ЖДҮХС-гаас авах гурван хувийн хүүтэй зээл нь дэмжигдсэн ч ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хууль бус шийдвэрийн улмаас компани нь дампуурч, эдийн засгийн маш том хохирол амсаад буй “Хатан энхрий” компанийн захирал асан Ч.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Юуны өмнө Та өөрийгөө товч танилцуулна уу?
-Би Хүнсний технологийн сургуулийг Махны технологич мэргэжлээр 2001 онд төгссөн. Ингээд “Хүн од”, “Мөнхийн болор” болон Төмөр замын хиамны үйлдвэрт ажиллаж байгаад 2011 онд охиноо төрүүлж, декрит авсан. Манай нөхөр Батлан хамгаалахын их сургуулийг Соёлын ажилтан-удирдаачаар төгсч, Орхон аймгийн 186 дугаар ангийн удирдаачаар томилогдож очсон юм. Ингээд Орхон аймагт байхдаа хоёр, гурван хиамны үйлдвэрт технологичоор уригдаж ажилласан. Гэтэл тус аймгийн хиамны хэрэгцээг хоёрхон үйлдвэр хангаж дийлдэггүй, нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын хиам гоё амттай гэж их хэрэглэдэг нь анзаарагдсан. Үүнээс улбаалаад, Орхон аймагт ахиад нэг хиамны үйлдвэр байгуулахад хангалттай зах зээл байна гэсэн өнцөг олж харсан.
-Орхон аймагт хиамны үйлдвэр байгуулах санаа анх төржээ?
-Үйлдвэрээ ашиглалтад оруулахаар “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас 20 сая төгрөгийн зээлийг ЖДҮ-ийн төслөөр Орхон аймгаас авсан. Тэр үед Орхон аймгийн ЖДҮ-ийн мэргэжилтнээр ажиллаж байсан н.Бат-Эрдэнэ ах намайг маш их дэмжсэн. Ингээд 2015 оны арваннэгдүгээр сард үйлдвэр маань ашиглалтад орсон. Эхэндээ “Хатан оюу” нэртэйгээр өрхийн үйлдвэрлэлээр байгаад жил хүрэхгүй хугацаанд буюу 2016 оны тавдугаар сард “Хатан энхрий” ХХК болж өргөжсөн. Манай үйлдвэр 10 гаруй ажилчинтай, 100 гаруй дэлгүүрт бүтээгдэхүүнээ гэрээгээр нийлүүлдэг байсан. Мөн зэргэлдээ Булган аймгийн гурван суманд түгээлт хийдэг байсан. Ингээд 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл хэвийн ажиллаж байгаад эргэлтийн хөрөнгө хэрэгтэй болж, “Сум хөгжүүлэх сан”-гаас 20-30 сая төгрөгийн зээл хөөцөлдөхөөр зэхэж байлаа. Гэтэл таньдаг хүн маань ЖДҮХС-гийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл байдаг тухай сонссон.
-ЖДҮХС-гаас хэдэн сая төгрөгийн зээл авах төсөл бичсэн юм бэ?
-Таньдаг хүнээсээ маш бага хүүтэй зээл байдаг тухай сонссон учраас зах зээлээ, бизнесээ өргөжүүлэх, Улаанбаатар хотод нитритгүй, цэвэр экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе, үүний тулд үйлдвэрийн байртай болох хэрэгтэй гэж зориод ЖДҮХС-гаас 400 сая төгрөгийн зээл хүссэн. Тус сангаас миний төслийг дэмжсэн боловч барьцаа хөрөнгө маань хүрээгүй. Ингээд өөрийн болон ах, дүү, хамаатан садангийнхаа хашаа байшин, орон сууц гэх мэт есөн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьснаар ЖДҮХС-тай би 2017 оны тавдугаар сарын 17-нд нийт 400 сая төгрөгийн зээлийн, тухайн үеийн ЖДҮХС-гийн мэргэжилтнүүдийн үнэлснээр 500 сая төгрөгийн барьцаа хөрөнгийн гэрээг давхар хийсэн юм. ЖДҮХС-тай байгуулсан зээлийн гэрээн дээр “Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 хоногт багтаан санхүүжилт олгоно” гэж заасан байдаг. Гэтэл таван сард хийсэн гэрээний хугацаа явсаар зургаан сартай золгож, юун ажлын 10 хоног болсон. Энэ бол ЖДҮХС зээлийн гэрээнийхээ заалтыг зөрчсөн үйлдэл яах аргагүй мөн. Ингээд байж байтал тус сангаас 2017 оны долдугаар сарын 28-нд утсаар залгаад “Санхүүжилт хүрэхгүй учраас намрын чуулганаар санхүүжилт шийдэгдэх тул зээлийн гэрээнд өөрчлөлт оруулна. Ирээд уулз” гэж хэлсэн. Би очсон. Тэд хэлэхдээ “Зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулаад 200 сая төгрөг түрүүлээд авч байх уу, эсвэл зээлийн гэрээгээ цуцлах юм уу” гэж асуусан. Тэнд байсан бүх ЖДҮ эрхлэгчид коридорид яах эсэхээ ярилцаад “Намрын чуулганаар санхүүжилт өгөх юм бол зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаад эхний санхүүжилтээ авцгаая” гэсэн байр сууринд нэгдсэн. Улмаар зээлийн гэрээгээ өөрчлөөд, эхний санхүүжилт 200 сая төгрөгийг 2017 оны наймдугаар сарын 2-нд авсан.
