Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эмэгтэйлэг улс төр

 “Хууль тогтоох дээд байгууллага УИХ-д эмэгтэй гишүүдийн тоо хэд байвал зохих вэ” хэмээх асуултад “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын Б.Золзаяа “73” гэж хариулсан удаатай. “Яагаад” гэхэд “Монголын парламентын түүхэнд 73 эрэгтэй гишүүн сонгогдсон тохиолдол бий. Хэн ч ямар олон эрэгтэй гишүүн бэ гэж уулга алдаагүй шүү дээ” гэж хошигножээ. “Хүссэн юм хүзүүгээр татна” гэгчээр ийм олон эмэгтэйчүүд УИХ-д сонгогдвол ахиад л жендерийн асуудал яригдах байсан даа. Энэ тохиолдолд харин эрчүүдийн улстөрийн оролцооны асуудлыг нухацтай хөндөх биз.  
 “Монгол эмэгтэйчүүд гэр бүлээ нуруундаа үүрч явдаг” гэж хүмүүс ярьдаг. Харин “ачаа даадаг” эмэгтэйчүүд төр, засгийг удирдах чадвартай гэдэгт эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд өөрсдөө ч эргэлздэг байж мэднэ. Чингисийн үеийн монгол эмэгтэйн чадварыг одоогийнхтой харьцуулах гээд үз дээ.
 Монгол эмэгтэйчүүд тэртээх ХIII зууны үед эзэнт гүрнийг удирдаж байсан түүхтэй. Юань гүрний үед шинэ хааныг сонгоход хатад ихээхэн нөлөөлж байсан төдийгүй дараагийн хаан сэнтийдээ залрах хүртэл эзэнт гүрнийг эмэгтэйчүүд удирдаж байсан түүхийг Ч.Содбилэг “Сэнтий түшсэн хатад” номдоо өгүүлсэн. Харин Жак Уэтерфордын “Монголын их хатдын нууц товчоо”-нд алтан ургийн гүнж нарыг хараат орны ханхүү, хаадад хатан болгон өгч, нөхрүүдийг нь цэрэгт дайчлах замаар охиддоо тухайн улс орныг удирдах боломжийг олгодог байсан талаар гардаг шүү дээ. Монголын эмэгтэйчүүд хэдэн зууны тэртээ төрийг удирдаж, шийдвэр гаргахад оролцож, аян дайн хийж хүлээн зөвшөөрөгдөж байсан бол эмэгтэйчүүдийн боловсролоор толгой цохиж буй өнөө үед яагаад шийдвэр гаргагч байж чадахгүй байх билээ.
 Хүн амын 51 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд бодлого шийдвэр гаргахад энэ хэмжээнд оролцох нь зүйн хэрэг гэж эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг дэмжигчид үздэг. Баг, хорооны Засаг дарга нар ихэвчлэн эмэгтэй байдгийг манай уншигчид мэднэ дээ. Харин дүүргийн Засаг дарга нарын хэд нь эмэгтэй билээ. Засгийн газар, УИХ-д хүн амын талаас илүү хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл өдрийн од шиг байгаа нь шударга бус.
 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ “Эмэгтэйчүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурийг олон улстай харьцуулсан үзүүлэлтийг харвал монгол эмэгтэйчүүд гэр бүл, нийгмийнхээ эдийн засагт оролцох түвшин харьцангуй сайн төдийгүй эхний 20-д багтаж байгаа. Эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг үзүүлэлтээр бид харьцангуй сайнд тооцогддог юм байна. Гэтэл шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн үзүүлэлтээр Монгол Улс нэлээд доогуур буюу 107-д эрэмбэлэгдсэн байх юм. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төрийн алба, удирдах түвшинд ажиллах боломж хангалттай биш байгаа нь эндээс харагдана. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор оролцсоноор гэр бүл, хүний хөгжил, нийгмийн асуудлуудад нухацтай, шийдэлтэй хандах боломж ихэсдэг нь практикт нотлогдсон ойлголт юм” хэмээн хэлж байв.
 Эрчүүдийн “тоглоомын дүрмээр” өнөөг хүрсэн Монголд Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гэх мэтээр уул уурхайн сэдвээр манлайлагчид нь тэнгэрлэг заяат эрчүүд маань байдаг. Жорлонгоо өөрчлөх мэтийн “муу нэртэй луу данстай” ажлыг эмэгтэйчүүд манлайлж буй. Эрчүүд, эмэгтэйчүүд ялгаатай шигээ анхаардаг асуудал нь өөр бололтой.
