Өдөр тутмын “Ардчилал таймс” сонин нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбар дахь соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, Монголын мянга мянган залууст хүн хичээвэл амжилтад хүрч, технологийн эрин үед хэрхэн өөрийгөө хөгжүүлж, ирээдүйд хэн байхаа бүтээхэд нь луужин болохоор зорьж, энэхүү гэрэл гэгээтэй контент төсөлд хамтран оролцож байна.
Австрали дахь Монголын залуучуудын холбооноос амжилттай яваа монгол залуусын санаа бодлыг бусдад түгээх, тэдний хүсэл сонирхлыг сонсох, амжилтад хүрсэн арга ухаанаас нь хуваалцахаар “Эх орон Танаас эхэлнэ” нэртэй шинэлэг контент нэвтрүүлгийн төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Хоёр дахь дугаартаа “Amazon” компанид Cloud Network хариуцсан инженерээр ажилладаг Ц.Мөнхбатыг урьж оролцуулсан юм. Тэрбээр монголд сургууль төгссөн ч өөрийн мэдлэг чадвараараа үнэлэгдэн дэлхийд томоохонд тооцогдох “Amazon” компанид өөрийн мэргэжлээрээ ажилладаг шилдэг боловсон хүчин юм.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Цэрэнчимэдийн Мөнхбат гэдэг одоо 26 настай. Австралид эхнэртэйгээ ирээд нэг жил болж байна. МУИС-ийн Мэдээлэл технологийн их сургуулийг 2014 онд төгссөн. Компьютерийн сүлжээний инженер мэргэжилтэй. Австралид 2018 оны сүүлчээр гэр бүлийн хүнтэйгээ ирсэн. Манай эхнэр одоо сурч байгаа. Харин би “Амазон” компанид ажилд ороод нэг сар болж байна.
-Гадаадад сургууль төгсөөгүй хэрнээ энд ирээд “Амазон” компанид ажилд орсон гэдэг чинь сонирхолтой санагдлаа. Монголд юу хийж байсан бэ?
-Монголд 2014 онд сургуулиа төгсөөд “Энержи Ресурс” компанын шинээр байгуулагдсан төслийн хэлтэст IT чиглэл нь давамгайлсан уурхайн автоматжуулсан систем дээр ажилладаг байсан. Тэнд нэг жил ажиллаад мэргэжлийн чадвараа илүү хөгжүүлэхийн тулд “Юнител” компанид ажилд орсон. Тэнд “Юнивишн” компанийн сүлжээний инженер, системийн инженерээр дөрвөн жил ажилласан. Тэр хугацаанд хуримтлуулсан туршлага маань энд ирээд маш их хэрэг болсон.
-Яагаад залуу гэр бүлүүд Монголоос явах шийдвэр гаргаад байна?
-Нөхцөл байдал нь сайхан мундаг компанид ажиллаж байгаа боловсролтой сайн инженерүүд зөндөө байна. Гэхдээ миний харж буйгаар боловсон хүчин бэлтгэж байгаа их сургуулиуд чанар маш муу байна. Чанартай сургуулиуд цөөхөн байна. Мөн сургуулиа төгссөн боловсон хүчнүүд шууд ажлын байраар хангагдах бололцоо бага шүү дээ. Хүмүүс хүссэн, хүсээгүй нэг сургуульд ордог. Тэрнийхээ дагуу нэг ажилд ордог. Энэ нь залуу хүний хувьд үнэхээр хүсэх амьдрал биш шүү дээ. Тиймээс ч залуус гадагшаа гарахыг л бодож байх шиг санагддаг.
-Хүн болгонд нэг том амбиц байдаг. Том компанид ажиллая, Өөрийгөө сорьж үзье гэсэн бодол байдаг байх.
-Яг тийм. Өөртөө итгэлтэй залуус л гадагшаа гаръя. Өөрийнхөө юу хийж чадахыг харъя гэж бодож байна.
