Ардчиллын партизан В.Намхайнямбуутай ярилцсанаа хүргэе.
-Таныг Хөдөө аж ахуйн дээд сургуулийн ардчиллын анхдагч гэдгээр нь хүмүүс мэднэ. Тухайн үед хэддүгээр курсын оюутан байв?
-1990 онд Ардчилсан хувьсгал ид өрнөж байхад би ХАА-н дээд сургуулийн төгсөх курсын оюутан байсан. Тухайн үед манай сургуулийнхан Ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцох талаар хоорондоо ярилцаад сургуулийнхаа тэнхимээр салбарлаж Ардчилсан холбооны 016 болон 058 гэсэн хоёр салбар зөвлөл байгуулсан. Миний бие 016 дугаар салбар зөвлөлийн зохицуулагчаар ажиллаж байлаа. Ингээд хэсэг хугацааны дараа хоёр салбар зөвлөлийг нэгтгэж 058 дугаар салбар зөвлөл болгосон. Бид анхныхаа хурлыг 18-лаа хийж, Баянхонгорын Өлзийтийн Д.Уугансүрэнг ерөнхий зохицуулагчаар, намайг дэд зохицуулагчаар, А.Цолмонтуяаг нарийн бичгийн даргаар томилж байсан. Ингээд бид сургуулиа тэнхим тэнхимээр нь хариуцан авч зохион байгууулалттай ажиллаж эхэлсэн.Энэ 18 хүн дотор нэг ч багш байгаагүй. Бүгд сайн дураараа, ардчилсан нийгмийг бий болгохын төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн оюутнууд байсан.
-Оюутнууд нэгдэж ардчиллын төлөөх салбар зөвлөл байгуулаад эхлэхээр багш нар нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Бидний үйл ажиллагааг дэмжихээс илүүтэй эсэргүүцэж байсан багш нар олон байсан. Гэсэн ч бид тэр саад бэрхшээлд бууж өгөлгүй олон ажил хийсэн. Манай салбар зөвлөлийнхөн хийсэн юмтай, хэлэх үгтэй хүмүүс. Зарим хүмүүс бид ухуулах хуудас тараасан гэж хэлдэг. Харин бид тэр ухуулах хуудсыг олшруулах ажлыг хийж байсан. Тухайлбал, охид бичгийн машин дээр шивдэг байлаа.Тухайн үед бичгийн машин олддоггүй байсан. Биднийг дэмжиж ХАА-н дээд сургуулийн агрономийн сургуулийн доктор н.Ичинхорлоо,инженер механикийн тэнхимийн эрхлэгч н.Зэсэндорж багш бичгийн машин өгч байсан. Бид ухуулах хуудсуудаа шивээд, ард нь хортой цаас тавьж байгаад цөөн тоогоор олшруулдаг байлаа. Ингээд дахин шивж, дахин олшруулдаг байсан. Бичгийн машинаар шивэх ажлыг А.Цолмонтуяа, Х.Бадамгэрэл, Д.Энхцэцэг, Г.Бурмаа тэргүүтэй хүүхдүүд хариуцан ажиллаж байв. Харин хөвгүүд нь гараа тохойноос урагш тас хар болгож байгаад гурилын гулууз, архины шилээр бөөрөнхийлж ухуулах хуудас олшруулах ажлыг хийдэг байлаа. Бидэнд энэ бяцхан үйлдвэрлэл явуулах боломжийг байрны багш н.Гармаа узелийн өрөөний түлхүүрийг бидэнд өгснөөр олгосон юм. Ингээд олшруулсан материалаа Д.Уугансүрэн, н.Урантөгс, Нэргүйбаатар нар С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарт аваачиж өгдөг байсан.
-Олшруулах ажилд цаас хорноос авхуулаад материал хэрэг болно. Түүнийгээ яаж зохицуулж байв?