-ЖДҮХС-гаас авсан 200 сая төгрөгийн зээлээр Та юу хийсэн бэ?
-Төслийн төлөвлөгөөний дагуу 180 сая төгрөгийн хоёр обьект худалдан авахааар тохирсон байсан ба 200 сая төгрөгөөс 100 саяыг нь ажлын байрны урьдчилгаанд өгсөн. Үлдсэн 80 саяыг нь 200 сая төгрөгийн санхүүжилт орж ирэхээр өгнө гэж гэрээ хийсэн. Мөн шинэ үйлдвэртээ мах нөөцлөх хөргүүр, зоорь бариулахаар хүргэлтийн компанид урьдчилгаа төлсөн. Түүнчлэн төсөлд бичсэнийхээ дагуу хөргүүрийн машин авахаар Солонгосын нэгэн компанид урьдчилгаа өгсөн. Ингээд он гарахаас өмнө, намрын чуулганаар шийдэгдэнэ гэж хэлсэн, үлдсэн санхүүжилтээ орж ирэхийг хүлээсэн. Намар ч болж, ЖДҮХС-гаас санхүүжилтээ тодруулахаар очтол өөдөөс “Багш нарт 300 мянган төгрөг тарааснаас болж, ЖДҮХС-гийн санхүүжилтийг хассан. Та нарт өгөх мөнгө байхгүй. Тиймээс 2018 оны санхүүжилтээс үлдэгдэл зээл шийдэгдэнэ” гэсэн. Хий дэмий итгэл найдвар, горьдлого төрүүлсээр. Ингээд он гартал ХХААХҮ-ийн сайд Б.Сэргэлэн солигдож, Б.Батзориг оронд нь томилогдов. Гэтэл нэг их удалгүй манай компанид ЖДҮХС-гаас албан бичиг ирсэн. Тэнд бичсэнээр “Санхүүжилт хүрэхгүйн улмаас зээлийн гэрээг цуцална. Ажлын 30 хоногт багтаан албан бичиг өгч болно” гэсэн. Би гурав хоногт багтаан санхүүжилт авахгүй бол бизнес эрсдэлтэй болно гэсэн утгатай зээл хүссэн албан бичгээ шинэ сайд Б.Батзоригийн гарт өөрт нь өгсөн. Гэтэл миний албан бичигт хариу ирүүлээгүй төдийгүй аль хэдийнэ зээлийн гэрээг маань цуцалчихсан байсан.
-Маш хүнд байдалд оржээ. Та тухайн үед Б.Батзоригтой уулзах, эсвэл хэн нэг эрх мэдэлтэй хүнд хандах, мөн одоогийн сайдтай уулзаж учир явдлаа хэлэх гэж оролдсон уу?
-Ийм үед хүн таньдаг, мэддэг хүнээ л хайдаг юм билээ. Асууж сураглатал ХХААХҮЯ-ны ажилтан, УИХ-ын гишүүдийн туслах, хуульч гэх мэт хүмүүс “Удахгүй хэдэн компани оруулна. Тэр үед шингээгээд өгье. Тэдэн төгрөг өгчих” гэсэн. Би хувьдаа нэгэнт зээлийн гэрээ байгуулсан учир сан үлдсэн санхүүжилтээ өгчих байх, 2018 оны сүүлээр ЖДҮ-ийн хэрэг сөхөгдөхөд одоо л асуудал нэг талдаа гарч, шийдэгдэх юм байна гэсэн горьдлоготой байсан. ББДХ-ны Б.Батдэлгэр ах надад маш их тус болж, миний өмнөөс ЖДҮХС-гийнхантай уулзаж ярилцсан. Мөн “Онч шийдэл” ТББ бидний дуу хоолой болж, шүүхийн маргаан үүсгэсэн ч асуудал шийдэгдээгүй. Эцэстээ, ЖДҮХС намайг зээлээ төлөхгүй байна гээд шүүхэд өгсөн. Хэрэв анхнаасаа л үлдсэн 200 сая төгрөгийн санхүүжилт нь орохгүй гээд шударга хэлчихсэн бол эхнийхээ санхүүжилтээ би зөв зарцуулах байсан. Мэдээж шүү дээ, учир нь би тэр мөнгийг эргүүлээд төлөх учраас.
