Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Уурхай дагасан хот урт настай юу?

Г.УУГАНБАЯР

Дагуул хотуудын даржин төрх

 Монгол Улсын нийслэл Улаанбаатар бол нэг талаар уурхай дагасан хот. Учир нь Улаанбаатарын дагуул хоёр хот нь уурхайн бүтээн байгуулалтыг даган үүсч хөгжин, өргөжин тэлсэн юм.
Ердөө саяхан, 2015 оноос өмнө Налайх, Багануур хэмээх уурхайчдын хоёр суурин нийслэлийн алслагдсан дүүрэг гэж нэрлэгдэж байв. Харин 2015 оны дөрөвдүгээр сарын 03-нд болсон НИТХ-ын 25 дугаар хуралдаанаас дээрх хоёр дүүргийг хотын статустай болгон баталсан. Засаг захиргааны нэгжийн хувьд ийнхүү хот гэж нэрлэгдэх болсон ч Налайх, Багануурт амьдрал хүнд хэвээрээ. Хотжилт, дэд бүтцийн хөгжил сул, хүн амынх нь дунд ажилгүйдэл, ядуурал их, уурхайгаас өөр эдийн засгаа тэтгэх салбар байхгүй гээд бэрхшээл олныг тоочиж болно.

 Уул уурхай дагасан хотууд тухайн уурхай нь хаагдмагц эдийн засгийн чадамжгүй, иргэд оршин суугчид нь амьжиргааны эх үүсвэргүй болж ядууралд өртдөг. Улмаар эзгүйрч орхигддог. Ийм түүх дэлхийн улс орнуудад ч, Монголд ч олон. Тухайлбал,
 1990-ээд оны эхээр Налайхын уурхай хаагдсанаас хойш тухайн үеийн Налайх дүүрэг буюу эдүгээгийн Налайх хот эдийн засгийн хувьд хүнд байдалд орж байсан билээ.
1954-1958 онуудад барьж байгуулагдсан Налайхын их уурхайг түшиглэн Налайх хотыг байгуулах тухай шийдвэрийг 1962 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид гаргаж байв. Харин 1992 оноос Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Налайх дүүрэг болсон юм.

 Харин 1973 онд Багануурын нүүрсний нөөцийг нээн илрүүлснээр их уурхайн бүтээн байгуулалт өрнөж 1980 онд АИХ-ынТэргүүлэгчдийн тогтоолоор Багануурын районыг байгуулсан байна. Улаанбаатарыг эрчим хүчээр хангадаг гол уурхайнуудыг түшиглэн байгуулагдсан тул Налайх, Багануур хотууд өнөөг хүртэл улс, нийслэлийн татаасаар “амь зогоон”, гал алдалгүй явж иржээ. Уурхай дагасан хоёр дагуул хотоо цаашид эдийн засгийн олон тулгууртай болгон хөгжүүлэхийн тулд хотын засаг захиргаанаас Налайхад барилгын материал, технологийн парк, Багануурт үйлдвэрлэл, технологийн парк барьж байгуулахаар төлөвлөсөн ажээ.
Орон нутагт уул уурхай дагаж байгуулагдсан хотууд цөөнгүй бий ч сум статустайгаар л оршин тогтнож байна.

Бор-Өндөр

Хэнтий аймгийн Бор-Өндөрийн жоншны уурхай 1973 онд ашиглалтад орж Зөвлөлт-Монголын хамтарсан үйлдвэр байгуулагдсанаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1981 оны аравдугаар сарын 14-ний өдрийн зарлигаар Хэнтий аймгийн Хэрлэн хороо шаваа тавьж, улмаар УИХ-ын 1994 оны 36 дугаар тогтоолоор Хэрлэн хот, УИХ-ын 1995 оны долдугаар сарын 3-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн харьяа Бор-Өндөр хот болсон юм. Харин УИХ-ын 2012 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Бор-Өндөр сум байгуулагджээ.

Бэрх

Хэнтий аймгийн Бэрх тосгон нь 1954 онд байгуулагджээ. Жоншны уурхайг түшиглэн бий болсон суурин өргөжин тэлж, хүн ам нь олон болсонтой нь холбогдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1958 оны 34 дүгээр зарлигаар Бэрхийн хороог байгуулсан байна. 1994 онд батлагдсан Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг үндэслэн УИХ-ын 1994 оны долдугаар сарын 4-ний өдрийн 58 дугаар тогтоолоор Бэрх хот болгон өөрчилсөн бөгөөд эдүгээ Хэнтий аймгийн Батноров сумын долдугаар баг бөгөөд Хэнтий аймгийн Бэрх хот хэмээн албан ёсоор нэрлэгдэж байгаа ажээ.