-Та яг “Амазонд” орно гэж бодож Австралид ирсэн үү?
-Шууд том зорилго тавиад ирж байгаа мундаг залуус байгаа байх. Миний хувьд энд сурч байгаад ажилд орно гэж бодож ирсэн. Австралийг сонгосон шалтгаан бол ерөнхийдөө улсын бодлого нь таалагдсан. Австралийн боловсролын салбар маш их хөрөнгө оруулалт олдог салбар. Тиймээс эндэхийн гадаадын иргэн харьяатын бодлогод сургуулиа төгсвөл хоёр жил ажиллах виз олгодог гэх зэрэг олон боломжууд байдаг. Үүнээс улбаалаад цаашаа урт хугацааны виз авах боломж ч гардаг. Эхлээд миний хувьд заавал их сургууль төгсөнө гэж бодож байсан. Дэлхийн хэмжээний том компанид ажилд орохын тулд Австралид ажилласан дунд зэргийн компанийн туршлага байх хэрэгтэй болов уу гэж бодож байлаа. Ерөнхийдөө миний туршлага энд хангалтгүй гэж өөрийгөө голж байсан юм..
-Тэгвэл яаж орсон бэ, түүхээсээ сонирхуулаач?
-LinkedIN гэдэг мэргэжлийн social media дахь сайт байдаг. Тэндээс маш их харилцаа холбоо үүсгэх боломжтой. Тухайн сонирхож байгаа компаниудад ажиллаж байгаа мэргэжилтнүүдтэй холбоо тогтоож болно. Зүгээр өдөр тутмын “Сайн байна уу, үүн дээр мэдээлэл авах гэсэн юм” гэх зэргээр харилцаа холбоо тогтоогоод цаашлаад мэргэжлийн харилцаа холбооны сүлжээ үүсгэх эхлэл болж өгдөг. Би ирээд дөрөв, таван сар болсны дараа LinkedIN-ээр мэргэжлийн сургалтын урилга авсан нь “Амазон”-оос байсан. “Таны танилцуулгыг харлаа, манайх Сиднейд байгаа мэргэжилтэн инженерүүдийн дунд хоёр өдрийн сургалт явуулна. Та ирэх боломжтой юу” гээд урилга явуулсан. Тухайн үед эхнэр маань намайг дэмжээд бид хоёр хамтдаа явахаар шийдсэн. “Амазон”-ы инженерүүдийн зааж байгаа технологийн талаарх сургалтад хоёр өдөр суусны дараа биднээс ур чадвар сорьсон шалгалт авсан. Түүн дээр өөрийн ур чадварыг харуулж чадсан учраас цааш ярилцлагад уригдаж дараачийн боломж гарч ирсэн. Ерөнхийдөө гурваас дөрвөн сарын хугацаанд нийт хоёр удаа утсаар ярилцлага хийсэн. Мөн дөрвөөс таван удаа “Амазон”-д ажилладаг инженер, менежерүүдтэй нэгийн эсрэг нэг ярилцлагад орсон. Үүний үр дүнд ажилдаа орсон байна.
-Ер нь Монголд сонгон шалгаруулалтад орох, өндөр хөгжилтэй орны том компанийн шалгаруулалтад орох хоёрын чанарын ялгаа ямар байсан бэ?
-Дэлхийн топ глобал компаниудын шинэ ажилтан шалгаруулж авч байгаа процессын хувьд хүний нөөцийн систем, тэдний арга барил маш өндөр түвшинд байдаг. Зүгээр анкет бөглүүлээд түүнээсээ ярилцлаганд оруулж, сонгон авдаг биш. Тэр хүмүүст зориулсан тусгай эвент буюу үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэнд хүмүүсийг яг өөрөөрөө байх нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгдөг. Эцэст нь яг зөв хүнээ сонгон авдаг. Энэ арга барил Монгол дахь компаниудын арга барилыг бодвол хамаагүй өндөр түвшинд байна. Гэхдээ Монголд гадны арга барилыг нэвтрүүлж чадсан компаниуд бас байгаа байх.
