“Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддоржтой ярилцлаа.
-Сүүлийн хоёр жилийн турш танай компанитай холбоотой олон нийтийн анхаарлыг татаад байгаа нүүрсний хулгай гэх асуудлаар та байр сууриа илэрхийлнэ үү?
-Энэ асуудлыг тайлбарлахаас өмнө “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн түүхийг сөхөх хэрэгтэй болно. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК 53 жилийн түүхтэй, өмнийн говь төдийгүй эх орныхоо хэд хэдэн аймгийн Дулааны цахилгаан станц, олон арван сумд болон айл өрхийн дулааны хэрэгцээг хангах зорилгоор илчээ түгээж байгаа компани. Тавантолгойн нүүрсний орд газар маань нийтдээ 11350 га талбайг хамардаг. Үүнээс Тавантолгой ХК нь ердөө 276,9 га талбайг Ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг. Харин 2010 онд анх байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь үлдсэн хэсгийг буюу 11573 орчим га, түүнээс их талбайг тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байна. Тавантолгой ХК-ийн эзэмшиж байгаа лиценз бүхий талбай нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн лицензийн талбайгаар бүрэн хүрээлэгдэн ордын төв хэсэгт байрладаг.
Тэгэхээр бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж явуулахын тулд тус компанийн хил рүү нэвтэрч орохоос өөр арга байхгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд ч мөн адил манай эзэмшил талбай руу ашиглалтын технологийн хувьд нэвтэрч орох зайлшгүй шаард¬лагатай болдог. Жишээ нь уурхайн хүнд даацын, өндөр хүчин чадал бүхий техник тоног төхөөрөмж ажил¬луулахад тухайн техникт зориулсан ажлын талбай, технологийн зам, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан орон зай зайлшгүй байх шаардлагатай болдог. Нүүрсний лицензийн хил гэдэг маань улсын хил шиг хашаалчихсан биш болохоор яалт ч үгүй ингэж ашиглалтын технологийн хувьд хоёр талбай руугаа хэн хэн нь нэвтэрч орох болдог. Гэхдээ энэ асуудлыг хоёр компани хөрш уурхайн хувьд аль болох харилцан ойлголцож тухай бүрт нь шийдвэрлэж ажиллаж ирсэн. Жишээ нь, манай уурхайн олборлолтын явцад лицензийн хил орчмын нүүрс нээгдэж удаан хугацаагаар нүүрс нь ил байснаас шатах, исэлдэж чанараа алдаж улмаар элэгдэж нурах гэх мэт эрсдэлүүд бий болдог. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд ч мөн адил. Гэхдээ хэдийгээр дээр дурдсанчлан өндөр эрсдэл дагуулдаг асуудал ч лицензийн хил заагт нээгдсэн нүүрсийг хаялтай биш, хоёр талын геологи маркшейдерийн баг хамтарсан хэмжилт тооцоолол хийж баримтжуулан акт үйлдэж ажилладаг. Тэгэхээр энэ бол нүүрсний хулгай огт биш юм. Олборлолтын явцад байнга гардаг асуудлуудын нэг болохоос нууж хаагаад, улсын хилээр хулгайгаар гаргачихсан асуудал огт биш ээ. Ер нь энэ бол зөвхөн Тавантолгойн орд газарт үүсээд байгаа асуудал биш, олон хөрш уурхайн лицензийн хил залгаа дээр үүсдэг бөгөөд үүнийг уул уурхайн нарийн мэргэжлийн хүмүүс сайн мэддэг. Манай компанийн хувьд уурхайн ам нөхцөлөөр бүх татвар орсон үнээр худалдан авагч нартайгаа гэрээ байгуулан нүүрсээ борлуулдаг. Худалдан авагч нар маань нүүрсээ уурхайн аман дээрээс худалдаж авахдаа бүх төлбөр тооцоогоо урьдчилан хийчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл борлогдсон нүүрс. “Тавантолгой транс” ХХК нь манай компаниас нүүрс худалдан авдаг олон компаниудын л нэг бөгөөд бусдын л адилаар манай компанийн хяналтын пүүгээр шалгагдаж нүүрс авдаг. Тэгэхээр “Тавантолгой” ХК-ийн уурхайгаас нүүрс хулгайлна гэдэг асуудал угаасаа байхгүй. Ингээд хяналтын пүүгээр орж хэмжилтээ хийлгэж, лацдуулсан машинууд Цагаан хадны гаалийн хяналтын талбайд буудаг. Эндээсээ дахин ачилт хийж хил, гаалийн хяналтаар орж богины тээврээр урд хил рүү гарна. Тэгэхээр уурхайн амнаас ачсан нүүрс нь шууд худалдан авагчийн өмчлөлд шилжиж бүх эрсдэл, зардал бусад зүйл нь манай компанид огт хамааралгүй болдог. Өөрөөр хэлбэл, уурхайгаас гарсан нүүрс нь тухайн худалдан авагч компанийн мэдлийнх болсон гэсэн үг.
