Төв аймгийн Заамар сумын нэгэн алтны уурхайд ажилладаг найзын маань нөхөр хувиараа нинжанд явж байгаад хэдэн грамм алт олж л дээ. Үүнийгээ мөнгө болгохоор хотод ирээд алт худалдаж авдаг ченжүүд рүү утас цохив. Ярьснаас нь хойш нэг их удалгүй дуудсан газарт нь ирээд нэг граммыг нь 92 мянган төгрөгөөр үнэлээд авчхав. Харин түүнтэй хамт явсан нэг нөхөр арай таван төгрөгийн ахиуг нь харж, Урт цагааны гудамж орохоор шийдэв. Ченжүүд худалдан авсан алтаа цааш нь хэрхдэг талаар найзаас асуухад “Биднээс авсан алтаа нэг бол Монголбанкинд тушаана, эсвэл Хятад руу гаргадаг. Энэ жил татвар нэмэгдсэн учир ченжүүд урагшаа илүү өндөр үнэ хүргэж арилжахыг зорих болсон” гэв.
2018 онд Монголбанкинд иргэд, ААН 22 тонн алт тушаасан бол 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар дөнгөж 14.4 тоннд хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Алт тушаалт буурсан гол шалтгаан нь АМНАТ-ын 2.5 хувийн татварыг эргүүлэн таван хувь болгож нэмсэнтэй холбоотой. Тиймээс алт тушаалт илүү далд хэлбэрт шилжиж, Хятад руу гарч байна гэсэн үг.
Монгол Улс өмнө нь алтны салбарт хэд хэдэн татварын түвшинтэй явж ирсэн түүхтэй. Татвар нэмэгдэх тоолонд Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурч, татвар бууруулах болгонд өсч ирсэн. Хамгийн туйлдаа хүрсэн нь 68 хувийн татварын орчинд жилд гуравхан тонн алт Монголбанкинд тушаагдсан байдаг. Ерөнхийдөө манай улсад татвар өсөх тусмаа алт тушаалт далд хэлбэрт шилждэг бичигдээгүй хуультай.
Нөгөө талаар, далд арилжааг хориглож, хязгаарлаж чадах бүтцүүд манайд байхгүйтэй ч холбоотой юм. Хэрэв алт далд хэлбэрээр гадагш гарсаар ирсэн бол түүнийг зогсоохын тулд хил гааль дээр маш сайн тоног төхөөрөмжийн шинэчлэлүүд хийсэн байх ёстой. Мөн холбогдох байгууллагууд нь хоорондоо нягт хамтран ажиллаж байж далд арилжааг зогсоож чадна.
Нэг тоо бодоцгооё. Өнгөрсөн онд Монголбанкинд 22 тонн алт тушаасан. Ойролцоогоор 700 орчим сая ам.доллар болсон гэсэн үг. Түүний 2.5 хувь гэхээр 15 сая ам.долларын татвар улсын төсөвт оржээ. Хэрэв энэ онд адилхан 22 тонн алт авсан гэж бодвол 30 орчим сая ам.долларын татварын орлогыг улсын төсөвт хуримтлуулах байж. Өөрөөр хэлбэл, татварыг таван хувь болгож нэмснээр улсын төсөвт өмнөх жилээс илүү их мөнгө орж ирэх байсан. Гэтэл үүний цаана алт тушаалтаа 25-40 хувь буюу 5.5-8.8 тонноор алдаж байгааг олж харах нь зүйтэй. Энэ хэмжээний алтыг цэвэршүүлээд гваныг нь өсгөөд арилжаалбал ойролцоогоор 300 орчим сая ам.доллар болно. Ингээд бодоод үзэхээр татвараа нэмж 15-хан сая ам. долларын орлого төсөв дээр нэмж олсны хариуд 300 сая ам.доллароор валютынхаа нөөцийг алдав уу гэсэн асуулт гарч ирнэ.
Тэрчлэн 300 гаруй сая ам.долларын валютын нөөцөө алдана гэдэг долларын ханш өсөх нэг шалтгаан болно. Хэрэв долларын ханш өсөөд байвал инфляц яах вэ, иргэдийн худалдан авах чадвар яах вэ. Компаниудын доллароор авсан зээлийн чанар хэрхэн муудах вэ. Цаашлаад банкуудын зээлийн чанаргүйдэл яах вэ гээд ам.долларын ханшаас хамаараад иргэн, аж ахуйн нэгж, улсын эдийн засгийн бүхий л түвшинд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм.
Уг нь Монголбанк болон мэргэжлийн хүмүүс АМНАТ-ын татварыг нэмбэл алт тушаалт буурна гэдгийг анхнаас л хэлж байсан. Гэтэл эрх баригчид үүнийг огтхон ч авч хэлэлцэхгүй АМНАТ-ын татварыг шууд нэмэх шийдвэр гаргаж, өнөөдрийн нөхцөл байдалд хүргэлээ. Энэ бол эдийн засгийн ямар ч бодлого, төлөвлөлт байхгүйн илрэл юм.
