Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмнэлгийг зорилоо. Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан өрх, дүүргийн эмнэлгийн эмч, ажилчид уртасгасан цагаар ажиллаж байгаа эдгээр өдрүүдэд тус эмнэлгийн нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь мэдээлэхийг зорьсон юм. Үдийн 12 цагийн үед тус эмнэлэгт очиход хүлээн авах сувилагч “эцэг эхийн ажлын газар, утасны дугаар хэд билээ” хэмээн хэвтэн эмчлүүлэх хүүхдийг өвчний түүх нээгээд завгүй байв. Түүний цаана байрлах өрөөнд эмч үзлэг хийж байгаа бололтой. Үүдэнд нь нэгэн ээж хүүхдийнхээ гадуур хувцсыг тайлж, үзлэгт бэлдэх зуураа үе үе толгойг нь гараараа дарж халууныг нь үзэх үед 2-3 орчим насны хүү хааяа хүчтэй бугшуулан ханиаж харагдав. Мөн үүдэн хэсэгт хүүхдээ тэврэн суух 4-5 эцэг, эх бүртгүүлсэн дарааллаа хүлээж сууна. Тэдний нэг болох тус дүүргийн наймдугаар хорооны иргэн О.Содгэрэл гурван сартай охиноо үзүүлэхээр ирсэн гэв. Тэрээр хэлэхдээ “Охин нь хоёр хоногийн өмнөөс хар өнгийн шингэнээр бааж эхэлснээр энэхүү ханиадны шинж тэмдэг илэрснийг хэлсэн юм. Улмаар маргааш өглөөнөөс нь ханиалгаж эхэлсэн учраас өрхийн эмнэлэгтээ хандаж эмчийн заавар зөвлөгөө, жорын дагуу шаардлагатай эм болон, асаргаа сувилгааг хүүхдэдээ үзүүлсэн боловч дээрдсэн зүйлгүй, өмнө нь илэрч байсан шинж тэмдгүүд улам нэмэгдсэн учраас өглөө дахин өрхийн эмнэлэгт ханджээ.
Өрхийн эмч хэлэхдээ, хүүхдийн амьсгалын тоо олширч, цээж нь хонхолзох шинж тэмдэг түлхүү ажиглагдаж байгаа учраас хатгалгаа хэмээн оношилж хэвтэх бичиг хийж өгсөн учраас ийнхүү дарааллаа хүлээж суугаа гэнэ. Хоёр хоногийн өмнө өрхийн эмнэлэгт үзүүлэхэд хүүд илрэх зовиур бага, ханиад хүрэх гэж байгаа шинж тэмдэг илэрч байсан. Бага дээр нь үзүүлээд эмчилье гэж бодсон боловч маш богино хугацаанд хүндэрч хатгаа болсон талаар хэлж байна.
Нэг хүүхэд үзэхэд 15-20 минут зарцуулж байна
Мөн өрхийн эмнэлгийн ачаалал их байгааг хэлсэн юм. Учир нь хүнд, хөнгөн бүх төрлийн өвчтэй хүүхэд, томчууд бүгд хамрах хүрээллийн дагуу нэг эмчид үзүүлдэг учраас дараалал их байгааг онцолсон. Зарим нь өндөр настай хүмүүс даралтаа үзүүлэхээс эхлээд хүүхэд, эмэгтэйчүүд гээд бүгд нэг л эмчээс зөвлөгөө, бичиг авахаар хүлээж байгаа нь ачааллыг улам нэмэгдүүлж байна гэв. Тэрээр өглөө эртлэн босч, өрхийн эмнэлэгт үзүүлэхээр 08 цагийн үед очиход өрхийн эмнэлгийн ачаалал мөн л их байсан гэнэ. Дарааллын дагуу хүлээх гэсэн боловч хүүхэд нь нэлээд зовиуртай байсан учраас 0-3 сар хүртэлх нярайд яаралтай тусламж үзүүлнэ гэсэн заалтын дагуу дарааллын урдуур орж үйлчилгээ авсан байна. Гэтэл мөн л дүүргийн эмнэлгийн ачаалал өрхийн эмнэлгийнхээс ялгараад байх зүйлгүй байгааг хэлж байна. Тэрээр ирснээсээ хойш 50 орчим минут хүлээж байгаагаа хэлэв. Өмнө нь 5-6 хүүхэд байсан. Одоо харин нэг хүүхдийн дараа бид хоёр үзүүлэхээр байна. Нэг хүүхдийг үзэхэд 15-20 минут зарцуулж байх шиг байна. хэдийгээр энд ирсэн хүүхэд бүхэн хэвтэх бичигтэй байгаа ч эмч үзээд хэвтэх шаардлагагүй гэж үзсэн зарим хүүхдүүдийг гэрээр эмчилгээ хийхийг зөвлөөд буцааж байна. Харин зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн хүүхдүүдийг хэвтэх тасагтаа авч эмчилгээ хийж байх шиг байна гэв.