-Энд тэндээс цуглуулна. Хор бол бүр олдохгүй. Багш нараасаа гуйж авна. Бүр болохгүй бол өөрсдөө хэдэн төгрөг нийлүүлж материал авна. Би олшруулсан материалаа С.Зоригт аваачиж өгөх сонирхол их. Учир нь тэр үед оюутан хүүхэд гээд надад гурав юм уу таван төгрөг өгдөг байсан. Тийм учраас С.Зоригийг хаа байгаа газарт нь ухуулах хуудсаа аваачиж өгдөг.Түүнийг нь материал авахдаа нэмэрлэдэг байлаа. Түүнээс гадна дэмжигч оюутнуудын сарын стипенд буухаар гурав, гурван төгрөг цуглуулах, залуу багш нараасаа дэмжлэг гуйх гэх мэт бүхий л аргыг хэрэглэж байсан. Олон хүмүүс ч тусалж, дэмжсэн. Тэр дундаас аграномийн сургуулийн доктор н.Ичинхорлоо нэг удаа бидэнд 50 төгрөг өгч байсан нь санаанаас гардаггүй. Нэг өдөр олшруулсан хуудсуудаа С.Зоригт өгтөл “Маш цөөхнийг олшруулсан байна” гээд намайг загнасан. Тэр үед оюутан бидэнд цаас олддоггүй байсан. Үнэн учраа хэлтэл хэвлэлийн Л.Азбаяр хажууд сонсч байснаа “Юу ярьж байна. Надаас ирж олшруулах цаас ав” гэсэн. Түүнийг авахаар 19 цагийн үед н.Урантөгстэй цэргийн ногоон үүргэвч үүрээд очсон. 23 цаг 30 минутын үед хэвлэх үйлдвэрээс сонингийн цаас авсан. Тухайн үед нэгдүгээр сарын 10 бил үү,11 байсан санагдаж байна. Өвлийн хүйтэн тачигнасан шөнө хэвлэх цаастай болсондоо баярлаад ХАА-н дээд сургууль руу хүйтнийг үл ажран алхаад явж билээ. Ухуулах хуудас олшруулах, уриа лоозон бичих ажилд олон залуус сэтгэл зүрхээрээ нэгдэж ажилласан.
-Та нарыг Ардчилсан хувьсгалын төлөөх томоохон жагсаалд идэвхтэй оролцсон гэж сонссон. Оюутнуудыг зохион байгуулахад олон бэрхшээл тулгарч байв уу?
-ХАА-н дээд сургуульд Ардчилсан холбооны салбар зөвлөлийг байгуулаагүй байхдаа бид 1989.12.10-ны жагсаалд оролцсон. Тухайн үед ХАА-н дээд сургуулийн эвлэлийн хорооны тугийг н.Батцэцэг багшаас гуйж аваад талбай дээр болж байсан жагсаалд очиж ХАА-н тугийг Г.Батбаяр барин зогсч байлаа. Одоо өмгөөлөгчөөр ажилладаг. Энэ залуу тэгэхэд зоотехникчийн нэгдүгээр курсэд сурдаг байсан. Гэсэн ч Ардчилсан холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон гээд сургуулиасаа хөөгдсөн.Тухайн үед ардчиллыг дэмжиж оролцсон оюутнууд анхнаасаа адлагдаж байсны бодит жишээ. Ингээд манай сургуулийн ардчилсан хөдөлгөөний залуусын идэвх, оролцоо их болох тусам биднийг дарахын тулд идэвхтэй хүүхдүүдийг захирлын хурлаар оруулах, цаашлаад сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авч байсан. Гэсэн ч бид шантраагүй, 1990.03.08-ны жагсаал, дөрөвдүгээр сарын 27-ны жагсаалд идэвхтэй оролцсон. Бид өмнөх орой нь “Маргааш хичээл хаялт зарлана. Биднийг С.Зориг 14 цагаас хамгаалалтад ир гэсэн гэж сургуулийн байраар явж тараасан. Ингээд өглөө нь хамгаалалтад зогсох оюутнууд биеийн тамирын талбайд цугласан. Бусад оюутнуудыг сургууль руу оруулахгүй хичээл хаялт зарласан гээд байж байтал аграномийн тэнхимийн багш “Монголын зоригт охид, хөвгүүд талбай дээр өлсгөлөн зарлаж байхад та нар энд зогсоод хэрэггүй. Жагсаалаар яваад очиж дэмж” гэж чанга дуугаар хэлсэн. Ингээд жагсаалын урд хэсэгт явж байтал араас намайг С.