-Тэгээд ямар учир шалтгаанаас нүүрсний хулгай гэх асуудал гарч ирэх болов оо?
-Тавантолгойн нүүрсний орд газар нь бүхэлдээ “Тавантолгой” ХК-ийн эзэмшилд байсныг 1997 онд хэсэгчлэн төрийн мэдэлд буцаан өгсөн байдаг. Улмаар 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдаж манай компанийн уурхайг дөрвөн талаас нь хашсан маягаар лиценз нь олгогдсон. Энэхүү шийдвэр нь уурхайн үйл ажиллагааг дагаж үүсгэсэн дэд бүтцийн байгууламжуудтай бүрэн хэмжээнд давхцуулж олгосон, мөн уурхайн цаашдын хэтийн төлөвлөгөө, хөгжлийг урьдчилан тооцоолоогүй нь өнөөдрийн энэ эрсдэлүүдийг үүсгэх нэг нөхцөл болоод байгаа. Өөрөөр хэлбэл ууган Тавантолгойд хэт бага талбай өгч бусдыг нь төр мэдэлдээ авсан. Үүний тод жишээ нь лицензийн хил орчим дахь маргаантай асуудлууд юм. Хоёр компани 2015 онд лицензийн хил заагаа газар дээр нь баталгаажуулж, Техник, эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Ингэхэд хил заагийг нарийвчилж гаргахаас өмнөх уурхайн ашиглалтын технологийн явцад үүссэн хил орчмын асуудал хөндөгдсөн.
Тухайн асуудал дээр хоёр компаниас геологи маркшейдерийн ажлын хэсэг байгуулан 10 гаруй инженер техникийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Ажлын хэсгийн хүрээнд олон удаагийн хэмжилт, нүүрсний чанар тогтоох дээжлэлт хийсний үндсэн дээр олборлолтын явцад 268 мянган тонн нүүрс хил заагийн хэсэгт өртсөнийг баталгаажуулсан боловч энэхүү нүүрсийг 1997 оноос хойш хэзээ, хэдэн онд хэдий хэмжээтэйгээр өртсөнийг тогтоогоогүй. Энэ нь зөвхөн хоёр уурхайн инженерүүд ч биш нарийн мэргэжлийн шинжээчид ч нөхөн тогтоох боломжгүй асуудал юм билээ. Гэхдээ энэ нүүрс нь тэр чигээрээ сайн чанарын нүүрс байгаагүй 204.8 мянган тонн нь хөө сааж, исэлдсэн нүүрс, 63.5 мянган тонн нь коксжсон нүүрс болохыг дээжлэлтэд хийсэн шинжилгээний үр дүнгээр тогтоосон. Хөрш уурхайнуудын хил заагийн орчмын олборлолт ашиглалттай холбоотой асуудлуудыг түргэн шуурхай, хэн хэндээ хүндрэл чирэгдэлгүйгээр шийдвэрлэн ажиллахын тулд “Хамтран ажиллах” гэрээ байгуулагдсан. Манай хоёр компанийн хувьд ингэж ойлголцож ажиллахаас өөр арга зам байхгүй. Цаашид ч энэ харилцаагаа улам бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Нэг нэгнийхээ үйл ажиллагааны явцад хэзээ хөрс, нүүрс өртөнө, тэр үед заавал хэмжилт хийж акт үйлддэг.
