Г.ЭНХЦЭЦЭГ
Нийслэлийн байгаль орчны газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Монгол Улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулиас хамтран “Хот ба хүрээлэн буй орчин” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж Улаанбаатар хотын агаар, хөрс, ус, ногоон байгууламж, хот орчмын ойн эко системийн талаар явуулсан судалгааны дүнг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Агаар орчны бохирдол ба асуудал
Өмнөх жилүүдэд Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 агууламж өвлийн улиралд 550-800 орчим нэгжид хүрч аравдугаар сараас эхэлж агаарын чанарын стандартаас давсан үзүүлэлт гарч нэгдүгээр сард оргил үедээ хүрдэг байсан. Энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсонтой холбоотойгоор PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оноос 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан гэж судлаачид үзсэн.
Харин ойрын арав хоногт нийслэлийн агаарын бохирдол мэдэгдэхүйц ихэссэн талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл үүний гол шалтгаан нь автомашины утаа хэмээн судалгаагаар тогтоосон гэнэ. Тухайлбал хөнгөн тэрэг жилд дөрвөн тонн хүчил төрөгч “залгиж”, 800 кг нүүрстөрөгчийн исэл, 40 кг азотын исэл болон 200 кг орчим нүүрстөрөгчийг ялгаруулдаг гэсэн тоо баримт гаргажээ.
“Гэхдээ агаарын бохирдол бүрмөсөн арилна гэж байхгүй. Бохирдол үүсгэж буй хүчин зүйлүүд нь байгаа л бол агаар бохирдолтой байна гэсэн үг. Тиймээс агаар бохирдуулж буй бусад хүчин зүйлүүдэд илүү анхаарч ажиллах, Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажлыг эрчимтэй явуулах, цахилгааны шинэ үүсвэр тавдугаар станцыг байгуулах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байгааг судалгаанд тусгажээ.
“Улаанбаатар хотын хөрс болон усны асуудал"
Улаанбаатар хотын хөрснөөс дээж аван судлахад 88 хувьд нь нян илэрч, хөрс их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсон байна. Мөн хотжилтоос үүдсэн хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудалд нэн тэргүүнд анхаарлаа хандуулж ажиллахгүй бол аюулын харанга дэлдэж байгааг ч онцолж байв.
Нийслэлийн хөрсний бохирдолд хамгийн ихээр нөлөөлж буй нь нүхэн жорлон болон хог хаягдал. Нийслэлийн гэр хороололд 800,000 гаруй оршин суугч амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг. Одоогийн байдлаар хотод нийт 190,000 нүхэн жорлон байдаг аж. Улаанбаатар хотын хөрсөнд хамгийн их бохирдол илрэх дундаж гүн нь 2.8 метр байгаа нь нүхэн жорлонгийн дундаж гүнтэй ойролцоо байгаа юм. Түүнчлэн нүхэн жорлон нь хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй гүний усыг эмгэг төрөгч бичил биетээр бохирдуулж байгаа нь нотлогдсон байна. Тодруулбал, гадаргад ойрхон буюу 1.5 метр гүн худгийн усанд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол их байгаа бол 47 метр гүн худгийн усыг шинжлэхэд нян бага зэрэг илэрчээ. Түүнчлэн хог хаягдлын менежмент хангалтгүй байгаагаас хөрс ихээр бохирдож буй юм.
Үүнийг шийдэх хамгийн хялбар арга нь “эко” жорлон. “ЭкоЖорлон”-гийн суллах үйлчилгээ нь савыг солих зарчимтай бөгөөд суллах үедээ жорлонгийн дүүрсэн савыг авч оронд нь хоосон сав сольж тавина. Үртэстэй холилдож, тодорхой хэмжээгээр хатсан өтгөн нь эзлэхүүн ихтэй боловч нягт багатай хөнгөн байдаг. Харин суллаж авсан ялгадсыг нэгдсэн бордооны үйлдвэрт авчирч дараагийн шатны боловсруулалт эхэлнэ.
Байгаль орчныг бохирдуулж байгаа ялгадсыг өртөгжүүлэн байгаль орчныг ногооруулах бордоо болгох боломж бий юм.
Хөрсийг бохирдуулж буй бас нэг шалтгаан нь төвлөрсөн шугамд холбогдоогүй машин угаалгын газрууд. Харин усны чанарын хувьд нийслэлийн зургаан дүүргээс Хан-Уул дүүрэгт усны чанар хамгийн муу байна гэж үзжээ. Энэ тус дүүргийн хөрсний бохирдол их байгаатай холбоотой аж.
Улаанбаатар хотын эко систем болон ногоон байгууламжийн асуудал
МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш Б.Цэнгэл “2019 он гэхэд Улаанбаатар хотын нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.6 хавтгай дөрвөлжин метр болсон. Уг нь нэг саяас дээш хүн амтай томоохон хотуудад зохистой хэмжээ нь 24 хавтгай дөрвөлжин метр байх ёстой гэсэн стандарт мөрдөгддөг. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа юм.
Судалгаагаар Улаанбаатар хотын ойн сангийн талбайн хэмжээ буурч , хорогдож байна гэж дүгнэсэн. Үүний шалтгаан нь ойн санд айл өрхүүд суурьшиж байгаа явдал юм. Мөн агаарын бохирдлоос үүдэж ойн эко системд их хэмжээний бохирдол үүсэж байна. Иргэдийн хувьд түлшний зориулалтаар мод бэлтгэх явдал их байгаа. Эргээд байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх үйл явц буурсан. Учир нь хөрс хуурайшилт ихтэй, хур тунадас бага унаж буйтай холбоотой гэж үзсэн.
Харин хотын ногоон байгууламжийн хувьд одоогийн байдлаар гол төлөв хотын төв хэсэгт, гол гудамж дагуу 1960-1980-аад оны үед байгуулсан нийтийн эзэмшлийн цэцэрлэгт гудамж, цэцэрлэгт хүрээлэн байх ба эдгээр нь өнөөгийн нийслэл хотын ногоон байгууламжийн дийлэнхийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд эрчимтэй барилгажиж, ногоон байгууламжийг устгах, барилга барих, зам тавих, газар доорх инженерийн шугам сүлжээнд засварын ажил хийсний дараа нөхөн сэргээх ажил хийгддэггүй зэргээс шалтгаалж хотын ногоон байгууламж устах дүр зураг харагдаж байна. Дэлхийн хотуудын хувьд нийт газар нутгийн 60 хувь нь барилга, үлдсэн 40 хувь нь ногоон байгууламж байдаг. Гэтэл Улаанбаатар хотын хувьд байх ёстой хэмжээнээс хэд дахин бага ногоон хэсэг байгааг судалгаагаар тогтоосон. Хамгийн гол нь мод, зүлэг тариад орхих биш түүнийг усалж, арчлах ажил дутмаг байгаа юм. Мөн хотын ногоон байгууламжийн ажилд ус, хөрс, орчны байдал зэрэг ихээхэн нөлөөлдөг. Энэ бүхнийг зөв зохицуулах бодлого байхгүй байгааг бид онцолсон. Мөн ногоон байгууламжийн ажлыг хийхдээ зөвхөн хотын төв хэсгээр хийдэг бол хотын захын хэсгүүдээр ногоон байгууламж маш бага байгаагаас тоосжилт, усны бохирдол, хөрсний бохирдол зэрэг асуудлууд үүсч байна гэж дүгнэлээ” гэв.