Хорьдугаар зууны эхний хагас гэхэд монголчуудын ахуй амьдрал, зан заншилд дорно дахины томоохон өв соёлд тооцогдох буддын шашин нэвт шингэж, уламжлалт соёлынх нь нэг хэсэг болсон байв. Бурхны шашны сургаал номлол сүм, хийдээр дамжин олонд тархаж хэдэн зууныг элээгээд байсан тэр үед "ардын" гэх нэрээр халхавчилсан коммунист дэглэм улс төрийн хэлмэгдүүлэлтийг ид өдөөсөн юм. 1937-1939 онуудад 767 сүм хийдийг нурааж, өв уламжлалаа устгасан хар өдрүүд түүхэнд бичигдэн үлджээ. Гэтэл энэ хар дарсан зүүдийг санагдуулам үйл явдал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрөв.
Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаас гарсан 280 дугаар тогтоолд, “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт "Чингис хаан"-ы музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулах”, 281 дүгээр тогтоолд, “Үлэг гүрвэлийн төв музейг 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс татан буулгаж Байгалийн түүхийн музейд нэгтгэн зохион байгуулах” зэрэг заалтууд оржээ. Уг тогтоолыг иргэд эсэргүүцэн гомдол гаргаснаар уг шийдвэр түдгэлзүүлээд байсан юм. Гэвч Засгийн газар (БСШУСЯ)-ын зүгээс гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээс хүссэн шийдвэрээ гаргуулж амжив. Ийнхүү мянга мянган жилийн түүхтэй, нүүдэлчдийн өвөрмөц соёлын өлгий нутгаас амилсан ховор нандин зүйлсийн биет үзүүлэнтэй (нийт 12000 үзмэртэйгээс дөч орчим хувийг нь байнга дэлгэн үзүүлдэг байсан) гэгдэх Байгалийн түүхийн музейн барилгыг нураах шийдвэр баталгаажиж, Улаанбаатар хотын унаган төрх, нийслэлчүүдийн түүхэн ой санамжид тодорхой хэмжээгээр орон зайгаа эзэлсэн түүхийн дурсгалт нэгэн байгууламж болох музейн барилгыг нураалаа. Соёлын өвийг хамгаалах үндэсний төвийн бүртгэл мэдээллийн санд Байгалийн түүхийн музей соёлын биет өвөөр бүртгэлтэй байдаг аж. Тус музейн барилгаас гадна Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театр, Улсын Драмын эрдмийн театр, Гадаад харилцааны яам, Засгийн газрын ордон зэрэг түүхэн дурсгалт таван барилгыг он цагийн шалгуур үзүүлэлтээр нь Соёлын биет өвийн санд бүртгэсэн байдаг юм байна. Гэтэл энэхүү түүхэн дурсгалт барилгуудыг “шинэчлэх” нэрийн дор үгүй хийх нөхцөл бүрдсэн байна.
Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж буй байдлыг харахад нийслэлийн түүхэн барилгуудыг нураах шиг амархан ажил үгүй бололтой. Олон нийтийн сүлжээнд иргэдийн эсэргүүцэл, бухимдал буцалж байгааг “дүлий” төр нь үл тоомсорлоно. Тэртээ 1937 онд түүх соёлын өв, уламжлалаа бүгдийг нь шахам устгаж нураачхаад, “Санаа зовох хэрэггүй, нурж унах аюултай, хуучны барилгуудаа нурааж, оронд нь тансаг сайхан барилга барих болно. Түр хүлээ” хэмээж байсан түүх дахин давтагдав. Эрх баригчид “тархи угаах” бүдүүлэг оролдлогоо ийн давтсан ч мэдээллийн эрин зуунд амьдарч буй өнөөгийн хүмүүс үүнийг “иргэдээ басамжлан, дорд үзэж буй нэг хэлбэр” гэж хүлээн авч байна.
Ингээд Засгийн газрын 280 болон 281 дүгээр тогтоолтой холбоотой тооцоо хийе.
Төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламж:
Монгол улсын төсвийн хөрөнгөөр гурван жилийн хугацаанд томоохон долоон бүтээн байгуулалт хийхээр тусгасныг та бүхэн харж байна. Нийт 539 тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтаас ирэх онд 91.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Дуурь, драмын театрууд, Төв номын санг санхүүжүүлэх мөнгөн дүн нь ирэх онд хоёр тэрбум төгрөг байна. Төв цэнгэлдэх хүрээлэнг арай нүсэр гэж тооцоод таван тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ мөнгөн дүн нь томоохон байгууламж шинээр барих боломжгүй, харин нураахад хангалттай хүрэлцэхээр байна. Сангийн яамныхан ийм л тооцоо хийж. Хэрэв бүтээн босгох нийт хөрөнгийг 2021, 2022 оны төсөвт хувааж суулгах аваас тус бүр ойролцоогоор хоёр зуу илүүтэй тэрбум төгрөг шаардлагатай байна гэж шууд хэлье. Манай эдийн засагт ийм боломж байхгүй. Ойрын ирээдүйд ийм бүтээн байгуулалт өрнөх санхүүгийн боломж алга. Тиймээс буулгаж нураах ажлаа нэн даруй зогсоох нь зүйд нийцнэ.
