Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Х.Батжаргал: Сайн малчны мөнгө нь эргэлдээд, өсч байдаг
Төв аймгийн Баянцагаан сумын гуравдугаар багийн Улсын сайн малчин Х.Батжаргалтай ярилцсанаа хүргэе.
-Сүрэг тарган, сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан өвөлжиж байна. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу.
-Өвлийн эхэн сар  дундаа орж байна. Одоогоор танай нутагт малын ундны устай цас багатай байна?
-Энэ өвөл өмнөх жилээс илүү хүйтэн өвөл болно гэсэн ам дамжсан яриа байсан. Гэхдээ одоогоор өвлийн эхэн сар өнтэй л эхэлж байна. Хүн малын зоо тэнийсэн налгар намар боллоо. Гэхдээ сэтгэл тайвшрах арай л болоогүй байна. 
-Монголчууд бид нүүдэлчин соёл иргэншилтэй болохоор хөдөө орон нутгийн хүүхэд багачууд малын захтай хүн болсон байдаг. Таны хувьд малчин болохоор хэдэн настайдаа шийдсэн бэ?
-Ухаан орсон цагаасаа л малын дэргэд өслөө шүү дээ. Тийм болоод ч тэр үү тавдугаар ангид сурч байхдаа сургуулиа орхин, аавыгаа даган мал маллах ухаанд суралцаж эхэлсэн. Ер нь би бага байхын  сургууль, соёл сонирхдоггүй байсан. Харин морь, мал гэхээр л нүд сэргэдэг хүүхэд байлаа. Миний аавыг Санжаабазарын Хишиг гэдэг. Насаараа нэгдлийн адууг малласан хүн дээ. Хүүхэд наснаасаа аавыгаа дагаж адуунд явдаг байлаа. Арав гаруйхан насандаа ганцаараа адуу маландаа явж эхэлсэн дээ.
-Анх ганцаараа бие даан малдаа явахдаа айдаг байсан уу? Хот суурин газрын хүний хувьд  одоогийн ЕБС-ийн 4,5 дугаар ангийн хүүхэд хээр ганцаараа морь унаад малын захад явна гээд төсөөлөхөд бэрх санагдаж байна?
-Эхэндээ ганцаараа гэрээсээ хол хөдөө хээр явахдаа жаахан эмээх үе байсан. (Инээв) Гэхдээ багаасаа л аав, ээжтэйгээ явж дассан газар учраас сэтгэлд өег байдаг. Тиймээс өөрийгөө зоригжуулахын тулд морин дээрээ чангаар дуулаад, исгэрээд л явдаг. Тэр үед өөрийгөө жинхэнэ эр хүн болчихсон мэтээр төсөөлдөг байсан. Адуугаа хураагаад, хонио хариулаад ирэхэд аав ээж минь “Хүү минь тусад оржээ” гээд  их л урам өгдөг байсан. Одоо эргээд санахад сайхан санагдаж байна.
-Аав ээжээс олуулаа өссөн үү?
-Эхээс хоёулаа. Ах маань багаасаа номын мөр хөөсөн учраас миний хувьд удам залгасан малчин болохоор шийдсэн. Тийм болохоор хань болоод малд явах хүн цөөхөн байлаа. 1990-ээд оны үед намайг хүүхэд байхад нэгдлийн малыг иргэдэд өмчлүүлж өгсөн. Энэ үед аав маань өөрт оногдсон мал сүргээ өвсний сайныг идүүлж, усны сайныг уулгаж өвлийн хүйтэн, зуны халуунд ч үл ажран олон жил зүтгэсний хүчин 2000-аад оны үед тоо толгойг нь арвижуулж чадсан. Ингээд намайг 2002 онд аав, ээж хоёр маань 400,500-аад тоо толгой мал тасдан өгч өрх тусгаарлуулан гаргаж байлаа.
