Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Залуус бид эх орныхоо эзэд, бүтээн байгуулагчид байх болно

 Өмнө нь оюутнууд нийтийн тээврээр хязгаарлалтгүй зорчдог байсан. Тэгвэл 2013-2015 онд нийтийн тээврээр хязгааргүй зорчдог байсан эрхийг нь 44 болгосон. Үүний дараа 2016 оноос энэ тоог хоёр дахин бууруулж 22 болгосон гэдгийг  МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан хэлж байна. Сард нийтийн тээврээр 22 удаа зорчих эрхтэй байгаа нь оюутнуудын хөгжих, дэвших боломжид саад учруулж байгааг хэлж байлаа. Өдөрт гэрээсээ сургууль, сургуулиасаа гэр лүүгээ гэсэн маршрутаар хоёр эрхээ ашиглалаа гэхэд ажлын 11 өдөр зорчоод тухайн сард нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх нь дуусдаг байна. 

 Гэтэл хэд хэдэн автобус дамжин хичээлдээ очдог хүүхдүүдийн хувьд байдал бүр ч хэцүү гэдгийг онцолж байсан юм. Тэдэнд сарын зорчих эрх нь дууссан өдрөөс эхэлж хичээл сургуульдаа хэрхэн очих вэ гэдэг хүндхэн асуудал тулгардаг хэмээн ярьсан. Тиймээс оюутнууд сарын дөрвөн долоон хоногийн ажлын таван өдөр буюу нийт 20 өдөр, өдөрт хоёр удаа үнэгүй зорчих эрхтэй болохыг хүсч байгаа гэдгээ дуулгасан. Өөрөөр хэлбэл сард 40 удаа нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй болохыг хүсч байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлөөс зохион байгуулсан Монголын шилдэг 1000 оюутан оролцсон “Оюутны манлайлал-2020” чуулганы индэр дээрээс МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Н.Үүрцайх хэлсэн юм.

