Б.Мөнхбайгаль
Энэ сарын 14-17-ны өдрүүдэд түүхий нүүрс хэрэглэж буй 100 квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүрийн хэвийн ажиллагаа, нүүрсний зарцуулалт, нөөц болон түүхий нүүрсний хэрэглээнд хяналт, шалгалт явууллаа. Тус шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гарсан ажлын хэсэг зохион байгуулсан юм. Хяналт шалгалтыг хийхдээ НМХГ-ын 4000 гаруй байцаагч нар ажиллажээ.
Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй 404
уурын зуухыг нэг бүрчлэн шалгажээ
Нийслэлийн хэмжээнд нийт 2209 нам даралтын зуух ажиллаж байгаагаас 197 нь түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй, 100 квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнууд байдаг.
Үзлэг шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн нутагт дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, хангах түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй 53, тусгай зөвшөөрөлгүй 140 аж ахуй нэгж болон сайжруулсан түлш, бусад эх үүсвэрээс халаалтаа шийдвэрлэж байгаа, үйл ажиллагаа нь зогссон 65 иргэн, аж ахуй нэгж байгууллага хамрагдсан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Түүхий нүүрс түлж байна гэсэн гомдол их ирдэг байсан. Үүний гол шалтгаан нь аж ахуй нэгжүүд түүхийн нүүрс түлж байна. Улмаар уурын зуухуудаар шалгалт хийсэн. Энэ удаагийн шалгалт бүх уурын зуухыг хамруулснаараа онцлог. Шалгалтаар ууран зуухан дээр шүүлтүүр байвч үүнийгээ ашиглахгүй, ашигласан ч эвдэрхий болохоор ажиллуулхаа зогсоосон мөн түүхий нүүрсээ ил задгай газар хадгалж агаар орчны бохирдуулсан гэх зөрчлүүд илэрсэн. Зөрчлийн арван хувийг шүүлтүүр тавиагүй аж ахуй нэгжүүд эзэлж байна. Иймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг үүсгэн ажилласан. Түүхийн нүүрс зөвшөөрөлгүй түлж байгаа болон янданд шүүлтүүр тавиагүй эдгээр аж ахуй нэгжийг нэг сая 500 мянга, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгож байгаа" гэв.
Тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд түүхий нүүрсийг иргэдэд худалдаалах, зөвшөөрөлгүй уурын зуухнуудад хүргүүлэх зөрчил илэрсэн. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч байгаа юм.
Мөн түүхий нүүрсийг хураан авч зах зээлийн үнээр нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй байгуулагуудад худалдаж байгаа юм байна.
Нийт 404 уурын зуухыг шалгахад утаа шүүлтүүр тавиагүй ес, шүүгч нь эвдэрсэн 17, нүүрс ил задгай хадгалсан 18, гадна талбайдаа камергүй найман зөрчил илэрсэн. Мөн улирлын чанартай болон мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон 31 байгууллага байна. Түүнчлэн байгууллагууд цахилгааны мөнгөө хэмнээд утааны шүүлтүүрээ ажиллуулахгүй байх тохиолдол гарч байгаа аж.
12 цооногоос найм нь ажиллаж байгаа учраас өрхөд
долоо хоногт зургаан шуудай олгож байна
Түүхий нүүрсийг халаалтын зууханд хэрэглэх 140 иргэн, хуулийн этгээд есөн нөхцөл, шаардлагыг биелүүлэн хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, тээвэрлэгч хуулийн этгээдтэй гурвалсан гэрээ байгуулж тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэж байна.
Түүнчлэн тэрбээр “Дөрвөн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 3000 тонн шахмал түлш гаргана. Ингэвэл иргэд хуучин хэмжээгээрээ түлшээ нөөцлөх боломжтой. Одоогоор 2209 хэрэглэгч сайжруулсан түлш хэрэглэж байна. Үйлдвэрийн 12 цооногоос найм нь ажиллаж байгаа учраас өрхөд долоо хоногт зургаан шуудай олгож байгаа юм. Энэ сарын сүүл болон ирэх сарын эхээр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа явах учраас заавал зургаан шуудай гэхгүй. Шахмал түлшний нөөц нэмэгдэнэ” гэсэн.
Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуй нэгжийн нөөцөлсөн нийт 345 тонн түүхий нүүрс байгааг битүүмжилсэн. Улмаар зөвшөөрөлтэй шүүлтүүртэй зууханд шатаалгах, түүхий нүүрсийг шахмал түлшээр солих ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хэрэв түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй бол зайлшгүй шүүлтүүр ажиллуулах, ил задгай хадгалахгүй байх ёстой гэдэгт хатуу байр суурьтай байгаа. Удахгүй 16-100 квт хүртэл хүчин чадалтай зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох захирамж гарна. Ирэх жил түүхий нүүрсний хэрэглээг багасгах, хязгаарлах бодлого баримтална. Түүнчлэн зуухнаасаа татгалзаж төвийн дулаанд холбогдох хий цахилгаанаар халаалтаа шийдэх айл өрх, байгууллагуудыг дэмжинэ гэдгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлж байлаа. Түүхий нүүрс, шахмал түлш хэрэглэхээс татгалзаж төвлөрсөн дулаан, цахилгаан хийн хангамжаар халаалтаа шийдсэн 20 аж ахуй нэгж байв. Үүнээс 17 нь түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш хэрэглэж буй юм. Мөн 17 цэцэрлэгийг цахилгаан халаалтад, дөрвөн сургууль цэцэрлэгийг хийн халаагуурт шилжүүлсэн.
Мөн 248 хэрэглэгчийг цахилгаан хэрэглүүрт шилжүүлж, 290 халаалтын зуухны 230 зууханд шүүлтүүр тавьжээ.
Тиймээс удахгүй шахмал түлшний нөөц нэмэгдэж эхлэх сурагтай байна. Шахмал түлшний хомсдолтой байгаа энэ үед аргагүй эрхэнд нүүрс түлж Зөрчлийн хуулиар торгуулах шаардлагагүй болох нь. Харин утааны шүүлтүүр ажилуулахад асуудал гарах бололтой. Учир нь тог цахилгааны мөнгөө дийлэхгүй байгууллагууд байсаар байна.