичээлийн сурах бичиг ашиглах ёстой юм байна.

Хоцорсон  сурах бичгүүд ирсэн ч хог болох нь тодорхой болжээ

 Энэ онд хэвлэн нийлүүлэх шаардлагатай сурах бичгийн зардлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр болон өмнө нь туршилтаар хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсээс олсон орлогоор санхүүжүүлж байгаа юм. Энэхүү найман тэрбум төгрөгөөр нийт 2.6 сая ширхэг сурах бичиг хэвлүүлэхээр болжээ. Гэвч одоо болтол гүйцэт ирээгүй байгаа сурах бичгийн асуудлыг БСУШЯ-наас Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авах гэрээ хэлэлцээрээс болоод сурах бичгийн хэвлэлт удааширсан гэж тайлбарлаж байна. Мөн хэвлэх үйлдвэрүүдтэй гэрээ хийх гэж нэлээд цаг алдсан гэсэн шалтгийг  одоо болтол тоочсоор сууна.
 Хичээлийн хөтөлбөрийг удаашруулж буй энэ асуудалд эцэг эхүүд, багш нар бухимдалтай байна. Энэ тухай Нийслэлийн Ерөнхий боловсролын Тавдугаар сургуулийн сурагч, багш, номын санч зэрэг хүмүүсээс асууж тодрууллаа.
 Тус сургуульд өглөө, оройны ээлжээр нийт 3500 гаруй хүүхэд суралцаж буй бөгөөд сургуулийн номын санч Б.Заяагаас сурах бичгийн хангамжийн тухай тодруулахад  “Манай сургуулийн номын сангаас эмзэг бүлгийн хүүхдүүдэд үнэгүй сурах бичиг олгодог. Эдгээр хүүхдүүдийн 40 хувийг нь сурах бичгээр хангах төлөвлөгөөтэй байсан ч номны хүрэлцээ муу учир 25 хувьд нь өгөөд байна. Одоо  дунджаар нэг ангид арван багц сурах бичиг олгоод байна. Арван нэгдүгээр ангийн ихэнх хичээлийн номууд шинээр нэмж ирээгүй болохоор сурагчдаа номоор бүрэн хангаж чадахгүй байна. Хүүхдүүддээ сурах бичиг тараахаар хоорондоо булаацалдах хүндрэл гардаг. Ялангуяа ахлах ангийн хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх гээд ном их асуудаг. Тухайлбал, төгсөх ангийнхны нийгмийн ном хангалтгүй байна. Бусад номнууд цаанаас хуваарилсны дагуу тоогоороо ирж байна. Ойролцоогоор нэг номоос 110, 230, 318 ширхэг гэх зэрэг янз бүр ирдэг. Түрээсийн ном оройтож ирсэн учраас хүүхдүүд бага түрээслэж байна. Одоо амралт эхэлнэ дээрээс нь эцэг эхүүд боломжоороо хуучин сурах бичиг худалдаж авсан байна. Мэдээж оройтож ирсэний улмаас эцэг эхүүд маш их гомдолтой байгаа.
 Номын санч мөн түрээсийн сурах бичгийн тухай ярилаа. Тэр “Сурах бичгийн түрээс 17200-21000 төгрөгийн хооронд хэдэн номтой багц гэдгээсээ хамааран өөр өөр үнэтэй байдаг” гэв.
 Манай сургуульд энэ жил дан шинэ ном ирсэн. Харин агуулгын хувьд хуучин номнуудаасаа зөрсөн байсан. Орос хэл, уран зохиол, математикийн сурах бичгүүд хэвлэлийн алдаатай, хичээлийн төлөвлөгөөнөөс өөр байсан. Жишээ нь, өнөөдрийн хичээлийн программ номны сүүл хэсгээр байх жишээтэй. Багш нар маань гайхаад, номын сангаас хуучин номтойгоо харьцуулж харах нь цөөнгүй.
 Түүнчлэн багш нарт түрээсийн ном өгөхөд хэцүү байна. Дараа нь бид өөрсдөө өрөнд орчихдог, ном нь хуучирчихвал хүүхдүүд голоод авахгүй байх тохиолдлууд гардаг. Тавдугаар сургуулийн хувьд бага ангийн сурагчдад хичээл эхлэхэд номыг нь тарааж олгожээ. Гэхдээ Монгол ёс зүй, хүмүүжлийн сурах бичиг дутуу буюу 80-хан  ширхэг л иржээ. Энэ хоёр сурах бичиг бага ангийн 300-аад хүүхдийн дунд 80 ширхэг оногдож байна гэсэн үг. Тиймээс бага ангийн зургаан бүлэгтээ хувааж чадаагүй, нэг ангид маш бага тоогоор өгчээ.
 Харин дунд ангийнхны хувьд түрээсийн сурах бичгүүд нь өнгөрсөн аравдугаар сард арайхийн хагас дутуу тоогоор иржээ. Тэдгээр сурах бичгүүдээ мөн л анги ангид цөөн тоогоор хуваарилсан. Гэвч Иргэний боловсролын сурах бичгийн сураг алга байгааг багш нар хэлж байна.
 Ахлах ангийн сурах бичгийн хүрэлцээ харьцангуй гайгүй байгаа аж. Нэг ангид дунджаар арав гаруй багц ном тараажээ.
