Б.МӨНХБАЙГАЛЬ
ЕБС-ийн ариун цэврийн асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд тэр болгон хөнддөггүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь дутмаг. Сургуульд хордлого, ямар нэг асуудал гарч байж л тухайн асуудалд анхаарлаа хандуулна.
Уржигдархан гэхэд л ЕБС-ийн 47-р сургуулийн нэг ангийн хүүхдүүд бөөндөө бөөлжих, гүйлгэх шинж тэмдэгтэй ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлүүлж буй талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугьсан. Хүүхдүүд сургуулийнхаа цайны газрын мантуун буузыг хичээлийн завсарлагаанаар авч идсэн гэнэ. Урьдчилсан байдлаар хордлогын шалтгааныг тус сургуулийн цайны газарт хийгдсэн мантуун буузтай холбон тайлбарласан.
Олон хүүхэд зэрэг өвдөж, хүмүүсийн анхаарлыг татсан нь энэ болохоос биш, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагч хоолноос хордож, эмнэлгийн зүг бараадах нь түгээмэл болсон.
Ийнхүү 47-р сургуулийн цайны газрын эрүүл ахуй чанарыг сурвалжлахаар тус сургууль дээр очсон юм. Тэнд аль хэдийнээ цайны газраа хаачихсан байв. Сургуулийн захирлаас тодруулга авах гэсэн ч ажилтай, гарчихсан гээд оруулсангүй. Гадны хүн нэвтрүүлэхгүй гэсэн учир нийгмийн ажилтнаас тайлбар авахын тулд дуудуулж уулзав. Гэсэн ч “Мэргэжлийн хяналтын газарт шинжилгээ өгчихсөн байгаа, тайлбар өгч чадахгүй” гэв. Гадна талбайд тоглож байсан гурван охинтой ярилцлаа.
Тэд энэ сургуулийн зургадугаар ангид суралцдаг. Охид: “Манай сургуульд сая олон хүүхдүүд хордсон. Өмнө жил манай ангийн нэг хүүхэд аарцнаас хордож байсан. Цайны газрын эзэд нь солигдоогүй хэвээрээ л байгаа. Бид өдөрт 1500-2000 төгрөгтэй явдаг. Цайны газраас соустай будаа, пирожки авч иддэг. Гэхдээ соустай будаа идэхээр будаа нь хатуу байсан. Бас төмс нь түүхий амтагдаад байдаг. Хүүхдүүд пирожкины үлдэгдлээ маргааш нь дахиж шараад бидэнд зардаг гэж яриад байх юм. Тэгсэн ч өлссөндөө аваад л идчихдэг” гэлээ. Түүнчлэн охид нэрээ хэлэхийг хүсээгүй болохоор дахиж асуусангүй.
Пирожки хямд үнэтэй, илчлэг өндөртэй учраас сурагчдын гол хүнс болж байна
2005 онд сургуулийн орчинд худалдаж болохгүй хүнсний 20 бүтээгдэхүүнийг ДЭМБ-аас баталсан. Үүнд, түргэн мууддаг өрмөнцөртэй жигнэмэг, нарийн боов, хиам, зайдас, хийжүүлсэн ундаа, чипс, кофе, өтгөрүүлсэн сироп, өндөг, түргэн хоол болох пицца, бургер, хотдог, цуугаар амталсан, лаазалсан бүтээгдэхүүн багтжээ.
Дээрх судалгааны тайланд “Пирожки хямд үнэтэй, илчлэг өндөртэй учраас сурагчдын гол хүнс болж байна. Үүнийг шарахад хэрэглэсэн ургамлын тосны чанар муудсаар транс тос болон хувирдаг. Сургуулиудын цайны газарт худалдаж буй пирожкинуудыг шинжлэхэд давс, тосны агууламж зохих хэмжээнээс хэтэрсэн байгаа нь тогтоогдсон. Цаашид энэ төрлийн бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд худалдахыг бүрмөсөн хориглох шаардлагатай” гэж бичсэн байв.
Гэвч эдгээр бүтээгдэхүүн нь сурагчдын өдөр тутамдаа хэрэглэдэг, хамгийн эрэлттэй хоол хэвээрээ л байна. Манай улс сургууль, цэцэрлэг, дотуур байрны ойролцоох 500 метрт архи, согтууруулах ундаа, тамхи худалдахыг хуулиар хориглодог. Харин хүнсний бүтээгдэхүүнийг ер ойшоодоггүй. Сургуулийн орчинд худалдаж болохгүй бүтээгдэхүүний жагсаалт баталсан атал түүнийгээ хуульчилж, хэрэгжүүлэхэд санаа тавьдаггүй. Үүний уршгаар сургуулийн насны хүүхдүүд эрүүл мэндэд хортой бүхнээр хүрээлүүлсэн.