-Туурга тусгаар болж, өрх гэр тусгаарласнаасаа хойш 17 жилийн дараа “Улсын сайн малчин” хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасан байх нь?
“Улсын сайн малчин” болно гэдэг чамгүй их хүч хөдөлмөр дагуулдаг. Энэ хөдөлмөрийг минь төр засгаас өндрөөр үнэлж Улсын сайн малчин цол тэмдэг олгосонд баярладаг. Энэ бол цаашид улс эх  орондоо улам ихийг хийж бүтээгээрэй хэмээн малчдад урам өгдөг шагнал болов уу гэж боддог. Жилийн дөрвөн улирлын турш халуунд халж, хүйтэнд  хөрч ажилладаг малчин хүний хөдөлмөрийг үнэлж, олон зүйл хийж хэрэгжүүлэх урам болдог юм билээ. Одоогоор мал сүргийнхээ тоог 2000 орчимд бариулаад байж байна. 
-Малын тоо толгой олон болохын хэрээр хүн хүч их хэрэг болдог байх. Ам бүл хэдүүлээ билээ.Туслах малчин ажиллуулж байна уу?
-Манайх ам бүл дөрвүүлээ. Малчин хүний амжилт гэдэг хэзээ ч ганц хүний хөдөлмөрийн үр шим байдаггүй. Тухайн айлын гэргий, үр хүүхдүүд, нутаг усныхны дэмжлэг маш чухал байдаг. Миний өнөөдрийн “Улсын сайн малчин” хэмээн цоллуулж байгаа минь бид бүхний хамтын хөдөлмөрийн үр шим юм. Миний ханийг Д.Энхбаатар гэдэг малчин удмын  бүсгүй. Манайх хүү, охинтой. Том охин маань энэ жил арванхоёрдугаар ангид, хүү маань долдугаар ангид сурдаг. Хүүхдүүд зуны болон улирлын амралт, мал төллөх үеэр ирж  их тус болдог. Харин туслах малчны хувьд сүүлийн жилүүдэд олдоц муутай болсон. Сарын 800 мянган төгрөгийн цалин амлаад ч туслах малчны ажил хийх сонирхолтой хүн алга.  Өнөөдрийн байдлаар манайх туслах малчингүй л байна. Залуучууд мал маллах дургүй. Малчны хөдөлмөрөөс халширч зугтаад байна уу гэж бодоод байх юм.
-Хүүхдүүд нь малд хэр элэгтэй байна. Малчин болгох бодол байна уу?
-Миний хувьд багаасаа сургуулиас гарч мал дагасан болоод ч  тэр үү хүүхдүүдээ эрдэм номын мөр хөөлгөчих юм сан гэсэн бодолтой байгаа. Гэхдээ хүүхдүүд маань малын захад өссөн болохоор малд нүдтэй. Заримдаа цаг төр эргэж, дэлхий ертөнц өөрчлөгдөж байхад цаашид мал дагасан хүн ам тосдоод амар тайван амьдарч чадах эсэхэд эргэлзэх л юм. Гэвч хүүхдүүд малчин болохоор шийдвэл саналд нь хүндэтгэлтэй хандана. Мал малладаг хүн гэхээрээ л бичиг соёлгүй, эрдэм мэдлэггүй гэсэн ойлголт ард хоцорсон. Харин ч эсрэгээрээ XXI зууны малчин хүнд бүх төрлийн эрдэм цогцолж гэмээнэ илүү сайхан амьдрах боломж нээлттэй байна. Мал маллана, малчин байна гэдэг бол хувиараа бизнес эрхэлж байгаа хэрэг. Энэ бизнесээ хэрхэн өргөжүүлж, үр ашигтай авч явах тал дээр эзэмшсэн мэргэжлээ ашиглаж чадвал илүү олон боломж нээгдэнэ. Наанадаж англи, хятад хэл сурчихсан байхад бусад улс орон руу малын түүхий эдээс гаргаж авсан бүтээгдэхүүнээ экспортлох, нэг малаас авах ашиг шимээ сайжруулах талаар олон ажил санаачлан хэрэгжүүлэх давуу тал болох юм.
