Хувцаслалт бол хувь хүний дотоод ертөнцийн гадаад илэрхийлэл гэдэг. Хүний дотоод ертөнц тус бүртээ солонгын долоогоос олон өнгөтэй. Харин түүнийгээ гадагшаа илэрхийлэхийг хүсдэг, хүсдэггүйгээрээ л ялгаатай.
Хурган, торгон, дан дээл, давхар хүрмээрээ жилийн дөрвөн улиралд ээлжлэн гоёчихдог байсан монголчуудад “шаазгай шиг” сонин хувцас “гонжоом пиджак” буюу ажил хэрэгч хослол нэвтрээд нэгэн зууныг ч элээгээгүй байна. Европын суурин соёлын хувцасны хэв маяг, дэг жаяг одоо хэдийнээ биднийх болсон. Даяарлагчдсан дэлхийн бүх соёл биднийх. Гэхдээ Монголынх бүхэн бүр манайх.
Хувцас бүхэн зорилт, зориулалт, өмсөх дэг жаягтай. Ажил хэргийн, албан ёсны, хүндэтгэлийн, баяр ёслолын, үдэшлэг цэнгүүний, спортын, өдөр тутмын, чөлөөт гэх мэт. Тэдгээрийг хэрхэн өмсөх нь зохицол гэхээсээ илүү зарим нэгт нь дэг жаяг буюу дресс код шаардагддаг. Албан ёсны, ажил хэрэгч хувцаслалтын кодыг дагаж мөрдөхийг дэлхийн хаад, хатад, алдартай бизнесмэн, захирлууд тэр дундаа төр засгийн тэргүүнүүд, улс төрчдөөс албан тушаал, ажил мэргэжил нь зайлшгүй шаарддаг.
Дэлхийн гүнж хэмээн нэрийддэг Уэльсийн гүнж Диана Английн хатан хааны ордны дэг жаягийг өөрийнхөө хэв маягт тааруулж “эвдсэн” хэмээн ордныхны дургүйцлийг хүргэж байжээ. Гэвч тэр ордны хатуу дэг жаягтай хувцаслалтыг эрхэмсэг хэрнээ энгийн бас эмэгтэйлиг хэв маягт ойртуулснаараа түүхэнд үлдсэн юм. Одоогийн гүнж Кейт Миддлтон Диана гүнжийг дуурайн хувцасладаг гэдгийг хүмүүс мэднэ.
Яагаад албан ёсны хувцаслалтад заавал дэг жаягийг нарийн баримтлах ёстой юм бэ? Тэгвэл тэрхүү хувцсыг өмсөгч нь нийт үндэснийхээ суу алдар, соёл заншил, нэр төрийг төлөөлөн явдаг учраас. Хувь хүний үнэт зүйлс дээрээ, үндэснийхээ үнэт зүйлсийг нэмсний илэрхийлэл нь албан хувцасны дэг жаяг. Энэ ёсонд манай монгол үндэсний загвартай орчин үеийн дээл сайхан зохицдог. Гэхдээ хүн төрөлхтний бүтээсэн төрт ёсны нийгэм журамд хослол зонхилдгийг хүн бүгд мэднэ.
Улстөрчдийн дресс код
Өнөөдрийн манай улстөрчид хэрхэн хувцасладаг вэ? Эрчүүдийн хувьд алдаа гаргах магадлал бага. Учир нь өөрт таарсан хослолыг зангиа, гуталтайгаа эвтэйхэн хослуулчхаад л болно. Албан бус зарим тохиолдолд эрчүүдэд зангиагүй энгэрийн товчоо тайлсан байх нь тэс өөр гэхдээ “хоот” дүр зургийг бүтээдэг. Гэхдээ манай ерөнхийлөгч шиг албан ёсны арга хэмжээн дээр хар хослолын дотуур хар футволк өмсч, хар нүдний шил зүүж, хамаг хөмсгөө атируулчхаад мафийн толгойлогч шиг зогсч байж таарахгүй. Мөн УИХ-ын гишүүн С.Жавхлан шиг ажилдаа морьтой ирж ташуураа гозолзуулан хэлхэгэр дээлтэй хээхэлзэж алхах нь ч хаашаа юм. Монголын парламентч бүсгүйчүүдэд өөрийн имиж, харизма, дресс кодоороо ялгардаг нь бараг үгүй. Хэт тод өнгийн эрээн, мяраан хувцас өмсдөг нь ч нууц биш. Түүнээс гадна төрийн ёсонд хувцаслалтаа дагаад үсний засалт, нүүрний будалт, аксессуар зайлшгүй орно. Мөн зөв зохистой хооллох, биеийн жиндээ анхаарч, спортоор хичээллэж байх нь төрийн өндөр албан тушаалтнуудад тавигддаг бичигдээгүй шаардлага юм. Америкийн зарим байгууллага илүүдэл жинтэй хүнийг томоохон албан тушаалд авахгүй гэснээсээ болж ихээхэн маргаан дагуулж байсан билээ. Хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг юм шиг боловч нийгмээс олон нийтийг манлайлж буй тодорхой албан тушаалтнуудад “Өөрийнхөө биеийг хянан, захирч чаддаггүй хүн, бусдыг удирдаж чадахгүй” гэдэг шахалтыг үзүүлсээр байгаа юм.
