Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ардчилал бол монгол орон оршин тогтнож, хөгжин дэвших баталгаа мөн

Түүхийн ухааны доктор, профессор,

Монгол Улсын гавьяат багш Халзад овогт Тогоочийн Лхагваа

Цаг хугацаа, орон зай

Монголчууд ардчиллын талд сонголт хийгээд нэгэн жарны хагасыг илээв. Хүний насаар их хугацаа боловч хүмүүн төрөлхтний түүхийн хувьд зурвасхан үе. Гэхдээ 30 жилд Монгол ихийг амжуулжээ. Хамгийн гол ололт нь бид хэнээс ч асуухгүйгээр, өөрийнхөөрөө оршин, дэвжин дээшилж болох нь гэдгийг харуулсан юм. Их эзэн Богд Чингис хаанаас хойш магадгүй 600 гаруй жил Монголчууд өөрийнхөөр бус, өрөөлийн харцан дор оршсоор ирсэн. 1911 онд Богд хаант Монгол Улсаа сэргээн тунхаглаад 1921 онд хувьсгал хийж Бүгд найрамдах засаг тогтоогоод ч өөрийнхөөрөө байж чадаагүй, бусдын далайсан газар далд байж, далласан газар нь гарч явсан нь саяхны түүх. Ийнхүү шалдаа буусан шалтгаан нь маш энгийн гаргалгаатай. Бид өөрсдөө л төв улсаа түйвээснээс улбаатай. Монгол төр чадамж чансаагаа алдсаны гол учир нь улиглан ярьдаг ёс зүй. Эрх ямбанд шунаж, хар амиа бодсон тэнэглэл төр түмнээ сүйдэлснийг түүх нотолдог. Энэ сургамжийг ухаж, ухаарахгүй нь түүхийн алдааг давтахад хүргэдэг нь саяхны жишээгээр батлагдана.

Сонголт зөв байсан

1990 оны сонголтод эргэлзэх учир байхгүй. Ардчилсан сонголт гэхээсээ илүү өөр гарцгүй байсан гэвэл үнэнд ойр, мөн аль нэгэн улстөрч, удирдагчийн мэргэн ухаан гэхээсээ ард түмний сэтгэл зүрхний дуудлага байсан гэвэл таарах биз. Энд миний бие улс төрийн нам, хүчний ухамсартай үйлдлийг үнэлэхдээ жам ёсны хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлсэн нь яригдах учиртай гэж санана. XX зуунд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээж, олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлсэн, хөгжил дэвшлийн замд орсон. Гэсэн ч биеэ бүрэн даах бяд суугаагүй байж. Энэ нь үнэндээ коммунист, социалист хамтын нөхөрлөл биднийг зөвхөн гүйцэтгэгч орны хэмжээнд барьцаалж байх их гүрний бодлогын үр дагавар юм. Гэтэл цаг цагаараа байсангүй. Баримталдаг үзэл онол, түшиглэдэг систем нуран унав. Зөвлөлтийн тусламж ч алга болов. Зөвлөлтийн цэрэг гарч, аюулгүй байдлаа хэнд ч даатгах боломжгүй болов. М.С.Горбачёв, Зянь Зэ Минь хоёр тохиролцов. Чухам энэ цагт Монгол дотооддоо байгаа бүхнээ тэмтэрч, өөртөө л найдахаас өөр зам үлдээгүй байсан. Ийм л хясаантай цаг үед бурхны авралаар ардчилсан хүчин нийгмийг дэлбэ татах үзэл санаа дэвшүүлэн гарч ирсэн юм.

Ардчилсан хүчин

Үзэл санааг хүн тээж бодит үйл хэрэг болгодог. Тэгвэл ардчилсан үзэл санаа бол ардчилсан хүчний бүтээгдэхүүн, нийт хамт олны хамтын ололт. Харин ийм туршлага бүтээхэд аль нам хөдөлгөөн ямар үүрэгтэй байж жин дарсан нь хэн хүнд тодорхой байх хэрэгтэй байх. Энд эхлээд 1989,1990 онд үүссэн ардчилсан нам, хөдөлгөөнүүдийг онцлон хэдэн үг хэлье.
Тэд түүхэн гавьяат үйл бүтээсэн анхдагчид. Анхдагч ардчилсан нам, хөдөлгөөнүүд аман дээрээ “өөрчлөн байгуулалт”-ыг гүнзгийрүүлнэ гэж байсан ч дэвшүүлж хэрэгжүүлэхийг зорьж байсан үзэл санаа, шаардлага зорилго нь хуучин социалист онол, номлол, үзэл сурталтай авцалдахгүй, түүнээс хальсан байлаа. Хүний эрх хүнлэг ардчилсан нийгэм, хувийн өмч, олон намын тогтолцоо гээд л урьдах тогтсон үзэл онолыг эсрэг зорилтууд дэвшүүлж хэрэгжүүлсэн байдаг. Энд эрх барих МАХН-ын албан ёсны баримтлалтай дүйцэх зүйл тэр үед байсангүй. Ардчилсан хүчнийг гадны зүйл хууллаа, гадныхнаар дэмжүүлсэн. Бараг л тэдний мөнгөөр захиалгатай ажилласан гэх дэл сул яриа их байдаг. Гэтэл түүнийг судлаад үзэхэд тэдэнд хэн ч хэзээ ч захиалга өгч санхүүжүүлсэн зүйл байдаггүй. Харин дэвшилт үзэл бүхий сэтгүүлчид үйл явдлыг цаг алдалгүй ертөнцийн чихэнд чимээлж байсан нь үнэн.
Ардчилсан хүчний цуглаан, жагсаал өлсгөлөн микет (тойрон бүслэх тэмцлийн хэлбэр), тэмцлийн шаардлага, өргөх, наалдуулах бичиг зэрэг тэмцлийн хэлбэрүүд урьдын дэлгэсэн арга хэмжээнүүдээс тэс өөр байсан, үүгээрээ ч утга учрыг агуулсан байв. Амь амьсгаагүй шахсан шаардлага ч эрх баригчдын амьсгааг давхцуулж, уурыг бардаг байв. Ийм дээрээс эрх баригчдын толгойлох гол хэсэг ардчилсан хүчнийг “гэгч” хэмээн нэрлэдэг байв. “Гэгч” хэмээх нь нь хууль бус гэсэн категори хамаарна гэсэн дүгнэлт. Хэрвээ хууль бус юм бол хууль сахиулах үүднээс яаж ч болно. Гэсэн гаргалгаа цаана нь бэлэн байсан хэрэг. Дээрх улс төрийн дүгнэлт нь хүч хэрэглэх балмад санаархлыг зөвтгөж байсан юм.
1990 оны гуравдугаар сарын эхний халуун өдрүүдэд улс төрийн дээд түвшинд “хүч хэрэглэх” олон дахин хэлэлцэхдээ нийгмийн хэв журмыг сахиулах, хууль ёсыг мөрдүүлэх гэсэн томьёоллыг олонтоо хэрэглэсэн байдаг.
Ер нь олонх буюу ард нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд цөөнх буюу “мөлжигчид”-ийг яаж ч болно, энэ нь шударга ёс гэж үздэг ангийн балмад концепц хэрэгжсэн гашуун үнэн түүхэнд байдаг. Энэхүү үзэл онолын дагуу хийрхвэл 1990 оны гуравдугаар сарын эхээр цуст аллага давтагдах аюул нүүрлээд байлаа. Ийм эрсдэлээс “Монгол ухаан” аварсан юм.

“Амь насаараа дэнчин
тавьж байна”

 Энэ мэдэгдэл 1990 оны гуравдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр цуурайтахад асуудал нэлээн хүнд болж ирсэн. Улс төрийн өлсгөлөн зарласан нэр бүхий арван хүн дээр нэмэгдэж 33 болсон юм. Мэдэгдэл хийн гарын үсгээ зурсан. Амь насаараа дэнчин тавьж улс төрийн шаардлага тавигчдын тэмцэл зөвхөн нийслэлд биш орон нутагт гинжин урвал шиг түгсэн.
Өлсгөлөн зарлагсад юуны төлөө амь насаараа дэнчин тавьсан бэ гэдэг нь түүний амин агуулга гэгээн байсныг илэрхийлдэг. Тэд эд хөрөнгө эрх мэдэлтний төлөө бус, хүн ард хөрст газар шорооныхоо төлөө амь насаа золиослоно хэмээн зориглосон байжээ. Монгол Улсын түүхэнд ийм эрсдэлтэй улс төрийн алхам урьд гарч байсангүй. Өлсгөлөн, буман хүн оролцсон цуглаан, түрхирсэн олны уур хилэн ардчиллын оргил цэг байж дээ.
Тэмцэгчдийн шаардлагыг хүлээж авахгүй бол, хүч хэрэглэвэл юу гээч болохыг ухаарах чадвартай удирдлагын хүмүүс заяасан нь “Монгол ухааны ялалт”-д том хувь нэмэр оруулсан юм.
Маргалдан, тэмцэлдэн хоёр тал яриа хэлцэл хийж, зохицох зарчмыг хэрэгжүүлснээрээ ардчиллын цаашдын хувь заяанд эргэлт гаргасан байдаг.
Түүхэнд мөнхөрсөн энэ хүмүүсийн алдар нэр, түрхрэн дэмжсэн олон түмнийхээ хамт мөнхөд дуурсагдах болтугай.

