Г.УУГАНБАЯР
Парламент өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Өөрөөр хэлбэл өнөөгийн эрх баригчид ирэх жил болох ээлжит сонгуулийн гол тоглоомын дүрмээ өөрсдөдөө ашигтайгаар “зохиож”, хуульчлав. Тэд энэ удаа олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулах тогтолцоог сонгосон. Энэ бол 2008 онд туршсан сонгуулийн тогтолцоо. 2008 оны УИХ-ын сонгууль ямар үр дүн авчирсныг бүгд мэдэж байгаа. Ирэх жил 12 жилийн өмнөх алдаа дутагдлаа давтахгүй гэх баталгаа алга. Нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг энэ тогтолцоо жижиг мажоритар буюу 75 жижиг тойргоос сонгогддогийг бодвол зарим давуу тал бий нь бий. Наад зах нь гишүүд тойргоо “услах” гэж улсын төсвийн мөнгийг лоббидон хуваарилуулахгүй. Жижиг тойрог буюу жалгын асуудалд ач холбогдол өгөхгүй болно.
Сонгуулийн тогтолцооны гурван ч хувилбарыг ээлж дараалан санал болгож парламентаар хэлэлцүүлэхээр өргөн барьсны эцэст ийнхүү олон мандаттай том тойргоор сонгууль явуулахаар болоод байна. Монгол Улс нэг тойрог болж мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах, эсвэл жижиг, том тойргийг хослуулсан холимог тогтолцоогоор парламентаа сонгох гээд хувилбарууд УИХ-ын түвшинд яригдсан. Монгол Улс нэг тойрог болж санал өгч гэмээнэ цөөн хэдэн олны танил бөгөөд олигархи гишүүд л сонгогдоно гэдэг болгоомжлол гарч байв. Харин 2012 оны сонгуулиар туршсан холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчиж байна гэж Үндсэн хуулийн Цэц дүгнэсэн юм. Өөрөөр хэлбэл, тодорхой тооны гишүүд намын жагсаалтаар сонгогдохоор Монгол Улсын иргэн төрд төлөөлөх түшээгээ шууд санал хураалтаа сонгоно гэдэг Үндсэн хуулийн зарчим холимог тогтолцоон дээр зөрчигдөж байна гэж үзсэн. Том, жижиг мажоритарын холимог тогтолцоо өмнө туршигдаагүй тул эрх баригчид өөрсдөө уначхаж мэднэ гэж түүнээс бэргэсэн байж мэднэ.
Ингээд дээр хэлсэн олон мандаттай томсгосон мажоритар тогтолцоог УИХ сонгожээ. Мэдээж эрх баригчид алсаа биш амиа, улсаа биш намаа бодсон нь энэ. Гэхдээ МАН 2012 онд эрх барьж байхдаа холимог тогтолцоог сонгоод ялагдал хүлээж байсан гашуун түүх ирэх жил давтагдахгүй гэх газаргүй. Товчхондоо бол сонгуулийн үр дүн тогтолцооноос 100 хувь хамааралтай биш. МАН өнөөдөр долоон жилийн өмнөхөөсөө ч дор байдалтай, нэр хүнд нь унаж, 60 тэрбум, ЖДҮ, концесс, тендер зэрэг олон хэрэгт нэр холбогдоод байгаа. Тиймээс Сонгуулийн хуулийг өөрсдөдөө зориулж батлаад ч нааштай үр дүн гарахгүй л болов уу. Гэхдээ нэгэнт саяхан батлагдсан УИХ-ын сонгуулийн хуулийн тухай сэдвийг хөндөж буй тул уг хуулийн сайн, муу үр дагаврыг шинжих гээд үзье.
