Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлээд гурав дахь сартайгаа золгож байна. Энэ хугацаанд мянга гаруй хүн угаартаж, таван хүүхэд, зургаан том хүн амиа алдсан харамсалтай мэдээлэл бий. Гэсэн ч төр засаг үүний төлөө хэн нэгэн даргад хариуцлага тооцсонгүй. Амиа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйсангүй. Нийслэл хот утаанаас салж байвал хэдэн иргэнийг ч золиослоход бэлэн буй бололтой. Харин идэр есийн хүйтэн эхэлсэн энэ өдрүүдэд утаа арилаагүй, хэвээрээ байгаа нь иргэдийн санааг зовоож эхлээд байна.
www.Agaar.mn сайтад тавигдсан өнгөрөгч долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанар “Бага бохирдолтой” болон “Бохирдолтой” түвшинд хүрсэн байв. Тодруулбал, агаар дахь PM2.5, PM10 тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламж хүлцэх хэмжээнээс хоёроос гурав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Улмаар гэр хороолол, автомашины нягтралтай холбоотой Баруун 4 зам, Баянхошуу, Зурагт, 1-р хороолол орчим агаарын бохирдол бусад цэгээс их ажиглагджээ.
Д.Дариймаа: 66 айл өрх, аж ахуйн нэгж түүхий нүүрс
түлж байжээ
Тэгвэл агаарын бохирдол яагаад эргээд ихсэх болов гэдэг асуулт гарч ирнэ. Юуны өмнө иргэдийн дунд гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс хэрэглээд эхэлсэн юм биш биз гэсэн хардлага байна. Иймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын олон нийттэй харилцах ажилтан Д.Дариймаагаас энэ талаар тодрууллаа. Тэрбээр, “Нийслэл хотыг тойрсон авто тээврийн найман товчоодод мэргэжлийн хяналт, цагдаа онцгойгийн хамтарсан эргүүл хяналтын ажилтнууд түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэй ажиллаж байгаа.
Нийслэлийн төр захиргааны байгууллагууд болоод нийслэлийн иргэд эрүүл агаар, цэвэр орчинд ажиллаж амьдрахын төлөө үйлсэд хамтран ажиллаж утаагүй хотын төлөө нэгдэж байна. Гэвч зарим иргэд түүхий нүүрсийг хулгайгаар түлэх, хот руу оруулж ирэхийг завдах оролдлогууд гаргасаар байгаа нь үнэн. Тухайлбал, нийслэл хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхээр завдсан 184 тн түүхий нүүрсийг улсын байцаагчийн актаар хураан, торгуулийн арга хэмжээ авч, “Амгалан” дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн. Мөн Нийслэлийн зургаан дүүрэгт 66 айл өрх, аж ахуй нэгж нүүрс түлж байсан зөрчлийг илрүүлж, 91,8 тн нүүрсийг Амгалангийн дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваад байна” гэсэн юм. Дээрх мэдээллээс харвал, гэр хорооллын иргэд шахмал түлш хүрэлцээгүйн улмаас түүхий нүүрсийг ил далд хэлбэрээр хэрэглэсээр байхыг үгүйсгэх аргагүй билээ.
