Өчигдөр “Үнэн хатамж” ТББ-аас Үндэсний аудитын газраас төрийн байгууллагуудад өгсөн аудитын зөвлөмжийг хэрхэн биелүүлдэг талаар мэдээлэл өглөө. Тус байгууллага нь Улсын төсвийн төсөлд үнэлгээ хийх, хуулийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ удаад 2018 онд төрийн байгууллагуудад Үндэсний аудитын газар болон Нийцлийн аудитын газраас өгсөн зөвлөмжийг хэрхэн биелүүлсэн, мөн аудитын тухай хуулиар шилэн дансандаа мэдээлсэн тухай тайлагнав. Сонирхолтой нь тус байгууллагын хийсэн судалгаагаар байгууллагуудын шилэн дансны мэдээлэл буурч байгаа бол төрийн байгууллагын мэдээллээр нэмэгдэж байгаа гэсэн зөрүүтэй мэдээлэл гарч байв. Энэ талаар “Үнэн хатамж” ТББ-ын төсвийн менежер Ц.Баттуяатай ярилцлаа.
-Танай байгууллага хийсэн судалгааныхаа талаар танилцуулна уу?
-Миний хариуцсан судалгаа бол Үндэсний аудитын газраас төрийн байгууллагуудад хийсэн аудитын дүгнэлт болон аудитын газраас төрийн байгууллагуудад өгсөн зөвлөмж хэрхэн хэрэгжиж байгаа тухай юм.
-Энэ судалгаанд хэдээс хэдэн он хамрагдсан бэ?
-2018-2019 онд хамрагдана. 2019-2020 оны судалгаа ирэх жил хийгдэнэ.
-Үндэсний аудитын газар төрийн байгууллагуудад ихэнхдээ ямар зөвлөмж өгдөг вэ?
-Олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг учраас их хэмжээний зөвлөмж гардаг. Ихэнх байгууллагууд санхүүгийн зөрчилгүй гарсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийг хууль баримтлаагүй, мөнгө шамшигдуулах зэрэг зөрчил гарахгүй. Харин үр дүн багатай гэсэн дүгнэлт гардаг. Гэхдээ хуультай холбогдсон асуудлын нийцлийн аудит шалгадаг.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Байгууллагуудад гурван төрлийн аудит хийдэг. Түүнийг санхүүгийн, нийцлийн, гүйцэтгэлийн гэж нэрлэдэг.
-Нийцлийн аудит гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Хуульд нийцүүлэн зохицуулах үйл ажиллагааны хяналтын аудит. Зөрчлийг ийм ийм зүйл зөрчсөн гэдэг тайлан байдаг хэрнээ тухайн зөрчлийг арилгасан тухай тайлан нь ил болдоггүй.
-Нийцлийн аудитын зөрчил хэр гардаг вэ?
-Энэ төрлийн аудит цөөхөн хийгддэг ч зөрчил гараад байгаа.
-Зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг үү?
-Хэрэгжүүлсэн. Хариуцлага тооцсон эсэх тайлан нь гарахгүй байгаа юм.
-Сонгуулийн тухай бас асуудал үүссэн үү?
-2016 оны сонгуулиар хууль зөрчсөн байдаг. Одоо хүртэл нийцлийн аудит гарчхаад байхад хариу нь байхгүй. Хууль зөрчөөд сурталчилгаагаар хууль зөрчсөн байхад өнөөг хүртэл хариуцлага тооцсон эсэх мэдээлэл байхгүй.
-Зөрчлөө арилгасан тухай тэд яаж мэдээлэх ёстой вэ?
-Тэр нь бас тодорхой биш. Нийцлийн аудит гүйцэтгэлийн аудит шилэн дансанд тавигдах ёстой. Гэтэл ерөөсөө тавихгүй байгаа юм.
-Нийцлийн аудит хэзээ хэрэгжиж эхэлсэн юм бэ?
-Монголд орж ирээд удаагүй. Гурван жил болж байгаа. Аудитын зөвлөмж хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй болчхоод байна.
-Үндэсний аудитын газарт хандаж болохгүй юу?
-Бид албан тоотоор хандаад л байгаа.
-Хариу өгөхгүй байна уу?
