Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Гацаатай, гачлантай газрын тосны салбар

Г.УУГАНБАЯР

Хүлээлт ба амлалт

 Монгол Улс газрын тосоо түүхийгээр нь экспортолсоор хоёр арваныг элээсэн ч дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барьж энэ байдалд цэг тавих нь цаг хугацааны гэхээсээ илүү эрх баригчдын хүсэл зоригийн асуудал болоод уджээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих санал санаачилга, оролдлого 1990-ээд оноос хойш олон удаа гарч, УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой шийдвэрүүд гарч байсан ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрчээ.

 Зөвхөн 2011 оноос хойш долоон жил гаруй хугацаанд л гэхэд газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай таван удаагийн шийдвэр гарч байв.
Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь Бор хөөврийн говьд газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, дэд бүтцийн ажлыг нь эхлүүлээд байна. Бүгд найрамдах Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулах энэхүү үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Ийнхүү Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах ээлжит амлалтаа өгч, олон нийтийн хүлээлт, горьдлогыг улам нэмэв. Шав тавьчхаад сураг алдарсан мега төслүүд нэг бус бий болохооор хүлээлт, горьдлого нь эргэлзээ, цөхрөлөөр солигдох вий гэсэн болгоомжлол ч төрнө.
Гэхдээ Энэтхэгийн тал энэхүү газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд ихээхэн анхаарал хандуулж, өөрсдийн байр сууриа ч тодорхой илэрхийлж байгаа нь Засгийн газарт ташуур өгөх биз ээ.

Гацаа

 Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь манай улсын стратегийн гол зорилтын нэг. Энэ зорилтоо хэрэгжүүлэх боломж, нөхцөл ч бий. Тухайлбал, дотоодын хэрэглээгээ хангах хэмжээний түүхий эдийн орд газруудыг илрүүлсэн.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал цаг хугацаа алдаж, олон жилээр ужгиран сунжирч байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэхээр өөр аргагүй. Түүнээс биш боловсруулах үйлдвэр барьж байгуулах нь Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулахад шийдвэрлэх ач холбогдолтой гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Харамсалтай нь амьдрал дээр ам, ажлын зөрүү хол гардаг. Газрын тосны үйлдвэр барих асуудал хэд хэдэн удаа шийдэгдэхэд тун ойрхон очсон боловч учир битүүлэг шалтгаанаар хэрэгжээгүй өнгөрсөн юм.
Тухайлбал, Японы Зас­гийн газартай хамтарч нефть боловсруулах үйлдвэр байгуулах­аар үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, санхүүжилтийн асуудлыг нь шийдэж бодитой бүтээн байгуулалт эхлүүлэх шатанд очоод уг ажил замхарсан удаатай.2013 онд үйлдвэрийн шаваа тавьсан энэ төсөл хэрэгжсэн бол Японы “Тоёо инженеринг” болон “Марубени” корпорац хамтран барьсан газрын тосны үйлдвэр Дархан хотод 2015 онд ашиглалтад орох байлаа.
Түүнчлэн 2008-2012 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн зорилт туссан байдаг. Мэдээж энэ зорилт нь хэрэгжээгүй. Тухайн үед газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар Засгийн газарт гадаад, дотоодын 17 компани Засгийн газарт саналаа ирүүлж байжээ. Үүнд үндэслээд УИХ-ын гишүүд Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоол санаачилж байв.