Улсын эмнэлгийн ачаалал хаа хаанаа их байна
Энэ үеэр бидний яриаг хажууд сонсч суусан нэгэн аав ярианд оролцов. Манай хүү одоо эмчид үзүүлж байна, хоёр сартай. Бас л гурван хоногийн өмнөөс шаналаад эхэлсэн. Тэгээд бага зэрэг халуураад эхлэх үед нь өрхийн эмнэлэгт хандаж эмчээс зөвлөгөө авч, жорын дагуу эмийг нь уулгасан. Гэртээ аль болох асаргаа сувилгаа сайн хийж агааржуулалт дээр нь анхаарсан боловч урьд шөнөжин уйлаад унтаагүй. Өглөө өрхийн эмнэлэг дээр очиход дараалал их байсан. Ингээд хэвтэх бичиг аваад гэрийнхээ хүнтэй ярилцаад хувийн эмнэлэгт эмчлүүлэх шийдвэр гаргалаа. Яагаад гэвэл улсын эмнэлгийн ачаалал хаа хаанаа дэндүү их байна шүү дээ. Бараг өдрийн талыг нь зөвхөн үзүүлэхийн тулд дугаарлаж суугаад өнгөрүүлж байна. Гэсэн ч хэд хэдэн эмнэлгээс асуухад нярай хүүхдийг хүлээн авахаас татгалздаг юм байна. Доод тал нь зургаан сартай бол хэвтүүлэн эмчилнэ гэж байна. Тэгээд л дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Гэтэл дүүргийн эмнэлгийн ачаалал их байгаа сурагтай. Үндсэн ор нь хүрэлцэхгүй байгаа учраас дэлгэдэг орон дээр хэвтэх боломжтой гэсэн гэв.
Томуу, томуу төст өвчний үед гэр бүлд учрах санхүүгийн дарамт их байдаг
Хүүхэд ханиад хүрч эмнэлгээр явахад гэр бүлийн санхүүгийн байдалд ихээхэн хүндрэл гардаг гэдгийг О.Содгэрэл хэлж байна. Түүний хэлсэн үг үнэн гэдгийг энд суугаа бүх хүн санал нэгтэйгээр дэмжиж толгой дохив. Бидний яриа хоёр хүний биш, багийн ярилцлага болж хувирав. О.Содгэрэл өрхийн эмчийн жорын дагуу охиндоо эм авахад 50 орчим мянган төгрөг болсныг хэлсэн. Гэтэл хажууд суусан эмэгтэй бараг 3-5 хоногийн эмчилгээ бичиж өгсөн жорын дагуу эм авахад л 40-60 мянган төгрөг болдог хэмээн түүний яриаг батлав. Уг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтыг баталсан боловч хүүхдийн эмийн жороор хөнгөлөлт эдлэх эм бараг байдаггүй. Заримдаа ганц хоёрхон антибиотик байдаг ч хөнгөлөлттэй үнээр авах гэхээр дандаа санхүүжилт дуусчихсан гэдэг болохоор хүүхэд ханиад хүрэхээр гэр бүлд учрах санхүүгийн дарамт их байдаг хэмээн тэрээр яриагаа үргэлжлүүлэв. Дээрээс нь ганцхан хүүхэд биш ах, эгч нар нь бас давхар ханиад хүрч, эм авч уулгах тохиолдол их байна гэдгийг хүлээлгийн хэсэгт суугаа эцэг, эхчүүд хэлж байв.
