Монголчууд бидний баярын сарууд сар гаруйн өмнөөс сүр дуулиантай, ёслол төгөлдөр эхлээд явж байна. Чингис хааны төрсөн өдөр, Улс тунхагласны баяраар эхэлдэг байсан баяруудад энэ жилээс Бурхан багшийн төрсөн өдрийг нэмсэн. Түүнийгээ Д.Лүндээжанцан гишүүн монголчууд гэм нүглээ наминчлаад нэг ч гэсэн өдөр архи уухгүй амраад авах ёстой гэж тайлбарласан. Гишүүний энэ “айлдвараар” монголчууд гэм нүглээ наминчлаад архигүй нэг өдөр амарчихдаг байсансан бол бүгдээрээ өдийд гэгээрчихгүй юугаа хийж байх вэ дээ.
Бидний хувьд тэгэхээр баяр гэж юу юм бэ? Шуудхан хэлэхэд өнөөдрийн зовлонгоо бүр мөсөн мартах хүртлээ балайртлаа уух шүү дээ. Даруулганд нь бууз, нийслэл салат, ананстай тахиа мэтхэнийг хачирлаж идэхийг хэлнэ. Ямар баяр байхаас үл шалтгаалан “үндсэн үйл ажиллагаа” бол ер нь уух. Тиймээс тэр баяр нь Чингисийн төрсөн өдөр байна уу, Бурхан багшийнх нь төрсөн өдөр байна уу уугчид огтхон ч падгүй. Баяр бол баяр. Саатай даашинзтай уух уу, торгон дээлтэй уух уу гэдгээрээ л ялгаатай болохоос угтаа адилхан бөөнөөрөө цуглаж аваад л уух.
Зунжин намаржин айраг цагаа, тарвага зурам хөөцөлдөж баярлаж яваад арайхийн хүүхдээ сургуульд хүргэхийн эрхэнд буцаж ирэнгүүтээ ийнхүү баяруудтай золгоно.
Торон даашинз, ганган хослолтой хамт олноороо цуглаж уухыг Шинэ жил. Торгон дээлтэй хамаатан саднаараа нийлж уухыг Цагаан сар. Богино өмд, углаашин шаахайтай хагас нүцгэн, хөдөө хээр, хаа хамаагүй уухыг Наадам гэж нэрлэж болно. Баяр гэж тэгвэл ердөө л учиргүй их уух, идэх хоёр юм шив дээ. Шил шилээ дарсан ширүүхэн ийм баяруудын балаг харин даанч их.
Шинэ жил туранхай хүүхний шалгаруулалт биш
Дөнгөж өнгөрсөн долоо хоногт 40-хөн настай эмэгтэй даашинзандаа багтах гэж хэт хичээснээс болоод амь насаа золилоо. Харамсалтай. Бөөрний өвчтэйгээ мэдэхгүй дөрөв хоног хэлэн дээрээ юу ч тавилгүй мацаг барьснаас болсон аж. Жилийн турш эрүүл мэнд, биеийн жиндээ анхаарахгүй байж гэнэтхэн сарын дотор турах гэж оролддог нь монгол бүсгүйчүүдийн алдаа. Бүр муухайгаар хэлбэл тэнэглэл.
Ер нь яагаад заавал бага размертай бариу даашинзанд багтаж орох гэж зүтгэцгээнэ вэ. Таарах даашинз аваад эсвэл хийгээд өмсчихөж болно шүү дээ. Баяр гэдэг туранхай хүүхний шалгаруулалт эсвэл ямар нэгэн үзлэг шинжилгээ, хэмжилт, хэмжүүр аль нь ч биш.
Хувьсгалаас өмнө монголчуудад Цагаан сар, Наадам хоёроос өөр баяр гэж байсангүй. Энэ хоёр баяр өөрийн гэсэн дэг жаягтай, үзэж харах, сонсч дуулах юмтай утга төгөлдөр байж.
Харин Ногоон модны баярыг дөнгөж 1931 оноос бид тэмдэглэж эхэлжээ. 1931 оны арванхоёрдугаар сарын 31-нд Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт шинэ жил тэмдэглэжээ. Энэ бол Д.Нацагдорж гэргий Нина Чистяковатайгаа суугаад удаагүй байсан үе ажээ. Тиймээс шинэ жилийн баярыг залуу хүмүүсийн хувьд хөгжилтэй сайхан угтахыг бодож. Ингээд Германд хамт сурч байсан Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, н.Доржцэрэн, н.Батсүх, Г.Ирина, н.Хурлаат нарын хэсэг нөхдийн хамт оргилуун дарс буудуулж, ширээ засч шинэ жилийн баярыг тэмдэглэсэн байна. Үүнээсээ болж Дотоодыг хамгаалах газарт дуудагдаж байцаагдан улмаар шоронд хоригдох юм гэж Д.Нацагдорж зүүдлээ ч үгүй биз.