2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Шинээр байгуулагдах Засгийн газрын хамгийн чухал шийдэх асуудал бол гадаад өр төлбөр. 2020-2024 оны хооронд Засгийн газар 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой. Энэ нь зөвхөн өнөөдрийн тооцоогоор бараг найман их наяд төгрөг болж байна. Нэмээд Монголбанкны 15 тэрбум юанийн свопын төлбөр болон бусад компаниудын өр гэж нэрлээд байгаа Монгол Улсын Засгийн газрын баталгаа гаргасан МИАТ, “Эрдэнэс Монгол” ХХК, Хөгжлийн банкны авсан зээлүүдийн хугацаа 2020 оноос дуусч байна. Нэг үгээр хэлбэл дааж давшгүй их хэмжээтэй гадаад өрийн төлбөр хүлээгдэж байна. Мөн ирэх онд Олон Улсын Валютын сангийн хөтөлбөр дуусч, гадаадын донор орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын буцалтгүй тусламж, зээл зогсоно. Манай улсыг тэтгэдэг нүүрс, зэсийн дэлхийн зах зээлийн ханш унах мөчлөг ирж байгаа гэдгийг санхүүгийн шинжээчид, эдийн засагчид дуу нэгтэй баталж байна.
Эрх баригчид хоёрхон жилийн хугацаанд төсвийн орлогоос хөрөнгө оруулалт хэлбэрээр асар их хэмжээний мөнгө буюу Чингис бондыг гурав нугалах хэмжээний хөрөнгө зарцуулахаар хуульчлан батлаад байгаа. 2019 онд батлагдсан хоёр их наяд 689 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гүйцэтгэл одоогоор дөнгөж 36.9 хувьтай хэрэгжиж байна. Гэтэл 2020 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалт гурван их наяд 055.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой боллоо. Гэвч иргэнээ хөдөлмөрлөх боломж, бизнес эрхлэх нөхцөлөөр хангах чиглэлд нэг төгрөг ч тавигдсангүй. Мөн орлогын шинэ эх үүсвэр бий болгох салбар, импортыг орлох үйлдвэрүүд, иргэдийнхээ амьдралд нэн чухал шаардлагатай дэд бүтцийг байгуулахад гялтайх хөрөнгө оруулалт алга. Харин иргэдийн санал худалдан авах зорилготой “эрх ашгаа” эн тэргүүнд тавьж, татвар төлөгчдийн асар их хэмжээний мөнгийг жалгаар нэг цацах төлөвлөгөөг УИХ-ын гишүүд чадварлаг хийсэн. Сүүлийн дөрвөн жилийн төсвийн алдагдал есөн их наяд төгрөг давлаа. Төсвийн алдагдал бол өр болдог. Эдийн засаг сэргэсэн он жилүүдэд бодлогогүй эрх баригчид маань “саарал” биш, харин “тас хар” эдийн засгийг үлдээх нь тодорхой болжээ.
Өнөөдрийн УИХ, Засгийн газарт нэг сул тал ажиглагддаг. Тэр нь аливаа асуудалд тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөдлөлөөр хөнгөн хуумгай хандах явдал. УИХ-ын нөхөн сонгуулийн дуулианаар Монгол улсын Ерөнхий сайд Хэнтий аймагт очиж харсан, сонссон бүхнээ хийж бүтээнэ гэж амлав. Мөн соёл урлагийн байгууллагуудын ажилтай танилцаж явахдаа нөгөө “амлах өвчин” нь сэдэрсэн юм даг. Камерын өмнө өөрийн халааснаас өгч буй мэт авирлаж, түүгээрээ нэвтрүүлэг хийж орон даяар цацах нь зах зээлийн нийгэмд байж боломгүй эрээ цээрээ алдсан төсвийн хууль зөрчсөн гэмт үйлдэл. Коммунист дэглэмийн үед л “удирдагч, жолоодогч” нар л ингэж аашилдаг сан. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжээд гучин жилийг ардаа орхисон Монголд хуучин цагийн “үлгэрийн баатар” амилах гэж. Мэдээж “удирдагч” амлачихсан болохоор улсын төсөвт хагас хугас боловч санхүүжилт суулгасан дүр үзүүлжээ.Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаагүй, улс орны хөгжил, иргэдийн амьдралд хэрэгтэй байдлаар нь эрэмбэлэлгүй тараан цацаж буй ганцхан жишээ дурдахад ийм байна.
“Нэг дор” соёл урлагийн хэд хэдэн томоохон барилга байгууламжуудыг босгосон түүх дэлхийн аль ч улсад байдаггүй. Эдийн засаг, санхүүгийн хувьд ч ийм боломж хомс. Харин буулгаж нурааж байсан балмад үйлдэл, коммунист дэглэмтэй улс орнуудын түүхэнд зөндөө бий. Олон зуун дамжин нөр их хөдөлмөрөөр боссон бурхан шашны соёл, сургаалын төвүүдээ хэдхэн жилд хэдэн зуугаар нь нурааж үнсэн товрог болгосон улс төрийн хүчинд бүхэл бүтэн наян жил өнгөрсөн ч төсвийн орлогоо үрэн байж “буулгах, нураах” гаж дон нь амьд байдаг юм байна.