Энэ жил томуу, томуу төст өвчний үед В-гийн төрлийн вирус давамгайлж байна
Ямартай ч хүлээн авах хэсэгт ийм дүр зураг үргэлжилж байна. Жил бүр ханиад томуугийн дэгдэлтийг үүсгэх вирусийн гарал нь өөр өөр байдаг гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлээд буй. Тухайлбал, амьсгалын замын синцитиаль вирусээр өвдсөн хүүхэд халуурахгүй хэрнээ ханиалгах, хоолой нь өвдөх, нусхайрах шинж тэмдэг илэрч, уушгины хатгаа, бөглөрөлт, гуурсан хоолойн багтраа үүсгэж, амьсгалын дутагдалд оруулдаг байна. А дэд хэв шинжийн буюу H3N2 вирусийн хувьд цочмог эхэлж халуурах, толгой өвдөх, ханиалгах, хоолой, үе мөч, булчингаар шархирч өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрдэг байна. Харин Томуугийн “В” дэд шинжийн вирусээр өвдсөн үед халууралт өндөр, хордлогын шинж тэмдэг түлхүү илэрдэг байна. Хурдан хүндэрч уушгины хатгаа болж, удаан хугацаанд цэртэй ханиалгадаг. Харин Бокавирусийн халдварын үед ерөнхий хордлогын шинж тод илэрч, залгиур хоолой улайж, цэртэй ханиалгаж, хатгаа үүсгэдэг. Риновирусийн үед хамар, залгиурын үрэвсэл үүсгэж, хамраас нус гоожих , найтаах зэрэг шинж тэмдэг тод илэрдэг байна. Энэ жил манай улсад томуу, томуу төст өвчний дэгдэлтийн хувьд В-гийн төрлийн вирус давамгайлж байгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, халууралт өндөр, хордлогын шинж тэмдэг түлхүү илэрч, богино хугацаанд хүндэрч уушгины хатгаа болж, удаан хугацаанд цэртэй ханиалгах шинж тэмдэг томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд түлхүү илэрч байгаа гэсэн үг юм.
Томуу, томуу төст өвчнөөр 0-5 насны хүүхдүүд зохилон өвчилж байна
Томуу, томуу төст өвчний дэгдэлт өвлийн улиралд ихэсдэг. Гэхдээ өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад бага байгаа гэдгийг БНД-ийн ЭМТ-ийн хүүхдийн эмнэлгийн дарга Л.Дашиймаа хэлж байна. Тус эмнэлгийн хүлээн авахаар хоногт 150-180 хүүхдийг хүлээн авч үзлэгт хамруулж байгаа гэнэ. Өнгөрсөн шөнө гэхэд 166 хүүхдийг үзлэгт хамруулснаас 69 хүүхэд нь хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн хүүхдүүдийг гэрээр эмчилгээ хийх зөвлөгөө өгч гэрт нь буцаасан. Томуу, томуу төст өвчнөөр 0-5 насны хүүхдүүд зохилон өвчилж байгаа бол тэр дундаа 0-6 сартай хүүхдүүд давамгайлж байгаа аж. Ирж байгаа хүүхдүүд ихэвчлэн өндөр халуурсан, бачуурсан, бөгшүүлж ханиалгасан зовиуртай ирж байгаа аж. Эцэг эхчүүд хүүхдэд ханиад хүрсэн шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлгийн байгууллагуудад хандалгүйгээр өөрсдөө дур мэдэн эмчлэх, эсвэл хувийн эмнэлэгт хандаж антибиотик эмчилгээг хэд хоног хийлгээд тэр нь үр дүнгүй байгаа тохиолдолд улсын эмнэлэгт хандаж байгаа тохиолдол нэлээд ажиглагдаж байна. Зарим эцэг эхчүүдийн хувьд хэдийгээр анхан шатанд нь өрхийн эмнэлэгт хандаж эмчилгээ эхлүүлсэн боловч ханиад нь хүндэрч, хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрэх тохиолдол ч байгаа гэдгийг хэлсэн юм.