Манай улсын хувьд 1990-ээд оноос хойш хүмүүс таргалалтад өртөх нь ихэссэн. Энэ талаарх олон судалгаа, баримтуудаас үүнийг харах боломжтой. Манай улсын ихэнх эрчүүд төрийн ч, хувийн ч ялгаагүй гүзээтэй. Хэрвээ орчин үеийн ажил хэрэгч нийтийн жишгээр үүнийг харвал тун ч “арчаагүй” хүмүүсийн тоонд орно. Ялангуяа цэрэг, цагдаагийн байгууллагынхан гүзээгээ түрсэн имижтэй байх нь ичмээр хэрэг.
Ажил хэрэгч байх албатай
“Хөөрхөн төрөх албагүй” гэдэг кино байдаг. Заавал тэгж дэрийсэн дресс кодоор хувцаслах албатай юм уу гэх хүн байдаг. Тиймээ албатай. Учир нь хорин нэгдүгээр зуун бол тэр чигтээ ажил хэргийн зуун. Дэлхий ертөнц тэр чигээрээ ажил хэргээр буцалж байна. Түүнийг бид хөндлөнгөөс харан хөлөө жийгээд, хөдсөн дээлтэйгээ сууж байж болох уу. Тоглоомонд хожихын тулд оролцох ёстой гэдэг дүрэм байдаг. Түүн шиг ажил хэргийн зуунд ажил хэрэгч байж дэлхийн ертөнцөөс хоцрохгүйн тулд усыг нь уувал ёсыг нь дагахаас аргагүй. Ажил хэргийн ертөнц болон улс төрийн хүрээнийхнийг олон нийт, хэвлэл мэдээллээр дамжуулан ажиглан бас шүүмжилж байдаг. Ажил хэрэгч хувцаслалт, хэв шинж бол зөвхөн ажил хэрэгч хүрээнийхэнд хамаатай зүйл биш. Хүний өөрийнхөө илэрхийлэх хүчирхэг хэв маяг юм. Ажил хэрэгч хувцаслалт хүний цэгцтэй, цэвэрхэн, ёс журамтай, зарчимч, шударга ер нь манлайлагч гэсэн имижийг илэрхийлж байдаг. Хэн ч ажил хэргийн уулзалтдаа эмх цэгцгүй, зохисгүй хувцаслаж ирсэн хүнтэй хамтран ажиллахыг хүсэхгүй. Магадгүй энэ байдлаараа итгэл даах, хариуцлагатай биш хүн гэдгээ шуудхан хэлчхэж байгаа хэрэг. Үүнийг ойлгоход тийм ч хэцүү биш. Та хугарсан, өнгөө алдсан үстэй үсчинд үсээ сайхан болгохыг даалгаж чадах уу. Нүүр нь цэвэр биш, батгатай, буруу будсан гоо сайханчид найдаж иллэг хийлгэх үү. Үүнтэй л ижил.
Гадаад байдалдаа хайш яйш хандахаа олонх монголчууд “хээгүй”, “гүндүүгүй” гэдэг үгээр хаацайлахыг оролддог. Тэгвэл энэ байдал хоцрогдсон. Өөрийгөө хүндэлдэггүй хүн бусдыг хүндэлдэггүй гэсэн дүрэм бол орчин үед ажил хэрэгч ертөнцийнх. Энэ ертөнцийн дүрэм өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Зөвхөн ажил хэрэгч хүмүүс ч биш энтертайнмент салбарынхан өөрсдийгөө дуулж, бүжиглэж, үглэж мөнгө олдог биш ажил хэрэгч, хэлсэндээ хүрдэг, нэр төртэй бизнесменүүд гэдгээ дэлхий дахинд таниулахыг зорьж байна. Үүний тод жишээ нь алдарт хөлбөмбөгч Бейкэмийн гэр бүлийнхэн. Виктория Бэйкэм ихэнх тохиолдолд ажил хэрэгч хувцаслаж өөрийгөө онцгой харагдуулдаг нэгэн.