Хамтарсан улс төр

 1990 оны гуравдугаар сарын 10-нд эрх баригчид нөгөө “Гэгч”-үүдтэйгээ хамтарч урагшлахаар шийдсэнээ мэдэгдэв. Энэ нь дурдсан өдөр гаргасан “Монголын ард түмний сонорт хүргэх улс төрийн тунхаглал” байв. Үүнд МАХН, МоАХ, МоАН, МСДН, МАСХ, ШДХ, МОХ-ны төлөөлөл гарын үсэг зуржээ.
МАХН-ын төв хорооны Улс төрийн Товчоо, нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, МАХН Үндсэн хуульд онцгой эрхээсээ татгалзаж, улс төрийн намын тухай хууль батлагдав. Энэ бүхэн МАХН шинэ хүчнүүдтэй хамтран эргэлтийн шинжтэй алхмыг хийхээр шийдсэний анхны илэрхийлэл байлаа.
Зөвшилцсөний хүрээнд хийгдсэн улс төр 1992 оны оны ардчилсан Үндсэн хуулийг батлах хүртэл үргэлжилсэн юм.
1990 оны дөрөвдүгээр сарын 26-наас эхэлсэн улс төрийн намуудын хэлэлцээ (МАХН, МоАН, МСДН, МҮДН, МЧХН, МОХ, МХЗЭ мөн БНМАУ-ын АНХ-ын Тэргүүлэгчид) улс төрийн зөвшилцлийн онцгой зааг болж түүхэнд үлдсэн байдаг. Тавдугаар сарын эхээр гарын үсэг зурсан хэлэлцээрээр шинэ Монгол Улсын төрийн байгууламжийг талаар тохиролцсон бөгөөд чухам энэ тохиролцоо шинэ Үндсэн хуулийн гол араг ясыг бүрдүүлсэн юм.
Уг хэлэлцээрийн хүрээнд “Ардын түр хурал”, “Ард түмний онц зөвлөл” байгуулах санал, шаардлагаасаа татгалзсан нь МоАХ, МоАН улс төрийн хүчнүүдтэй хамтран урагшлах зарчмын шийдэлд хүрсний үр дүн байлаа. МАХН-ын ардчилсан хүчинтэй зөвшилд хүрэхэд Хөвсгөлийн өлсгөлөнг дэмжиж тэмцлийн марш онцгой нөлөөлсөн байдаг.

Ардчилал, ёс зүй

 Монголын ардчилал хэрэгжих явцдаа зарим гажуудалд орсон нь өдгөө улам тодорч, ард түмний дотор шүүмжлэл дагуулах болж. Ард олны ардчиллын ололтыг хүртэж, ардчилал тэдний амьдрах арга нөхцөл болсон байна. Иймээс л ардчилалдаа элэгтэй. Ард иргэд олон эрхийг эдлэх болсон. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, аливаа ялгаварлаас ангид байж, хувь өмчтэй болох түүнийгээ зарцуулан, арвижуулдаг болов. Энд нэг статистик хэлчихье, сүүлийн 30 жилд Монголын эдийн засаг 50 гаруй дахин томорчээ. Монголын мал 80 саяд, гар утас (үүрэн телефон) гурван сая дөхөв. Энэ тоо боловч бас ч гэж агуулгатай илэрхийлэл. Гэтэл ард олон нэг л болохгүй байна хэмээн өгүүлэх нь элбэгшив. Тэдний гоморхлын үндэс нь хууль ёсыг үл сахисан, хар амиа бодож, эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэлд дургүйцсэнд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл шударга бус үйлдэл газар авч ардчилсан үзэл санааг гутааж байгааг эсэргүүцэж байна. Ёс зүйгүй бүхэн ардчилалд харш.
Ёс зүйгүй үйлдэл бүхэн ард түмний эрх ашгийг хохироож магадгүй гадна түрэмгий санаархал заль мэхтэй хоршвол улстөр мөхдөг, түүх үүнийг бидэнд хангалттай нотолдог. Түүхээс сургамж, туршлага авах утгаараа уламжлал үнэ цэнтэй болдог. Түүхээсээ санаа авахгүй, алдааг нь давтаад байх нь ёс зүйн доройтол, бүр гэмт шинжтэй болдог. Хэрвээ чи өнгөрсөн үе рүү гар буугаар буудвал ирээдүй чиний эсрэг их буугаар буудна гэсэн үг байдаг. Ийм цаг үед ёс зүйгүй засаглалыг тогтоох аваас, цаг алдвал ардчиллын ололт бүдгэрч, эрсдэл учрах нь тодорхой.