-Та бүхнийг хил заагаа тогтоож, асуудлаа шийдчихсэн байхад энэ асуудлыг УИХ-ын гишүүн Л.Энхболд сөхөж гаргасан гэсэн үг үү. Түүний яриагаар бол 340 мянган тонн нүүрс алдагдсан гэж яриад байгаа?
-Манай компани болон ”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд уул уурхайн салбартаа тэргүүлэх шилдэг инженер, техникийн ажилчид ажилладаг. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын геодези зураг зүйн газраар баталгаажуулсан мэргэжлийн багаж хэрэгслийг ашиглаж хоёр компанийн геологи, маркшейдерийн баг хамтарсан хэмжилт хийж тооцоолон 268 мянган тонн үйлдвэрлэлийн нөөц олборлолтын явцад өртсөн гэдгийг тогтоосон. Л.Энхболд гишүүний яриад байгаа 340 мянган тонн нүүрсний хэмжээг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас дроноор хэмжээд тогтоосон байдаг. Гэхдээ энэ нь үйлдвэрлэлийн нөөц эсэх нь огт тодорхойгүй бөгөөд газар дээр нь нүдээрээ харж хэмжилт хийж тооцоолол гаргасан инженерийн багийн бодит дүнтэй зөрөх нь ойлгомжтой. Угаасаа ашиглалтын явцад технологийн хаягдал бохирдолт зайлшгүй үүсдэг. Үүнийг тооцохгүйгээр үйлдвэрлэлийн нөөцийг тогтоох боломжгүй юм. Энэ тооцооллыг хийхийн тулд тухайн ордын онцлог, нүүрсний үеийн зузаан, уналтын өнцөг, хагарал, ан цав, өгөршил, исэлдэл, олборлолтын технологи гэх мэт гол үзүүлэлтүүдийг нарийвчлан тооцох шаардлагатай байдаг. Улсын хилээр хэчнээн тонн нүүрс гарч байна гэдэг нь хил, гааль, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцах асуудал. Өөрөөр хэлбэл хилээс 260 км зайд алслагдсан манай компанид улсын хилээр хоосон машин гарна уу, ачаатай машин гарна уу гэдэг ямар ч хамааралгүй юм.
Манай компанийн уурхайгаас нүүрс ачигдаад, хяналтын пүүгээр орж лацдагдаад гарсан бол худалдан авагч компанийн мэдэлд очиж байгаа юм. Ингээд борлогдсон нүүрс Гашуунсухайтын замаар тээвэрлэгдэж, Цагаан хадны гаалийн хяналтын талбайд очиж гаалийн мэдэлд ордог. Гаалийн хяналтын талбайгаас ачигдаад цаашаа хилийн болон мэргэжлийн хяналтын газраар хянагдаж хилээр нэвтэрдэг. Монгол Улсын хилээр орж гарах бүх тээврийн хэрэгсэлд дээр дурдсан Тагнуул, Гааль, Хилийн мэргэжлийн хяналт гэх мэт төрийн байгууллагууд нарийн хяналт шалгалт хийж нэвтрүүлэхээс гадна БНХАУ-ын тал давхар хянаж байгааг хүн бүхэн мэднэ шүү дээ. Гэтэл ийм мэдээжийн зүйлийг ямар зорилгоор УИХ-ын гишүүн Л.Энхболд албан тушаалаа ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярьж, манай компанийн нэр хүндэд халдаад байгаад үнэхээр их гайхаж байгаа.