 Эмэгтэйчүүдийн хувьд сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хувийн шийдвэрээ гаргахаас эхлээд намынхаа доторх өрсөлдөөнд нэр дэвшигч болон гарч ирэх, улмаар сонгогчдын саналыг авч сонгогдох хүртэл олон сорилттой тулгардаг. Эдгээр сорилтыг давахад туслах нэг хөшүүрэг нь улс төрийн намууд дүрмэндээ квот оруулах гэдэг.
 Өмнөх Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байхаар заасан. Одоогоор энэ тоо өөрчлөгдөөгүй бөгөөд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Аль нэгэн хүйсийн харьцаа 20 хувиас доошгүй байна” гэж оруулахаар яригдаж буй.
 Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдон ажиллахад нөлөөлдөг олон хүчин зүйлийн нэг нь сонгуулийн тогтолцоо. Сонгуулийн пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоо, мөн холимог тогтолцоонд эмэгтэйчүүд сонгогдох боломж нь мажоритар тогтолцооноос илүү байдаг нь олон орны жишээгээр батлагджээ. Сонгуулийн тойрог том, пропорционал тогтолцоотой бол эмэгтэйчүүдийн сонгогдох боломж нэмэгддэг байна. Фрийдом хаус байгууллагаас бүрэн болон хагас эрх чөлөөтэй хэмээн ангилагдсан улсуудаас эмэгтэйчүүдийн төлөөллийн хувь өндөр байгаа эхний 10 орон нь пропорционал тогтолцоог ашиглаж байна хэмээн мэдээлсэн байна лээ.
“Манай улсад одоог хүртэл эрэгтэйчүүд давамгайлсан парламентын гишүүдийн дунд бизнес эрхэлдэг гишүүд олон байдаг. Тиймээс улс төрд бизнесийн ашиг сонирхлын нөлөө их, томоохон компаниуд сонгуулийг санхүүжүүлж байгаа нь улс төрд орж буй эмэгтэйчүүд болон бага орлоготой эрэгтэй нэр дэвшигч сонгогдоход саад бэрхшээл болсоор байна. Түүнчлэн нам дотроо нэр дэвших эрх авах “нэр дэвшигчийн татвар” гэсэн өндөр босго тавьдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд ялгаварлал, бэрхшээл учруулж байна” хэмээн Р.Бурмаа “Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо: Туршлага ба сургамж” илтгэлдээ 2013 онд онцолж байсан. Энэхүү нөхцөл байдал өнөө ч хэвээр үргэлжилж буй нь эмгэнэлтэй. Сонгуулийн зардал улам бүр “хөөсөрч” буй манай улсын хувьд энэхүү зардлыг багасгах бодитой алхмууд хийгдээгүй л байна.
 Бусад улс орнуудад харин сонгуулийн зардалд хяналт тавьж, хязгаарлаж мөнгөний нөлөөг багасгах оролдлого хийсэн жишээг олноор дурдаж болно. Тухайлбал, Япон улс “Улс төрийн санхүүжилтыг хянах тухай” хууль, “Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх” тухай хуультай бөгөөд сонгуулийн санхүүжилтын ил тод байдал, тайлагнах журам нь хувь хүн, албан байгууллага, компаниудаас өгөх хандивын эх үүсвэрийг хязгаарлах хөшүүрэг болдог. Канадад улс төрийн нам сонгуулийн хандив, санхүүжилттэй холбоотой зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хатуу хуульчилсан байна. ХБНГУ-д гэхэд л бизнес эрхэлж буй хүн улс төрд орох хориотой бөгөөд хэрвээ орохоор бол олон шалгуур давж байж ордог хуулийн зохицуулалттай байгааг гэрээ засаад төрөө засах гэж байгаа хүнд дуртай манай сонгогчид анзаарахад илүүдэхгүй.
 ҮСХ-ноос 2017 онд “Би монгол эмэгтэй” гэсэн статистик гаргасан. Монгол эмэгтэйн дундаж өндөр нь 157 см, дунджаар 76 насалдаг, жин нь дунджаар 59 кг, таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Дунджаар 24 насандаа гэрлэж, хоёроос гурван хүүхэд төрүүлдэг. Эмэгтэйчүүдийн 580 мянга нь ажилтай. Дунджаар 800 мянган төгрөгийн орлоготой. 4,9 хувь нь өрх толгойлсон. Эрчүүдийг бодвол сонгуульд идэвхтэй оролцдог хүмүүс байдаг. Эмэгтэйчүүдийн 54 хувь нь сонгуульд идэвхтэй оролцдог гэнэ шүү.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com