Гачлан

 Газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр, төслүүд гацаанд орж байсныг улс төрийн нөхцөл байдал, үе үеийн эрх баригчдын бодлогын зөрүү, байр суурийн зөрчилтэй холбож үзэж болох ч эдийн засгийн үндэслэл, тооцоон дээр мөн эрдэмтэд, судлаачдын ялгаатай хандлага бас бий. Сүүлийн жилүүдэд жилд манай улс 1.1-1.2 сая тонн газрын тос түүхийгээр нь экспортолж байгаа. 2018 онд 1.5-1.6 сая тонныг олборлох боломжтой гэж урьдчилан тооцоолжээ. Дорноговийн Алтанширээ суманд шаваа тавьсан газрын том боловсруулах үйлдвэрийн жишээн дээр аваад үзэхэд уг үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна. Энэ түүхий эдээ Дорнод аймгийн нутаг дахь “Петро чайна Дачин Тамсаг” компанийн газрын тос олборлож буй хоёр талбайгаас авахаар төлөвлөжээ.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд Засгийн газар өөрийн авах хувиа газрын тос болон гадаад валютаар авахаар тусгасан байдаг. Одоогоор манай улс боловсруулах үйлдвэргүй тул өөрт ногдох хувиа гадаад валютаар тооцон авч байгаа. Үйлдвэр ашиглалтад ороход газрын тосоор тооцож авна. Мөн газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлж, дээрх хоёр талбайн олборлолтыг нэмэгдүүлснээр газрын тос боловсруулах үйлдвэрээ түүхий эдээр хангах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.
 Гэтэл зарим эрдэмтэн судлаачид болон төр засгийн хариуцлагатай алба хашиж явсан эрхмүүд Засгийн газрын дээрх байр суурьт шүүмжлэлтэй хандаж буй. Тухайлбал, энэ асуудлаар Ерөнхий сайд асан Д.Содном Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан ил захидал илгээсэн юм. Тэрээр Монгол Улсад олборлож байгаа газрын тосыг боловсруулах, эсвэл импортоор газрын тос авч боловсруулах гэсэн хоёр хувилбарын аль нь ашигтай вэ гэдгийг тооцоолж байж шийдвэр гаргах ёстой гэдгийг онцолжээ.
 Учир нь жилд хоёр сая тонноос доошгүй газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барьж байж ашигтай ажиллана. Манай улсад олборлож байгаа газрын тосоор ийм хүчин чадалтай үйлдвэрийн хэрэгцээг хангах баталгаа байхгүй. Одоо жилд олборлож байгаа 1.2 сая тонн газрын тос хэдэн оноос хоёр сая тоннд хүрч нэмэгдэх нь тодорхойгүй байгаа.
 Монголд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хоёр компани газрын тос олборлон экспортолж байгаа. Тэдгээр компани бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийн дагуу олборлосон тосныхоо 20 орчим хувийг л манай талд үнэ төлбөргүй өгнө. Тэгэхээр үлдсэн 80 хувийг нь Хятадын компаниас дэлхийн зах зээлийн жишиг үнээр худалдаж авах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл Монголд олборлож байгаа газрын тосыг импортоор худалдаж авахтай адил нөхцөлөөр авахаас өөр аргагүй гэсэн үг. Тэгэхээр импортын хамаарал үндсэндээ хадгалагдана. Хятадын компаниуд Монголоос олборлосон тосныхоо 40 хувь буюу өртөг нөхөх зориулалттай гэж нэрлэдэг хэсгийг өөрийнхөө үйлдвэрт боловсруулах сонирхолтой байх нь мэдээж тул Монголын үйлдвэрт нийлүүлэхээс татгалзах магадлал бий.
 Ерөнхий сайд асан Д.Содномын энэ тооцоолол, үндэслэлийг бодож үзэх л хэрэгтэй. Хэрвээ энэ нь ортой юм бол хоёрхон компанийн гурван талбайгаас бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолт хийж байгаа тохиолдолдгазрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах зорилт бас л томоохон сорилттой тулгарах гачлан байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ

 Аливаа ажилд тулгардаг бэрхшээл хүндрэл, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд үүсдэг гацаа бол түр зуурынх. Тодорхой цаг хугацааны дараа уг гацаа арилдаг. Харин бодитой гачлан бол өөр. Гачлан гэдэг нэг үгээр хэлбэл боломжгүй зүйл, даван туулах аргагүй хүчин зүйл юм.
 Газрын тосны салбарт тулгамдсан гол асуудал, хамгийн том зорилт нь боловсруулах үйлдвэр барьж байгуулах явдал гэж үзвэл энэ нь улс төрийн шийдвэрээс гадна эдийн засгийн үр өгөөж, төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын харилцан ашигтай хамтын ажиллагааны шийдэлтэй холбогдож байгааг харж болно. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээ боловсруулах үйлдвэр ашигтай ажиллах эсэхтэй холбогдож байна.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хөрөнгө оруулагч нь хайгуул, олборлолтын явцад гарсан бүх зардал болон олборлолт, ашиглалтын явцад босгосон байгууламжуудыг татан буулгахад шаардагдсан бүхий зардлыг олборлосон газрын тосноосоо нөхөж авдаг.
 Харин Засгийн газар байгалийн баялгаа ашиглуулсны төлбөр хураамжийг тохиролцсон хэмжээгээр зайлшгүй авахаас гадна хөрөнгө оруулагчийн зардлыг буцаахад зориулагдсан “өртөгт” тосноос бусад тосыг тохиролцсон хувь хэмжээгээр авч түүнийгээ захиран зарцуулах эрхтэй байдаг.
 Энэхүү Засгийн газрын захиран зарцуулах эрхтэй газрын тосны хувь хэмжээ нь боловсруулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн хангах хэмжээ нь хүрэхгүй байх юм бол үр ашиггүй гэдгийг зарим судлаач хэлж буй юм. Улстөрчдийн хувьд ч гэсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсад ашиггүй гэж шүүмжлэх хандлага байдаг.
Манай улсын хувьд газрын тосны анхны бүтээгдэхүүн хуваах гэрээ 1993 онд байгуулагдаж хайгуул судалгааны ажил Дорноговь, Тамсагийн сав газруудад эхэлж байв. Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан мэдээллээр Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай байгаагаас өнөөдрийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байгаа ажээ. Эдгээрээс “Тосон уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, БХГ-97 талбайд “Доншен газрын тос Монгол” ХХК гэсэн хоёр компани бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниудын олборлолт явуулж буй нийт талбайн баталгаат нөөц 332.7 сая тонн, ашиглалтын баталгаат зэрэглэлийн нөөц байгалийн горимоор 36.26 сая тонн юм.
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК олборлосон түүхий газрын тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт, Дорнод аймгийн Халхгол сумын Баянхошууны боомтоор, “Доншен газрын тос Монгол” ХХК Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор БНХАУ-д экспортолдог.
 Хайгуулын ажлын үр дүнд гурван талбайд 333 сая тонн баталгаат зэрэглэлийн нөөц тогтоосон. Энэхүү газрын тосны нөөцийн хэмжээгээрээ Монгол Улс дэлхийн 100 орчим орноос 33-т жагсч байна.
Өнгөрсөн онд хоёр талбайд газрын тосны хайгуулын ажил хийсэн бөгөөд Галба XI талбайд өрөмдсөн 11 цооногт тос илэрч, туршилтаар 1517 тн тос, Хөхнуур XVIII талбайд өрөмдсөн дөрвөн цооногт тос илэрч, туршилтаар 35 тн тос олборложээ. Газрын тосны хайгуулын Галба XI талбайгаас хайгуулын үед туршилтаар олборлосон газрын тосыг борлуулах талаар энэ оны зургадугаар сард АМГТГ-ынхан БНХАУ-ын “Чинюань” групптэй гурван талт хэлэлцээ хийжээ.
 Түүнчлэн энэ жил Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймагт “Макс ойл”, “Петро Матад” зэрэг компани газрын тосны хайгуул хийх юм байна. Мөн Дорнод аймгийн “Баянтүмэн 17” талбайд өрмийн ажил хийх төлөвбий гэдгийг АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Ийнхүү газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинэ талбайнуудад өрөмдлөгийн ажлууд хийж байгаа нь дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барьж ашиглалтад оруулахад түүхий эдээр гачигдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх эхлэл болох биз ээ.

Тоон мэдээ:

Газрын тосны ашиглалт, олборлолт
-1996-2016 оны хооронд Монгол Улсын хэмжээнд 43,8 сая баррель буюу 5,9 сая тонн газрын тос олборлож, 5,6 сая тонн тосыг БНХАУ-д экспортолж, улсын төсөвт 1,1 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Монгол Улсын хэмжээнд хоногт дунджаар 2742 тонн газрын тос олборлож, 2803 тонн газрын тос экспортолж байгаа ажээ.
-Газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон “Доншен газрын тос Монгол” ХХК-иуд 1993-2015 оны хооронд нийт 3.41 сая ам.долларын татвар, 54.31 сая ам.долларын нөөц ашигласны төлбөр төлсөн байна. Эдгээр компаниуд 1993-2015 оны хооронд нийт 2.83 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
-“Петрочайна Дачин Тамсаг” ХХК “Тосон уул-XIX” талбайгаас 2018 оны эхний таван сарын байдлаар 1288404 баррель газрын тос олборлож, 1293097 баррель газрын том экспортолжээ. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК“ Тамсаг XXI” талбайгаас 1382748 баррель газрын тос олборлож, 1330666 баррель газрын том экспортолжээ.
“Доншен газрын тос Монгол” ХХК 122693 баррель газрын тос олборлож, 133405 баррель газрын тос экспортолжээ. Нийт 2793844 баррель газрын тос олборлосноос 2757167 баррель газрын тос экспортолсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com