 Тэрээр илтгэлээ үргэлжлүүлэхдээ, улс орны эдийн засаг хүнд байгааг бид мэдэж байгаа. Тийм ч учраас хязгааргүй зорчих эрхтэй биш юм аа гэхэд доод тал нь 40 удаа зорчих эрхтэй болохыг бид хүсч байна гэлээ. Мөн дараагийн асуудал бол оюутан залууст олгох гадаад, дотоодын тэтгэлэг, тэдний сурлагын чанарыг үнэлсэн шагнал урамшууллын тоо жил ирэх тусам цөөрсөөр байгааг хэлж байна. Тиймээс оюутнуудад олгодог тэтгэлгийг шилэн, нээлттэй болгож өгөхийг хүсч байгаа аж. Мөн оюутан бүрт 70.200 төгрөгийн тэтгэлэг олгохыг шаардахгүй ч сурлага, урлаг, спортоор амжилт гаргаж шамдан суралцаж байгаа оюутнуудад олгодог байхыг хүсч байгаагаа энэ үеэр дуулгасан. Энэ тэтгэлэг олон мянган оюутнуудын сурах үйлсэд үнэ цэнтэй гэдгийг хэлсэн юм. Дараагийн асуудлаар тэдэнд зориулсан номын сангийн хүртээмжийн асуудлыг хөндсөн. Төв номын сан болон их, дээд сургуулийн номын сангийн фондын баяжилт нь төдийлөн сайн биш, байгаа хэдэн ном нь цөөн тоотой бөгөөд хуудсууд нь хуучирсан байдаг гэнэ. Мөн номын санд суух орчин нөхцөл нь тийм ч тааламжтай бус учраас 150 мянга гаруй оюутан залууст хүртээмжтэй номын санг бий болгож өгөхийг хүссэн. Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд “Оюутан залуус биднийг Монголын ирээдүй, их эзэд хэмээн тунхагладаг хэрнээ төр засаг бидэнд анхаарал хандуулахгүй бол, бид хэрхэн улс орныхоо жинхэнэ ирээдүйн эзэд болох билээ. Хэрвээ бидний дуу хоолойг сонсч, бидний өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэж, анхаарал хандуулах юм бол бид эх орныхоо эзэн шиг эзэд байж, бүтээн байгуулагч, шинийг санаачлагчид байх болно” гэсэн юм.
Энэхүү чуулганыг тус зөвлөлөөс гуравдахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Л.Баян-Алтай, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нарын зочид оролцож, Монгол Улсын 150 мянга гаруй оюутнуудын төлөөлөл болсон залуустай уулзаж, санал хүсэлтийг нь сонссон юм. Чуулганы нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа үг хэлсэн бөгөөд тэрбээр “Монгол хүний хөгжил-Монголын ирээдүй хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуусын хөгжилд чиглэсэн томоохон ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Тухайлбал, “Эерэг хандлага-хөгжил” лекцэд энэ онд 6000 гаруй залуус хамрагдсан бол “Англи хэлтэй залуус” хөтөлбөрт 5000 гаруй хүн хамрагджээ. Үүний зэрэгцээ “Ажилтай оюутан” хөтөлбөрт 4000 орчим залуус хамрагдаж, 800 гаруй сая төгрөгийн орлого олсон байна. Хамгийн голнь энэ бүх ажлыг хэн нэг дарга, албан тушаалтны оролцоогүйгээр залуус өөрсдөө амжилттай зохион байгуулсанд нь талархаж байна. Монгол хүний хөгжил бол Монголын ирээдүй юм. Тиймээс ч оюутан, залуус оролцож байгаа энэхүү чуулганаас гарах аливаа санал, санаачилгыг дэмжин ажиллах болно” хэмээн онцолсон юм. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр гэх мэтчилэн бүхий л салбарын хөгжлийг ярихын тулд хүнээ ярих ёстой. Хүнээ ярихын тулд одоо л оюун ухаан нь цэгцэрч, боловсорч байгаа оюутан залуустаа анхаарлаа хандуулах ёстой. Аль ч улс оронд оюутан залуусынхаа оролцоог хангадаг, тэднийг дэмждэг нийгэм илүү хөгждөг. Тийм учраас манай улс ч мөн оюутан залуусынхаа оролцоо, манлайллыг дэмжих ёстой. Тэднээс гарч байгаа санал санаачилгыг дэмжиж байж тэдний сурах, нийгэмд манлайлах, хөдөлмөрлөх бололцоонд бодит дэмжлэг болж чадах юм” гэв. Мөн НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга хэлэхдээ “Оюутан залуусын өмнө олон асуудал тулгамдаж байна. Өмнө нь хэрэгжиж байсан олон төсөл хөтөлбөр, тэтгэлгүүд бүгд зогсчихсон байна. Тухайлбал бидний сайн мэдэх 70200 төгрөгийн тэтгэлгийг 2016 оноос зогсоосон. Сар бүр оюутнууд нийтийн тээврээр 40 гаруй удаа үнэгүй зорчих төлбөрийг нийслэлийн төсвөөс гаргадаг байсныг цуцалж 20 удаа л зорчих эрхтэй болгосон. Өмнөх ерөнхийлөгчийн үед дэлхийн нэр хүндтэй 100 их дээд сургуульд элсэн суралцах эрхээ авсан оюутны төлбөрийг улсаас санхүүжүүлдэг байсныг зогсоосон, хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудын эрүүл мэндийн үзлэгийн зардлыг төрөөс нэг удаа даадаг байсныг зогсоосон, төрийн албан хаагчийн хоёроос дээш хүүхэд их, дээд сургуульд суралцаж байгаа бол нэг оюутны төлбөрийг төрөөс даадаг байсныг зогсоосон. Өөрөөр хэлбэл оюутан руу чиглэсэн бүх төсөл,хөтөлбөр, тэтгэлгийг зогсоочихсон байна. Энэ төсөл хөтөлбөрүүдийг цааш үргэлжлүүлэх ёстой. Тэгэхдээ улам бүр өргөжүүлэх нь зүйтэй. Төсөв мөнгөний асуудал ярьдаг. Оюутан залуус чанартай сайн боловсрол эзэмшинэ гэдэг бол энэ улс орны ирээдүй ямар байхыг илтгэнэ. Бид ирээдүйгээсээ мөнгө харамлаж болохгүй. Монгол Улсын төсөв ирээдүйн эзэддээ зориулах эдгээр төсөл хөтөлбөр, тэтгэлгүүдийг даачих байх. Энэ хэмжээний төсөв байтугай ЖДҮДС болон бусад сангуудад хуваарилсан олон тэрбум төгрөгийг одоогийн эрх баригчид хэрхэн зарцуулсныг бид мэднэ. Тэгвэл жинхэнэ төрөөс дэмжлэг хүсэх эрх бүхий хэсэг рүү төсөв мөнгөө чиглүүлбэл монголын ирээдүй өнгөтэй харагдах болно” гэв
Тус чуулганд оролцогч оюутан залуучуудаас Оюутан залуусын манлайллыг юу гэж бодож байгааг тодруулсан юм.