Монгол ухаан, Монголын гэсэн туршлага

 2016 оны зургадугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга нэгэн эрхэм Монголд айлчлал хийхдээ “Монгол бол Ази дахь ардчиллын баянбүрд” гэж хэлж билээ. Хариуцлагатай хүний хэлсэн энэ үгэнд Америкийн албан ёсны байр суурийг агуулагдсан нь тодорхой. 1991 оны зун ноён Бэйкер ирж та нарт тусална гэснээ нотолж Монгол Улсыг Дэлхийн банк, Валютын санд элсүүлэх хандивлагчдын зөвлөгөөнийг санаачлах эрхэм зэргээр дэмжлэг үзүүлсэн юм. Энэ бүхэн дэлхийн хамтын нөхөрлөл дэх манай орны байр суурийг бэхжүүлсэн бөгөөд энэ нь бидний сонголтын бодит үр шим байлаа. Тэд ардчилалд шилжихдээ монгол ухаанаа гаргасныг онцгойлон үнэлсэн байдаг. Энэхүү бидэнд Монгол гэж хэлэхээр юу байв. Гэвэл доорх мэт :
1. Монгол Улс ардчиллыг сонгохдоо улс төр, эдийн засгийн хосолмол шинэчлэл хийсэн. Ази номхон далайн олон орон төвлөрсөн улс төрийн тогтолцоогоо хэвээр хадгалах хүрээнд эдийн засгийн өөрчлөлт хийсэн гэдэг.
2. Европын посткоммунист орнууд шилжилт хийхдээ нэг талаас хуучин коммунист намуудаа хориглож, удирдагчдаа барьж хорьсон, зарим нь буудан хороож, нөгөө талаас нь тэмцэгчдээ цус урсган дарахыг оролдсон байдаг.
 Гэтэл монголын хувьсгал тайван замаар өрнөж, цус урсгах аюулыг тойрон гарсан. Энэ бол хэн нэгэн бус, нийгмийн хамтын гавьяа байв. Мэдээж хоёр талын удирдлагын мэргэн ухаан, хүлцэж хүлээх чадвар энэ үед тод харагдсан юм. Тэд гал авалцах эрсдэлтэй агшинд яриа хэлэлцээний замаар маргаантай асуудлаа шийдэж чадсаныг монгол ухаан хэмээн оновчтой үнэлгээ хүртэхэд хүргэсэн юм.
Монголчуудын улс төрийн уужим, урт ухаан нь эцсийн зорилгоо эрхэмлэж, нэгдэж чаддаг тактикийн шинжтэй зарим зорилтоосоо татгалзах чадвартайд оршдогийг ардчиллын халуун өдрүүд харуулсан юм. Чухам гэгээн зарчим дээр сууршсан улстөрчдийн энэ туршлага хожим эсрэгээр эргэж, ашиг хонжооны эвцэл рүү хальтарсан нь ардчиллын мөн чанарыг гутаасан эмгэнэл болсон байдаг.
 Гэвч монгол түмний мэргэн ухаан, туршлага ёс зүй ялж, хариуцлагатай ардчилсан үр шимээ бүрнээ харуулах цаг мөдхөн ирнэ гэдэгт эргэлзэх учиргүй биз ээ. Бусармаг бүхнийг таягдан хаях их тэмцэл нь ардчилсан хувьсгал өрнөх цагийн гол шинж болсон тайван замаар хуулийн хүрээнд өрнөх учиртай юм. Энэхүү эрхэм туршлагыг өнөө цагийн ухаант соёлжсон монголчууд хэрэгжүүлж чадваас давхар монгол ухаантайгаа харуулах нягууртай ажээ.
 Мөнх тэнгэр хүчин дор Монголын ард олны суу билэг, сүр хүч, бадран дэлгэрэх болтугай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com