“Хуучин хүү шинэ хүү” болсноос хойш бид оросуудаас ихийг сурсан. Гэхдээ ихэнхдээ мууг нь дуурайж өвлөж авчээ. Архи уух бас нударгалцахыг. Оросууд шиг хэнэггүй, хээгүй, бүдүүн баараг, зодоонч товаришууд хаана байна.
Архийг бол лүү ууна. Түүнийгээ баатарлаг үйлс мэтээр үзнэ. Шинэ жилийг ч бид оросуудаас л авсан. Манартлаа уугаад Москва, Ленинградыг хоёрыг андуурч айлд хоноод хүний найз залууг уурлуулж явуулчхаад эмэгтэйг нь гэртээ дагуулаад ирдэг киног бид шинэ жил бүхнээр дурлан үздэг шүү дээ. Бас болоогүй ээ өөрийнхөө бүсгүйг “жийчихсэн”. Бид эсвэл кино шиг амьдардаг хэрэг үү.
“Ийм нэгэн явдал”-д хүн бүхэн дуртай ч ийм нэгэн явдлууд Орос, Монгол хоёрт байдаг л нэг үзэгдэл. Ийм л байсан, ийм л байх ёстой мэтээр хүлээж аваад сурчихсан.
Монголчилсон сүлд
модны баяр
Шинэ жилийн баяр уг нь Өрнөөс орж ирсэн том бас шинэ соёл. Энэ шинэ соёл одоо хэдийнээ хуучирч бидний амьдралын нэг хэсэг болсон. Бид монголчилчихсон. Далбагар том жаазтай өргөмжлөл тарааж, “Оны шилдэг” байж болох бүхий л номинацын эзнээр гурван сая хүнийхээ талыг нь шалгаруулж түүнийгээ угаан найрладаг. Хамгийн шилдэг луйварчнаа шилдэг улстөрчөөр шалгаруулаад түүнийгээ Шинэ жилийн баяр дээрээ авчраад үг хэлүүлж байж “цаддаг” ийм л нэг дүр зураг.
2019 оны шинэ жилийн тренд үг хэдийнээ гарчээ. “Байгууллагынхаа шилдэг ажилтан болоод өргөмжлөлөөр шагнуулсан юм. Гэтэл өглөө гэртээ сэрээд хартал караокены ном тэврээд иржээ”. Ер нь үнэний ортой. Гэртээ ирж хоносон нь их юм. Бас шилдэг болоогүй нэгэн “Би байгууллагынхаа “Байдаг л нэг оны хүн”-ээр шалгарлаа. Баяр хүргээрэй манайхаан” гэж фэйсбүүк хуудсандаа наргижээ.
Шалгаруулах юмгүй бол шалгараагүй хүнээр шалгаруулж чадах л бид шүү дээ. Хэдхэн жилийн өмнө шилдэг ажилтан болсон 27-хон настай эмэгтэй өргөмжлөлөө тэвэрсэн чигээрээ осгож нас барсан түүх бий.
Хуучин оноо үдэж ажил үйлсээ дүгнэх нь зүйн хэрэг. Гэхдээ хэнд ч хэрэггүй, хэвлэмэл цаас, хэврэг металл энгэрийн тэмдгээр хүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, сэтгэлийг нь хуурдаг энэ бурангуй заншлаасаа хорин нэгдүгээр зууны монголчууд салах цаг болсон. Энэ бол хүний хөдөлмөрийг үнэлж байгаа биш харин ч үнэгүйдүүлж буй хэрэг. Хэн их хөдөлмөрлөнө тэр илүү ашиг хүртэх учиртай. Мөнгөнөөс өөр хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж болох зүйл юу байна. Магтах, сайшаах, амжилт хүсэх мялаалгын үгс бол хүн ёсны зүйл.
Өндөр хөгжсөн, хөгжиж буй орнуудад хүний хөдөлмөрийг цагаар бүр минутаар хэмждэг болоод удаж байна. Тиймээс ч монголчууд гадагшаа гарч хөдөлмөрөө зүй ёсоор үнэлүүлэхийг хүсдэг. Харин манайд эсрэгээрээ хүн хэчнээн хичээж зүтгэлээ гэхэд нэг далбайсан өргөмжлөл, тэмдгээс цааш хэтэрдэггүй. Энэ бол социализмын үеийн таван жилийн гавшгайч шалгаруулах уралдааны үлдэгдэл гэдгийг энд хэлье. Шилдэг, супер хэмээх тодотголтой шагнал өргөмжлөлүүд утгаа алдсан. Бид тэгэхээр хуучин руугаа явж байна уу ирээдүй рүүгээ явж байна уу?
