Г.ЭНХЦЭЦЭГ
Дэлхий нийтээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Хүний эрхийн хамгаалагчийн, арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд Монголын хүний эрхийн Форум-аас “Бидний эрх-хүний эрх” мэдээллийн зах өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.
Манай улс “Universal Periodic Review” буюу НҮБ-ын гишүүн улс орнууд, дөрвөн жил тутамд хүний эрхийн нөхцөл байдлаа тайлагнадаг, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт гурав дахь жилдээ хүний эрх зөрчигдөж буй онцлох асуудлуудаар тайлан бэлдэж илгээсэн байна.
Эдгээр тайланд: Хүний эрхийн үндэсний тогтолцоо, Бүлгийн эрх (Эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, ахмадын эрх), Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гажуудал, Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, Бэлгийн хүчирхийлэл, Хүн худалдаалах гэмт хэрэг, Гэр бүлийн хүчирхийлэл, Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийн асуудал, Залуусын улс төрийн тогтолцоо зэрэг асуудлуудыг хөндсөн байна.
Форумд оролцогч Нээлттэй нийгэм Форумын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан “Бид эрүүдэн шүүх болон бусад хүнлэг бус харьцаанаас ангид байх эрхийн хэрэгжилт гэсэн сэдвээр тайлан бичсэн. Эрүүдэн шүүх болон бусад хүнлэг бус харьцаанаас ангид байх энэ эрх бол олон улсын нэлээдгүй гэрээ конвенцод тусгагдсан байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц гэх мэт. Энэ бүх баримт бичгүүдийг Монгол Улс соёрхон батлаад, хэрэгжүүлнэ гэсэн үүрэг амлалт авчихсан. Монгол Улсын Үндсэн хуульд ч тусгагдсан байдаг. Аливаа хүний эрхүүд дотор туйлын буюу хэзээ ч үл хөндөж болох эрх гэж байдаг. Тэр эрхийн нэг нь эрүүдэн шүүхээс ангид байх эрх юм. Энэ эрхийг төр заавал биелүүлж, хэрэгжүүлэх үүрэгтэй. Бид яагаад энэ асуудлыг хөндөж тайлан бичихэд хүрсэн гэхээр эрүүгийн эрх зүйн тогтолцоо, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх механизм өөрөө Хянан шийдвэрлэх явцад оролцож буй хэн ч байлаа гэсэн эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх гэсэн баталгаагаар хангагдсан байх ёстой. Энэ үүднээсээ Монголын хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг дэмжин ажиллаж ирсэн. Бид шинээр гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаж байгаа зарчмын чухал зохицуулалтыг анхнаас нь дэмжсээр ирсэн. Гэхдээ манайд эрүүдэн шүүхээс ангид байх гэсэн энэ зүйл заалт бодит байдал дээр хэрэгжихгүй байна гэж үзсэн учраас энэхүү тайланг бичсэн. Бас нэг том шалтгаан нь Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Монгол Улсад эрүүдэн шүүлт явагдсан байна” гээд олон нийтийн өмнө уучлалт гуйсан байдаг. Тэгэхлээр энэ бол зайлшгүй хөндөх ёстой асуудал” гэв.
Монфемнет үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Манай байгууллага Эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцооны талаар тайлан бэлдсэн. Энэ сэдвийг хөндөх болсон нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд иргэдийн хувиасаа төлөх төлбөр өсч, ядууралд хүргэж байна. Хувь хүний халааснаасаа гаргах эрүүл мэндийн санхүүжилтийн хэмжээ 25 хувиас хэтэрвэл ядуурал гүнзгийрч, орлогоос хамааралтай тэгш бус байдал өснө гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Гэтэл манай улсад Эрүүл мэндийн санхүүжилтийн 40 хувийг улсын төсвөөс, 20 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэн 40 хүртэлх хувийг иргэд өөрөө төлж байна. Энэ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд улсын төсвөөс хуваарилах санхүүжилт болон ЭМДС-д төрөөс хариуцан төлөх шимтгэл аль аль нь хэт бага байгааг илэрхийлж байгаа юм. Үүнээс үүдэж иргэн хүнд өвчнөөр өвчилсөн тохиолдолд өөрийн эд хөрөнгийг зарах, хандив тусламж гуйх зэргээр эмчилгээний зардлаа бүрдүүлдэг ийм жишиг тогтчихлоо. Уг нь учирч болох эдгээр эрсдэлийг эрүүл мэндийн даатгал хааж байх ёстой. Энэ мэтчилэн олон гажуудлууд иргэдийн өмнө тулгарч байгаа учраас энэ асуудлыг хөндөж тайлангаа илгээсэн” гэлээ.