Монголд их сургуулийн диплом, дээд боловсрол зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Гэтэл Америкаас эхлээд дэлхийн том компаниудад их сургууль төгссөн байх нь хамаагүй болсон. Ажилд авах хамгийн гол шалгуур нь тэр хүнд тухайн мэргэжлээр ажиллах ур чадвар байна уу гэдгийг л харж байна. Сургууль төгссөн, дээд боловсрол эзэмшсэн гэдэг бол хувь хүний хувьд нийгмийн байр суурь болдог зүйл мөн. Гэхдээ одоо үед дэлхийн том байгууллагуудын хувьд тэр бол өнгөрсөн нийгмийн шалгуур болсон байна. Яагаад гадны компаниуд их сургуулийг тийм чухалчлахгүй байна вэ гэвэл тэнд зааж байгаа зүйлийг ямар ч хүн бие даан сурах, түүнийгээ хөгжүүлэх боломжтой болсон. Жишээ нь код бичдэг хүмүүсийн хоёр ялгаа байдаг. Логик өндөртэй ч зүгээр энгийн түвшинд код бичдэг хүн, эсвэл өндөр түвшинд код бичдэг ч логик тааруу хоёр хүний алийг нь ажилд авах вэ гэх сонголт гарч ирвэл томоохон компаниуд логик сэтгэлгээ сайтай, энгийн түвшинд код бичдэг хүнийг л ажилд авах болно. Тухайн хүнийг энгийн түвшнээс нь сургаж, мэргэшүүлээд өндөр түвшний код бичих ур чадвартай болгоод ажиллуулдаг.
-Том компанийн ярилцлагад орох танд хэцүү байсан уу. Яаж бэлдэж байсан бэ?
-Ерөнхийдөө тухайн компанийг судлахаас их үр дүн харагдана. Би “Амазон”-ыг судалж байхад компанийн дотоод соёл нь бусдаас өөр байсан. Энэ нь ажил дээрх 14 зарчимтай холбоотой. Компанийг үндэслэгч Жеф Безосын гаргасан уг зарчмыг 1994 оноос хойш компанийн бүх ажилчид ажлын нэг шаардлага болгон ажиллаж ирсэн. Түүний дагуу ажилласнаар дотоод уур амьсгал сайхан, үйл ажиллагаа хэвийн, бүх ажил маш хурдан, үр дүнтэй явагддаг. Зарчмын гол санаа нь компанийн хэрэглэгч хамгийн чухал нь юм. Хэрэглэгч хаан гэдэгтэй л адилхан гэсэн үг. Хэрэглэгчдийн юу хүсч байгааг л бид хийх ёстой гэдэг зарчим дээр тулгуурлан үлдсэн 13 зарчим нь гарч ирдэг. Мөн хувь хүний зан характерын тест гэж байдаг. Тэр нь хүнийг мэргэжил талаас нь шалгах бус, хэрхэн асуудлыг шийддэг вэ гэдэг талаас нь харж, дүгнэдэг тест юм. Тиймээс иймэрхүү төрлийн асуултуудад зөв хариулахдаа бэлдэх ёстой гэсэн үг. Танд туршлага, чадварууд нь байна гэж бодъё. Гэхдээ түүнийгээ зөв бүтэц, зөв дараалалтай хэлж чадахгүй бол тухайн хүн таны ярьж байгааг бүрэн хүлээж авч чадахгүй шүү дээ. “Би ийм нөхцөл байдалд, асуудалтай тулгарсан. Үүн дээр ийм шийдвэр гаргаж, ийм үйлдлүүд хийсэн. Үр дүнд нь ийм зүйлд хүрсэн” гэж ярих бөгөөд энэ нь өөрийгөө маш хурдан дүгнэж байгаа нэг хэлбэр юм. Бүх л ажил, мэргэжил дээр асуудлууд гарч ирдэг. Тиймээс тухайн хүн энэ асуудлыг яаж шийдэж байна гэдгийг нь харна. Заавал тухайн мэргэжилтэй нь холбоотой биш байж болно. Түүнийг яаж шийдэж байна, мэргэжлийнхээ асуудлыг яаж шийдэж байна, энэ хоёрыг яаж уялдуулж байна гэдгийг маш энгийн асуултуудаар хардаг. Тэр энгийн асуултуудыг тэр бүрчлэн гүнзгий ойлгож чаддаггүй юм билээ. Тэгэхээр тэдгээрийг маш гүн ойлгож сурах хэрэгтэй юм шиг санагдсан.