Одоогоор нөөц өрөөг ажиллуулах хэмжээнд
нөхцөл байдал хүндрээгүй байгаа гэв
Тус эмнэлэг үндсэн 200 ортой бол томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэн тохиолдолд 80-100 орыг дэлгэж ажиллуулдаг байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг 200 орныхоо багтаамжаар хүүхдүүдийг хүлээн авч эмчилж байгаа гэв. Зарим тохиолдолд нөөц дэлгэдэг орноосоо гаргаж хүүхдийг хүлээн авч байгаа аж. Тухайлбал өнгөрсөн шөнө гурван цагаас хойш ирсэн дөрвөн хүүхдийг асран хамгаалагчийн хамт дэлгээ ор дэвсэн хэвтүүлж, эмчилгээ хийж байгаад, өглөөний үзлэгээр эмнэлгээс гарах хүүхдүүдээ гаргасны дараа үндсэн ор луу шилжүүлэн хэвтүүлсэн байна. Үдийн цайны цаг дайрсан учраас тус эмнэлгийн давхруудаар явж хэвтэн эмчлүүлж байгаа зарим эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонсслоо. Өнөөдөр үдийн хоолонд бантан, гоймонтой хуурга өгч байна. Хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчид дарааллын дагуу хоолоо авч байна. Тэд эмнэлгээс үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээ, хоолны чанар сайн байгаа гэдгийг хэлж байна. Мөн гаднаас эм тариа авхуулах тохиолдол байхгүй байна гэдгийг хэлсэн. Харин хүүхдүүдийн ачаалал их байгаа болохоор шинээр ирсэн хүүхдийн халдварыг авч дахин халуурах тохиолдол байгаа гэдгийг хэлж байна. Энэ талаар тус эмнэлгийн дарга хэлэхдээ “аль болох бид шинээр ирж байгаа болон хуучин хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг тусгаарлахыг зорьж байгаа боловч, зарим тохиолдолд орны хүрэлцээнээс шалтгаалж нэг, хоёр хоног холилдож хэвтэхээс өөр арга байхгүй байна” хэмээн учирласан юм. Одоогоор тус эмнэлэгт коридорит болон газраар хэвтүүлэн эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй байна. Мөн энэ эмнэлгээс гадна ахмадын эмнэлгийн 7,8 дугаар давхарт нь 80 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хүүхдийн тасаг ажиллуулж байгаа гэнэ. Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдвэл 8-10 хүүхэд хүлээн авах хоёр өрөө нөөцөнд байгаа аж. Тиймээс одоогоор нөөц өрөөг ажиллуулах хэмжээнд нөхцөл байдал хүндрээгүй байгаа гэдгийг хэлж байна.
