Л.ЭНХЦЭЦЭГ
Энэ долоо хоногт Улаанбаатар хотын утаа мэдэгдэхүйц нэмэгдэж, Сансар, Баянхошуу, Тасганы овоо зэрэг газруудад хоолой хорсох хэмжээнд хүрчхээд байгааг иргэд хэлж байна. Хэрэглээнд гарсан цагаасаа л хэл ам дагуулж, 600 гаруй хүн угаартаж, арав гаруй хүний амь нас авч одсон сайжруулсан түлштэй холбоотой асуудал ар араасаа гарсаар. Өнгөрөгч аравдугаар сард “сайжруулсан түлш утаа багатай нь үнэн юм байна.
Ямар ч утаа алга” гэсэн хэсэг иргэд байсан бол “ес эхлээгүй байна арванхоёрдугаар сар гарахаар ямар байхыг харъя” гэсэн иргэд ч цөөнгүй байв. Өглөө, оройн цагаар хотын төвөөр явахад хүртэл маш их утаатай байгааг хэн хүнгүй л хэлж байна. Шахмал түлшийг нэг өрх долоо хоногт зургаан шуудайг хэрэглэх нормтой. Үүнээс өмнө түлш нь дуусвал дараагийн долоо хоногийг хүлээхээс өөр аргагүй. Өвлийн хүйтэнд осгож үхэхгүй нь тулд аргаа барсан нэгэн нь түүхий нүүрс нууцаар түлэх гэхээр 300 мянгаар торгуулна. Саяхнаас сайжруулсан түлш олдохоо байсан тухай иргэд яриад эхлэв. Энэ талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийж, шалтгаан нөхцөлийг нь ингэж тайлбарлалаа.
Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалтын цэгүүдийн нөөцийн талаар хэлэхдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэг 96.2 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картын хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Одоогоор түлш борлуулах зарим цэг түлшгүй болсон байна. Сүхбаатар дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт 13, Баянгол дүүрэгт 3, Сонгино-хайрхан дүүрэгт 44 цэг, Хан-Уул дүүрэгт нэг цэг түлш савлах хүнгүйн улмаас түлш борлуулах боломжгүй болоод байна. Түлш борлуулах цэгүүд түлшгүй болсон асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна” гэсэн юм.
Арванхоёрдугаар сарын 22-нд идэр ес эхэлнэ. Хотын дарга С.Амарсайхан “Сайжруулсан түлшний талаар сөрөг мэдээлэл цацсан хүнд хариуцлага тооцно” гээд айлгачихсан. Тэгэхээр хөлдөж үхэхгүйн тулд хүссэн хүсээгүй сайжруулсан гэх “муужруулсан” түлшийг нь түлэхээс өөр сонголт байхгүй. Бодит байдлыг өөрсдийн биеэр мэдэрсэн иргэд зарим нь шинэ жил гээд үүнд анхаарахтай манатай гүйж, нөгөө хэсэг нь торгуулиас нь айгаад чимээгүйхэн сууна. Угаас илч муутай шахмал түлш нь яагаад олдохгүй байна гэсэн иргэдийн асуултад дарга нар ингэж л хариулж байх юм. Урин дулаан цагт нь ухаан жолоогүй сайжруулсан түлшээ магтаж суухын оронд түлшнийхээ хүрэлцээ, ажиллах хүчийг нь шийдэж байхгүй идэр есийн хүйтэнд ийм тайлбар тавиад сууж байгааг юу гэж ойлгох вэ.
Яагаад ажиллах хүн олдохгүй байна?. Цалин хөлс нь бага юм уу? Ажиллах орчин нь хэцүү байна уу?
Түлш савлах ажлыг сонирхсон СХД-ийн 24 дүгээр хорооны иргэн Ч.Сандагдорж “Ажил хийе гээд бүртгүүлчхээд байхад дуудахгүй. Ямар ч хариу байхгүй байна. Тэгээд ярихгүй болохоор анх бүртгүүлсэн газраа очихоор мэдэхгүй. Утсаа чагнаад байж бай гэдэг юм байна лээ” гэв.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн Б.Содномпил “1.200 мянган төгрөгийн цалинтай гэхээр нь сонирхож үзсэн. Гэтэл 30 хоногийн турш өдөрт 10 цагаар тасралтгүй ажиллаж байж авах мөнгө юм байна лээ. Нэг цагт 30 шуудай гэхээр нэг шуудайг дөрвөн минутад савлах ёстой гэсэн үг. Цайны цаг ч байхгүй ийм ажилд хэн ажиллах юм бэ?” гэх мэт хариултыг өгч байлаа.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Тавантолгой түлш” компанийн үйлдвэр дээр цахилгааны эх үүсвэрээс үүдэлтэй доголдол гарч, жигд горимоор ажиллах боломжгүй байгаа учраас түлш борлуулах цэгүүдэд хомсдол үүссэн” гэв.
Тавантолгой түлш компанийнхан “Цахилгааны эх үүсвэргүй нь улмаас зарим шугамд доголдол үүссэн, одоогоор 11 шугам ажиллаж байгаа, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж борлуулах цэгүүдэд үүссэн түлшний хомсдолыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Одоо улаанбаатарчууд гал алдах нөхцөл үүсч байна гэж ойлгож болох нь. Сайжруулсан шахмал түлшнээс өөр юу ч түлж болохгүй гээд хорьчихоод анхнаасаа үйлдвэрийн аюулгүй хэвийн ажиллагаа гэх зүйлийг маш сайн хангаж түлшээр тасралтгүй хангах ёстой юм биш үү. Ганцхан сая хүнийг түлшээр хангаж чадахгүй идэр есийн хүйтэнд ийм хариулт өгөөд сууж байхад иргэд яах ёстой вэ? Түүхий нүүрсээ түлээд торгуулиа төлөх үү. Түлэх түлээгүй хүйтэн гэрт даарч суух уу.