Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Германд сурагчдын амралт авто замын түгжрэлээс сэргийлж өөр өөр байдаг

Ц.ХАС

Нийслэлийн сургуулийн суралцагчид:

 Нэгдүгээр улиралд аравдугаар сарын 28-наас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал нэг долоо хоног буюу ажлын таван өдөр
 Хоёрдугаар улирал арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр гуравдугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ гурван долоо хоног
 Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног
 Гуравдугаар улирал Гуравдугаар сарын 23-наас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал хоёр долоо хоног

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн суралцагчид:

 Нэгдүгээр улирал аравдугаар сарын 28-наас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал нэг долоо хоног
 Хоёрдугаар улирал арваноёрдугаар сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног
 Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног
 Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-аас дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ гурван долоо хоног

 Энэ бол Боловсрол соёл, спорт, шинжлэх ухааны яамны сайдын гаргасан шийдвэр. Тэгэхээр манай сурагчид энэ улиралд хэдэн хоног амраад дахин хичээллээд дахиад нэг долоо хоног амрах нь. Эндээс үзэхэд ерөнхий боловсролын сурагчдын амралтыг манайд ихэвчлэн баяр ёслол тохиолдуулан, баяраар гэрийнхэнтэйгээ амарч тухлах нь зөв хэмээн тааруулж зохицуулдаг байх нь.
 Гэтэл сурагчдын амралтыг хүйтний улиралд тааруулах нь зүйтэй, зун цагт хүүхэд амарч аялж, эцэг эхдээ туслах нь зөв гэдэг нэг хэсэг байхад, хэт хүйтний улиралд өдөр богино байхад хүүхэд амраад урин дулаан улиралд хичээллэх нь зөв, зарим оронд ингэж хичээллэдэг гэх хүмүүс бий.
 Юутай ч манай эрх баригчид баяр ёслол, эцэг эхчүүдийн саналыг харгалзан сурагчдын амралтыг уламжлал ёсоор зөвлөлтийн үеийн жишгийг даган хичээлийн дөрвөн улиралтай байхаар зохицуулсаар байна. Харин дэлхийн улс орнууд сурагчдын амралтыг хэдийд хэдэн хоногоор яаж зохицуулдаг юм бол.
Өнөөгийн Орос ч бидэнтэй адил дөрвөн улирлаар хичээллэж жилд дөрвөн удаа амардаг хэвээрээ. Эхнийх нь Талархлын өдрийн үеэр буюу арваннэгдүгээр сарын сүүлчээр, хоёр дахь нь шинэ жилээр, хаврын амралт нь Улаан өндөгний баяраар таарч, зургадугаар сарын дундаас зуны амралт эхэлдэг хэвээрээ. Орост ч, манайд ч бага дунд, ахлах ангиудын зуны амралт өөр өөр хугацаанаас, өөрөөр хэлбэл сургалтын жилийн хичээлийн долоо хоногийн тооноос хамаарч өөр өөр.
 Америкт мөн л баяр ёслолоо тэмдэглэдэг эс тэмдэглэдгээс шалтгаалаад сургуулиуд нь өөр өөрийнхөөрөө амардаг байна. Тухайлбал Колумбын өдөр, Мартин Лютер Кингийн өдрийг ихэнх хувийн компаниуд тэмдэглэдэггүй, харин төрийн байгууллагууд бүгд хаалттай байх жишээтэй. Тэгэхээр эцэг эх нь ажилдаа явж байхад хүүхэд гэртээ байх үе бий. Энэ үед багш нар эцэг эхчүүдийг хүлээн авч сурагчдын сурлага, хүмүүжлийн талаар ярилцдаг уламжлал бий. Албан байгууллагууд ч эцэг эхэд ийм цаг гаргаж өгнө.

Израиль: Албан өрөөн дэх сурагчид
Израилийн сурагчид зун долоо, наймдугаар сард хоёр долоо хоног амардаг бол ахлах ангийн сурагчид нэг долоо хоног илүү амардаг байна. Хичлээлийн жилийн дундуур бол өвөл, хавар хоёрт тус бүр нэг долоо хоног амарна. Энэ улсад шашны баяр олон учраас хүүхдүүд бас хичээллэхгүй. Эхний улирал гэхэд л эцэс төгсгөлгүй амарна. Энэ бүхнээс үүдээд эцэг эхчүүд сурагчид дэндүү их амарч байна гэж гомдоллоно, аргагүй л дээ амарч байгаа хүүхдээ ажилдаа авч явахад хүрдэг учраас тэр. Израильд очиж үзсэн бол албан байгууллагын албан байранд хүүхдүүд тоглож, тэнд захирлынхаас авхуулаад харуулын хүүхдүүд хүртэл байж байдаг. Гэхдээ бас сургуулийн амралтын үеэр зуслангууд ажиллана.