Дээр хэлсэнчлэн энэ удаагийн хуулиар сонгосон хувилбар нь жижиг 76 тойргийг бодвол улсын төсвийг олон хувааж хүч тарамдахгүй. Мөн нэр дэвшигчдийн шалгуур өндөрсч, өмнөхөөсөө 2-3 дахин олон хүний саналаар сонгогдохоор болж буй юм. Энэ бол гялайх сайн тал нь. Харин Сонгуулийн шинэ хууль жижиг намууд, бие даагчдын хувьд боломжийг нь шууд хаасан зохицуулалттай болсон. Учир нь томсгосон тойрогт бие даагчид болоод жижиг намууд өрсөлдөхөд бэрх. Тойрог нь томорч, сонгогчдын тоо нэмэгдэхээр жижиг намууд болон бие даагчдад хүндрэлтэй. Сурталчилгаа хийх газар нутаг томорно. Тэр хэрээр зарцуулах хөрөнгө санхүү нэмэгдэнэ.
УИХ-аас батлаад буй Сонгуулийн тухай хуулийн зохицуулалттай яг адилхан хувилбараар явуулсан 2008 оны сонгууль бие даагчид болоод жижиг намуудад хамгийн халгаатай болсон юм. Нийт 26 тойрогтой томсгосон мажоритараар явуулсан тус сонгуульд МАХН 45, АН 28, Ногоон нам, Иргэний хөдөлгөөний намын Иргэний эвсэл нэг, ИЗН нэг, бие даагч нэг суудал авч байсан юм.
УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуульд жижиг намуудад халгаатай зохицуулалт орсон нь “Эвсэлд орсон намуудын аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан дахин болон нөхөн сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвсэл тарсанд тооцно" гэсэн заалт юм. Энэ заалт УИХ дээр хэлэлцүүлгийн үед ч нэлээд шүүмжлэлтэй тулгарсан. Сонгуульд хамтарч орсон эвслийн олонх нь тарах шийдэлд хүрвэл тарна уг эвсэл гэсэн зохицуулалтыг тусгасан нь зөв гэдгийг МАН-ынхан зөв гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Эвслүүд сонгуулийн дараа тарж, бутардаг, тогтворгүй байдлыг үүгээр эцэс болгоно гэж тэд үзжээ. Гэхдээ эвсэлд нэгдэн орсон л бол тухайн намын чөлөөт хөдөлгөөн үгүй болохоор байгаа юм. Дөрөв, таван нам нэгдэн сонгуульд оролцож гурван намынх нь төлөөлөл сонгогдлоо гэхэд УИХ-д суудалгүй үлдсэн хоёр нам нь хэрхэх вэ. Дөрвөн жилийн хугацаанд нөгөө гурван намынхаа сүүдэрт, аливаа эрх нь хязгаарлагдмал, бие даасан үйл ажиллагаа явуулах боломж, чадамжгүй байх зохицуулалт хуульд туссан ажээ.
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл энэ талаар “Парламентад суудалгүй намууд нэгдэж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд 20 гаруй санал өгсөн. Үүнд эвслийг тараахгүй, тогтвортой байлгах саналууд багтсан. Гэхдээ намуудын өгсөн саналыг огтхон ч авч үзсэнгүй. Хэдийгээр эвсэлд нэгдсэн намуудын олонх нь тарах шийдвэр гаргаснаар тарж болно гэж байгаа ч асуудал бас байна. Эвслийг задална гэдэг парламентын төлөвшлийн эсрэг үйл ажиллагаа. Хэд хэдэн сонгуулийн үед намуудыг эвсэж нэгтгэхгүй байх, эвслийг тогтворгүй байлгах зүйл заалтуудыг сонгуулийн хуульд шургуулдаг байсан. Эвслийг хагалган бутаргаж, улс төрийн бусад намуудыг УИХ-д оруулахгүй байх бүр аргыг хэрэглэж байна. Гайхаж байна. Жишээлэхэд, таван нам эвсэл байгууллаа гэхэд аль нэг нам нь банкинд данс нээвэл эвслийг тарсанд тооцно. Мөн аль нэг нам нь нөхөн болон дахин сонгуульд нэр дэвшүүлчихвэл эвсэл тарна. Эвсэл тарсантай холбоотойгоор түүний эрх үүрэг бүгд задарна. Эвслээс Засгийн