-Өнгөрсөн жил улсын төсөвт нэлээд хохирол учирсан байсан талаар та юу хэлэх вэ?
-УИХ-ын гишүүн Л.Энхболдын хүсэлт мэдэгдлээр өнгөрсөн жил компанийн санхүү, үйл ажиллагаа, олборлолт гээд бүх зүйлд мэргэжлийн байгууллагуудын шалгалт орсон. Үүнээс болж сар гаруй хугацаанд манай компанийн үйл ажиллагааг зогсоосон. Улмаар компани болон улс орны эдийн засагт тодорхой хохирол учирч улсад төвлөрүүлэх байсан 36 тэрбум төгрөг, аймагт очих ногдол ашиг буурсан гэх мэт хохирлоос гадна манай компанийн хувьцааны үнэ энэ хариуцлагагүй мэдэгдэл хийх бүрт унаж 14-15 мянган төгрөгийн ханштай байсан хувьцаа маань өнөөдөр 6-7 мянган төгрөг болж 50 хувиар буурсан. Эх орноо хохироож, эх орончийн дүрд тоглож болохгүй ээ. Үүнээс гадна сар гаруй уурхайн үйл ажиллагаа зогсчихоор тээвэрлэлт болон нүүрсний худалдан авалт хийж байсан компаниуд маань өөр компаниуд руу шилжсэн. Өөрөөр хэлбэл Худалдан авагч нар өөрийнхөө ашиг орлогоо олохын тулд дараагийн боломжит харилцагчтайгаа хамтраад явах нь зах зээлийн хууль юм. Мөн манай компанийн ажилтнууд сэтгэл зүйн дарамтанд орж, ажилдаа хандах хандлага, гаргах үр дүн, ажлын бүтээмжид нь муугаар нөлөөлсөөр байна. Энэхүү худал мэдэгдлээс болж компанийн удирдлага, санхүү, нягтлан бодогч, инженер техникийн ажилтнуудыг маань сүүлийн хоёр жилийн турш хууль хүчний байгууллагаас шалгалаа. Манай компани улстөрийн үйл ажиллагаа эрхэлдэггүй, баялаг бүтээдэг хамт олон шүү дээ. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Л.Энхболд нь батлагдаж нотлогдоогүй зүйлийг УИХ-ын индэр дээрээс удаа дараа хариуцлагагүй мэдэгдэж байгаад компанийн нийт хувьцаа эзэмшигчид маань дургүйцэж байгаа. Тэд “Байнга ашигтай ажилладаг, ногдол ашгаа яг цагтаа шударгаар хуваарилж өгдөг энэ компаниа бид хамгаална аа, бид өөрсдөө тэмцэнэ ээ” хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Мөн компанийн 51 хувийн хувьцааг эзэмшдэг Өмнөговь аймгийн нийт иргэд маань хамгаалах нь гарцаагүй. Шаардлагатай бол тэмцэхэд ч бэлэн гэдгээ илэрхийлсэн ч бидний зүгээс хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэрийг хүндэтгэн хүлээх ёстой гэдгийг хэлж байгаа.
-Энэ нь танай компанийг буруутай юм шиг харагдуулаад байна гэсэн үг үү?