-Өөрсдийн гаргасан зөвлөмжөө өгчхөөд бусдыг өгөх боломжгүй гэсэн хариу өгдөг. 2018 оны 21 аймагт хийсэн аудитын зөвлөмжийг бид шалгасан. 2017 онд хоёр аймагт аудит хийгээгүй байна.
-Яагаад?
-Бидэнд тайлан олдохгүй байгаа юм.
-Та нар зөвлөмжийг хаанаас авдаг юм бэ?
-Үндэсний аудитын газраас. Тэд сайтад мэдээллээ тавина. Түүнээс авч байгаа. Тавихгүй бол мэдээлэлгүй гэсэн үг.
-Хоёр аймгийн тайланг нэхсэн үү?
-Нэхээгүй. Биднийг сайтаас л мэдээлэл ав гэдэг. Гурван удаа албан тоот явуулсан. Хариу нь адилхан л ирдэг.
-Улсын үйлдвэрүүдэд өгсөн зөвлөмжид бас мониторинг хийсэн үү?
-Би сүүлийн саруудад 2018 оны 97 төрийн өмчит үйлдвэрийн газарт өгсөн зөвлөмжид судалгаа хийсэн.
-Юу илрэв? Үүнд Эрдэнэт үйлдвэр орж байгаа юу?
-Байгаа.
-Чиний үнэлгээний ажил дууссан уу?
-Дууссан. Эдгээр байгуулагуудын 60 хувь нь шилэн дансны хуулийг биелүүлээгүй байна. Таван сар өнгөрсөн байхад ийм байдалтай байна.
-Шилэн дансны хуулийг хэдэн хувь хэрэгжүүлсэн бэ?
-27 хувь нь хэрэгжүүлсэн. Есөн хувь нь зөвлөмжөө тавьчихаад хэрэгжүүлсэн тухайгаа тавиагүй.
-Энэ хууль зөрчсөнд тооцогдох уу?
-Тийм. Шилэн дансны хуулиар мэдээлэл иж бүрэн тавигдах ёстой. Найман хувь нь зөвлөмж аваагүй байгаа юм.
-Алдаа гаргаагүй гэсэн үг үү?
-Алдаа гаргаагүй ч зөвлөмж авч болно. Гэхдээ алдаа гаргаагүй ч зөвлөмж аваагүй гэдгээ мэдээлэх ёстой.
-Өөр ямар зөрчлүүдэд зөвлөмж авч байна?
-Баримтгүй зардал гаргах, баталгаажаагүй авлага бүртгэх, цалингийн зөрчил гэх мэтээр байгаа.
-Орон нутгийн хөгжлийн сан бас ихээхэн зөрчилтэй гэдэг.
-Сангаас зээл олгочхоод, нөгөөдөх нь буцааж төлөгддөггүй.
-Зээл өгч болдоггүй юм уу?
-Төсөвлөгдөөгүй ажилд зээл өгчихдөг. Энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг. Хоёрдугаарт өгсөн зээлээ олж авахгүй байна.
-Энэ бүхэнд зөвлөмж өгдөг үү?
-Өгнө. Гэхдээ орон нутаг бас шилэн дансны хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа юм. Орон нутгийн сангууд зөрчил ихтэй байна.
-Зөрчил ихтэй үйлдвэрүүдийн нэрсийг харуулж болох уу?
-Бүгдийг харах гэвэл хугацаа их орно. Яамдаар нь харж болно. Багануур компани гэхэд албан, шаардлага зөвлөмж авсан. Тэр тухай ямар ч мэдээлэл байхгүй. Их сургуулиуд харьцангуй мэдээллээ сайн тавьдаг.
-Муугаас нь ...?
-Жишээлбэл Үндэсний дата төв, Үндэсний сүлжээний газар, Мэдээлэл харилцаа, Барилгын хөгжлийн төв, ТОСК гэх мэт.
-Та нар шилэн дансны хэрэгжилт сүүлийн жилүүдэд буурсан гэж байхад аудитын төлөөлөгч 90 гаруй хувьтай гэж ярьж байна?
-Түүврийн аргаар судалгаа хийсэн гээд байгаа. Гэхдээ тайлангаа хугацаа хоцроож тавьсан хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа юм.