-Та олон шат дамжлагатай ярилцлагуудад орсон гэж хэллээ. Зарим нэг зүйл дээр бүдэрсэн ч юм уу буруу хариулчихлаа гэсэн удаа байсан уу?
-Ярилцлагад орж байхад “Би ийм асуудалтай тулгарсан. Дараа нь ийм юм хийсэн” гэдгийн дарааллыг их буруу ярьдаг байсан юм билээ. Монголд ч гэсэн тэр бүр ярилцлагад ороход бэлддэг нийтлэг хандлага байдаггүй.
-Гадаадын том компаниудад ярилцлагад орох асуулт нь бараг л онол шиг байдаг тийм үү?
-Тийм. Би Монголоос ирэхдээ нэлээн бэлтгэлтэй ирсэн гэж хэлж болно. Мэргэжилтэй хүн мэргэжлээрээ ажиллах сайхан шүү дээ. Тиймээс мэргэжлээрээ ажилд орно оо гэсэн бодлого зорилготой ирсэн. Тийм зорилго тавьснаараа хүн яг өөрт хэрэгтэй зүйлд л цагаа зарцуулдаг. Тиймээс яг зөв юмаа олсон бол түүндээ цаг гаргаж бэлдэх хэрэгтэй. Тэгвэл зорьсондоо хүрч чаддаг юм шиг санагддаг.
-Энд ирсэн залуучууд зарим нь өөртөө сайн итгэдэггүй. Уг нь чадаж байдаг. Австралийн, дэлхийн нэр хүндтэй компанид ажилд орно гэхээр арай л болоогүй байгаа байх гээд өөрийгөө голдог. Түүнээсээ болоод өөр ажил хийдэг. Тэгээд хоёр гурван жилийн дараа боломжтой болсон үедээ эргээд харахаар нээрээ надад боломж байсан юм байна гэдэг бодол орж ирдэг. Энэ тал дээр залуучуудад зөвлөгөө өгөөч?
-Ерөнхийдөө судалгаа маш чухал. Тухайн хүн хэр их бэлтгэлтэй байгаагаас шалтгаалж хийж байгаа зүйлийн үр дүн харагдана. Тэгэхээр сайн бэлдэх, судлах ёстой. Хүний хийж чадахгүй зүйл байхгүй. Австрали бол олон үндэстний улс болчхоод байна. Сиднейд гэхэд л маш олон Хятад, Энэтхэгүүд ялангуяа IT программын салбарт байна. Ерөнхийдөө ажиглахад австрали хүмүүс маш цөөхөн харагддаг. Ихэнхдээ ажилчдаа удирдах, менежментийн түвшинд Австраличууд байдаг. Яг мэргэшсэн түвшний хувьд дийлэнх нь гадны ажилчид байна. Тэгэхээр Монгол инженерүүд, мэргэжилтнүүд наашаа ирж байгаа хүмүүст зориулж хэлэхэд өөртөө итгэх итгэлээ алдаж болохгүй. Үнэхээр мэдлэг чадвар нь байгаа бол өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй.