Бас нэг асуудал гардаг нь зарим сурах бичгүүд хаана, хэзээ хэвлэгдсэн нь тодорхойгүй, батлагдсан агуулгатай эсэх нь тодорхойгүй ирдэг гэнэ. Тухайлбал зургадугаар ангийн англи хэл, түүхийн ном хятад сав боодолтой иржээ. Энэ түүхийн хичээлийн номын агуулга хэвлэлтийн явцад өөрчлөгдөөд ирсэн бөгөөд хэвлэлтийг нь “Очир пресс” компани хариуцаж хийсэн байна.
 “2018 он” гэсэн хугацаатай цоо шинэ ном 2019 ондоо хэрэггүй болдог хэвшил  Боловсролын яамны шахааны бизнес. Сурах бичгийг жил бүхэн сольж эцэг эх багш сурагчдыг хүндрүүлдэг үзэгдэл энэ жил өнгөө хувиргаад сурах бичгээ хүлээж тэвчээгүй эцэг эхүүд аргагүйн эрхэнд өөрсдөө худалдаж авахад хүрчээ.
 Нийслэлийн СБД-ийн  нэгэн сургуулийн багшаас энэ тухай тодруулахад “Нийслэлийн хэмжээнд хоёр хүүхдийн дунд нэг сурах бичиг олгож байгаа бол,  хөдөө орон нутгийн  зарим алслагдсан  сум, багийн сургуульд нэг ангид хоёр сурах  бичиг ногдож байх жишээтэй. Зарим сурах бичиг хэрэглээ багатай учир илүүдэлтэй, зарим нь эрэлт ихтэй тул амархан элэгддэг. Хичээлийн жилийн эхний нэг улирлыг сурах бичиггүй өнгөрөөнө гэдэг багш, сурагчдын хувьд тун хүнд асуудал. Эцэг эхчүүд уурлах нь уурлана. Гэхдээ econtent сурах бичгийн цахим сайт бий болсон болохоор сурагчид эндээс даалгавраа хийнэ. Болохгүй бол номтой хүүхдүүдээс зургийг нь аваад л даалгавраа хийнэ дээ. Ийм  учраас эцэг эхчүүд аргагүйн эрхэнд хүүхдүүддээ номыг нь  аль хэдийн худалдан авч өгсөн. Гэхдээ эцэг эхчүүд есөн сар дуустал бараг сурах бичиг ирэх болов уу гэж хүлээснийг нуугаад яах вэ. Энэ хугацаанд хүүхдүүдэд даалгавар өгч болохгүй хичээлийн программ хоцрох зэргээр олон хүндрэлүүд гарсан” гэлээ. 
Сурах бичиггүй хүүхдүүд аргагүйн эрхэнд утсаа шагайсаар
 Эцэг эхүүд хүүхдээ ухаалаг утаснаас холдуулах гэдэгт номгүй хүүхдүүд ангидаа авсан номынхоо хуудасны зургийг дамжуулах эсвэл econtent апп-аас даалгавраа хийхээс өөр аргагүйд хүрдэг байна. Гэтэл econtent-д зарим ангийн зарим сурах бичиг хагас дутуу байршжээ. Түүнээс болоод хүүхдүүд мөн л номын хуудасны зураг дамжуулж даалгавраа хийхэд хүрдэг байна.
 Нийслэлийн Тавдугаар сургуулийн 10-р ангийн сурагч Э.Золзаяагаас  асуусан юм. Тэр “Би сурах бичгээ хоёр долоо хоногийн өмнө авсан. Уг нь арван сараас эхлэн тараагдсан ч ангийнхан түрээсийн мөнгөө хураах гэж удсаар оройтсон. Мөнгөө өгөхгүй бол ном өгдөггүй. Уран зохиолын номын хуудсууд нь зөрөөд эхний сэдэв гурав дахь сэдэвтэй солигдсон байсан. Энэ жил эрүүл мэндийн ном шинээр нэмэгдсэн. Бид сурах бичиг хэвлэгдэж ирээгүй үед ном авсан найзуудтайгаа цуг хэрэглэдэг. Гэрийн даалгавраа хийхдээ интернэтээс хараад хийдэг болохоор амар” гэв.
 Тэдний анги 42 сурагчтай бөгөөд  13 хүүхэд нь түрээсийн ном авчээ. Бусад нь гадуур зарж буй дэлгүүрээс хувиараа худалдаж авсан байна. Мөн батлагдсан сурах бичиг дээр туслах хичээлийн нэг ном нь 3000-5000 гэж шахдаг гэнэ. Үндсэн хичээлийн номуудаа 10 000-20 000 төгрөгөөр авснаа ахлах ангийнхан ярив. Нэг хүүхэд ингээд бүх сурах бичигтээ 65000-100.000 төгрөгийг сурах бичигтээ зарцуулж эцэг эхээрээ авхуулжээ.
 Ийнхүү шинэ он хаяанд ирж сургуулийн эхний улирлын амралт эхлэх гэж байхад 2.6 сая ширхэг сурах бичгийн хэдэн хувь нь хангагдсан нь тодорхойгүй. Түрээсийн сурах бичгээ хүлээж цөхөрсөн эцэг эхчүүд халааснаасаа нэг хүүхдэдээ 100 хүртэлх мянган төгрөгийг гаргаж хиртэй хуучин номоор хүүхдээ хангажээ. Номын захуудад худалдаалагдаж байгаа номууд нь нянгийн үүр уурхай байдаг гэдгийг ч эцэг эхчүүд хэлж байна. Азийн хөгжлийн банкнаас гуйранчлан гаргуулахаар болсон найман тэр бумаар хэвлэсэн шинэ сурах бичгүүд оны дараа уван цуван сургуульд ирсэн ч хураагдаж эцэст нь мөн л хог дээр хаягдах нь нэн тодорхой болов.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com