Нэг хүүхэд дунджаар хамгийн багадаа 5-6 хоног хэвтэн эмчлүүлж байна
Тус эмнэлэгт нэг хүүхэд дунджаар хамгийн багадаа 5-6 хоног хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ үед хүүхдийн өвчлөлийн цочмог үе нь дарагдаж, уушгины хатгалгаа нь шимэгдсэн байдаг боловч бага зэргийн ханиах шинж тэмдэг байдаг гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Тухайн хүүхдийг огт ханиалгахгүй болох хэмжээнд эмчлээд гаргах боломж байхгүй гэнэ. Учир нь олон хүүхэд байгаа учраас эргээд шинэ халдвар авах эрсдэл өндөр байдаг байна. Ингээд эмнэлгээс гарсны дараа эмчилгээгээ доод тал нь гурван хоног, дээд тал нь таван хоног үргэлжлүүлэн хийх ёстой гэдгийг эцэг эхчүүдэд сайтар анхааруулж, зөвлөгөө өгдөг. Зарим шаардлагатай тохиолдолд өрхийн эмчийн хяналтын дор гаргаж байгаа гэнэ. Зарим хүүхдийн хувьд амьсгалын дутагдалд орж, хавсарсан эмгэгтэй хүүхдүүдийн хувьд 7-10 хоног эмчлүүлэх тохиолдол байгаа ч ховор тохиолдож байгаа аж.
Аньс, чацарганыг хэрэглэхдээ бусад шингэн зүйлээсээ бага хэмжээнд уулгах ёстой.
Амьсгалын замын вирусийн халдвар гэдэг бол амьсгалын дээд зам хамрын хөндийгөөс эхтэй гэдгийг эмч хэлж байна. Хүүхэд ханиад хүрч эхлэх үед түүний хамраас нус гоожиж, хамрын салст хөөх, үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Энэ үед эцэг эхчүүд хүүхдэдээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй аж. Ингээд цааш хүндрүүлсэн тохиолдолд залгиур хоолой паржигнаж ханиах, хоолой идээлэх, үрэвсэх гэх мэт хүндрэл гардаг байна. Амьсгалын дээд замыг чөлөөтэй байлгах тусам уушгинд очих агаар сайн байдаг учраас хамрын хөндийг сайн цэвэрлэхэд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байна.Үүнд нусыг нь нийлгэх, хамрын хөндийн үрэвсч хуурайшсан саластад тос түрхэх, утлагаар утах гэх мэтээр гэрийн нөхцөлд анхаарч болно гэсэн. Утлага хийхдээ шаардлагатай бол эмчийн заавраар эмийн бодистой утлага хийж болох бөгөөд эмч, эмийн бодисын утлагыг зөвлөөгүй тохиолдолд усны уураар утаж болох аж. Мөн дараагийн ээлжинд хүүхдэдээ өмнө нь өгдөг шингэнээсээ илүү их шингэн уулгах ёстой. Учир нь вирусийн халдвараар өвдсөн хүүхэд өндөр халуурч, хордлого өгдөг учраас шингэний дутагдалд орох эрсдэл өндөр байдаг аж. Шингэн зүйл өгөхдөө чихэрлэг бус аарц, аньс, чацаргана, буцалсан ус зэргийг сонгон хэрэглэх нь зүйтэй хэмээн зөвлөсөн юм. Зарим эцэг эхчүүдийн хувьд аньс, чацарганыг ханиадтай хүүхдэд өгөх нь буруу гэсэн ойлголттой байдаг. Гэтэл байгальд ургасан зэрлэг аньс, нэрсний хувьд витаминаар баялаг байдаг учир ууж хэрэглэх нь зүйтэй гэв. Гэхдээ бусад шингэн зүйлээсээ бага хэмжээнд хэрэглэх ёстой гэдгийг хэлсэн юм. Мөн хүүхдээ хэт бигнэхээс татгалзаж, хувцсыг нь тохируулж өмсгөх, хүүхдийн байгаа өрөө тасалгаанд агаар сэлгэж агааржуулалтыг тогтмол хийх ёстой байна. Мөн эцэг эхчүүд амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвшүүлэх, бага насны хүүхдээ гаднаас орж ирэнгүүтээ үнсэхээс татгалзаж, гараа тогтмол угааж байх, витаминаар баялаг хоол хүнс өгөх, хүүхдийг унтуулж амраах, шаардлагагүй бол хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байхыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.