Шинэ үеийн залуусын хандлага өөрчлөгдсөн

 ШУТИС-ийн оюутан М.Мөнхцолмон хэлэхдээ “Оюутан залуус бол улс эх орныхоо нүүр царай гэж боддог. Тухайн улс орны оюутан залуус хэр зэрэг мэдлэг, боловсролтой, нийгмийн идэвх санаачилгатай байгаагаас тэр улсын хөгжлийг тодорхойлох боломжтой. Тийм ч учраас гадаадын өндөр хөгжилтэй улс орны бодлого шийдвэрт оюутан залуусын дуу хоолой хүчтэй нөлөөлж байна. Тэд өөрсдийнхөө дуу хоолойг хүргэхийн тулд сайн дураараа эвлэлдэн нэгдэж эрх, үүргийнхээ төлөө тэмцэж чадаж байна. Харин манай улсын оюутан залуусын хувьд энэ тал дээр тийм хангалттай биш байгаа ч шинэ үеийн залуусын хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Хэдийгээр манай улс тийм ч өндөр хөгжилтэй улс орон биш болоод ч тэр үү залуусынхаа оролцоо, идэвхтэй оролцоонд анхаарал хандуулалгүй орхигдуулсан тал байж болох. Сая НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга хэлэхдээ, манай улсын 60-70 орчим хувь нь залуус тэр дундаа 30 хүртэл насныхан 50 хувийг эзэлдэг. Харамсалтай нь улс төрийн оролцооны хамгийн идэвхгүй хэсэг нь энэ залуус гэдгийг хэлж байна. Оюутан, залуус улс эх орныхоо хөгжил, цэцэглэлт, ирээдүй ямар байхыг тодорхойлдог УИХ-ын сонгуульд санал өгөхдөө тал ч хүрэхгүй хувь нь оролцдог” хэмээн ярилаа. Энэ бол маш харамсалтай зүйл юм. Миний бодлоор оюутан залуусын манлайлал гэдэг бол оролцооноос л эхтэй гэж боддог.

Оюутан залуусыг идэвхгүй, оролцоогүй, мэдээлэлгүй, мэдлэггүй

байлгах нь зарим нэг хүмүүст ашигтай байдаг

 АШУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан н.Цэлмэгнаран хэлэхдээ, Аравт хөгжлийн институтийг тэргүүлдэг. Оюутны манлайллыг хоёр талтай гэж боддог. Биднийг дээд курсийн, өмнө нь төгссөн ах эгч харахдаа юу ч хийхгүй байна гэж дүгнэдэг. Гэхдээ олон залуус суралцаж байгаа салбартаа бусдыг манлайлж сайн үлгэр дуурайл үзүүлдэг. Нэг ёсондоо нийгмийн идэвхтэй гэсэн үг л дээ. Миний бодлоор манлайлагч хүн гэдэг хичээл даалгавраа хийхээс гадна тал бүрээр өөрийгөө хөгжүүлэх шаардлага үүсдэг. Гэтэл энэ боломж нь оюутан бүрт бүрдэхгүй байна. Наад зах нь нийтийн тээврээр сард 22 удаа л зорчих эрхтэй байгаа нь сургуулиас гадуурх өөрийгөө хөгжүүлэх клубуудэд хамрагдах боломжийг хязгаарлаж байна. Учир нь автобусны мөнгөгүй учраас өөрийгөө хөгжүүлэх боломжоос хойш суух шалтгаан болж байна. Зарим хүмүүст энэ жижиг шалтгаан мэт сонсогдож болох ч өөрсдийн орлогогүй аав, ээжээсээ санхүүгийн хувьд хараат байдаг оюутан залуусын хувьд нэг удаа автобусанд суух 500 төгрөг гэдэг том асуудал байдаг нь нууц биш. Залуусыг улс төрийн байдалд оролцоо муутай гэж хүн бүхэн шүүмжилдэг гэхдээ шүүмжлэхээсээ өмнө тэдний оролцоо ямар чухал вэ гэдгийг сайтар ойлгуулаад өгвөл оролцоо нь нэмэгдэнэ гэж боддог. Тухайлбал, манай институтэд их, дээд сургуулийн 400 гаруй залуус нэгдсэн байдаг. Бид нэг нэгнээсээ суралцаж үеийн залуустаа болон нийгэмд нөлөөлөхүйц олон ажлууд хийхээр төлөвлөөд байна.
Гэхдээ бидэнд яах аргагүй томчуудын дэмжлэг дутагддаг. Үнэндээ нэг талаараа залуусыг идэвхгүй, оролцоогүй, мэдээлэлгүй, мэдлэггүй байлгах нь зарим нэг хүмүүст ашигтай байдаг юм шиг санагддаг.

