БНСУ-ын MBC телевиз 2013 онд Юань улсын их хатан Ки буюу Өлзийхутаг хэмээх монгол нэртэй хатны тухай 51 ангитай цуврал кино бүтээсэн нь саяхан TV-5 телевизээр монгол үзэгчдийн хүртээл болсон. Тус киноны гол дүр Өлзийхутаг хатанд жүжигчин Ха Жи-вонь тогложээ. Уг киноны тухай сайшаал, шүүмжлэл явдаг ч Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр болон түүний хайртай Ки хатны үнэн түүхийг сонирхох сэдлийг төрүүлснээрээ ач холбогдолтой. Ки хатан Солонгосыг Юань гүрэнд нэгтгэх бодолтой байсан, ах нар нь шунал нь дэндсэн, авлигыг цэцэглүүлсэн овлигогүй хүмүүс байсан учраас эх орондоо нэр муутай байсан гэгддэг. Харин “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” хэмээн орчуулагдсан уг кинонд Ки хатныг ухаалаг, зоригтой, дайчин бүсгүйн дүрээр үзүүлэхийг зорьжээ. Хэдийгээр бодит түүхээс сэдэвлэн гол баатрын түүхийг зохиомлоор бүтээсэн хэмээн киноны эхэнд тодотгодог ч түүхэн цаг үеийг ойлгоход дөхөмтэй уран бүтээл болжээ.
Кинонд Ки бүсгүй зэвсгийн эрдэмд төгс нэгэн агаад Юань гүрний хаан ширээ залгамжлагчийг аварч байгаагаар дүрслэгддэг. Тогоонтөмөр хаан багадаа Солонгост цөлөгдөж байсан нь үнэн ч Ки бүсгүйгээр авруулсан романтик түүх өрнөх нөхцөл үүсээгүй бололтой.
Ки охины эцэг XIV зууны эхэн үед Солонгосын хойгийн тэхий дунд орших Хэнжү хэмээх багашаархан хотод амьдарч байсныг Юань гүрний түүх судлаач Ч.Содбилэг “Сэнтий түшсэн хатад” номдоо өгүүлсэн буй. Хэдэн үеэрээ төрд зүтгэсэн дунд зиндааны цэргийн түшмэлийн үр сад ч төдийлөн амжилтад хүрээгүй Ки Жа-о дөрвөн хүү, ганц охинтой. Хэнз охин нь түшмэлийн гэр бүлээс гаралтай тул түгээмэл хэдэн ханз үсэг заалгаж, бага сага бичиж сурсан гэдэг. Тухайн үед Солонгос орон Монголын Юань гүрний хараат улс болоод хагас зуун жил өнгөрч байв. Эзэнт гүрний соёлын нөлөө Солонгост нэвт шингэж, Солонгосын ван заавал Монгол гүнжийг хатнаа болгож байж хүлээн зөвшөөрөгддөг. Язгууртнууд нь монголчуудыг дуурайн хувцаслаж, доод шатны түшмэдүүд хүртэл Баян, Баатар, Буха, Төмөр гэх мэт монгол нэр авч байжээ. Монгол хэлтэй бол давуу тал болж байсан гэдэг. Хубилай Цэцэн хаан 1260-аад онд Солонгосыг бүрэн эрхшээж, хараат орон болгосон үеэс Их хааны ордонд тайган, шивэгчин болох хөвгүүд охидыг нэхэж, энэ нь заавал гүйцэтгэх алба болж хувирчээ. Солонгос хөвгүүд тайган, охид нь шивэгчин болж Юань гүрэнд хүргэгдэн очиж буй гашуун түүхийг уг кинонд харуулсан. Ки охин ч энэ замыг туулжээ.