Би одоогийн сайд Ч.Улаан, ЖДҮХС-гийн захирал Б.Батцэцэг гэхчилэн бүгдтэй нь уулзаж, асуудлаа нэгд нэгэнгүй тоочиж, зээлээ төлөх хугацаа өгөх, үүний тулд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, илүү барьцаа хөрөнгийг суллаж өгөх хүсэлт тавьсан. Гэтэл тус сангийн хуулийн хэлтсийн дарга н.Жаргалсайхан хэлэхдээ “Боломжгүй. Таны барьцаа хөрөнгийг тухайн үед яаж үнэлснийг мэдэхгүй. Яагаад ч тийм өндөр үнэлгээнд хүрэхгүй” гэсэн хариулт өгсөн. Тэгвэл тухайн үед үнэлгээн дээр ажиллаж байсан хүмүүс яагаад миний барьцаа хөрөнгийг 500 сая төгрөгт хүргэж үнэлсэн юм бэ? Хэрэв н.Жаргалсайхан дарга буруу үнэлгээ гэж үзэж байгаа бол тухайн үед тийм үнэлгээ хийсэн төрийн байгууллагын мэргэжилтнүүд надад маш их хохирол учруулчхаад өнөөдөр ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй, зөвхөн ажлаасаа халагдаад өнгөрч байна. Би өөрийнхөө хөрөнгийг үнэлээгүй шүү дээ. ЖДҮХС-гийн мэргэжилтнүүд үнэлсэн. Гэтэл одоо ЖДҮХС барьцаалсан үл хөдлөхүүдийг 500 сая төгрөгт хүрэхгүй гэж дайраад байгаа. Ийм л шударга бус үйлдлээс болж би эдийн засаг, эд материал, сэтгэл санааны маш их хэмжээний хохирол амсчихаад сууж байна.
-Зээл авахын тулд есөн өөр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэж Та хэллээ. Хэний өмчлөлтэй, ямар үл хөдлөхүүд байгаа вэ?
-Манай ах дүү нарын хашаа байшин гурав, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай найман нэрийн дэлгүүртэй обьектыг хажуу талынх нь үйлдвэрийн байрны хамт гээд ЖДҮХС-гийн мэргэжилтнүүдийн үнэлснээр нийт 500 сая төгрөгийн үнэтэй есөн үл хөдлөх хөрөнгийг 400 сая төгрөгийн зээл авахын тулд барьцаалсан. Хэрэв зарим барьцаа хөрөнгийг маань суллаад өгчихвөл эргэлтэд оруулж, зээлээ төлөх боломжтой болох юм. Ийм байдлаар ЖДҮХС-нд хандсан боловч зөвшөөрөөгүй, шүүхэд өгсөн. Шүүхийн шийдвэр гарч, зээлийн гэрээг 400 саяар хийчхээд 200 саяар хийсэн байгаа учир зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээд намайг хүү, алданги төлөх нөхцөлгүй зөвхөн авсан зээл буюу 196 сая төгрөгөө төлөх шийдвэр гаргасан. Монголд нэг ч гэсэн шударга шүүгч байгаад үнэндээ баярласан. 200 саяас дөрвөн саяыг нь хүүнд төлчихсөн байсан юм. Мөн шүүхийн шийдвэрт барьцаалбал хангуулна гэсэн шийдвэр хамт гарсан байгаа. Ингээд бичгээр надад удахгүй ирнэ байх. Тэндээс л барьцаа хөрөнгөө суллаж авах эсэх нь тодорхой болно. Би мэдээж давахгүй. Харин ЖДҮХС давж заалдах юм бол яг үнэндээ яахаа ч мэдэхгүй сууна. Уг нь өмгөөлөгч авбал миний талд шийдэгдэх үндэслэл байгаа л гэсэн. Даанч өмгөөлөгчийн зардал 15 сая төгрөг гээд дампуурсан надад хэт өндөр байна. Өнөөдөр ЖДҮ-дсэн сайдад хуулийн хариуцлага тооцлоо л гэх. Гэвч хохирсон хүмүүсээ яах вэ гэдэг дээр хэн ч дуугарахгүй байна шүү дээ. Бодвол дарга цэрэг нар нь биднийг дийлээд л өнгөрөх байлгүй дээ. Ийм төр засагтай, ийм нийгэмд бизнес эрхлэгчид яаж ажиллах ёстой юм бол доо...