-Боловсролтой малчин гэснээс та ирээдүйн малчдын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Миний хувьд сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд тус нэмэр болохсон, улс орноо хөгжүүлэхсэн, залуу малчдаа бэлтгэж, дэмжихсэн гэж бодож явдаг. Одооны залуус залхуу болжээ. Бүгдээрээ шахуу л их, дээд сургууль руу хошуурч байна. Олон сайхан дээд сургуульд сурчхаад ажлын байр олдохгүй болохоор эргээд малчин болж байна. Эсвэл их, дээд сургуулийн диплом өвөртөлсөн худалдагч, үйлчлэгч болдог.  Тэгж  өөрт хэрэггүй  диплом цуглуулах нь дэмий байх. Хайран цаг хугацаа, хөрөнгө шүү дээ. Эцэг эх нь хамаг байдгаа хуу хамаад  сургалтын төлбөр, орон байр хувцас хунар, хоол хүнсийг нь бэлдээд дөрвөн жил сургасны дараа ажилгүй, орлогогүй бүүр болохоо байхаар хэдэн малынхаа дэргэд ирдэг нь буруу. Мал маллаж амьдарна гэдэг ичмээр хөдөлмөр огт биш. Харин ч сүүлийн жилүүдэд малчин айлууд  хот суурин газрынхнаас дутахааргүй сайхан амьдардаг болсон. Тиймээс сайхан мэргэжлийн нэрэнд хууртахгүй мал дагавал ам тосодно гэдэг үгийн утгыг залуус нэг бодмоор л байгаа юм. Тэгээд ч малчин гэдэг чинь дөрвөн жил сурч эзэмшдэг мэргэжил болсон. Залуучууд бодохдоо мал маллаж малчин болох гэдгийг хамгийн хэцүү ажил гэж бодоод байх шиг байгаа юм. Миний бодлоор малчин байна гэдэг хамгийн амар амгалан, аз жаргалтай амьдрах боломж юм. Өдөр бүр цаг руу хялам хялам хийж, хэдэн төгрөг олохын төлөө ажиллаад байхгүй өөрийнхөө тааваар сэтгэл амар байж байхад л мөнгө нь эргэлдээд л байж байдаг юм шүү дээ.
-Бэлчээр нутаг хомсдоод мал маллахад хүндрэлтэй болж байна шүү дээ?
-Энэ цаг үед мал маллахад байгаль цаг уур өөрчлөгдөөд хүндрэлтэй байгаа. Би багадаа зуны улиралд хөл нүцгэн шүүдэр өшиглөөд малд явж байсан. Одоо өглөө босоод үхрээ хураахад тийм юм алга. Бэлчээр нутаг цөлжөөд байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж байна. Бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт Монгол Улс даяар явагдаж байна. Бид байгалийг захирч чадахгүй болохоор байгальтайгаа дасан зохицохоос өөр аргагүй. Тиймээс төр засгаас  тууштай зөв бодлого баталбал  түүнийг нь малчид дагамаар байна. Малчин бүр мянган малтай биш, 300 толгой ашиг шим өндөртэй малтай байж энэ газар нутгаа аварч үлдэх ёстой. Таван үхэр саагаад  таван литр сүү биш, нэг үхэр саагаад таван литр сүү авдаг болмоор байна. Энэ бол эрчимжсэн мал аж ахуй юм. Арчилж ч чадахгүй, ашиг ч авахгүй мянган малтай байгаад яах юм бэ. Өнөө цагт малчид тоонд бус чанарт анхаарах талаар их ярьдаг болсон.
-Малын хулгайн асуудал хэр гарч байна?