газрын бүрэлдэхүүнд орж эрхээ хэрэгжүүлсэн бол энэ нь эрх зүйн хувьд чадамжгүй болох юм. Ингэж л монгол төрийг бутлах, сарниулах арга нь ийм жижигхэн заалтуудаас үүдэлтэй. Эвсэлд нэгдсэн намуудыг хэрхэн задалж, бутлах уу л гэж үзээд байна. Бидэнд “Тэгээд та нар эвсч чаддаг хүмүүсээрээ нэгдээч” гэж байгаа. Эвсэл тарах нь биднээс шууд хамаарахгүй. Энэ хүмүүст эрх мэдэл, хууль хүчний байгууллага, мөнгө, зохион байгуулалт бүгд бий. Үүгээрээ далимдуулж, дарамталж, айлган сүрдүүлж эвслийг задлах боломж бий шүү дээ. Өмнөх парламентуудын эвслийг эрх баригчид нь албаар тарааж байсан” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Эрх баригчид өөрсдөдөө зориулж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан нь олон зүйлээс харагдаж буй. Тухайлбал, Т.Аюурсайхан гишүүний гаргасан санал хуульчлагдсан явдал. Тэр нь авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг нэр дэвшүүлэхийг хориглох тухай юм. Энэ заалт бол гуравдагч хүчин болох МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан зохицуулалт гэж олон нийт хардаж буй. МАХН-ынхан ч энэ заалтыг эсэргүүцэж Үндсэн хуулийн Цэцэд хандахаа илэрхийлсэн байна лээ. Бүр болохгүй бол НҮБ-д ч хандах болно хэмээн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мэдэгдсэн.
Өмнө нь Үндсэн хуулийн Цэц ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглох нь хүний эрх талаасаа Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байсан юм. Тэгэхээр МАН Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс давсан заалтыг хуульд оруулаад ирсэн гэсэн үг. МАХН Цэцэд хандах аваас, Цэцийн шийдвэр ямар байхаас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дээрх заалт хүчин төгөлдөр мөрдөгдөх эсэх нь шийдэгдэнэ. АН-ын хувьд хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдлэх үзэл баримтлалтай намын хувьд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг эсэргүүцэж байгаа ажээ. Хүний эрхийг ямар нэг байдлаар дордуулсан үйлдлийн эсрэг АН тууштай зогсдог. Тиймээс алдаандаа таарсан шийтгэл авсан хүний эрхийг насан туршид нь хасна гэдэг бол байж болохгүй асуудал гэдэг байр сууриа АН-ын зүгээс илэрхийлсэн.
Угаасаа ял шийтгэл эдэлж байгаа үед нь л хүний эрхийг хязгаарлаж болно. Ял шийтгэлээ эдэлж дууссаны дараа тухайн хүний эрхийг хязгаарлаж болохгүй гэдэг бол эрх зүйт ардчилсан нийгмийн алтан зарчим билээ.
Юутай ч эрх баригчид хүчтэй өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахгүй байх, сөрөг хүчнээ сөхрүүлэх, аль болох өөрсдөдөө давуу тал, илүү барьц авах хуулийн төслийг баталлаа. МАН-ынхан ирэх жилийн УИХ-ын ээлжит сонгуулиас ингэтлээ айж бэргэх нь аргагүй. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдгийг үлгэр энэ юм.
Өнөөгийн УИХ дахь үнэмлэхүй олонх МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сөрөг хүчингүйгээр хүч түрэн батлахдаа АН-ын санал болгосон сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд оруулж хуульчлах асуудлыг дэмжээгүй. Энэ нь өөрсдөдөө зориулсан сонгуулийн хууль батлах санаархалтай байсных гэдэг нь эдүгээ нэгэнт ил болов.