Г.Гантуяа: Агаарын инверс идэвхжиж эхэлснээр бохирдол хуримтлагдаж байна
Харин агаар дахь PM10, PМ2.5 ихэссэн талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Г.Гантуяагаас тодруулсан юм. Тэрбээр, “цаг уурын "инверс" гэж үзэгдэл байдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал саванд арц уугиулж утаа гаргаад таглаад тавьчихвал саван дотор бөөн утаа май болно. Таглахгүй орхивол утаа агаарт гарчихна, сав гайгүй бага утаатай үлдэнэ. Таглааг инверс гээд ойлгоход болно. Арваннэгдүгээр сарын сүүлээс эхлээд инверс эрчимжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор бохирдол хуримтлагдаж байгаа юм. Температурын инверс тогтвортой, илүү нэмэгдэж байгаагаас агаар бохирдуулагч бодисуудыг агаар мандалд дээрээс нь таглаагаар дарчхаж байгаатай адилаар тогтоон барьж байна. Ойрд хэдэн зуун метр, байтугай 1000 метр давсан зузаан инверс тогтсон өдөр ч бий. Өөрөөр хэлбэл газрын гадаргаас дээш 1000 метр өндрөөр агаар “таглаатай” байгаа гэж ойлгож болох юм. Гэхдээ өнөөдрийн хувьд агаарт ямар нэг инверс үүсээгүй байна” гэсэн юм. Мөн түүнээс агаар дахь PM10, PM2.5 тоосонцрын хэмжээ сарын өмнөх болон жилийн өмнөх үеэс өссөн талаар лавлахад, “Тухайн өдрийг жилийн өмнөхтэй юм уу сарын өмнөхтэй шууд харьцуулах нь учир дутагдалтай. Үүнд цаг агаарын нөхцөл байдал асар их нөлөөтэй учраас тэр. Харин түүний оронд сарын дунджийг тухайн сарынхаа дундажтай харьцуулж болох юм. Ингээд харвал, арваннэгдүгээр сарын дунджийг өмнөх жилийн мөн үеийн дундажтай харьцуулахад PM2.5, PM10-ийн хэмжээ 40 орчим хувиар буурсан байгаа” гэлээ.
Д.Рэгдэл: Хүхэрлэг хий, азотын давхар ислээс хүний биед хортой олон тооны нэгдэл ялгардаг
Үүнээс гадна агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл нэмэгдсэн шалтгааныг нийслэлийн мэргэжлийн хяналтын алба тээврийн хэрэгслийн дотоод шаталттай холбон тайлбарлаж байгаа билээ. Энэ талаар ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ, “Агаарын чанарын тунгалагшил гэж нүдээр хараад хэлж болдоггүй бохирдол бий. Шахмал түлш шатаах үед хүхэртэй нэгдлүүд, азотын ислүүд гэх мэт шууд үхэлд хүргэхгүй ч хүний биед хортой олон тооны нэгдэл ялгардаг. Энэ түлш хоёр дахин илчлэгтэй учраас шатахдаа хоёр дахин их хүчилтөрөгч ашиглаж, ялгаруулж байгаа. Хорт хийн хэмжээ мөн хоёр дахин их болно гэсэн үг” хэмээн тайлбарлажээ. Мөн түүнчлэн хүхэрлэг хий болоод азотын ислийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгааг дэлхийн эрдэмтэд аль хэдийнэ хийсэн байна. Хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг хорт нэгдэл. Мөн амьсгалын дээд замыг цочроох нөлөөтэй. Хүхрийн давхар ислийн 90 хувь нь амьсгалын дээд замд шингэж, гуурсан хоолойн үрэвсэлт өвчин үүсэхэд хүргэдэг бол хүхрийн ислүүд нь салстын цэвэрлэх үүргийг дарангуйлдаг аж. Хүхрийн давхар исэл нь жигнэгдэгч бодис буюу PM 2.5, PM10-тай хавсарсан бол илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. Харин азотын давхар исэл нь хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож улмаар уушгины цулцанд шингэн хуримтлуулах нөлөөтэй. 1992 онд Германы суд¬лаачид азотын давхар ислийн 564 мкг/м3 тунгийн нөлөөлөлд 19-35 насны дунд зэргийн багтраа өвчтэй хүмүүсийг байлгахад эхний 10 минутанд л уушгинаас огцом гаргалтын агаарын эзлэхүүн 11 хувиар буурч байжээ. Энэ нь уушгинд нөлөөлж буй азотын давхар ислийн хорт нөлөөг тодорхой харуулсан судалгаа гэж үздэг юм байна.