-Хот суурин газартай ойрхон сум гэхэд малын хулгайн асуудал харьцангуй гайгүй байдаг. Одоо малчдын харилцаа холбоо сайжирсан болохоор хүнийх, минийх гэлтгүй нутгийнхныхаа малд санаа тавьж хэл үгээ  авалцдаг болсон нь сайшаалтай. Тэгээд ч сүүлийн үед малын хулгайчдад ногдуулах хуулийн хэмжээг нэмэх талаар эрчимтэй ярьж байгаад баярлаж сууна.
-Малынхаа өвөлжилтийн байдлыг хэр базаасан бэ?
-Өвс хадлангаа зуны цагт өөрсдөө бэлдэхээс гадна, худалдаж аваад бэлтгэсэн байгаа. Учиргүй их цас орж, зуд болчихгүй бол энэ өвлийг өнтэй давчих байх гэж бодож байна. Өвлийн цагт уралдааны хэдэн адуугаа тэжээдэг болохоор тэжээл, өвсөө ахиухан бэлдсэн.
-Танай нутаг хурдны өлгий. Морьд нь хурдтай байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Ааваасаа өвлөж авсан багахан эрдэм бий. Түүнийгээ хөгжүүлж жил бүр улс, аймагтаа адууныхаа хурд, шандасыг сорьдог. Миний аав ихэнх насаа адууны дэргэд өнгөрүүлсэн болохоор адууныхаа омог, гарал үүслийг сайжруулах талаар онцгой анхаарсан. Аавынхаа хөдөлмөрийн үр шимээр бий болгосон буянаар сум орон нутгийнхаа наадмыг өнгөлж уралдуулж байна. Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд морин уралдаан зохион байгуулахыг хориглосон учраас зуны дэлгэр цагаар морьдынхоо хурдыг шалгаж байна даа. Хамгийн гол нь тэр уралдааны бай шагналыг авахдаа нь гол биш. Хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж, уралдаанч хүүхдийнхээ ур ухааныг нийцүүлж олноос онцгойрч тэргүүн байр эзлэх мөчийг үгээр хэлэхийн аргагүй. Аавынхаа нэрийг дуудуулж хурдан буянаа цоллуулаад байж байх хамгийн сайхан мэдрэмж байдаг даа.
-Малын түүхий эдийн үнэлэмж хэр санагдаж байна?
-Миний бодлоор малаас гарах ашиг шимийг хэдий хэмжээнд экспортод гаргаж чадаж байна, төдий хэмжээгээр малчдад ашигтай. Малын түүхий эдийн үнэлэмж өндөр байх тусам малчдын амьдрал ахуй, амьжиргааны түвшин нь сайжрах боломжтой гэж боддог. Гэхдээ дотоодын хэрэгцээнд нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ болон гадагшаа гаргах бүтээгдэхүүний үнийг өөр өөр хэмжээнд тогтоож түүнийг нь бодлогоор зохицуулж өгөх ёстой гэж хардаг. Тухайлбал, өнгөрсөн жил БНХАУ-руу бага хэмжээний мах экспортод гаргасантай холбоотойгоор махны үнэ өссөн нь малчдад таатай мэдээ болж, хот суурин газар амьдардаг иргэдэд хүнд туссан. Энэ нь нэгдсэн бодлого байхгүйтэй холбоотой гэж бодож байна. Манай улсын малын тоо толгой өсч, бэлчээрийн даац хэтэрчхээд байна. Тиймээс малаа экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Ингээд цаашид нэг малаас авах ашиг шимээ сайжруулахад анхаарах нь зөв болов уу.
-Танайх морь унаад малаа хариулж байна уу. Сүүлийн үед мал хариулахдаа техник хэрэглэх нь их болсон шүү дээ?