-Энд танай эхнэр сурахаар, та өөрөө дагалдан визтэй ирсэн. Ажилд ороход виз нөлөөлж байна уу?
-Компаниуд оюутны визтэй хүнийг ажилд авахыг хүсэхгүй. Яагаад гэвэл тэр виз хугацаатай байдаг. Нөгөө талаасаа тэр хүн хэзээ ч гарч магадгүй гэж харддаг. Тиймээс оюутны визтэй бол үндсэн ажилд ороход хэцүү байдаг. Би оюутны визтэй байхдаа ажилд мэдүүлсэн. Австралид том компаниуд хуулийн дагуу ажилладаг. Гурваас дөрвөн сарын хугацаанд ярилцлаганд орно, тэнцэнэ, дараагийн шат руу орно ажил санал болгоно, зөвшөөрнө. Түүний дараа компани тухайн улсын гадаадын иргэн харьяатын тухай хуулийн дагуу мэргэжилтний виз авч өгдөг. Тэр нь тухайн компани тухайн мэргэжилтнийг ажилд авахын тулд ажиллах эрхтэй визээр спонсорлож байна гэсэн үг. Миний хувьд тэр зарчмаар ажиллаж байгаа.
-“Амазон”-д ажиллахад хэр байна?
-Хүнийг заавал шахаад шавдуулаад мал тууж байгаа юм шиг ажил хийлгэдэггүй. Мэдээж зөв хүнээ ажилд авах юм бол тэр хүн хийх ёстойгоо хийнэ. Ажиллах орчны хувьд маш сэлүүхэн суудаг оффис ч байна, олуулаа суудаг оффис ч байна. Өдөр тутамдаа байнгын англи хэлээр ярина. Гадны хэрэглэгчид, дэлхий даяарх хүмүүстэй ярьж ажиллаж байгаа болохоор ажил бол мөрөөдлийн хэмжээнд байна гэж хэлж болно.
Мөн Амазоны ажлын нөхцөл маш уян хатан байдаг. Хаанаас ажиллах нь таны дур. Тэдэн цагт ирээд тэр цагт явах ёстой гэсэн дүрэм байхгүй. Хэдэн цагт ирээд хэдэн цагт ажлаа дуусгах нь миний дур. Түүн дээр ямар ч баригдмал зүйл байдаггүй. Цаг бүртгэдэггүй. Тухайн хүн ажлаа хийж л байвал, тэр компанид үр өгөөжөө өгч л байвал ямар ч асуудал байхгүй. Энэ нь их таалагддаг.
-“Амазон” хэдэн ажилтантай бэ?
-Дэлхий даяар 650 мянган ажилтантай. Түүнээс Сиднейд 2000 гаруй байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Яагаад гэвэл Сиднейн бүс Америк, Европын дунд байрладаг маш том боломжит бүс учраас хөрөнгө оруулалтууд ихээр орж ирж байгаа. Ирэх жил гэхэд 3000, 4000 ажилтантай болохыг хэлж мэдэхгүй байна. Сүүлийн үед мэргэжилтнүүдийг ихээр ажилд авч байгаа.
-Монголд ажиллах ажлын явц, эндхийн ажлын явц хэр ялгаатай байна вэ?
-Хувь хүний өөрийн ажиллах үйл явц маш өндөр түвшинд тавигддаг. Үүрэг ролийн хуваарилалт маш зөв хийгдсэн байдаг. Тиймээс ажилд ямар нэгэн саатал гардаггүй. Асуудлыг маш хурдан шийдвэрлэдэг. Ажилчид шийдсэн шийдэлдээ маш үнэнч байдаг.
-Багаар ажилладаг уу, ямар хэлтэст ажилладаг вэ?
