Б.ОДМАА
Монгол Улсын АИХ-ын депутат, Ардчилсан Үндсэн хууль баталсан, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Баянхонгор аймгийн намын хорооны гишүүн Анандын Рэгзэнтэй ярилцлаа.
-Сая шинэ оны босгон дээр Монгол Улсын Үйлчилгээний гавьяат цол тэмдгээр шагнагдагдсанд Танд баяр хүргэе. Та анхны Үндсэн хуулийг батлалцаж байсан депутатаар сонгогдож байсан хүн. Тэр үеийн түүхээс ярилцлагаа эхэлье?
-1989 онд Монгол Улс даяар Ардчилсан хөдөлгөөн өрнөж байлаа. Энэ үед эрч хүчтэй олон залуучуудтай хамтарч төвлөрсөн эдийн засагтай нийгмийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Ардчилсан нийгмийг сонгож, улс орныг хамарсан том ажил болж, шинэ нийгэм байгуулах үйлсэд гар бие оролцож явсан. Би Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул хүн. Тухайн үед 35 настай ид залуухан байлаа. Нийгмийн өөрчлөн байгуулалтын үндсэн дээр бүх нийтээр анх удаа чөлөөт сонгууль явуулсан. Сум бүрээс шилдэг тэргүүний гэх хүмүүсийг сонгосон. Галуут сумын МАХН-аас захиргааны дарга н.Доржрэнцэн, Галуут сумын аварга малчин Жигжидсүрэн нарын хүмүүс нэр дэвшиж байсан. Би ардын депутатын хорооны орлогч даргаар ажиллаж байсан. Би анх өөрөө нэр дэвшье гэж бодоогүй юм. Тэгсэн намайг олон хүмүүс нэрээ дэвшүүлэхийг шахаж шаардсан. Ингээд нэр дэвшигчид бид зэрэгцээд л бүх баг айлуудаар ороод явсан. Олон хүн намайг шууд сонгоно гээд л дэмжицгээж байв. Ингээд сонгууль явагдаад, санал хураалт болж саналын хайрцаг тоолоход олонхын саналаар Доржрэнцэн дарга бид хоёр тунаж үлдсэн. Тэгээд ахин сонгууль явагдаад би 87.9 хувийн саналаар гарч ирсэн. Тэгээд Ардын их хурлын депутатаар сонгогдох үнэмлэх аваад 1990 оны намар Улаанбаатарт анхдугаар чуулганд ирлээ. Анх ес хоног хуралдаж Үндсэн хууль батална гэж байсан юм. Тэгсэн ажлын 76 хоног болон сунаж, улсын хангамж бүхий буудалд бид байрлацгаагаад л хуралдаж өгөв. Ингээд Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр баталж байлаа. Тэр үеийн хүмүүс маш их зарчимч, эх оронч, бүхий л зүйлд эх орноо гэсэн сэтгэлээр үнэн сэтгэлээсээ хандаж байсан. Одоогийнхтой харьцуулах ч юм биш. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг олон улсын дүгнэлтээр сайн хууль болжээ гэж үзсэн. Хууль батлахад БНХАУ-ын Элчин сайд, олон улсын эрдэмтэн докторууд зэрэг гаднаас хүмүүс ирж, агуулга чанарыг нь сонсч, түүнээс ишлэл үг авч байсан л даа. Хууль гэдэг утгаараа маш их ач холбогдол өгч, нэг үгэн дээр л гэхэд долоо хоног хуралдаж байх жишээний. Өдгөө анхны Үндсэн хуулийг батлаад 30 жил болжээ. Цаг хугацааны эрхэнд өөрчлөх зүйл байгаа л байх. Гэхдээ сая 30 жилийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ эрх баригчид өөрсдөдөө тааруулж өөрчилсөн хууль хийсэн гэж хүмүүс ярьж байна лээ. Ард түмэнд тустай зүйл бага орсон шиг байна лээ.