Татвараа өсгөх нь зөв хэдий ч манай нөхцөлд алтны зах зээлийг улам бүр далд хэлбэрт түлхэж байгааг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь, гаалийн шинэчлэлээ хийгээд, хууль бусаар гарахгүй байх нөхцөлийг нь бүрдүүлснийхээ дараа татвар нэмж болох л байсан. Жишээ нь, нэг вагонд 60 тонн нүүрс ачиж гаргаад 6,000 орчим ам.доллар олдог бол алтыг бүтэн жилжингээ олборлоод хамгийн дээд хэмжээ нь 22 тоннд л хүрсэн. Үүнийг цэвэршүүлбэл нэг шоо метр л хэмжээтэй. Тэгсэн хэрнээ 700 сая доллар хүрдэг. Ийм үнэ цэнтэй зүйлийг нуугаад хилээр гаргаад байгааг нэгэнт одоогийн нөхцөлд зогсоож чадахгүй байгаа бол татвараараа дамжуулаад алт тушаалтаа дотооддоо өсгөж, валютынхаа нөөцийг нэмэгдүүлж, долларынхаа ханшийг тогтвортой байлгах нь эдийн засгийн хувьд хавьгүй зөв шийдвэр байлтай.
Уг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаад худалдааны дайн эхлүүлсэн нь манай улсад ашигтайгаар нөлөөлөх байв. Яагаад гэвэл алтны ханш өнгөрсөн жилтэй харьцуулахад 20 орчим хувиар өссөн. Гэтэл эрх баригчид АМНАТ-аа өсгөж, арилжаагаа далд хэлбэрт шилжүүлсэн нь өнөө хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг л болгож орхив. Тэгэхээр дотоод эдийн засгийн бодлогоо төлөвлөхийн тулд гадаад орчныг нэвт шувт судалдаг, мэдээлэлтэй байх шаардлагатай нь эндээс харагдаж байна. Ер нь манайх шиг түүхий эд дээр суурилсан, хэрэглэгч орны хувьд дэлхийн санхүүгийн зах зээл хаашаа эргэж байна, их гүрнүүдийн тэргүүнүүд ямар бодлого барьж байна вэ гэдгийг их өр төлөх жилүүд ч айсуй энэ цагт байнга харж байхгүй бол элгээрээ хэвтэх энүүхэнд болно.
Алт цэвэршүүлэх үйлдвэр барих мөрөөдөл үү...
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох нь зүйтэй гэж үзсэн. Улмаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гаргаж алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг судалж, шийдвэрлэхийг Монголбанкинд үүрэг болгосон. Үүний дараа Монголбанкны ерөнхийлөгч болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төслийн судалгааг хийх ажлын хэсэг байгуулсан.
Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлсээр өдийг хүрчээ. Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг аж. Монголбанк нэг унц алтыг 1-1.5 ам.доллароор Швейцарь улсад цэвэршүүлдэг юм байна. Нэг унц нь 28.3 граммтай тэнцдэг. Үүнээс үзвэл Монголбанк алтаа цэвэршүүлэх зардалд багагүй мөнгө зарцуулдаг нь ойлгомжтой. Мөн Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг аж.
Иймд Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор дээрх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээс гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж албаныхан тооцоолж байгаа. Тэгвэл алт цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулахад 81.9 сая ам.доллар шаардлагатай хэмээн ТЭЗҮ-д тусгаад байгаа бол 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэх. Гэтэл ердөө хэдхэн хоногийн дараа 2020 он гарах гэж буй энэ цаг үед салбарын сайд нь дөнгөж тус үйлдвэрийн ТЭЗҮ-г хийж дууссан хэмээн ярьж суух юм. Эндээс харахад, 2020 онд алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох ч мөрөөдөл болоод хувирав бололттой.
Тэгвэл хамгийн сүүлд Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэхдээ “Алт цэвэршүүлэх үйлдвэр Лондонгоос эрхээ авдаг. Бүх шаардлага хангасан бичиг баримт нь хэвийн болсон. Хөгжлийн банктай бид ярьж байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэр барьснаар эдийн засагт том дэм болно. Алтан дээр суурилсан төгрөг бодлогыг баримтлахаар бэлдэж байна. Валютын ханш өсөхөд бид алт цэвэршүүлэх үйлдвэртэй байснаар технологи дунд нь 50 грамм, 10 грамм, 100 грамм гээд явах бүх шийдлүүдийг гаргаад, алтаа үйлдвэрлээд үндэсний гар урлалаа буюу гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсээ дэмжих, валютын урсгалаа хадгалах хэмжээнд барих ёстой. Алт цэвэршүүлэх үйлдвэрээс гарах үр дагавар эдийн засагт том тус болно. Жилд 25 тонн алт цэвэршүүлэх боломжтой гэж харж байна” гэсэн юм. Харин УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр “Бид улсын хэмжээнд хангалттай нөөц бүрдүүлж чадаагүй байгаа. Цаашдаа алт цэвэршүүлэх үйлдвэр баригдвал алтны нөөцийг зайлшгүй нэмэх хэрэгтэй болно. Харамсалтай нь, одоо бэлтгэсэн нөөц харьцангуй бага байна. УУХҮЯ-наас геологийн судалгаа явуулж, нөөцөө нэмэгдүүлэх урт хугацааны бодлого баримталж ажиллаж байна” гэсэн юм. Тэгэхээр олон жилийн турш “Алт хөтөлбөр” хэмээн ярьж хэрэгжүүлж ирсэн ч манай улсын хувьд алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох нь холын мөрөөдөл үү, ойрынх уу гэдгийг харах л үлдлээ.
Уг нь “Алт-2” хөтөлбөрт тусгаснаар бол алтны олборлолтын хэмжээг жилд 2-3 тонноор нэмэгдүүлж, улмаар 2020 онд 25 тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн. Монголбанкны судалгаагаар алт олборлолтын таамаглалыг 2021 онд 28.4, урт хугацаанд буюу 2025 онд 47.5 тоннд хүрэх боломжтой гэж үзсэн байдаг. Гэвч ийм татварын, тийм төрийн бодлоготойгоор энэ зорилтод түвшинд хүрэх нь юу л бол.