Мөн хэдхэн сарын өмнө БЗД-т байрлах ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлдэг “Инж-Ану” ХХК болон хичээлийн нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэний цайны газарт шалгалтаар олон зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, Инж-Ану ХХК нь зориулалтын бус байрыг өөрчлөн засварлаж гал тогооны зориулалтаар ашигласан, хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулсан, үйл ажиллагаандаа эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлээгүй, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй, дотоодын хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчил илэрсэн.
Харин хичээлийн нэгдүгээр байрны цайны газар нь үйл ажиллагаа эрхлэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт хийлгэж, бүртгүүлээгүй, гал тогооны хана таазны будаг ховхорч, ан цав үүссэн, ердийн болон механик агааржуулалтын төхөөрөмжийн хүчин чадал хангалтгүй, бохир ус зайлуулах, ариутгах татуургын хэсгийн шугам сүлжээнд холбогдсон, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй ажлын байранд хоол үйлдвэрлэл явуулсан, аяга таваг хадгалах, хатааж, ариутгах төхөөрөмжгүй, дотоод хяналт шалгалт хангалтгүй байдалтай байжээ. Энэхүү шалгалтыг иргэнээс ирсэн гомдлын дагуу шалгасан.
Иргэд хяналт шалгалтын байгууллагад хандаж шалгуулах боломжтой
Хоолны газрууд хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй. Хоолны газар нь зориулалтын барилга байгууламжтай, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байх ёстой. Тухайлбал,
-Эрүүл ахуйн зохистой дадлын шаардлагууд, хөдөлмөрийн аюулгүй байдлын зохих норм дүрэм, зааврыг мөрдөж ажиллана.
-Халуун хоол боловсруулалтын технологийн шат дамжлагын хэсэг, бэлтгэх цех, өрөөний гэрэлтүүлэг нь 220 люксээс багагүй байна.
-Цахилгаан тасарсан үед цахилгаанаар хангах эх үүсгүүртэй байна.
-Ажилчдын хувцасны өрөө, шүүгээг ажлын хувцас, гадуур хувцасны шүүгээнээс тусдаа байхаар зохион байгуулсан байна.
-Хоолны цэсэн дээр хоолны шим тэжээлийн мэдээлэл, давсны агууламжийг тавьсан байна.
-Шөлтэй хоолыг +75 хэмээс багагүй температурт, хоёрдугаар хоолыг +65 хэмээс багагүй температурт, хүйтэн хоол, зууш, салатыг +5 хэмд температурт хоёр цагаас дээшгүй хугацаагаар хадгалж, хэрэглэгчдэд олгоно. Хоол олгох үеийн температурыг хэмжиж, бүртгэл хөтөлнө гэсэн байдаг.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын улсын ахлах байцаагч О.Нямдаваагаас энэ тухай тодрууллаа. Тэрбээр,
“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт заавал мөрдөх стандарт гэж бий. Ангилал, зэрэглэл үндсэн шаардлагын стандартыг мөрдөх ёстой. Олон улсын хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн дадал гэсэн стандартыг монгол хэлээр орчуулаад 2011 оноос мөрдөж байгаа. Үүнээс гадна хоолны газрын нийтлэг журамд ажилчдын эрх, үүргийг заасан байдаг. Мөн хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй.
Сургуулийн хоол үйлдвэрлэл энэ стандартыг илүү сайн мөрдөх нь зүйтэй. Гэсэн ч шалгалтын явцад өөр үр дүн гардаг нь харамсалтай” гэв. Сургуулийн цайны газрууд хүнс үйлдвэрлэх зориулалтын дагуу баригдаагүй, агааржуулалтын системийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу хийгээгүй, талбайн хэмжээ хүрэлцэхгүйн улмаас бүх зүйлийг нэг өрөөнд хийдэг нь хүнс бохирдох эрсдэл үүсгэдэг. Зарим газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулаагүйгээс стандарт эрүүл ахуйн шаардлагыг хэрэгжүүлэх нөхцөл бүрддэггүй аж.