Христийн тооллынхон шинэ жилийн баяраа тэмдэглээд эдүгээ 2020 дахь онтойгоо золгож байна. Харин 1931 оноос хойш тэмдэглэсэн монголчууд бидэн шиг жилээс жилд номинацуудын нэр нь сүржин, шагналуудынх нь дүрс зантгар том болсон бил үү?
Тэнгэрийн жигүүртэн, газрын хүчтэний нэрсийг ашиглаж дуусах нь…
Харцага шонхор, хангарьд, бүргэд, чоно, гоо марал, алтан сарнай, мөнгөн угалз гэх зэргээр хамаг тэнгэрийн жигүүртэн, газрын хүчтэний нэрсийг өөрсдөдөө бид өгч амжив. Мөн аль нэг албан байгууллагын тоонд хүрэхээр олуулаа уух шалтаг нь бас шинэ жил болжээ. “Загасны ордныхон нийлж шинэ жилээ тэмдэглэе” гэсэн зар явж байна. Албан байгууллагаасаа гадна нэг хүн, хоёроос илүү шинэ жилд орохгүй бол өөрийгөө энэ нийгмийн эд эс, “Хүн” гэдгээ мэдрэхээ байсан мода дэлгэрэв сүүлийн жилүүдэд.
Албан газрын шинэ жил, нутгийн шинэ жил, найз нөхдийн шинэ жил, тураах клубийн шинэ жил, хоол сонирхогчдын шинэ жил, ууланд алхагчдын шинэ жил, бүтэн сайнд цугларагсадын гэх мэтээр нэг хүний орох шинэ жил дуусахгүй.
Бүтэн жил “баярын хорионд” байж байгаад гэнэт хорио нь тавигдсан аятай л шинэ жил тэмдэглэнэ.
Хэдхэн жилийн өмнө монголчууд тарчигхан амьдарч Цагаан сараа тэмдэглэж хүмүүст “сайн яваагаа харуулж чадахгүй”-н улмаас амиа арав таваараа хорлодог байсан үе. Тэр үед эрээний оймс айл дамжин явсаар эргээд эзэндээ ирдэг байв.
Тэр үе овоо нэг өнгөрсөн ч прокатны даашинз дамжиж явсаар эзэнтэйгээ хамт нэг шинэ жилд ордог үе иржээ.
Тэгвэл баярын утга учир нь юу юм бэ? “Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ” хүн байгаагаараа баярлаж цэнгэхэд буруу үгүй. Харин хүнд харагдаж гайхуулах гэж өр зээл тавьж бэлтгэх, баярлаж цэнгэх гэж балайртлаа ууж стрессээ тайлдаг “шинээр үүссэн” хоцрогдсон сэтгэлгээнээсээ салах цаг болжээ.
Төр засаг нь ч сэтгэлгээний энэ хоцрогдлыг нь улам өөгшүүлж элдэв одон тэмдгээр хүний хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлж мөн бие биедээ элдэв сүржин цол гуншин зүүхээ болих хэрэгтэй.
Баяр цэнгэл бол хүн өөртөө урам зориг, эрч хүч, таашаал авч хүссэнээрээ байх том эрх чөлөө. Нэгэн хэв загварт цутгагдаж, нийтийн ёсоос хазайхгүйн тулд тулгасан хундага, шахсан архийг ууж амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавих ч ёсгүй. Хүн ходоондоо юу хийх, баяртаа юу өмсөхийг “нийтээрээ шийддэг” тэр хүн нь ч өөрөө шийдүүлдэг байдлаа зогсоох ёстой.
Монголчууд угаасаа ийм гэдэг намгийн мэлхийн үлгэрээсээ салах цаг ирсэн. Бидний гайхан зэвүүцдэг барууны ертөнц тэр чигээрээ Зул сар, Улаан өндөгний гэх мэт шинэ оноо угтах өргөн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг.
Гэр бүлээрээ уулзан учирч хамтдаа суугаад баярын зоог барингаа халуун дотноор ярилцаж хүүхдүүддээ бэлдсэн бэлгээ сүлд модныхоо дор “нуудаг”. Хайртай дотны хүмүүстээ бэлэг, гараар бичсэн мэндчилгээ илгээдэг тогтсон уламжлалтай. Товчхондоо тэд ингэсгээд л баярлачихдаг. Тэглээ гээд ховор хоосон, хүнээс дутуу харагдсангүй харин ч тэдэн шиг амар тайван, аз жаргалтай хүмүүс алга. Дэлхий нийтийн баяраар дэлхийн нийтийн соёлд суралцвал ямар вэ? Баярлах шалтгаан багатай юм бол асуудал дээрээ асуудал нэмж баярлах гээд яах вэ ээ та минь ээ.