Ер нь ардчилсан нийгэмд монголчууд бид хуулиа дагаж амьдарна. Хуулийн доор захирагдаж явна гэдгийг бүгд ойлгодог. Манайх чинь хуулийг олноор нь батлаад гаргаад байдаг. Гагцхүү гарсан хууль нь амьдрал дээр ерөөсөө хэрэгжихгүй юм. Төрийн шатанд ажиллаж байгаа боловсон хүчинд ажлын төлөө гэх сэтгэл дутагддаг болсон нь харамсалтай. Харин хууль бусаар баяжих, хөрөнгөжих сонирхол давамгайлчихсан, ажилдаа сэтгэл гаргаж ажилладаггүй болсон нь харамсалтай. Мэргэжлийн чанартай боловсон хүчин ч дутагдалтай болж. Урьд нь боловсон хүчинг шат дараалалтай төлөвлөгөөтэй бэлдэж байсан. Тэр нь нь зөв байсан. Одоо ч бас ингэж бэлдэх хэрэгтэй. Нэг том даргын цүнх барьсан хүмүүсийг боловсон хүчинд тооцож төрийн албан тушаалд тавиад байгаа нь том алдаа. Үүний цаана чадалтай, боловсролтой боловсон хүчнүүд дарагдаж байна. Яг үнэнийг хэлэхэд баг, сум, аймгийн Засаг дарга хийчих хүн юу билээ гэхэд шууд харагдахгүй шахам байна. Улс гэдэг сум, аймаг, баг бүгд аймаг нэгдэж байж нэг улс болно. Улсын анхан шатны нэгж багийн Засаг дарга гэж бий. Сумын иргэдийн хурлаасаа УИХ хүртэл хууль тогтоомжоо баталж хэрэгжүүлээд явна. Өнөөгийн төрийн завхралыг дээрээсээ буюу УИХ-д сонгогдсон хүмүүс үлгэр жишээ болж явах юм.
-Ард түмэн 2016 онд МАН-д 65 суудал өгч итгэл үзүүлсэн. Гэтэл тэд өнөөдөр ямар дүнтэй байна вэ?
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд долоон удаа сонгууль болсон байдаг. Үүнээс Ардчилал цөөхөн ялсан. Ардчиллын авууштай тал нь хийе гэсэн ажлаа хийдэг, зоримог шийдвэр гаргадаг. Өрх айлыг өсгөн, өндийлгөе, нийгмийг бүтээн байгуулъя, бизнес эрхлэгчдийг дэмжье гэдэг дээр дэлхий нийтэд нийцсэн зарчмаар нь зоригтой алхмаар хийгээд байх шиг байгаа юм. Ардын нам олон жил төр засгийг барилаа. Энэ нам бол дандаа социализмын үе шиг хураангуйлдаг, төвлөрүүлдэг, захиргааддаг гэдэг талаасаа бүдүүлэг, хаагдмал. 2016 оноос хойш харахад шившгийн хөндий гэдэг шиг л төрийн дээдчүүлийн булай дэлгэгддэг боллоо. Жижиг дунд үйлдвэрлэлийн тэр их мөнгийг Ардын намынхан л аваад жинхэнэ жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлсэнгүй. Мэдээлэлд ойрхон гэдгээрээ далимдуулан улс орныхоо хамаг өнгөтэй өөдтэй баялаг, сангаас цавчаад байхаар УИХ-ын гишүүн гэсэн нэр зүүх хэрэг юу байх вэ. Яах гэж төрд анхнаасаа орж ирсэн юм. Саяхан УИХ-ын эмэгтэй гишүүд нь сангаас бас л зээл авчихсан байна. МАН-ын нэг гишүүн л гурван сангаас хөнгөлөлттэй зээл авчихсан. Иргэдийг боломжийг хулгайлж, өөрийнхөө компаниа тэтгэх гэж УИХ-д гарсан болж таарах нь. Ичих булчирхай гэж тэдэнд алга. Телевикийн камер харахаар худлаа ярьцгаадаг, сонсохоос дургүй хүрмээр байна. Иргэд бүр зурагтаа унтраадаг болтлоо жигшиж байна. Тэд Монгол орныг цөлмөж дууслаа. Хэрвээ УИХ-ын 2020 оны сонгуульд эдгээр хүмүүст дахин итгэл үзүүлэх юм улс орон дампуурна. Миний хувьд зориуд онцолж хэлэхэд 2020 оны сонгуульд уул уурхайг түшиглэсэн, үүнээс хөлжиж баяжсан хүнийг ард түмэн битгий сонгооч гэж уриалмаар байна. Улс төрд бид зөв хүнээ төлөөлөл болгон илгээж чадвал өнөөдрийнх шиг байдалд уг нь хүрэхгүй байх боломжтой. Хууль эрхзүйн мэдлэгтэй шижигнэсэн сайхан залуучууд байна. Тэднийг улс төрд олноор нь оруулж ирэх хэрэгтэй. Аль ч нам байсан хамаагүй. Гол нь ажил хийх сэтгэлтэй, чадвартай хүмүүс байх хэрэгтэй.