-Би cloud технологийн сүлжээний инженер мэргэжлээр ажиллаж байгаа. Cloud технологи нь XXI зууныг өөрчилж байгаа технологийн хувьслын нэг хэлбэр мөн. Компани болгон өөрсдийн дата төвийг байгуулж ажилладаг. Энэ нь маш их зардал гаргадаг. Харин үүний оронд cloud технологийг сонговол бүх технологи нь манайд байдаг. Та үүнийг хэрэглэ, төлбөрийг нь төлөөд яв л гэдэг.
-Тан шиг дэлхийн том компанид ажилладаг олон Монгол залуучууд бий. Та нараас үлгэр дуурайл авдаг дүү нартаа, залуучуудад хандаж юу хэлмээр байна?
-Хэлний мэдлэг дээрээ маш их анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. Миний харж буйгаар, код бичдэг байна уу, сүлжээ тал дээр ажилладаг байна уу хамаагүй бүх хүнд гадаад хэл, ялангуяа англи хэл хэрэгтэй. Зарим хүмүүс хэлийг заавал сурах албагүй гэж ярьдаг юм билээ. Энэ бол буруу. Яалт ч үгүй хэл бол хамгийн эхний сурах ёстой зүйл мөн. Гадаад хэлтэй бол бид хэнтэй ч харилцаа холбоо тогтоож чадна. Тухайлбал нэг цаг уншаад сурах зүйлийг би англиар таван минут туршлагаасаа ярьж буй хүний үгийг сонсоод ойлгоод авч болно. Монгол залуучуудыг зорьсондоо хүрэхэд дэлхийд гарахад англи хэл маш их хурд нэмж өгнө. Тиймээс үүн дээр залуучууд мэргэжилтнүүд түлхүү анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн харилцаа холбоо гэдэг зүйлийг маш сайн, зөв ашиглах нь чухал.“Сайн уу, юу байна” гээд орхих биш хүнтэй чин сэтгэлээсээ харилцаа холбоо үүсгэж сурах хэрэгтэй.
-Ажлаас гадуур чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Ажлаас гадуур хийдэг зүйл гэвэл өөрийгөө байнга хөгжүүлэхийг зорьдог. Сурсан мэдсэн зүйлээ аль болох хүмүүстэй хуваалцах нь чухал. Би өөрийгөө нэлээн урт хугацаанд энд ажиллах байх гэж харж байна. Мэдээж ирээдүйд Монголдоо очоод дэлхийн хэмжээний төслүүдийг хийх цаг ирнэ гэж итгэж байна. Мэдээллийн эрин зуунд юмс маш хурдтай өөрчлөгдөж байна. Монголчууд хиймэл оюун ухаан руу түлхүү ажиллах юм бол бид мэдээлэл технологийн уралдаанд улсаараа хамгийн урд очих боломж байгаа болов уу гэж хардаг.
-Хамгийн сүүлийн асуулт Монгол залуу хүн гэж чинийхээр ямар байх ёстой вэ?
-XXI зууны нэршил гарсан байгаа. Хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй. Хаанаас ажлаа хийгээд байгаа нь мэдэгдэхгүй. Ажиллаад, амьдраад сошиалаар бусадтай харьцаад байдаг. Ирээдүйд Монгол олон залуус ийм болох байх. Монгол залуучууд өөрсдийгөө маш өндөрт үнэлэх ёстой. Би ийм зүйл хийсэн гээд танилцуулга дээрээ бичээд яриад байгаа нь хуучинсаг үзлээр бол өөрийгөө дөвийлгөж байгаа харагдана. XXI зуунд ингэж өөрийгөө танилцуулах нь маш олон боломжуудтай тэр хүн өөрийгөө холбож байгаа нэг хэлбэр юм. Үүнийг буруу талаас нь битгий хараарай гэж хэлмээр байна. XXI зууны глобал Монгол хүмүүс бол өөрийгөө маш өндөр түвшинд үнэлдэг, маш өндөр түвшинд бэлтгэгдсэн залуус байх болов уу гэж би бодож байна.