Дресс код ба дүрэм
Дресс кодын дүрэм дагаж мөрдөхөд амархан. Бусад хэв маягаас нь цөөн тооны элементтэй ч байж магадгүй.
1.Өнгө бас дахин өнгө.
Өнгө энэ дүрмэнд хамгийн чухал нь. Ажил хэрэгч хувцаслалтын үндсэн өнгө бол мэдээж хар. Хар хослол, хар туфль, хар пальто, хар зангиа, хар ботинк, хар цүнх бүр хар шүхэр хүртэл орно. Хар өнгө хаа сайгүй байдаг учраас энэ сонголт харин ч амар байх болно. Мөн бараан талдаа бүх өнгө энэ бүлэгт хамаатай. Мэдээж ажил хэрэгч байх гээд бараантсан хар юм яваад байж болохгүй хослуулах нь чухал. Бүх төрлийн цагаан болон ууссан завсрын өнгө ч үүнд хамаатай. Хэрвээ тод өнгийг сонгох бол түүнийг өөр өнгөтэй хольж болохгүй. Эмэгтэй хүнд цулгуй улаан, улаан шар, хөх, цэнхэр гэх мэт гадуур хувцаснууд сайхан харагддаг. Мэдээж саарал болон хөх өнгө бол күүл. Америк, Франц улсуудын тэргүүн хатагтай нар албан ёсны хувцаслалтын үлгэр жишээг дэлхий дахинд харуулж буй.
2. Чанар.
Ажил хэрэгч хувцаслалтын гол онцлог сайн чанарын даавуутай байх. Энэ нь таныг үнэ цэнтэй харагдуулахын зэрэгцээ гол нь эдэлгээг уртасгадаг. Тиймээс цөөн чанартай хувцастай байх нь олон хямд хувцаснаас хамаагүй дээр гэдгийг хэлье. Сайн чанарын даавуугаар хийгддэг учраас ажил хэрэгч хувцас ихэнхдээ үнэтэй байдаг. Энэ нь эргээд шүүгээгээ эмх цэгцтэй байхад тусална. Ихэнх бүсгүйчүүд өглөө ажилдаа гарахдаа “Юу өмсөх вэ?” гэж шүүгээгээ онгичдог. Харин ажил хэрэгч хувцаслалтад тийм асуудал үгүй. Товч тодорхой яг л эзэн шигээ. Ажил хэрэгч хувцаслалт олон хэсгээс бүтдэггүй. Нэг хослолоо эсвэл нэг даашинзаа шууд өмсөөд гарахад юуг ч нэмж чимэх хэрэг гарахгүй.
3. Аксессуар
Энэ хэсэгт цүнх, алчуур, ороолт, бээлий, ээмэг, зүүлт орно. Гутал болон туфль олон чимэг, тоноглолгүй эрэгтэй нь бараан болон хүрэн, арьсан шаргал эмэгтэй нь бараан болон бэйж өнгөтэй бол зохимжтой. Өсгийний өндөр дунд болон 10-см-ээс ихгүй байдаг. Мөн ажил хэрэгч хувцаслалтад хөлийнхөө хурууг гаргасан сандаль өмсдөггүй. Мөн түрийтэй гутал өмсдөггүй гэдгийг онцолъё. Цүнх нь ороолт, бээлийтэй ижил өнгөтэй байвал тохиромжтой. Гуталтайгаа ижил өнгөтэй цүнх заавал барих албагүй гэхдээ хэт өөр бас байж болохгүй. Цүнх хэт том эсвэл хэт жижиг биш дөрвөлжин хэлбэртэй байдаг. Алчуур болон ороолт нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийнхэнд тун чухал. Мэдээж бүгд чанартай эрээн хэт тод биш үндсэн хувцаснаасаа нэгээс хоёр өнгөөр илүү байх нь зохистой. Бүгд хоорондоо зохицсон, хосолсон лүүк бүрдэлт нь жинхэнэ ажил хэрэгч хүний хэв маягийг илэрхийлнэ. Юу ч дутуу биш бас юу ч илүү биш. Ээмэг, зүүлт том биш нэг өнгийн үнэтэй байх нь зөв. Сувд бүх л ажил хэрэгч хувцаслалтын гол чимэг.
Эцэст нь энэ хэв маяг нь хэлсэн үг, өмссөн хувцсандаа эзэн байхыг шаарддаг өөртөө итгэлтэй, зарчимч шударга хүнийх юм. Үргэлж өөртөө эзэн байх ажил хэрэгч хүнд хамгийн чухал зарчим билээ.