-Үйлдвэрийн байр худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн 100 сая, хөргүүр болон машин гээд эхний 200 сая төгрөгийн санхүүжилтээр худалдаж авсан хөрөнгөө яасан юм бэ. Тэднийгээ зараад өрөө дарчхаж болохгүй юу?
-Үйлдвэрийн байр худалдаж авахаар гэрээ хийж, 100 сая төгрөг өгсөн хүмүүс 100 саяыг маань төлнө гэсэн. Гэвч бөөнд нь өгч чадахгүй, учир нь чи авна гэчхээд аваагүй гэсэн. Тэр хүмүүс өнгөрсөн гурван жилийн хугацаанд ямар ч хүүгүй 100 сая төгрөг хэрэглэсэн гэсэн үг. Энэ ч одоо дүүрч. Уг нь үлдсэн санхүүжилтээс үлдэгдэл 80 сая төгрөг төлөөд ажлаа эхлүүлнэ гэж тооцсон. Нэг обьектыг нь нэрийн барааны дэлгүүр, нөгөөд нь хиамны үйлдвэрээ нүүлгэж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Хөргүүр, машин тэрэгний тухайд, урьдчилгаа өгсөн гэхдээ үлдэгдэл мөнгөө өгснөөр бараагаа гар дээрээ хүлээн авах гэрээтэй. Тэгэхээр эгч нь 196-аас 100-г нь өгнө гэж тооцоод, одоо цэвэр 96 сая төгрөгийн асуудалтай байна гэсэн үг.
-ЖДҮХС-гаас гадна өөр өр, зээл байгаа юу?
-ЖДҮХС-гийн журамд нэг утгагүй заалт байдаг. Энэ бол зээл хүсэхдээ банк болон ББСБ-д ямар ч зээлгүй байх ёстой гэсэн заалт. Гэтэл амьдрал дээр бизнес эрхэлдэг хүн ямар ч зээлгүй байна гэж байдаггүй. Бүгд л 8-10 хувийн хүүтэй зээл авдаг. Банкууд багадаа л сарын 1.9-2.1 хувийн хүүтэй бизнесийн зээл гаргадаг. Энэ заалтыг хангахын тулд буюу зээлийн гэрээ 400 саяар дэмжигдсэн учраас зээлээ авахын тулд бусад банкнаас авсан зээлүүдээ дарахаар таньдаг хүмүүсээс түр хугацаатай мөнгө зээлж хаах хэрэгтэй болсон. Ингээд 200 сая төгрөгийн зээл авсныхаа дараа хүмүүсээс авсан зээлээ дарсан.
-Хэрэв 400 сая төгрөгийн зээлээ бүтэн авсан бол Таны бизнес хэрхэн өргөжих байсан бэ?
-Үлдсэн санхүүжилт зээлийн гэрээнд тусгаснаар 2017 онд орсон бол тэр жил махны үнэ 2300 төгрөг болтлоо буурсан юм. Энэ үед 10 тонн мах нөөцлөхөд л авсан 400 саяын зээлээ дарах бүрэн боломжтой байсан. Бид 2300 төгрөгөөр махаа худалдаж аваад, хамгийн багадаа л 5000 төгрөгөөр борлуулахад л үйлдвэр жигд үйл ажиллагаа явуулж, зээлээ графикийн дагуу төлөөд дуусгах байсан. Хэрэв төсөл хэрэгжээд санхүүжилт бүрэн орж ирсэн бол таван жилийн дотор сарын зургаан сая төгрөгийг хангалттай төлөх байлаа.
ЖДҮХС-гаас зээл хүсэхдээ би нийгмийн даатгал, татвар дээр нэг төгрөгийн ч өргүй, 10 ажилчинтай, 100 харилцагчтай байсан шүү дээ. Ингээд уруудсаар 2019 оны есдүгээр сард Орхон аймаг дахь үйлдвэрээ эргэлтийн хөрөнгө байхгүйн улмаас бүрэн зогсоож, дампуурлаа зарлахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Махны үнэ тэнгэрт хадаж, 2018 онд гахайн өвчин гарсан нь борлуулалтад илт нөлөөлсөн. Одоо бол нийгмийн даатгал, татвар дээр өртэй байгаа.