Содномцэрэн багш дуудуулсан. Холоос харахад манай сургуулийн орлогч захирал н.Борхүүгийн хамт зогсч байв. Тэгэхээр нь н.Цэдэнсодном гээд найздаа хамт очьё. Н.Борхүү багштай зогсч байна, зодох байх аа гэж хэлсэн. (Инээв) Тэгсэн С.Содномцэрэн багш н.Борхүү багшаас салж ирээд “Та нарын жагсаалыг хойноос нь зарим нэг хүмүүс тасалж үлдэх гээд байна, жагсаалаа хойноос нь туугаад яв гэсэн. Ингээд бид Энхтайваны гүүр давах үед урдаас цагдаа нар зогсчихсон явуулахгүй байв. Цагдаа нар дунд манай нутгийн ах зогсч байв. “Тэгэхээр нь ах аа биднийг явуулчхаач” гээд гуйтал “Цаанаас тушаал авсан болохоор болохгүй байна. Та нар биднийг нэг нэгээр нь тэвэрч байгаад жагсаалаа өнгөрөө” гэж хэлсэн. Үнэндээ цагдаа нар хүртэл Ардчилсан хувьсгалын төлөө жагсахыг дэмжиж байсан. Тэгээд бид цагдаа нарыг тэвэрч байгаад жагсаалаа өнгөрүүлсэн. Энэ үед Улсын начин н.Батбаатар нэг харсан чинь хоёр цагдаа тэвэрчихсэн зогсч харагдсан. Ингээд бид талбайн жагсаалд очиж оролцож байсан түүхтэй.
-Жагсаалд оролцсон залуусыг зохион байгуулсан хэргээр сургуулийн удирдлагуудаасаа ямар нэгэн шийтгэл хүлээсэн үү. Эсвэл гайгүй өнгөрсөн үү?
-Энэ жагсаалд оролцох оюутнуудыг зохион байгуулсан хэргээр Д.Уугансүрэн бид хоёр захирлуудын хурлаар орсон. Захирлуудын хурлаар орсон хүүхэд нэг бол донгодуулдаг нэг бол сургуулиас хөөгддөг байсан. Энэ бол миний хувьд хоёр дахь удаагийн захирлын хурлаар орсон явдал байсан. Өмнө нь 1989 оны арван хоёрдугаар сард оюутнуудыг цасны баярт яв гэсэн. Тэгэхээр нь цасны баярт явалгүй талбай дээр болсон жагсаалд оролцоод сургуулийнхаа эвлэлийн хорооны тугийг барьж зогссон хэргээр захирлуудын хурлаар орсон. Энэ хуралд орохын өмнө шавж судлалын н.Чогсомжав гээд таягтай багшид хэрэг тарьж, сургуулиас хөөгдөх болсон талаараа хэлэхэд “Би ороод хамгийн буланд сууна. Чи юу хийж байгаа гээд таягаараа далайна.Тэгэхээр чи ухасхийгээд гараарай” гэж хэлсэн. Ингээд түүний ачаар эхний захирлуудын хурлаас аврагдаж байсан. Харин энэ удаагийн захирлуудын хурал дээр Эвлэлийн хорооны дарга байсан И.Батцэцэг бид хоёрыг эвлэлийн хорооны батлан даалтаар авч үлдсэн.
-Захирлуудын хурлаас аврагдсан ч таныг сургуулиа дипломгүй төгссөн гэж сонссон?
-Тухайн үед ардчиллыг дэмжсэн оюутнуудыг багш нар хавчин, боогдуулдаг байсан. Дипломгүй төгссөн оюутнууд олон бий. Ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө зүтгээд дөрвөн жил суралцсан мэргэжлийнхээ дипломгүй насаараа мэргэжлээрээ ажиллаагүй ч хүн бий. Өнөөдөр тэдний төлөө дуугардаг хүн ховор болж. Тухайн үеийн ХАА-н дээд сургуулийн удирдлагууд Б.Хадхүү, Ж.Алтанхуяг, Д.Уугансүрэн болон намайг улсын шалгалтад оруулахгүй гээд дипломгүй явуулсан. Одоо ч дипломгүй. Өнгөрсөн жил Б.Хадхүүтэй уулзахад уйлж байсан. тэрээр сургуулиа төгссөнөөс хойш дипломгүй гээд нэг ч удаа мэргэжлээрээ ажиллалгүй малчин болсон. “Би дөрвөн жилийнхээ хөдөлмөрийг дэмий үрсэн юм билээ. Тухайн үед ардчиллын төлөө улайран зүтгэх хэрэггүй байсан юм билээ” хэмээн гоморхонгуй ярьж байсан. “Сонгууль болохоор Ардчилсан намаас нэр дэвшсэн хүнийг дэмжиж иргэдийг саналаа өгөхийг уриалдаг.