Шарын гол

Монгол, Зөвлөлтийн геологичид 1960-аад оны эхээр Шарын голын атар зэлүүд нутагт сайн чанарын хүрэн нүүрсний том орд нээн илрүүлжээ. Ингээд жилд 1-1,2 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нүүрсний ил уурхайг 1963-1965 онд ЗХУ-ын тусламжтайгаар ашиглалтад оруулсан байна.БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1979 оны нэгдүгээр сарын 29-ний зарлигаар Шарын голыг орон нутгийн хот болгосон. Харин одоо тус суурин Дархан-Уул аймгийн нэг сум болжээ.

Мардай

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт оршдог ураны ордуудыг ашиглахын тулд тухайн үеийн ЗХУ-ын эрх баригчид Эрдэс хэмээх хаалттай суурин байгуулжээ. Уг суурин 8000 гаруй оршин суугчтай боловч газрын зурагт тэмдэглэгдээгүй нууцлаг хотхон байв. Сургууль, цэцэрлэг, соёлын төв, дэлгүүр, худалдаа, үйлчилгээ бүхий энэхүү тохилог хотхоныг 1990-ээд оны эхээр оросууд гэнэт орхин гарснаар эзгүйрэн тоногджээ.

Хувийн компани хот байгуулдаггүй

 Уул уурхай дагасан хот гэдэг ойлголт дэлхий нийтэд бий. Мэдээж уул уурхай хөгжсөн улс орнуудад энэ нь илүү дэлгэрчээ. АНУ, Канад, Австрали зэрэг улсад уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг дагаж бий болсон нэг үзэгдэл нь хотжилт, суурьшил. Уурхай иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр, тухайн орон нутгийн эдийн засгийн гол тулгуур болоод ирэхээр яах аргагүй хотжилт эрчимждэг байна. Харамсалтай нь ийнхүү уурхай даган байгуулагдсан хотуудыг таагүй ирээдүй угтдаг болох нь олон жишээгээр батлагдсан юм.
 Уул уурхай түшиглэн байгуулагдсан ч оршин суугчид нь орхин явснаас эзгүйрсэн хотуудыг АНУ-д сүнстэй хот гэж нэрлэх болжээ. Тухайлбал, 1920-иод оны дундуур Аляскт орших зэсийн уурхайг даган бий болсон Кеннекотт хотын оршин суугчид нүүн одсоноор 1938 он гэхэд бүрэн эзгүйрсэн байна. Мөн алтны уурхайг түшиглэн байгуулагдсан Монтана мужийн Баннак хот, нүүрсний уурхай бүхий Пенсильван мужийн Централиа хот зэрэг уурхай дагаж байгуулагдсан олон арван хот эдүгээ эзгүйрэн орхигдож “сүнстэй” гэгдэх болжээ.
 Уурхай дагасан хот яваандаа хүндрэл бэрхшээлтэй тулгардаг гэдгийг 1970, 1980-аад оноос баруунд ойлгож мэдэрч эхэлжээ. Түүнчлэн Австралид ч 1960, 1970-аад онд мөн ийм сорилт тулгарч, уурхай дагасан эзгүй хотууд бий болсон гэнэ.
 Тиймээс уурхайн дэргэд хот байгуул гэж шаардах нь зөв үү гэсэн асуултад толгой дохих хүн ховор л болов уу. Австралийн Күинслэндийн их сургуулийн судлаач, доктор Д.Бямба¬жав “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа, уурхай дагасан хот байгуулах нь дэмий гэдгийг онцолсон байна. Мөн тэрээр, “Уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийнхэн хот байгуулна гэсэн ойлголт байхгүй бөгөөд гагцхүү орон нутгийн удирдлага, хувийн хэвшил хоорондын түншлэлээр уг асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн байр суурийг нэгэнтээ илэрхийлж байв.