Оюутолгойн хяналт төрийн бус байгууллагын тэргүүн Д.Сүхгэрэл “Энэхүү тайланд бид “Бодлогын уялдаагүй хөгжил ба хүний эрх” сэдвийг хөндөж бичсэн. Тайланд Монгол Улсын хөгжлийн бодлого өөр хоорондоо уялдаагүй байна. Үүнээс болж хөгжил гэж хэрэгжүүлж байгаа төслүүд нь иргэдийг хохироогоод, хүний эрхийг зөрчөөд байна гэсэн утга санааг гаргасан. Улаанбаатар хотын гэр хорооллыг шинэчлэх, газар дахин төлөвлөх, хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл гэх мэтчилэн энэ бүгд юунд чиглэсэн төслүүд байна вэ гэхээр орон сууцжуулахад чиглэсэн. Үүний үр дүнд гэр хороололд амьдарч буй хүмүүс газаргүй, гэр оронгүй болж байна. Дээрээс нь ашиглалтад нийцэхгүй болсон орон сууцуудыг буулгах гэх зэргээр иргэдийг хүнд байдалд оруулж байгаа юм. 1000 өрхийн 700 өрх нь газраа чөлөөлөхийг зөвшөөрсөн бол үлдсэн 300 айл нь хэнд ч хамаагүй гэж байна. Тэр 300 өрхийн цаана хэдэн хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа вэ. Эдгээр хүмүүсийн эрхийг ингэж зөрчиж болж байна уу. Бас нэг асуудал нь агаарын бохирдлыг бууруулна гээд бүх нийтээр шахмал түлш хэрэглэхийг шаардсан. Тэгээд түүнийг нь түлсэн иргэд угаартаж, амь насаа алдсан. Уг нь ингэхийнхээ өмнө тэр түлш хүний эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ гэсэн үнэлгээг хийх ёстой байсан. Хууль нь байгаа ч хэрэгжүүлэхгүй байна. Энэ бол хүний амьд явах эрхийг ноцтойгоор зөрчиж буй асуудал гэсэн санааг гаргаж бичсэн” гэж байлаа.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс хамгаалах арга зам” сэдвээр тайлан бичжээ. Тайланд: Монгол улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн UPR II циклээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах чиглэлээр 21 зөвлөмж хүлээн авч, хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан. Эдгээр зөвлөмжийн хэрэгжилтэд тодорхой ахиц гарч гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг нэмэгдүүлж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсан гэх зэргээр тодорхой хэмжээнд хэрэгжсэн. Нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байрууд нэмэгдэж байгаа нь сайн. Гэхдээ эдгээрийг тогтвортой санхүүжүүлж, тогтвортой байдлыг хангах нь чухал болоод байна. Мөн дээрээс нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай байна гэх зэрэг санааг дэвшүүлж бичжээ.
Хүйсийн тэгш эрх төв ТББ-аас “Хүн худалдаалах гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэсэн сэдвээр бичсэн тайландаа: Монгол улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн UPR II циклээс хүн худалдаалах гэмт хэрэгтэй шууд холбоотой найман зөвлөмж хүлээн авсан. Эдгээр зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа гэж үзэж хэд хэдэн асуудлыг хөндсөн.
Нэгдүгээрт:Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүний болон бусад нөөцийг хангалттай бүрдүүлэх шаардлагатай байна. Учир нь Хууль зүй дотоод хэргийн сайдын ахалсан “Хүн худалдаалахтай тэмцэх дэд зөвлөл” нь асуудал хариуцсан орон тооны бус нэг л мэргэжилтэнтэй ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад хүн худалдаалах, түүх соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасаг нь нэг дарга, дөрвөн мөрдөгчтэйгээр зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Хоёрдугаарт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч бүх талуудыг чадваржуулах шаардлагатай байна. Учир нь алба хаагчдын мэргэшүүлэн сургах үйл ажиллагааны дийлэнх хувийг олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа дуусахад төрийн байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэн сургах үйл ажиллагаа зогсох дүр зураг харагдаж байна. Төрийн болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын давтан сургалтыг давтамжтай явуулахад зардал төсөвлөдөггүй гэх мэт асуудлуудыг хөнджээ.
Энэ мэтчилэн хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг дээрх байгууллагууд өөр өөрсдийн санал, хүний эрх зөрчигдөж буй асуудлуудыг хөндөж тайлангаа илгээжээ.
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэг “Universal Periodic Review” нь НҮБ-ын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг дөрвөн жил тутам дүгнэх механизм аж.