-Сүүлд сургуулиасаа дипломоо нөхөн авах талаар санал гаргасан уу?
-Тэгж хандах шаардлага байхгүй. Тухайн үед сургууль төгссөн, төгсөөгүй ч ижил байсан. Миний хувьд намайг таван жил ХАА-д сурсан гэдгийг нутгийнхан мэдэж байсан учраас аймагтаа очиж аграномичоор ажилласан. Ингээд байгаль орчны байцаагчаар дэвшүүлэн ажиллуулах санал аймгаас ирсэн. Гэтэл “Энэ хүн Ардчилсан намыг дэмждэг учир ажиллуулахгүй” гээд наймдугаар анги төгссөн хүнийг тус ажлын байранд томилсон. Угтаа бол бид ардчиллыг дэмжсэнийхээ төлөө ажлын байранд томилогдох эрхгүй болсон. Бүр мэргэжлийнх байгаад ч хэрэггүй. Хүмүүс 2000 оны их нүүдлийг зах зээл бараадсан гэж ойлгодог. Гэтэл үгүй. Бид ах дүү арвуулаа Завхан аймгийн Сонгино суманд амьдарч байсан. Бүгд ардчиллыг дэмжсэн, бүгд адлагдсан. Тиймээс бид хот газар бараадсан.
-Таныг ардчиллын төлөө үйл хэрэгт оролцоод сургуулиа дипломгүй төгсөөд ирэхэд ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Эцэг эхийн хувьд гомдолтой санагдсан байх. Гэхдээ би үзэл бодлынхоо төлөө үнэнчээр зүтгэснийхээ төлөө хэзээ ч харамсч яваагүй. Би ХАА-н дээд сургуульд суралцахаасаа өмнө Болгарт суралцаж байсан болохоор мөнгө гэж юу вэ гэдгийг маш сайн ойлгосон. Мөнгөтэй хүн нүдтэй байдаг юм билээ. Ардчилал гэдэг мөнгө, эрх чөлөөн дээр тогтдог юм байна гэдгийг ухаарсан. Тийм учраас ХАА-н мянга мянган залууст үзсэн харснаа ярьж, ардчиллын төлөө зүтгэх нь зүйтэй гэдгийг ухуулсан. Манай өрөөнд хамт амьдардаг байсан Америк улсын иргэн эхнэр хүүхдээ санаад байна гээд онгоцоор авчирч хонуулаад өглөө нь явуулж байсан. Энэ бол ардчилсан улс орны иргэдийн эрх чөлөө юм билээ гэдгийг бусдадаа түгээсэн.
-Өнөөдрийн ардчилал та бүхний 30 жилийн өмнө хүсч мөрөөдөж, тэмцэж байж босгосон ардчилсан нийгмийн мөн чанарыг агуулж байна уу?
-Харамсалтай нь үгүй. Бид бүхний хүсч мөрөөдсөн ардчилсан нийгэм байхгүй болсон. Би тухайн үед хүн бүрт тэгш боломжийг олгосон шударга нийгмийг цогцлооно. Ардчилал бидэнд асар их боломжийг олгоно хэмээн олон хүний толгойг эргүүлсэн. Заримдаа бид хүссэн шигээ ардчилсан нийгмийг цогцлоож чадаагүй болохоор жаахан гутардаг. Бид ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцчихоод дипломгүй ч гэсэн сургуулиа төгсөөд нутаг орондоо буцах болоход Ардчиллын төлөө уухайлан тэмцэж байсан залуустаа “Бид улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахаар явлаа. Та нар улсаа улс шиг улс болгоорой” гэж хэлж байсан.