-Хөдөө орон нутагт ард түмний амьдрал ямар байна вэ?
-Хөдөө орон нутаг хөгжиж байна, үйлдвэр энэ тэр барьж байна гэж УИХ-ын гишүүд ярьж харагдах юм. Яг бодит байдал дээр хөдөө орон нутагт үйлдвэр барьсан, иргэдийг дэмжсэн бодитой юм алга. Хөдөөний малчид малынхаа буян хишгээр боломжийн амьдарч л байна. Гэвч малын түүхий эд, шимийг эдийн засгийн эргэлтэд төрийн бодлого гэж үгүйлэгдэж байна. Төрийн гол бодлого хөдөө аж ахуйг хөсөр хаячихсан нь алдаа. Манай улс байгалийн баялагийг эрх мэдэлтэй хэдэн хүн ухан авч байгаль орчныг сүйтгэж байхаар эрүүл эко хөрсөн дээр байгаа мал аж ахуйн энэ том баялгийг л хөгжүүлмээр байгаа юм. Хөдөө орон нутгийн малчид бид улсаас их юм нэхдэггүй улс. Малчдад тэтгэвэр тэтгэмжийн асуудал хүнд байдаг. Эрх барьж буй нам 2016 онд ямар сайхан амалж байлаа. Одоо хар. Ямар ч татвар нэмэхгүй гэсэн татвар нэмлээ, ЖДҮ-ийг хөгжүүлж, айл өрхт бүрт хүргэнэ гэсэн. Өөрсдөө авсан. Хөдөө орон нутагт хамгийн бухимдалтай зүйл малын түүхий эд, үнэ ханш өсөхгүй байгаа явдал. Нэгдүгээрт, малын түүхий эдийн үнийг өсгөх, хоёрдугаарт малын бэлчээрийн хомсдлыг шийдэх хэрэгтэй байна.
-УИХ-ын гишүүн З.Нарантуяа малын хулгайтай тэмцэх хуулийн заалтыг чангаруулах өргөн барьсан ч олонхоороо хүч түрэн унагасан?
-Малын хулгай хаа сайгүй байна. Малын хулгайтай тэмцэх одоогийн хууль хэтэрхий өөгшүүлсэн зөөлддөг. Хариуцлагыг нь уг нь чангатгах байсан юм. Нэг ширхэг төл хулгай хийсэн ч ял авах ёстой шүү дээ. Бодит байдал олон мал хулгай хийж баригдчихаад эргээд төлбөрөө барагдуулчихвал ял эдлэхгүй үлддэг. Тиймээс хулгайчид баригдахгүй бол азтай байна. Баригдвал төлөөд ялгүй гарна даа гэж тайвширчихдаг. Ийм нөхцөлд малын хулгай ихсэхгүй яахав дээ.
-Таныг шударга, зарчимч, хатуу гэдгээр нь хүмүүс сайн мэддэг юм билээ. Та сая Монгол Улсын үйлчилгээний гавьяат цол хүртсэн. Таныг гавьяат болсонд таны өмнөөс олон хүн баярлаж байгаа харагдсан?
-Би Галуут сумандаа 45 жил ажилласан. Үүнээс 30 гаруй жилийг удирдах түвшний ажил хийжээ. Би төрд олон жил ажиллахдаа авилга авч үзсэнгүй. Худлаа ярьж, хулгай хийж үзээгүй. Бид тийм л шударга явсан учраас хаана ч очсон нэр нүүртэй байдаг болов уу. Сая Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдэг гардан авлаа. Төр засгаас 45 жилийн хугацаанд хийж ирсэн ажлыг маань үнэлж, бас шагналын болзлыг хангасан гэж үзээд олгосон. Олон сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байсан тэр хүмүүсийн буян юм даа. Би анх малчин байсан хүн. Илгээлтийн эзнээс Ардын их хурлын депутатаар сонгогдож ажиллажээ. Надад хийгээгүй ажил гэж бараг байхгүй дээ. Сумын орлогч, сумын Засаг дарга, аймгийн орлогч дарга, улс төрийн намын дарга гэх мэтээр нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих, улс орныхоо нөхцөл байдлыг нэлээн гадарлаж идэвхтэй явж ирсэн. Манай улс авлигыг аль ч шатандаа цээрлэчих юм бол цэцэглэж хөгжинө.