-Хууль хяналтын байгууллагаас шалгагдаж буй асуудалтай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтэд ямар нэгэн мэдээлэл ярьж болохгүй талаарх хууль сануулсан. Манай компани монгол төрөө дээдэлдэг, хуулиа баримталдгийн хувьд хууль хяналтын байгууллагаа хүндэтгэж, хоёр жилийн турш чимээгүй байсан. Гэтэл Л.Энхболд гишүүн удаа дараа 268,000 тонн, 340,000 тонн одоо бүр 938 000 тонн гэх мэтээр үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн ярьсаар байгаа бөгөөд түүний энэ ёс зүйгүй хууль зөрчсөн үйлдлийг хуулийн байгууллагууд ч зогсоохгүй байгаа нь харамсалтай. Төрийн хууль Монгол Улсын иргэн бүрт адилхан үйлчилдэг гэж бодож байна. Компанийн нэр хүндэд халдаж, удаа дараа зохисгүй худал мэдээлэл тарааж байгаа учраас үнэн бодит тайлбарыг ярих цаг нь болсон гэж манай хамт олон үзэж байгаа юм. Өмнөговь аймгаас сонгогдсон Л.Энхболд гишүүн маань улс болон аймаг, сумын төсөвт өндөр татвар, ногдол ашиг төлдөг, орон нутгийн өмчийн оролцоотой ганц компани руугаа ингэж халдаж буй нь компанийн ажилчдын төдийгүй нутаг усныхаа ард иргэдийн дургүйцлийг хүргэж байна.
-Та энэ асуудал болсны дараа Л.Энхболд гишүүнтэй нүүр тулж уулзав уу. Магадгүй, нүүрс хулгайд алдагдсан гэгдээд байгаа мөргөцөг дээрээ урьж, өөрийн биеэр энэ байдалтай танилцахыг хүсч байсан уу?
-Компанийн Гүйцэтгэх захирлын хувьд уулзаж нөхцөл байдлыг тодруулахыг хүссэн. Гэвч намайг эрхэлж буй ажил албан тушаалаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхийг шаарддаг. Миний бие Тавантолгой ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хамтын шийдвэрээр томилогддог. Улмаар жил бүрийн ажлын тайлангаа танилцуулж, ажлын үр дүнгээ хянуулан ажиллаж байгаа.
Тус ажил албан тушаалаас УИХ-ын гишүүн шууд өөрчлөх, чөлөөлөх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Тэрээр Өмнөговь аймагтаа ирэхдээ эрх бүхий сайд дарга нартай ирдэг ч тэдэнд нөхцөл байдлыг газар дээр нь ирж тайлбарлан танилцуулдаггүй, буцаад явчихдаг. Ер нь манай компани дээр ирж, нарийн тодорхой танилцаагүй. Манай хамт олонтой огт уулзаагүй.
-Байгалийн баялгаа ард түмэн нь шударгаар хүртэж болох жишгийг танай компаниас анхлан санаачилж гаргалаа. Гэтэл үүнийг хүртэл сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улстөржүүлээд байна уу?
-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгж болон айл өрхийн өвлийн хэрэгцээнд нь зориулан байнга алдагдалтай үнээр нүүрсээ борлуулж ирсэн. 2019 оны “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр аймгийнхаа иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулж, Өмнөговь аймгийн өрх тус бүрт гурван тн нүүрсийг үнэ төлбөргүй өгөх “Нутгийн илч” хөтөлбөрийг зарласан. Тус ажлын хүрээнд Өмнөговь аймгийн нийт 22500 өрх хамрагдаж байна. Энэ шийдвэрийг нутгийн иргэд маань тун талархалтай хүлээн авсан. Ингээд иргэддээ гурван тонн нүүрс авах эрх бүхий талон тарааж өгсөн байгаа. Бид байгалийн баялгаа тухайн нутгийн хүмүүс нь хүртэж байгаасай гэсэндээ иргэдээ ялгаварлалгүй орон сууцанд амьдардаг иргэддээ ч мөн талоноо өгсөн. Өмнөговь аймагт байгаа уурхайнуудаас манай компани дангаараа орон нутгийн өмчийн оролцоотой компани юм. Харамсалтай нь бидний хийж буй энэ сайхан ажлыг улстөржүүлэх явдал гарч байна. Уг нь болж л өгвөл бусад уул уурхайн компаниуд өөрийн нийгмийн хариуцлагаа ухамсарлаад нутгийн иргэддээ, ард түмэндээ байгалийн баялгийн хишгээ илүү даацтай хүртээж байвал сайхан байна.