-Эрх баригчдын буруу шийдвэрээс болж эдийн засгийн хохирол амсчээ. Таны хувийн амьдралд гарсан сөрөг үр дагаврын тухайд?
-Манай нөхөр ахлах дэслэгч цолтой. Орхон аймгийн 110 дугаар цэргийн ангид Соёл хүмүүжлийн албаны даргаар ажиллаж байсан. Ингээд ЖДҮХС-гийн зээл хөөцөлдөхийн тулд хотод байх шаардлага тулгарсан. Зарим төрийн албан хаагчид зээл гаргаж өгөх, төрийн үйлчилгээ үзүүлэхийн тулд маш их хүнд суртал гаргаж, зарим нь бүр нэг сар хүлээлгэж байсан удаатай. Намайг хотод зээл хөөцөлдөх хойгуур үйлдвэрийн үйл ажиллагаа эзэнгүйдэж эхэлсэн тул манай гэр бүлийн хүн ажлаасаа гарсан. Энэ бүхний дараа манай хүн эргээд ажилдаа орохдоо энгийн алба хаагчаар буюу албан тушаал буурч ажиллаж байна. Хоёрдугаарт, хүүгээ өөр шигээ хүнсний махны технологич болгоно, мэргэжилтэй хүн бэлтгэнэ гээд оюутан байхад нь сургуулиас нь гаргаж, үйлдвэртээ туслуулж байгаад 2018 оны гуравдугаар сард Чех улсад махны технологичоор сургахаар явуулчихсан байна. Гэвч төлбөр мөнгийг нь хэрхэхээ мэдэхгүй л сууна. Ганц би ч биш үл хөдлөхөө барьцаанд тавьсан ах дүү нар маань хэзээ ирээд гэр орноос нь хөөх бол гэсэн айдас дунд амьдарч байна. Тэдэнтэйгээ уулзах нь битгий хэл утсаар ярихаас нь зүрхшээж байна. 70 хүрсэн аавыгаа орох оронгүй болгох дээрээ асуудал тулж ирлээ. Орхон аймагт ажиллах боломжгүй учраас өнөөдөр би Улаанбаатар хотын уушийн газар түр зуур зөөгчөөр ажиллаж байна. Үнэндээ тэр их өрийг яаж дарахаа мэдэхгүй сууна. Гэхдээ өвчин зовлон туссан биш төлөх нь үнэн, харин яаж вэ гэдэг замыг л хайж байна.
-Хамгийн муухай нь, Таны 200 сая төгрөгийн санхүүжилтыг төсөв байхгүй гэдэг нэрийдлээр өгөхгүй мөртлөө эрх баригчид өөрсдөө тэрбум тэрбумаар нь хуваагаад авчихсан байна шүү дээ?
-Б.Батзоригийн нэг компани гэхэд ЖДҮХС-гаас нэг тэрбум 200 сая төгрөгийн ямар ч барьцаагүй зээл авсан байна. Гэтэл ядахдаа л 200 саяыг нь надад өгчихсөн байсан бол өнөөдөр хамгийн багадаа л би 40 хүнийг ажлын байраар хангаад, эх орондоо экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өөрийн болон олон арван хүний ар гэр, амьдралыг авч явж, баялаг бүтээх байлаа. Өнөөдрийнх шиг ийм шударга бус байдалд орохгүй, 96 сая төгрөгийн өргүй байх байсан. Зээл хөөцөлдөөд явж байхад хүмүүс “Хэцүү шүү, барьцгүй шүү” гэж анхааруулсан. Эргээд бодоход, ЖДҮХС-гийн зээлийг зөвхөн Б.Сэргэлэн, Б.Батзориг нарын үед бус маш олон жилийн туршид хувааж идэж байсан нь харагдаж байгаа юм.
-Танд үлдсэн 200 сая төгрөгийн санхүүжилтыг өгчихвөл асуудал шийдэгдэх үү?
-Үнэхээр үлдсэн санхүүжилтээ авбал хиам үйлдвэрлэхийн зэрэгцээ мах сортлоод ангилж болж байна. Би мэргэжлийн хүн. Энэ мэргэжлээрээ маш олон жил ажилласан. Уг нь хөргүүр, машин зэргийг худалдан авах гэрээ гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр. Тиймээс үлдэгдэл санжүүлжилтыг нь өгөөд төслөө үргэлжлүүлж, зээлээ төлөөд явахад ямар ч асуудалгүй байгаа юм.