ЕБС-д суралцаж байх үеэс нь нийгэмд залуусын оролцоо ямар

чухал вэ гэдгийг ойлгуулж өгөх нь чухал

ШУТИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Г.Баасан­сүрэн хэлэх­дээ “Өнөөгийн нийгэмд залуус­ын дунд манлайлал дутмаг байна гэж хүмүүс боддог. Нэг талаараа үүнтэй санал нийлнэ. Нийт хүн амын 35-40 хувийг оюутан залуус эзэлж байгаа ч өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэж анхаарлыг нь өөрсдөдөө хандуулж чадахгүй байна. Бид дуу хоолойгоо нийгэмд хүрэхгүй бол өнөөгийн нийгэм унтаа байдалтай байсаар л байна. Шинэ залуу үеийн төлөөллийг аль ч шатандаа гаргаж ирэхгүй байгаа учраас залуус өөрсдийнхөө төлөө тууштай байх хэрэгтэй. Оюутан, залуус чөлөөт цагаараа өөрсдийн хүслээрээ нэгдэж нийгэмд манлайллыг бий болгохыг зорьж байна. Өнөөдрийн залуусын оролцоо, манлайлал муу байгааг боловсролын тогтолцоотой холбож ойлгодог. Үнэхээр хүчирхэг, манлайлагч залуустай байхын тулд ЕБС-д суралцаж байх үеэс нь нийгэмд залуусын оролцоо ямар чухал вэ гэдгийг ойлгуулж өгөх нь чухал гэж боддог. Гэтэл ихэнх залуус улс төр, сонгууль, эрх баригчдын шийдвэрийг өөрсдөөсөө хол хөндий гэж боддог. Эдгээр салбарт залуусын оролцоо, манлайлал ямар чухал вэ гэдгийг ойлгуулдаггүй. Тийм болохоор залуус нийгэмд бие хүн болж төлөвшихдөө нийгмийн оролцоогоороо л олж авдаг. Гэтэл нийгмийн идэвх, оролцоо муутай залуус зөвхөн суралцах, ажлын байран дээр гараад өмнөх ажлаа л хийх нь чухал гэж ойлгодог нь залуусын ирээдүйг бүрхэг болгож байна” гэв.