Г.Батдорж: Нийслэлчүүд 3-5 дахин их бохирдолтой агаараар амьсгалж байна
Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг түгээмэл тохиолддог ба бүх насныхан өртдөг талаар судлаачид олон тоо баримт хэлдэг. Тэгвэл “Ger community mapping center” хувь хүний агаарын бохирдолд өртөлтийн хэмжээг судалжээ. Энэ талаар тус байгууллагын үүсгэн байгуулагч Г.Батдорж ярихдаа “Манай улсад хувь хүн агаарын бохирдолд хэрхэн өртөж байгаа юм бэ гэдэг судалгаа байхгүй байсан. “Амьсгалах эрх” төслийн хүрээнд 2018 онд бид нийслэл хотын есөн дүүргийн есөн иргэнийг сонгож 24 цагийн турш төхөөрөмжтэй дагаж явсан. Үүний үр дүнд хувь хүн гэртээ, ажил дээрээ, ажил, сургуулиасаа харих замдаа стандартаас 4-7 дахин давсан бохирдолтой агаараар амьсгалдаг гэсэн тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, дээрх 9 хүн бүгд стандартад хүрэхгүй агаараар амьсгалж буй нь тогтоогдсон. Гэр хороололд амьдардаг иргэд гэр дотроо ч гэсэн гадаа байгаагаас ялгаагүй бохир агаараар амьсгалдгийг олж мэдсэн. Харин энэ жил дээрх есөн хүнийхээ нэг дээр энэ туршилтаа хийхэд 3-5 дахин их бохирдолтой агаараар амьсгалж байсан. Утаа багассан гэдэг мэдээллийг үзээд бид өнөөдөр баярлаж болно. Гэхдээ бүгдээрээ стандартад хүрээгүй агаараар амьсгалж байгаа гэдгээ мартаж болохгүй гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Мөн агаарын бохирдлын талаарх мэдээг нүдэн баримжаагаар бус тоо харж хэвшмээр байна. Учир нь, нарийн ширхэглэгт тоосонцор хүний нүдэнд харагдахгүй учраас нүдэндээ итгэж болохгүй” гэсэн юм.
Эрх баригчид агаарын чанар сайжирсан, утаагүй болж байна гэдэг мэдээллийг өгсөөр байна. Гэсэн ч бодит байдал дээр агаарын бохирдол аюул дагуулсаар. Иймээс агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг уншигчдадаа эргэн сануулъя.
1. Авто замын хажуугаар хүүхдээ тэвэрч явах
Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий.
Сургуулийн анги танхимд өдөрт хоёроос доошгүй удаа тоосоо арчих, чийгтэй цэвэрлэгээ хийх, өдрийн цагаар хоёр цаг тутамд өрөөний салхивчийг онгойлгож, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 7-11 цаг хүртэл орой 17-24 цагийн хооронд салхилуулахгүй байхыг анхаарна уу. Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.
2. Амны хаалтыг тогтмол хэрэглэх
Ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой. Тухайлбал АНУ-ын агаарын бохирдол өндөртэй үйлдвэрийн ажилчдын дунд явуулсан судалгаагаар амьсгалын замыг хамгаалах гурван төрлийн амны хаалтыг хэрэглэснээр амьсгалын замын эмгэгээс хамгаалж чаджээ. Амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Амны хаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгалах нь зүйтэй.
3. Биеийн дархлаагаа дэмжиж, цэвэр агаарт тогтмол гарах
-Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.
-Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлэх ашиг тустай.
-Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган алхах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай. Долоо хоногт нэг удаа цэвэр агаараар амьсгалбал уушги цэвэрлэгдэх сайн талтай.
4. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг дэмжих
-Сайжруулсан зуух
-Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксжсон нүүрс, хийн түлш г.м)
-Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах
-Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх
-Өвлийн улиралд цахилгаан, тосон халаалт гэх мэт халаах аргыг сонгох
5. Гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах
Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал гадаад орчны бохирдолтой нэгэн адилаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та гэр доторх агаарыг бохирдуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
-Бага насны хүүхэдтэй бол гэртээ хэт өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах. Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0,3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99 хувийн үр ашигтай шүүдэг.
-Гэртээ өдөрт хоёроос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгдсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.
-Агаарын бохирдол багатай цагаар гэртээ агаар оруулах
-Гэртээ тамхи татахгүй байх
-Хог хаягдлаа ангилан цуглуулж, устгах.
6. Замын хөдөлгөөнд оролцох үедээ цонхоо онгойлгохгүй байх
Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна. Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогджээ. Иймд замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ.