Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
А.Амарбал: Иргэд тооллогод идэвхтэй оролцсоноор төрийн бодлогын чиглэл тодорхойлогддог

Удахгүй Хүн ам, орон сууцны ээлжит тооллого эхэлнэ. Тус тооллогыг манай улс сүүлийн үед арван жилд нэг удаа хийдэг болсон. Дээрх тооллогоор нийгмийн болон хүн амын хөгжлийг тодохойлох боломжтой гэнэ. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалтай ярилцлаа. Тэрээр хүн ам зүйч, статистикч мэргэжилтэй ба энэ салбартаа 22 жил ажиллаж байгаа аж.

Хэлмэгдсэн иргэдийг 1935 оны хүн амын тооллогын бүртгэлээр илрүүлсэн

-Хүн ам, орон сууцны тооллого гэж юу вэ?
-Энэ тооллогоор улс орон анхан шатны нэгжээс эхлээд хүн амын тоог нарийвчлан гаргадаг. Манайхан 1944 оны хүн амын тооллогыг сайн мэддэг.
-Манай улс анх хэдэн онд хүн амаа тоолж эхэлсэн бэ?
-Эртний түүхээс тооцвол Монголын эзэнт гүрэн 1240 оросын хүн амыг тоолж байсан байгаа юм.
-Энэ тухай ямар баримт байна?
-ОХУ-ын архивын 200 жилийн ой болоход баримт гарч ирсэн.
-Орчин цагийн тооллого хэзээнээс эхэлсэн бэ?
-Богд хаант Монгол Улс 1918 онд анхны тооллого явуулсан гэж үздэг. Дараа нь 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000, 2010 хүн амаа тоолсон. 2005 онд завсрын тооллого хийсэн. 2008 онд хуультай болсон.
-Тооллогод ямар үзүүлэлтүүд хамрагдах вэ?
-Таны эцэг, эхийн нэр, ургийн овог, нас хүйс, боловсрол, шилжилт, эрхэлдэг ажил, шүтлэг, орон сууцны нөхцөл зэрэг хамрагдана.

-Ямар хэлбэрээр тоолох вэ?
-Энэ жилийн хувьд бүртгэлд суурилсан болон цаасан хэлбэрээр тоолно. Улсын хэмжээний хүн амын бүртгэлийн сан гэж байдаг. Төсөв мөнгө хэмнэхийн үүднээс энэ сандаа түшиглэсэн тооллого явуулна. Харин нийт иргэдийн арван хувийг цаасан хэлбэрээр тоолно. Тооллого 2020 оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих 00 цагаас эхлэнэ. Энэ цагт амьд байсан бүх хүмүүс тооллогод хамрагдана. Нэгдүгээр сарын 9-ны өглөөний 9:00 цагаас эхлээд хүн амын арван хувийг хамарсан цаасан бүртгэл эхэлнэ.
-Цаасан тооллогод хэн хамрагдах вэ?
-Түүврийн аргаар сонгогдсон хүн амын арван хувьтай тэнцэх иргэд.
-Өнөөгийн тооллогуудын зорилго ойлгомжтой. Харин 1918 оны анхны тооллого ямар зорилготой байсан бол?
-Богд хаант Монгол Улс байгуулагдаад долоон жил болчхоод байхад манай улс татвараа бүрэн авч чадахгүй байсан юм байна. Тухайн үед хэдэн хүнтэйгээ мэдэхгүй байсан. Дараа 1933-1935 онд явуулсан тооллого орчин цагийн хэлбэрт орсон. Тухайн үед ам бүлээр нь, эхнэр, нөхөр, хүүхдүүдийг хамруулсан. Энэ тооллогын ачаар хэлмэгдсэн хүмүүсийн нэр, усыг тодорхой болгож цагаатгасан шүү дээ. 1944 оны тооллого бол тусгаар тогтнолын санал асуулга явуулахад шаардлагатай байсан. 1935 оноос хойш тооллого хийгээгүй байсан болохоор хэдэн хүний саналыг олонх гэж үзэх вэ гэдэг асуудал гарсан. Тийм учраас хүн амаа тоолоод тусгаар тогнолын санал явуулж 90 гаруй хувь нь дэмжсэн. 1956, 1963 онуудад атар газар эзэмших, үйлдвэржилт нэлээн эрчимтэй явагдсан, хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимжсэн учраас тооллого явуулсан. Ер тооллого бүр төрөөс явуулсан бодлогын хэрэгжилтийг харуулдаг байхгүй юу.

Хүн ам арван жилд дунджаар 400 мянгаар нэмэгдэнэ

-2010 оны тооллого ямар ахиц харуулсан бэ?
-2000-2010 онд манай улсад орон сууцны хэмжээ нэг их нэмэгдээгүй байдаг.
-Яагаад?
-Тухайн үед мөнгө муутай байсан учраас энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Гэхдээ 2000 онд нийслэлийн хүн амын 18 хувь нь гэр хороололд амьдарч байсан бол 2010 онд 28 хувь болж нэмэгдсэн. Хөдөөнөөс нийслэл рүү чиглэсэн нүүдэл маш их болсон. Харин 2015 он хүртэл орон сууцны бүс нэлээд тэлсэн байдаг юм. Хүн ам 2000 онд 2.2 сая, 2010 онд 2.7 сая болсон. Тооллого хооронд манай хүн ам дунджаар 400 мянгаар нэмэгддэг. Манай хүн амын өсөлт 1992-2006 он хүртэл унасан. Сонирхуулахад Хөвсгөлд Чингүнжавын ойг тэмдэглэснээс хойш хотгойд овогтнууд хоёр дахин нэмэгдсэн байдаг.
-Тооллогоор ургийн овгийн тоо гарах уу?
-Судлаач хүний хувьд хэлэхэд манайхны ургийн овог нэлээд замбараагүй байгаа шүү.
-Нийслэл рүү хийсэн нүүдэл хэзээ их нэмэгдсэн бэ?
-1990, 2008 оны зуднаар их нэмэгдсэн байдаг.
-Орон сууцны тэлэлт тийм чухал үзүүлэлт үү?
-Арван жилд төр засаг иргэдийнхээ төлөө юу хийсэн гэдэг нь тооллогоор харагдана. Өнөөгийн байдлаар инженерийн байгууламжтай орон сууц нь амьдралын чанарын гол үзүүлэлт болж байгаа юм. Ер нь аль ч улс оронд амьдралын чанарын үзүүлэлт тохилог орон сууц болдог.
-Олон улсын байгуулагууд энэ тооллогод маш их ач холбогдол өгч хүлээлтийн байдалтай байх шиг байна. Тооллого хэр шударга явагддаг бол?
-2010 оны тооллогын үед би комиссын даргаар ажиллаж байсан. Тэгэхэд АНУ-ын сэтгүүлч таны асуусан асуултыг надаас асууж байсан юм. Хариулт маш энгийн. Аль ч улс, ямар ч тооллого явуулахад суурь үзүүлэлтээсээ тодорхой хэмжээгээр илүү эсвэл дутуу байх үзэгдэл байдаг. 2010 оны тооллогод нэмэх, хасах нэгээр тооцож байсан. Зарим хүнсний барааны жин дээр нэмэх хасах 1-3 гэсэн тоо байдаг шүү дээ. Энэ чинь 1-3 граммаар илүү эсвэл дутуу байж болно гэсэн анхааруулга. Үүнтэй адил тооллогод бас бага боловч тодорхой хэмжээний зөрүү гардаг.
-Засгийн газар тооллогоос юу горьдож суугаа бол?
-Өнгөрсөн арван жилд ямар өөрчлөлт гарсныг олж харна. Мөн цаашдаа иргэдийн төлөө юу хийхийг мэдэх болно. Тооллогын дүнгээс маш олон зүйл харж болно. Цэвэр ус, эрүүл мэнд, цахилгаан, орон байрны хангамж, ирээдүйд хаана эмнэлэг, сургууль барих гээд ирээдүйг төлөвлөх боломж гарна. Ирээдүйд хэдэн хүүхэд цэцэрлэг, сургуульд орох, ямар түвшний хэдэн багш бэлтгэх шаардлагатай гэх мэтээр нийгмийн амьдралыг бүхэлд нь тольдоно шүү дээ.
-Цаасан тооллогод хамрагдаагүй иргэд яах ёстой вэ?
-Хүн амын арван хувийг л цаасаар бүртгэл хийж тоолно. Үүнд долоо хоногийн хугацаа зарцуулна. Үлдсэн 90 хувийг Хүн ам, өрхийн мэдээллийн санд байгаа мэдээллээр тоолно. Тийм учраас иргэд хороо, баг дээрээ очиж мэдээллээ шалгах, өөрчлөлт гарсан бол түүнийгээ бүртгүүлэх хэрэгтэй. Гэхдээ заавал оч гэсэн үг биш. Бүртгэлд ямар нэг алдаа, өөрчлөлт гарсан бол засуулах хэрэгтэй байгаа юм.
-Мэдээллээ шалгах гээд очихоор хороо, баг иргэдээс ямар нэгэн юм шаардах уу?
-Тийм асуудал байхгүй. Өнөөдөр иргэд гар утсаараа интернэтэд ордог болсон. Өөрийн мэдээллээ интернэтээр шалгах боломжтой. Гэхдээ өөрийн мэдээллээ шалгахын тулд гар утсаа өөрийн нэр дээр бүртгүүлсэн байх ёстой. Таны мэдээллийг та болон баг, хорооны Засаг даргаас чинь өөр хүн харахгүй. Та өөрийн мэдээллээ шалгаад алдаатай бол баг, хорооныхоо Засаг даргад хэлж засуулах үүрэгтэй. Та тооллогод идэвхтэй оролцож, хамрагдсанаар өөрийгөө төрд тамгалууллаа гэж ойлгох хэрэгтэй. 1937 онд хэлмэгдсэн хүмүүсийн нэрсийг 1935 оны хүн амын бүртгэлээс олж цагаатгасан байдаг. Цаашдаа бие хүнийг цахим орчинд баталгаажуулах зүйл бол утас, эмейл болно гэж ойлгох хэрэгтэй. Миний иргэний үнэмлэхний зургийг хараад намайг Амарбал мөн байна гэж таньдаг. Тэгвэл цахим орчинд таныг гар утас, эмейлээр баталгаажуулна шүү дээ.

Тоологч нар 08-22 цагт өрхүүдээр явна

-Хүн амын мэдээллийн сангийн технологи ямар түвшинд байгаа бол?
-Олон зуун жилийн туршлагатай, технологи хөгжсөн орнуудтай харьцуулахад манайхан бас чамгүй үр дүнд хүрсэн шүү. Мэдээж жижиг, сажиг алдаа байгаа. Гэхдээ бид маш хурдтайгаар хөгжиж байгаа. Финлянд улс 1975 оноос эхлээд 30 жил болж байж боловсролын бүртгэлээ хийж авсан байдаг. Үүнтэй харьцуулахад манайхан маш хурдтай урагшилж байна.
-Цаасан тооллого ямар хэлбэрээр явагдах вэ?
-Ямар үнэмлэхтэй хүн өрхөөр явж тооллого хийх вэ гэдгийг бид тооллогоос өмнө олон нийтэд зарлана. Загвар хэлбэрийг сурталчилж, “Хүн ам, орон сууцны тооллогын ажилтан ийм үнэмлэхээр танайхыг тооллогод хамруулна” гэдгийг зарлана.
-Тоологч заавал гэрт орох ёстой юу?
-Орох ёстой. Хуулиар иргэд тоологчийг гэртээ оруулах үүрэг хүлээсэн байдаг.
-Нэг өрхөд хэдэн хүн орж тоолох вэ?
-1-2 хүн л байна. Гэхдээ энэ тоолох нутаг дэвсгэрийн онцлогоос шалгаална. Жишээ нь гэр хороололд бол хоёр байж болно. Тооллогын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд орно. Оюутан, сурагчдын амралтыг тааруулж тооллого явуулж байгаа.
-Зарим амралт нь тооллогын үеэр дуусах байх.
-Харин тийм. Бид түүнийг нь яамтай ярьж зохицуулах санаатай байна.
-Тооллогынхон ямар цагаар өрхүүдээр явах вэ?
-8-22 цагт явна.
-Зарим иргэд шөнийн ажилтай эсвэл хөдөө ажлаар явсан тохиолдолд яаж бүртгүүлэх вэ?
-Тодорхой хаяг дээр амьдардаг хүн эзгүй бол тухайн хаягт бүртгэлтэй хэн нэг нь түүний өмнөөс тооллогод бүртгүүлж болно. Жишээлбэл нөхөр нь эзгүй байхад эхнэр нь нөхрийнхөө өмнөөс асуулт ад хариулж болно. Иргэн өөрөө зөвшөөрөөд иргэний үнэмлэхээ орхиод явж болно. Иргэн өөрөө зөвшөөрөөгүй байхад шахаж шаардаад байх шаардлага байхгүй. Тооллого хаана ч явагдаж болно. Хорих болон цэргийн анги, асрамжийн газар гэх мэт.
-Гадаадад байгаа иргэд яаж хамрагдах вэ?
-Жилийн өмнө цахим хуудас нээсэн, гайгүй сайн хүрсэн. Гадаадад байгаа манай иргэд мэдэж байгаа байх.
-АНУ-д төрсөн монгол хүүхдүүд тус улсын иргэн болчихоор яаж тооллогод хамрагдах вэ?
-Тэр чинь төрөнгүүт нь шууд иргэн болгоод бүртгээд авчихдаггүй л дээ. Насанд хүрсэн хойноо хүүхэд өөрөө шийднэ. Тэр хүртэл тооллогод хамрагдаад л явна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com