Финлянд: Шинэ жил баяр биш
Финляндын хамгийн гол баяр бол зул сар учраас сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 8 хүртэл амарна. Харин шинэ жилийн үүнийг баяр гэж үзэхгүй, насанд хүрэгчид ганцхан өдөр амраад ажилдаа орно. Финийн сургуулиуд өвөл хоёрдугаар сарын сүүлээр л ганц долоо хоног амарна. Гуравдугаар сарын сүүлчээр мөн л улаан өндөгний баяраар хэдэн өдөр амарна. Аравдугаар сард бас нэг долоо хоног, ингээд зуны амралт зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын дунд хүртэл. Шведийн сурагчид яг Финляндтай адил амарна.

Франц: Бүс нутгаар өөр өөр
Францад нийтлэг амралт Зул сар, Улаан өндөгний баяраас гадна бүс нутгууд өөр өөр хугацаанд сурагчдыг амраадаг. Хичээлийн жил харин нэлээн хойно долдугаар сарын эхний долоо хоногт дуусна. Нэгдүгээр улирлын амралт нь аравдугаар сарын сүүлчээр хоёр долоо хоног. Яг хэзээ эхлэх нь сургууль бүрийн өөр өөрийн хэрэг боловч аравдугаар сарын 31-нд талийгаачдаа дурсч хүндэтгэх өдөр болж бүх хүн оршуулгын газарт очдог болохоор энэ өдөрт л таарч байх ёстой. Зул сарын амралт арванхоёрдугаар сарын 24-нөөс эхэлж нэгдүгээр сарын 5-нд дуусна, үүнийг улс орон даяараа ижил мөрдөнө. Ингээд тун удаагүй байхад хоёрдугаар сард дахиад хоёр долоо хоног амрах бол Улаан өндөгний баяраар бас амарна. Дээр нь бага ангийн сурагчид бол лхагва гарагт амардаг. Энд нэг мөрддөг дүрэм бол хүүхдийг эцэг эх нь сургуульд хүргэж өгөхийг хориглодог. Хүүхэд эцэг эхийн хараанаас гарч тэнүүчилж эхэлбэл “Гэр бүл нь хүүхдээ харж хандаж чадахгүй бол үүнийг төр хийнэ” гэдэг зарчим үйлчилнэ.

Турк: Ганцхан амралттай ч баяруудаар амарна
Туркт дунд сургуулийн сурагчид хичээлийн жилийн дундуур ганцхан удаа хоёрдугаар сард хоёр долоо хоног л амарна. Харин зун бол долдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд хүртэл бүтэн гурван сараар амарна. Гэхдээ сургуулиуд шашны Курбан-байрам, Рамадан-байрам баяруудаар нийтийн адил хоёр долоо хоног амардаг.
Бас туркт төрийн таван баяраар бүх нийтээр амардаг учраас сурагчид бас амарна. Гэхдээ энэ баярууд нь ихэвчлэн зун тохиодог болохоор хичээлд садаа болохгүй. Яах вэ байрам баяр жил бүр 11 хоногоор урагшилдаг, одоо зун таарч байгаа. Хэдэн жилийн дараа хичээлийн дундуур таарах л байх. Эцэг эхчүүд энэ тогтолцоог бас л хүүхдийн хичээлийн жил дундуур хэт ядрааж байна, амралтыг нь зөв зохицуулах хэрэгтэй гэсэн санал тавьдаг.

Бельги: Ажил хаяхад ч сургуулиуд амарна
Белгийн хичээлийн жил наймдугаар сарын сүүлийн долоо хоногт эхэлж, зуны амралт долдугаар сарын 1-нээс эхэлнэ.
Хичээлийн жилийн дундуурх амралт нь манайхтай төстэй, намрынх арваннэгдүгээр сарын нэгнээс, зул сарынх нь арванхоёрдугаар сарын 24-нөөс гурван долоо хоног, өвлийн амралт хоёрдугаар сард долоо хоног, хаврынх нь улаан өндөгний баяраар хоёр долоо хоног амарна. Аль ч амралтын өмнөх өдөр сургуулиуд өдрийн 12 цаг хүртэл л хичээллэнэ. Энэ улсад баяр тун цөөхөн, гэхдээ багш нарын өдөр гэж байдагт зөвхөн багш нар л сургууль дээрээ ирж ажиллана. Харин багш нарын бага хурал, ажил хаялтын үеэр сурагчид амарна. Сурагчдад чөлөө өгөх нь тун ховор. Нэг сурагч эмээгээ оршуулахад оролцохоор АНУ ниссэн ч энэ бол сургуулийн хувьд хүндэтгэх шалтгаан биш гэж үздэг.