Ки охины аав 63-тай өөд болоход эх, охин хоёр амьдрахад хэцүү болов. Сагсуу ах нар нь нэмэр болохоосоо нэрмээс болж байжээ. Пак овгийн жаал хүү Ки охинд тусалж, ээнэгшин дассан агаад хожим Ки хатны үнэнч тайган болж хувь заяагаар холбогдсон гэнэ. Юань Улсын сударт Пак Бухагийн шастирт түүнийг Ки охинтой нэг тосгонд өссөнийг нь дурдсан байдаг. Ки хатан болсны дараа их хааны ордонд солонгос гаралтай тайган, шивэгчдийн эрх мэдэл өндөр болсныг кинонд ч харуулсан.
Хэнжү хотод зундаа ган гачиг нүүрлэж, өлсгөлөнд нэрвэгдэж ахуйд намар нь Юань гүрний их хатан Будаширын шадар тайган Түмэндарь гэгч Солонгост иржээ. Тэрбээр 13-16 насны солонгос охидыг сонгож, эзэн хааны ордонд шивэгчин болгох зорилготой байв.Үс гэзэг царай төрх, хөмсөг уруул, шүд ам бие галбирыг шинжиж, онгон эсэхийг шалгасаар 100 орчим охидыг сонгосон агаад тэдний нэг нь Ки охин байж. Сонгогдсон охидыг таван зэрэглэлд ангилдаг. “Их хаанд 20 буюу 21 каратын зэрэглэлд тэнцсэн гоо охид үйлчилдэг” тул Ки охин дээд зэрэглэлд сонгогдсон бололтой. Ки охин шивэгчний албанд дөнгөж зүгширч ахуйд Тугтөмөр хаан тэнгэрт хальжээ. Заяат хааны бэлэвсэн хатан, гуч ч хүрээгүй Будашир нүүдэлчдийн уламжлалаар шинэ эзэн хааныг өргөмжлөх хүртэл төрийн хэргийг түр хамаарч байсан нь уг кинонд хатан ээжийн дүрээр гардаг. Будашир өөрийн хүүгээ хаан ширээний төлөөх зөрчил тэмцэлд үрэгдэхээс болгоомжилж нөхрийнхөө гэрээсийг даган, түүний ах Хүслэн хааны хоёр хүүгийн нэгийг хаан болгохоор шийджээ. Хүслэн хааны отгон хүү Ринчинбалыг хаан ширээнд өргөмжилсөн ч эцэг нь хорлогдож, эх нь цаазлагдаж, ганц ах нь цөлөгдсан зургаан настай хүүг харж хандах хүн хөхүүл эхээс нь өөр байсангүй. Хүү хаан болоод ердөө 56 хоногийн дараа тэнгэрт хальжээ. Ингээд түүний ах харьд цөлөгдсөн Тогоонтөмөрийг хаан болгохоор авчирч буйг кинонд харуулдаг. Будашир бол Тогоонтөмөр хааны ээж бус авга эгч байж. Тухайн үед Юань гүрний төрийн эрх мэдлийг тэргүүн сайд Элтөмөр гэгч атгаж байжээ. Харин кинонд Ёнчол гэж хамаг амьтны хараал идсэн сайд гардаг даа. Тэр нь мөнөөх Элтөмөр бололтой. Ийнхүү Хятадын Гуанши мужид цөллөгт байсан 13 настай Тогоонтөмөр хаан ширээнд суух заяатай байжээ.
Будашир хатны шадар тайган Түмэндарь гэгч нь Ки охиныг Тогоонтөмөр хааны цай, ус зөөх албанд хуваарилжээ. Тэр солонгос тайган байв. Кинонд Ёнчолын охин Тогоонтөмөрийн их хатан болдог. Бодит амьдрал дээр ч Элтөмөрийн охин Данаширыг хатан сууринд зална. Данашир ааштай бөгөөд хартай нэгэн байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Энэ хатан кинонд ч бас сөргөөр дүрслэгдэн үлдсэн. Данаширын ааш аягаас залхсан залуу хаан танхил ялдам солонгос шивэгчин охинд татагджээ. Хамаг эрхийг гартаа авсан Ёнчолыг үхсэн хойно дараагийн нөлөө бүхий сайд тодордогтой адил бодит амьдрал дээр ч сул дорой хааны өмнөөс төрийн хамаг эрхийг гартаа атгасан эрх мэдэлтэй Баян гэгч сайд болжээ. Хааны тааллыг хүртэж чадаагүй Данашир хатан эсэргүүний хэргээр хороогдоно. Түүнийг их хатны суудлаас буулгасны дараа Ки бүсгүй нар үзэх болжээ. Түүнийг Тогоонтөмөр хаан хатнаа болгохыг хүссэн ч эрх мэдлийг атгаж байсан Баян сайд зөвшөөрөөгүй бололтой. 1337 онд Хонгирад аймгийг захирч байсан Болдтөмөр ноёны охин Баянхутаг болон мөн аймгаас сонгогдсон Мунашир бүсгүйг их, бага хатан болгожээ. Кинонд ч мөн их хатан Баянхутаг гэж бүсгүй гардаг даа. Гэхдээ Баянхутаг кинонд дүрслэгддэг шигээ сөрөг дүр байгаагүй бололтой.
Баянхутагийн угсаа гарал, нас, зан авир их хатан болоход яг тохирч байжээ. Тэрбээр Будашир хатны үеэл дүүгийн охин аж. Баянхутаг язгууртны танхил охидоос өөр, “Даруу хичээнгүй, үг цөөтэй, арвич хямгач, бусдад жөтөөрхөх сэтгэлгүй” нэгэн байсан тухай Юань улсын шастирт өгүүлсэн байна.
Харин Тогоонтөмөр хаан шинэ хатдаа үл тоомсорлож, Ки бүсгүйг дуудан хамт хоноглож байсан ч Баянхутаг хатан гомдол цөхрөлөө ил гаргаж байгаагүй гэнэ. Эрх мэдлийн төлөөх тэмцлийн үр дүнд тэргүүн сайд Баян үхсэний дараа Будашир хатны төрсөн хүү, хаан болох бүрэн эрхтэй балчир Элтөгсийг Тогоонтөмөр цөллөгт илгээв. Цөлөгдсөн газраа очих замд нь хороосон ажээ. Будашир хатанд ч мөн үхэл “шагнажээ”. Ийнхүү солонгос эмэгтэйг хатан болгохыг эсэргүүцсэн хүмүүс эрх мэдлийн төлөөх монголчуудын зөрчил тэмцлийн дүнд зайлуулагдсаны дараа Ки бүсгүйн од гийжээ. 1340 онд Ки бүсгүй их хааны хоёр дахь хатнаар өргөмжлөгджээ. Түүний орд өргөө их хатан Баянхутагийн харшаас ур хийц, нэр хүндээр илт давуу байсан гэдэг. Зарц шивэгчин байсан үеийг нь санагдуулах Ки нэрийг нь сольж, Өлзийхутаг хэмээх монгол нэр хайрлажээ. Хатныг даган Солонгос дахь гэр бүл нь өндөрлөгт гарчээ. Ах нар нь сагсуу, холын бодолгүй хүмүүс байсан ч дүүгийнхээ буянаар Солонгосын төрийн гол чухал албанд томилогджээ. Ки хатны эх И эмгэнд өгөөмөр хишиг хүртээж, “Бадрангуй амгалан вангийн их үжин” цол өргөмжилжээ. Солонгосын ван Ки хатны эхэд зориулж, шинэ орд өргөө бариулж,өргөөнд нь олонтоо зочилж байжээ. Юань гүрнээс ирсэн элч нар Солонгосын вангаас илүү И эмгэнийг хүндэлдэг байж. Найр хуримын үеэр эхлээд И эмгэнд, дараа нь Солонгосын ванд хундага өргөж байжээ. Хатны ах нар хүчирхийлэл үйлдэж, чинээлэг иргэдийг дээрэмдэж байсан гэнэ. Ки хатанд жил бүр татвар хураах эрхтэй, эзэмшил нутаг олгож, “Хөрөнгө засах хүрээлэн” нэртэй тусгай захиргаа байгуулж өгчээ.
Ки хатан Аюуширдар хүү төрүүлсэн. Нялх Аюуширдарийг ордноос гаргаж, тэргүүн сайд Тогтохын өргөөнд өсгөжээ. Хүү зургаан нас хүрч байж хааны ордонд иржээ. Аюуширдар Ки хатны хүү боловч тухайн үеийн заншлаар их хатныг ханхүүгийн эх гэж тооцдог байжээ. Тогоонтөмөр хааны их хатан Баянхутаг ханхүүгийн эх болж, хоёр эх нь зөрчилдөж байсан ч Аюуширдар Баянхутаг хатныг төрсөн эх шигээ дотночилж ханддаг байсан гэнэ. Хожим Баянхутаг хатныг өөд болоход Аюуширдар эмгэнэн гашуудаж цурхиран уйлж байжээ.
Аюуширдар цэцэн сэргэлэн ой ухаан гаргууд байсан учир сайн суралцаж байв. Ки хатан хүүдээ монгол хүмүүжил олгохыг хүсээгүй бололтой. Тэрбээр тогтсон ёсыг зөрчиж, хүүдээ зориуд солонгос хатан сонгожээ. Ийнхүү хааны ордонд үндэстний зөрчил хурцадсан байна. Монгол ноёд Ки хатныг муу ёрынх гэж адлан, хатны суудлаас нь буулгахыг хаанаас олонтоо гуйна. Гэсэн ч Тогоонтөмөр тэдний айлтгалыг зөвшөөрөөгүйгээр барахгүй хожим Ки хатан өөрийг нь хаан сэнтийгээс буулгах хуйвалдаан зохиож бүтэлгүйтэхэд нь өршөөсөн удаатай. Гэтэл Тогоонтөмөр хааны их хатан Баянхутаг хүү төрүүлж, нялх хүүд Чингим гэдэг нэр хайрлажээ. Их хатнаас төрсөн хүү хунтайж болох давуу эрхтэй ч 1353 онд Тогоонтөмөр хаан 15 нас хүрч байсан Аюуширдарыг хунтайжаар өргөмжилжээ.
1351 онд нийгмийн бүх давхаргын хятадуудыг нэгтгэсэн Улаан алчууртны бослого хүчээ авч, өмнөд умард Хятадыг хамарчээ. Хүү нь хунтайжаар өргөмжлөгдсөн Ки хатан төрийн хэрэгт хошуу нэмж, хуруу дүрэх эрхтэй болов. Тэрбээр Юань гүрний төрийн эрхийг атгах бүлэглэл хоорондын сөргөлдөөнд хутгалдан оржээ.
Ки хатан солонгос хүн байсан учраас солонгосчуудын эрх ашгийг хамгаалж байсан гэвэл худал болно гэж түүхч Ч.Содбилэг “Сэнтий түшсэн хатад” номдоо өгүүлсэн. Тэрбээр өөртэй нь тэрсэлдсэн Солонгосын ванд өсөрхөхдөө 10 мянган монгол, хятад цэрэг илгээж, гэмгүй ардуудыг хядаж, эх орноо залхаан цээрлүүлсэн удаатай.
Солонгосын ван хатны эхийн өргөөнд заларч, дайллага хийхэд хатны бүх ах дүүс очжээ. Ван тэднийд хүндлэл үзүүлэхээр бус хүйс тэмтрэхээр очсон байж. Ах дүүс нь Ки хатны эрх мэдэлд дулдуйдаж, ванг түлхэн унагахаар хуйвалдсан учраас ийм хэрэг болсон гэж ойлгогдохоор мэдээллийг олон эх сурвалжид дурдсан байдаг.
Энэ хэргийн дараа Ки хатны уур цухал дүрэлзэж, хүүдээ хандан “Чи эрийн цээнд хүрлээ. Яагаад надад өшөө авч өгөхгүй байна вэ” гэж асууж байжээ.
Ки хатан Солонгост цэрэг илгээх асуудлыг Юань гүрний эсрэг тэмцдэг хятад тариачдын Улаан алчууртны бослогын аюул заналтай холбон эзэн хаанд тайлбарлажээ. Тэрбээр Солонгосын ванг хороох төлөвлөгөө зохиосон ч Конминь вангийн монгол хатан Будашир гүнж ванг нууц өрөөнд оруулж, өөрөө хаалгыг нь хааж суухад хуйвалдагчид алтан ургийн гүнжийг хороож зүрхлэхгүй, Ки хатны төлөвлөгөө бүтэлгүйтсэн байна.
1350-иад оноос Тогоонтөмөр хаан Ки хатнаас хөндийрч, төрийн хэргээс ч холджээ. Тэрбээр сэтгэлийг нь онцгой татах болсон йог бясалгалд автах болжээ. Тэргүүн сайд Хамагийн танилцуулсан энэтхэг, түвд хоёр лам иог бясалгалын өвөрмөц хэлбэр болох “Кармамудра”-гийн тухай сонирхуулжээ. Ийнхүү хаан зугаа цэнгэл хөлчүүрэлд автах болжээ. Ки хатан ийм байдлыг нь хориглож хүчрээгүй бололтой.
1358 он гэхэд нэг сая хүн амьдардаг Хаанбалгасан хотод өлсгөлөн нүүрлэжээ. Аймшигт халдварт өвчин дэгдэж, 16 жилийн дотор Юань гүрний нутаг дэвсгэрт 25 сая хүн үхжээ. Улаан алчууртны бослого эрчээ авч, өлөн зэлмэн тариачдын бослогыг монголчууд дарж хүчрэхээ байв. Өмнөд Хятад босогчдын мэдэлд орсоноор Юань гүрний сан хөмрөгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг татвар гувчуур бүрмөсөн зогсч, нийслэл хотын хүнсний хангамж тасарчээ. Мин улсын цэрэг Хаанбалгасан хотод тулж ирэхэд Тогоонтөмөр хаан хотыг орхин зугтсан байна. Шөнө дөл болоход Тогоонтөмөр хаан Ки хатан болон 100 гаруй ноёд, жанжин, татвар эмсээ дагуулан хотыг орхин одлоо. Дундад эртний Монгол сурвалжид бичсэнээр Тогоонтөмөр хаан Хаанбалгасан хотыг орхихдоо гэмшлийн шүлэг зохиосон гэдэг.
“Элдэв зүйлийн эрдэнээр бүтсэн эрхт их Дайду минь
Эртний хаадын зуслан Шандын шар тал минь....
Дөчин түмэн Монгол Улсын минь нэр төрийг аван суусан
Дөрвөн хаалгат дөрвөлжин их Дайду хот минь
Шашин номыг дэлгэрүүлэн явтал
Төмөр шат хугарчээ, хайран Дайду хот минь... гэх мэт үгтэй гэмшлийн шүлэг нь түүхэнд үлджээ.
Хааныг дагагчид өлсч, цангахын зовлон амсчээ.
Тогоонтөмөр хаан зугтаж ахуйдаа бодит үнэнтэй нүүр тулж, гайхаш тасарч “Мөхөс би нийслэлээс гарахгүй, хоргодон суусаар нөхцөл байдал иймдээ тулсныг даанч мэдсэнгүй” гэж ахин дахин давтаж явжээ. Ки хатан төрийн хэрэгт нөлөөлж чадахаа байж, түүнийг төр гүрнийг мөхөлд хүргэсэн хэмээн буруутгах болов. 1370 оны тавдугаар сарын 23-нд 51 настай Тогоонтөмөр хаан амьсгал хураажээ. Цусан суулга өвчнөөр өөд болсон гэдэг. Ки хатан хаана хэрхэн амьсгал хураасан нь түүхийн оньсого болж үлджээ...