Д.СОЁМБО
АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх чиглэлээр татварын байгууллагатай хамтран ажилласан байна. Энэ талаар АТГ-ын хяналт, шалгалт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг татварын байгууллагатай хамтран шалгасан гэж байна. Ажлын үр дүнгээсээ танилцуулахгүй юу?
-Авлигаас урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийн нэгт нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах, албан тушаалтнууд хууль ёсны дагуу орлого хөрөнгөө бий болгосон, үнэн зөв мэдүүлсэн эсэх дээр холбогдох хяналт шалгалтын үйл ажиллагаа багтдаг.
Энэ жилийн хувьд бид цахим системээсээ түүвэрлээд хамгийн их орлого олсон нэр бүхий есөн мэдүүлэг гаргагчийн олсон орлого нь хууль ёсны дагуу юм уу гэдэгт хяналт тавьсан. Тэдний ХОМ татварт гаргаж өгсөн тайлантай нийцэж байгаа эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байна уу гэдэг дээр Татварын ерөнхий газар санхүүгийн нэгдсэн баримтад тулгуурлаад, чиг үүргийнхээ хүрээнд шалгасан. Учир нь сүүлийн жилүүдэд мэдүүлэг гаргагч нар өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ орлогыг зөвхөн мэдүүлдэг. Харин хамаарал бүхий этгээд аав ээж, ах дүүгийнхээ нэр дээр хууль бус орлогоо шилжүүлдэг байдал тохиох болсон. Дээрх шалгалтаар мэдүүлэг гаргагч нар маань Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудыг зөрчиж, нийт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байсан.
-ХОМ-ийг үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт тавьж эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Тийм. Ер нь цаашдаа бид мэдүүлэг гаргагч нарын олсон орлого үнэн бодитой юм уу, хувь эзэмшдэг хуулийн этгээд нь үйл ажиллагаа явуулсан бол татварт үнэн зөв тайлан гаргаж, эндээс олсон орлогоо ХОМ-д мэдүүлсэн эсэхэд хяналт тавина гэсэн үг. Он гараад хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлэг гаргагч нар маань өөийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлогыг мэдүүлнэ. Мөн татварт энэ хугацаанд багтаж мэдүүлэх ёстой. Эндээс бид хуулийн дагуу олсон орлого байна уу гэдэг дээр холбогдох хяналт тавиад явах юм. Цаашид энэ байдлаар хяналт тавьж байх болно.
-Зөрчил гаргасан есөн албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ?
-Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн нийт гурван иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагад 71 сая 43 мянга 400 төгрөгийн шийтгэлийн хуудсаар татварын улсын байцаагчийн зүгээс төлбөр ногдуулсан байгаа. Мөн уг хяналт шалгалтаар орлого, хөрөнгөө худал мэдүүлсэн 3 мэдүүлэг гаргагчид Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичгийг хүргүүлж, биелэлтийг ханган ажиллаж байна.
-Эдгээр албан тушаалтнуудын нэрийг хэлэх боломжтой юу?
-Одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй байна. Жил бүр манайд 41 мянган албан тушаалтан ХОМ мэдүүлдэг. Эдгээр хүмүүсийг нэг жилийн хугацаанд бүрэн гүйцэт хамруулаад цогцоор нь шалгахад цаг хугацаа их ордог. Тийм болохоор цаашид эрсдэл бүхий албан тушаалтнууд дээр түлхүү хяналт шалгалт хийгээд явна. Үүнээс гадна ХОМ-ын хураангуй АТГ-ын цахим сайт дээр тавигддаг болсон. Үүгээр дамжуулаад иргэд хяналт тавиад явдаг.
-Иргэдийн зүгээс ирдэг бас нэг шүүмж бол ХОМ дээр зөвхөн орлогыг тусгадаг. Гэтэл орлогоосоо давсан зарлагатай хүмүүс байна гэдэг. Тэгэхээр ХОМ-ийн маягт дээр зарлагыг хянах боломжтой юу?
-Ийм шүүмж бидэнд ирдэг. Тийм болохоор бид олон улсын туршлагад зарлагын асуудлыг яаж тусгадаг юм гэдгийг судалж байгаа. Энэ хүрээнд саяхан нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. ХОМ маягт илүү нарийвчлалтай, сайн болгох тал дээр ажиллаж байна.