 Өнгөрсөн 2017 онд Монголын эдийн засаг, уул уурхайн сэтгүүлчид Австрали улсад туршлага судалж, тус улсын уул уурхайн салбартай танилцаж явах үед “Оюу толгой”-н гүний уурхайн төслийн захирал Марко Пирэстэй уулзах боломж тохиосон юм. Ноён Марко Пирэс,
“Миний хувьд хөгжиж буй орноос гаралтай хүн. Нүдэн дээр 180 мянган хүнтэй хот босч байлаа. Уул уурхайн үйл ажиллагаа эхэлснээс үүдэн ямар ч төлөвлөлтгүйгээр тухайн бүс нутагт ажиллаж, амьдрахаар ирэгсдийн тоо нэмэгдсээр 180 мянган хүн амтай болсон бодит жишээ бий. Уул уурхайн бизнесийн хувьд орд газрынхаа эргэн тойронд хот байгуулахад дэмжлэг үзүүлдэг.
1970-аад онд нүүрсний ордуудыг дагуулан хотууд бий болгон хөгжүүлсэн ч Австралийн хувьд хот хөгжүүлэх талаар тохиромжтой жишээ болж чадахгүй.
Ер нь хот хөгжүүлэх асуудал бол тухайн орны иргэдийн сонголт. Уул уурхайтай ойрхон амьдрахыг хүсч байна уу. Эсвэл байгалийн сайхантай газарт амьдраад нисч очоод ажиллах уу гэдэг бол хүмүүсийн сонголт юм.
Анх Оюу толгойн орд газрын дэргэд хот байгуулъя гэж ярьж байсан. Харин үйл ажиллагаа явуулж эхэлснээр энэ хувилбар өөрчлөгдсөн. Учир нь Ханбогдод манай компанийн хэрэгцээг хангах ажиллах хүчин байхгүй.
Тиймээс ихэнх мэргэжилтнүүд Улаанбаатараас нэг дэхийн өглөө нисч ирээд тав дахь өдрөө буцдаг. Нөгөөтэйгүүр дэд бүтцийн хувьд Ханбогд сум хөгжил муутай. Тус газрыг хөгжүүлж байж Улаанбаатарт байгаа мэргэжилтнийг татна. Тиймээс аль, аль талдаа хамтран ажиллаж, туршсаны үр дүнд хот хөгжих боломжтой. Түүнээс биш Австралийн жишээг хуулна гэсэн үг биш” хэмээн ярьсан юм.
Уурхай дагасан хот байгууллаа гэхэд эдийн засгийн бусад салбаруудаа жигд хөгжүүлж, шинэ бизнесүүдийг дэмжихгүй бол Австралийн гашуун туршлагыг давтаж таарна.

Ханбогд хот уу, Даланзадгад хот уу?

 Манай уул уурхайн салбарын зарим мэргэжилтэн, мөн зарим улстөрч Оюу толгойн ордыг түшиглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. Тэд гадаадынхан уурхайн баялгийг нь олборлож дуусаад явах үед, өөрөөр хэлбэл уурхай хаагдахад тухайн орон нутагт томоохон хот бий болсон байх ёстой гэж үздэг. Үүнийгээ “Эрдэнэт” үйлдвэрээр жишээ болгон тайлбарлах нь ч бий. Гэвч Эрдэнэт оновчтой жишээ байхаа нэгэнт больсон төдийгүй харин ч тэдний байр суурийг няцаах үндэслэл болж байгаа юм. Учир нь тодорхой хугацааны дараа уурхай нь хаалтаа хийхэд Эрдэнэт хотынхон асар хүндрэлтэй асуудлуудтай нүүр тулна.
100 гаруй мянган хүн амтай тус хотын нийгэм, эдийн засгийн гол тулгуур багана нь “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр юм. Эрдэнэтийн овоо ордын нөөц дундарсаар байгаа бөгөөд 30-40 жилийн дараа уурхай хаагдах магадлалтай гэж үздэг. Ийнхүү уурхай хаагдахад Эрдэнэт хот цэвэр усгүй, бохироо цэвэрлэх байгууламжгүй болно.
Учир нь “Эрдэнэт” үйлдвэр 64 километр урт шугамаар дамжуулан Сэлэнгэ мөрнөөс ус татан Эр¬дэнэт хотын ард иргэдийн хэрэгцээг хангадаг. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн цэвэрлэх байгууламжаар хотын бохирыг цэвэрлэдэг. Эрдэнэт хотын амин чухал хоёр салбар нь ийнхүү уулын баяжуулах үйлдвэртэйгээ салшгүй холбоотой тул тус үйлдвэрийнхэн одооноос уурхай хаахад гарч болзошгүй эрсдэлүүдийг тооцоолон, хаалт-хөгжлийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна.

 Тэгэхээр Ханбогдыг Эрдэнэтийн дайтай том хот болгож хөгжүүллээ гэхэд Оюу толгойн уурхай хаагдсаны дараа уг хот оршин тогтнож чадах уу гэдэгт эхлээд хариулах хэрэгтэй. Говьд шинээр хот байгуулахад ундны усны нөөц бий юу гэдэг хамгийн том асуулт. Мөн өмнийн говьд уул уурхайн үйлдвэрлэлтэй эн зэрэгцэхүйц том эдийн засгийг бий болгож байж том хот, суурингууд тогтвортой хөгжинө. Тийм салбар нь мал аж ахуй юу, аялал жуулчлал уу.
Ханбогдыг хот болгоно гэдгийн эсрэг байр суурьтай хүмүүсийн хувьд Өмнөговь аймгийн төв Даланзадгадыг говийн бүсийн төв томоохон хот болгон хөгжүүлэх нь оновчтой гэсэн санал дэвшүүлдэг. Оюу толгойн ордыг даган сүүлийн арваад жилийн дотор бий болсон төвлөрөл суурьшлыг хот болтол өргөжүүлэн тэлэхийн оронд өмнө нь байсан томоохон суурин буюу Өмнөговь аймгийн төвийг хотын статустай болгон эдийн засгийг нь олон тулгууртай болгон солонгоруулж, уул уурхайн үр өгөөжийг салбар бүрт шингээж чадвал энэ хувилбар илүү бодитой, бас ирээдүйтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com