Хүн нэг бүрийн эерэг хүмүүжил, оролцоо үндэсний баялаг гэж боддог

 Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Монголын оюутан залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлийн нарийн бичиг Б.Золжаргал хэлэхдээ Оюутан залуусын манлайлал гэдэг бол өөрийнхөө болон бусдын эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хэр дуугарч чадаж байна гэдгээр хэмжигдэнэ гэж боддог. Түүнээс бус заавал тав, арав, хорин хүнийг удирдаж байгаагаар хэмжигдэнэ гэж боддоггүй. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө эхлээд дуугарч чадаж байж дараа нь монголынхоо төлөө дуугарна. Хүн нэг бүрийн эерэг хүмүүжил, оролцоо үндэсний баялаг болно гэж боддог. Хэн нэгний өмнөөс Бат, Дорж дуугардаг, хэсэг бүлэг нь тэдэнд хувь заяагаа даатгаад ард нь үлддэг асуудалд нийгэмд их байна.Энэ тал дээр Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Монголын оюутан залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлөөс Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хийж байгаа. Бид хэн нэг нь түүний өмнөөс дуугарах биш яг өөрийнх нь оролцоо хамгийн чухал гэдгийг олон залууст ойлгуулахыг зорьж байна. Өнөөдөр залуус нийтийн эрх ашиг хөндөгдөж байхад дуугардаггүй. Харин өөрийнх нь эрх ашиг хөндөгдөх үед л дуугарч байна. Гэхдээ залуусын манлайлал харьцангуй өөр болсон гэдгийг өнөөдрийн чуулга уулзалтад оролцсон залуусын дуу хоолойноос та бүхэн харж байгаа байх. Залуус ирээдүйд өөрсдийнхөө эрх ашгийг боймлох асуудлыг хүлээж сууснаас, урьдчилан тухайн асуудлаас сэргийлж, дуу хоолойгоо нэгтгэж, хамтдаа зүтгэх нь чухал гэдгийг ойлгож эхэлсэн. Үнэндээ оюутан залуусын оролцоо бүхий л салбарт муу байна гэж шүүмжлэх хүмүүс олон байдаг. Гэхдээ иргэн бүрийн оролцоо муу байгаа гэж би боддог. Иргэний танхимууд ирцэндээ хүрэхээ больчихсон. Тухайн иргэний танхимыг ямар улс төрийн нам удирдаж байгаагаас шалтгаалаад тухайн намын хүмүүс л оролцдог. Бусад хүмүүсийн оролцоо тун бага. Зарим нь хүчээр шахуу л оролцдог. Тиймээс шат шатандаа оролцоогоо нэмэх нь чухал. Зарим хүмүүс дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэхээс ч айдаг. Учир нь улс төрийн хүчин, танил талаасаа ирэх дарамт, шахалтаас эмээдэг. Энэ нөхцөлийг дунд шатны удирдлагууд бүрдүүлсэн гэж хардаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд сэтгэл судлалын байгууллагууд, олон улсын сайн дурын байгууллагуудтай хамтарч байж цогцоор нь шийдэх боломжтой. УИХ-д олонх болж 65 суудал авсан МАН энэ тогтолцоог халах талаар юу ч хийхгүй байгаа нь сэтгэлгүй байгаагийн илрэл. Магадгүй ирэх жил Ардчилсан нам олонх болж засаг байгуулбал энэ тогтолцоог өөрчлөхийн тулд олон зйүлийг хийнэ хэмээн оюутан залуус маш их итгэл хүлээлгэж байгаа” гэв.

 Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлөөс зохион байгуулсан Монголын шилдэг 1000 оюутан оролцсон чуулга уулзалтаар оюутан залуус тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлт урамшуулал, ажлын байр, оюутны хөгжил- өнөөгийн байдал-шийдэл, сурах эрх, сургалтын орчин зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцсан юм. Эрх баригчдын бодлогын алдаанаас болж оюутан залуусын сурах эрх зөрчигдөж байгааг залуус хэлж байна.Тухайлбал, МУИС сургалтын төлбөрөө жил бүхэн нэмдэг ч суралцах орчинд дэвшил гараагүй талаар оюутнууд хэлж байна. Залуус суралцах орчин, нөхцөлөө сайжруулж, зөвхөн оюутан залууст зориулсан номын сан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх заал, танхим, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургалтын бааз, дадлага хийх боломж нөхцөлөөр хангах зэрэ тулгамдсан асуудлаа чуулганы үеэр ярилцаж, саналаа нэгтгэсэн юм. Нэгдсэн номын сан барих, ажлын байр-инновац, тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлт урамшуулал, оюутны хөгжил- өнөөгийн байдал-шийдэл, сурах эрх, сургалтын орчин зэрэг асуудлын хүрээнд Монголын нийт оюутнуудын төлөөлөл бүхий 10 мянга гаруй залуус саналаа нэгтгэж, гарын үсэг зуржээ. Энэхүү саналаа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, НИТХ-д өргөн барилаа. Залуус зөвхөн санал бус шийдлийг хүлээж байгаа гэдгээ хэлсэн бөгөөд ярьдаг бус хийдэг байхыг сануулж, төр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай ажиллахыг хүсч байгаагаа тус чуулганы үеэр илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com