Шотланд (Их Британи): Бүх амралт хоёр долоо хоног
Шотландын сургуулиуд хичээлийн жилийн туршид намар, өвөл хавар тус бүр хоёр долоо хоногоор амарна. Зуны амралт ерөнхийдөө зургаан долоо хоног байх ч бүс нутгаар өөр өөр. Харин хичээлийн жил наймдугаар сарын дундаас эхэлж долдугаар сарын эхээр дуусна. Яг хэдний өдрийг тухайн бүс нутгийн эрх баригчид тогтооно.
Эцэг эхчүүдийн хувьд сурагчдын амралтын талаар янз янз, Зарим нь зуны амралтын зургаан долоо хоног бага байна гэж байхад ажил эрхэлдэг эцэг эхчүүд болохоор хүүхдүүд хэт их амарч байна, энэ бүхэнд тэднийг энд тэнд зуслан, аялалд явуулах гэж их мөнгө зарж байна гэх нь бий. Үнэхээр ч яг зун болоод ирэхээр зуслан, буудлын үнэ өсдөг. Хүүхдийг хичээл дуусаагүй байхад сургуулиас авах албан ёсоор хориотой. Хоёр жилийн өмнө нэг хүүхэд амралт эхлэхээс долоо хоногийн өмнө амралтад явсны төлөө торгуулж байсан тохиолдол бий. Эцэг эх нь үүний төлөө гомдол гаргасан ч маргаанд ялагдсан гэдэг.

Герман: Авто замын түгжрэлээс сэргийлж амралт өөр өөр
 Германд янз бүрийн бүс нутагт сурагчдын амралт өөр өөр. Энэ нь авто замын түгжрэлд германчууд ихэнх цагаа үрдэгтэй холбоотойгоор зөрүүлж байгаа нь тэр. Ямар сургууль байхаас үл хамааран сурагчид, өсвөр насныхан жилд 75 хоног амрах ёстой. Үүнд зохицуулаад л орон нутгийн боловсролын байгууллага, сургуулийн захиргаа амралтаа товлоно. Зуны амралт долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 10 хүртэл. Гэхдээ мөн л яг өдрийг нь тухайн бүс нутаг тогтооно.
 Германд бүх нийтийн баяр Зул сар, Улаан өндөгний баяраар л амарна. Хичээлийн жил, амратын энэ тогтолцоо тохиромжгүй байна, хүүхэд эцэг эх, өөр газар амьдарч байгаа найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгөө хамт баярлах боломжгүй байна гэж гомдоллодог байна. Хүүхэд хичээлээс чөлөө авах хатуу дүрэмтэй. Хичээлийн улирал, жилийн эцсийн хичээлийн өдөр нисэх буудалд цагдаагийнхан ажиллана. Энэ өдөр хүүхэд хичээлдээ заавал сууж байх ёстой.
Хүүхдэд зөвхөн хурим, оршуулгын үеэр л захирлын зөвшөөрлөөр чөлөө олгоно.
 Энэ бүхнээс үзэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг зохион байгуулж байгаа арга хэлбэр нь дэлхийн улс орнуудад ерөнхийдөө төстэй, хичээлийн жил нь дөрвөн улирал, гурван амралттай, дээр нь баяр ёслолуудаар амардаг жишиг байна. Дээр нь эцэг эхчүүдийн саналыг ерөнхийдөө харгалзан үздэг байна. Зул сарын баяраар бол ихэнх улсууд амарч таарч байхад, хавар Улаан өндөгний баяраар хүүхдийг нь амраахгүй бол христийн шашинтнууд, байрамаар исламын шашинтнууд бослого гаргана л даа. Үүн лүгээ манайд билгийн улирлын цагаан сараар сурагчдыг амраахгүй бол яах бол...Манайд бас хавар мал төллөх үеэр эцэг эхдээ нэмэр болог гэж хөдөөгийн сургуулиудын хаврын амралтыг уртаар олгодог жишиг бас байсан.
 Харин манайх шиг хатуу ширүүн уур амьсгалтай оронд, хүйтэн цагаар өдөр богино болдог оронд өвөл удаан амрааж, хичээлийг нь хойшлуулан зуны амралтыг нь богиносгох хэрэгтэй гэсэн саналыг авч үзэж болох санал мэт. Энэ үеэр ядаж байхад томуу, томуу төст өвчин их дэлгэрдэг. Нөгөө нэг зүйл нь өвөл цагаар хүн бүр ажил төрөлдөө явж, хүүхдээ хүргэх гэж машин унацгаадаг болохоор замын түгжрэл улам ихсэх нь бий.
Гээд үүнийг яг судлаад, шинжлэх ухааны үүднээс, өөрөөр хэлбэл хүүхдийн эрүүл мэнд, хичээлийн үеэр ядарсан ядаргаагаа тайлж чадах эсэх гэсэн талаас нь тогтоочихсон зүйл хараахан байхгүй. Тэгээд ч нэг хэсэг нь үүнийг зөвшөөрдөг юм гэхэд нөгөө нэг хэсэг нь “гэр бүлээрээ амарч аялах гэж байхад хүүхэд хориод байна” хэмээн загнана л даа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com