-Морь унах нь ховордоод байгааг нуухгүй. Нэг талаараа мотоциклиор малаа хариулах нь малдаа халгаатай нь үнэн боловчиг мориор хариулахаас илүү цаг хугацаа хэмнэж байгаа нь үнэн. Учиргүй хол газар мотоциклиор өөд уруугүй хөөгөөд байна гэж юу байх вэ. Аль болох алсаас л туудаг  даа.  Өнөө цагт хүний хөдөлмөрийг хөнгөвчилж болохуйц техник хэрэгслийг амьдрал ахуйдаа аль болох хэрэглэхийг л эрмэлздэг болсон учраас малаа мотоциклиор хариулж байгаа хүмүүсийг шууд буруутгах аргагүй. Хэдийгээр эртнээс уламжилж ирсэн нүүдэлчин соёл аж ахуй алдагдах тал ажиглагдаж байгаа ч мал маллах хүн бүл цөөтэй учраас малчид тарамдаж байна. Мориороо малдаа явбал хоёр цаг орчим болох бол мотоциклиор бол 30 минут л зарцуулах жишээний.
-Малчид эртнээс цаг агаарын байдлыг өглөө босоод тэнгэрийн байдлыг ажихаас авхуулаад амьтдын аж байдлаар шинжиж ирсэн. Хэдийгээр өнөө цагт цаг агаарын мэдээ алдаагүй сайн мэдээлдэг болсон ч энэ уламжлалаа хэрэгжүүлж байна уу?
-Малчин хүний өдөр бүр авах ёстой хамгийн чухал мэдээ бол яах ч аргагүй цаг агаарын мэдээ. Хэдийгээр өнөөдөр тэдэн хэм халуун, хүйтэн гэдгийг яг таг хэлэхгүй ч гэлээ мал сүрэг, орчин тойрноо хараад улирлаа шинжих ухаан малчин хүнд бий. Адуу мал хөдөлгөөнгүй тогтуун сайхан байгаа учраас энэ өвөл тогтуун сайхан өвөл болох болов уу гэсэн таамаг дэвшүүлээд байж байна. Цаг муудах болохоор адуу мал тогтворгүй болоод эхэлдэг. Мөн намар усны шувуу буцахдаа тэнгэрт дээгүүр нисээд, хулгана хөеөгөө адууны хомоол, чулуугаар дарчихсан байвал тэр жил өнтэй сайхан өвөл болдог нь ажиглагдсан.
-Цаашид хот хүрээнд суурьших талаар бодож байна уу?
-Ойрын  үед  гэрийн бууриар тамгалсан голомтоо орхиж нүүх бодолгүй л байна. Гэхдээ насны эцэст дулаахан, тохитой газар  суухыг үгүйсгэхгүй. Сайн малчин болж, малаа өсгөн үржүүлж, өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж чадвал хэдхэн жилийн дотор хотод байртай, үнэтэй машин унаад юугаар ч дутахгүй амьдрах боломж бүрэн байна.
-Сүүлийн үед залуучууд малаас холдох болсон. Өөрөөр хэлбэл, залуу малчид ховордож байна. Залуу малчдад хандаж юу захих вэ?
-Би өөрөө ч залуу хүний төлөөлөл. Миний үеийн залуус мал маллахаа больж байгаад их эмзэглэж явдаг. Би тавдугаар ангиасаа хойш мал малласан хүн. Ер нь мал дагасан хүн хоосон хонодоггүй. Яах вэ, жилийн дөрвөн улиралд малаасаа холдохгүй байх л хэрэгтэй дээ. Малчин хүн цастай, бороотой, нартай аль ч үед малаа малласаар л байдаг. Гол нь шантарч л болохгүй. Залуу байхад шантрах үе гардаг л юм. Хэрвээ шантарвал мал маллаж чадахгүй. Тиймээс залуу малчдад хэлэхэд малчин хүнд тэсвэр тэвчээр хэрэгтэй байдаг. Шантарч л болохгүй. Тэгсэн цагт малынхаа буянг үзнэ шүү л гэж хэлье.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com